Я.Эрдэнэсайхан: Хоршооны гишүүн болох, гарах асуудал нээлттэй



Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Эрдэнэсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Жижиг, дунд үйлдвэрийн газрын энэ жилийн үйл ажиллагааны чиглэл урд жилүүдээс өөр онцлогтой байна уу?
-Энэ жил Жижиг, дунд үйлдвэрийн газрын хувьд НҮБ-аас 2025 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хор­шоо хөдөлгөөн”-ийг эхлүүлж буйтай холбогдуулан улсын хэм­жээнд хоршоолох хөдөлгөөнийг идэвхжүүлэх сургалт, сурталчилгаа, хоршооны салбарын эрх зүйн орч­ныг сайжруулах, хоршоодод зориул­сан санхүүгийн арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, хоршооны бараа бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, хоршоодын өрсөлдөх чадварыг сайжруулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо бий болгохоор ажиллаж байна.
-“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий нээлттэй хаалганы өдөрлөг өнгөрсөн амралтын өдрүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ХХААХҮЯ, Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран зохион байгуулсан. Өдөрлөгийн өгөөж юу байв?
-Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-ын 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр баталсан. Энэ хууль нь малчдыг дэмжих маш том бодит дэмжлэг болсон бөгөөд хууль сурталчлах, нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх зорилгоор “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий нээлтийг бүх аймгийн Засаг дарга, засаг даргын Тамгын газрын дарга, ХХААГ-ын дарга болон хоршоодын төлөөлөл, сонирхсон малчин иргэдэд зориулж энэ арга хэмжээг зохион байгуулсан. Хөдөө аж ахуйн салбарынхны өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг богино хугацаанд оновчтойгоор шийдэх, цаашид ийм асуудалтай тулгарахгүй байх боломжийг нээж өгөх хуулийн талаар нэгдсэн нэг ойлголттой болж чадсан гэж бодож байна. 
-“Шинэ хоршоо хөдөлгөөн” сал­барынхандаа ойлголт өгөөд явах байх. ЖДҮ-г ямар үүрэгтэйгээр оролцож байгаа вэ? 
-2021 онд Хоршооны тухай хуулийг баталж, хоршооны салбарыг дэмжих чиглэлээр маш олон ажлыг санаачлан хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хуулийг хэрэгжихэд, энэ салбарыг дэмжихэд хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хүний нөөцийн дутагдалтай байсан. Харин энэ асуудлыг Засгийн газраас шийдвэрлэж байна. Манай байгууллагын хувьд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Мөн дагаж өөрчлөгдөх зарим хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах саналын төслийг бэлдэж хүргүүлсэн. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хувьд манай газраас малчдад олгохоор төлөвлөсөн таван их наядын хөнгөлөлттэй зээлийн төсөл боловсруулахад туслах зорилгоор ХААИС-ийн багш нартай хамтран төслийн загварыг боловсруулж байна. Энэ төслийн загварт малчдын одоогийн байгаа нөхцөл байдал болон тоон мэдээлэл, зарим датаг оруулснаар төслийг боловсруулж бэлдэх юм. Төслийн загвар бэлэн болмогц төрийн албан хаагчид орон нутагт очиж малчдад хоршоо байгуулах, төсөл боловсруулах, төслөө хэрэгжүүлж эхлэхэд газар дээр нь очиж танилцуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор томилолтоор ажиллах юм. Жижиг, дунд үйлдвэрийн газрын мэргэжилтнүүд уг томилолтод орж ажиллахаар төлөвлөж байна. Мөн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэлийн тогтолцоог хоршооны бүтцэд тулгуурлан бий болгох, үндэсний үйлдвэрүүдийг гарал үүсэл нь тодорхой, баталгаатай хямд түүхий эдээр хангах, цаашлаад хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Шинэ хоршооны загвар, хөрөнгө оруулалтын тооцооллыг мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж байна.
-Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд ЖДҮГ-аас ямар нэгэн дүрэм, журам баталж гаргах уу. Хуульд малчид хоршоологчдын ямар санал, бодлыг тусгасан бэ?
-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Хоршооны тухай хууль, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон одоо мөрдөгдөж байгаа бусад хууль, тогтоомжийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэхэд боломж бий. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон холбогдох төрийн байгууллагын албан хаагчид орон нутагт ажиллаж малчдын санал, санаачилгыг сонсож, хуулийн төсөлд тусгасан байгаа. Мөн 2024 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 21 аймгийн хоршоодын төлөөллүүдийг оролцуулж “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хэлэлцүүлэг зохион байгуулж хоршоог хөгжихөд тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцсэн. Энэ үеэр хоршоодын НӨАТ, хоршоо нь жижиг, дунд үйлдвэрлэгч эрхлэгч учир Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд хоршооны борлуулалттай холбоотой ЖДҮЭ-ийн борлуулалтын орлогын дээд хязгаарыг нэмэх, түүхий эдийн урамшууллыг хоршоогоор дамжуулж гишүүдэд олгох зэрэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллана. 
-Малчид шинээр хоршоо байгуулахдаа ямар шаардлага хангасан байвал болох юм бэ?
-Хоршоо нь Хоршооны тухай хуулиар үлгэрчилсэн дүрмийн дагуу, өөрийн дүрмээ боловсруулж, Улсын бүртгэлийн тухай хуульд тусгагдсан шаардлагын дагуу бүртгүүлж хоршоогоо байгуулна. Гол нь малчид сайн дурын үндсэн дээр нэгдэж өөрт учирч байгаа асуудлаа хамтдаа шийдвэрлэж, хамтдаа хөдөлмөрлөж, хамтдаа хөгжих л шаардлагатай.
-Хуучин хоршоод төсөл хөтөлбөрт хамрагдаж болох уу?
-Болно. Тэр тусмаа өмнө нь байгуулагдаж үйл ажиллагаа нь жигдэрч, засаглал нь тогтвортой явж байгаа хоршоод хамрагдвал олон эерэг нөлөөтэй.
-Хоршооны гишүүд заавал хөдөөгийн иргэншилтэй байх ёстой юу. Хот тойрсон зарим дүүрэг, хорооны мал бүхий иргэд хамрагдаж болох уу? 
-Шинээр батлагдсан хуулийн агуулга нь малчдад гэсэн учраас заавал хөдөө байх албагүй, хот орчмын дүүрэгт амьдарч байгаа малчдад ч гэсэн хамааралтай. Гэхдээ энэ хууль нь цаг уурын нөлөөлөлд өртсөн малчдыг дэмжих зорилгоор батлагдсан тул Засгийн газраас эхний ээлжид орон нутагт байгаа малчдыг дэмжих чиглэлээр төлөвлөгөө боловсруулж байгаа.
-Хоршоодын үйл ажиллагааны чиглэлийг тодорхой хэмжээгээр заасан уу, заавал ХАА-тай холбоо­той бүтээгдэхүүн, үйлдвэрлэл эрхлэх ёстой юу? 
-Хоршооны гишүүд нь малчид байх, хоршоо нь малчдынхаа түүхий эдэд анхан шатны тордолт хийх, нэмүү өртөг шингээх, зуучлан борлуулдаг ерөнхий шаардлага л байгаа. Нарийвчилсан үйл ажиллагааны чиглэл заахгүй, бичил үйлдвэрлэл явуулах нь хоршооны өөрийн сонголт.
-Малчдын бичсэн төсөлд ямар нэгэн шаардлага тавих уу. Юуг анхаарах вэ. Төсөл бичихэд хүндрэлтэй асуудлууд гарч магадгүй юм. Тэдэнд зөвлөх үйлчилгээ ажиллах уу, ажиллавал ямар байгууллага үүнийг хариуцаж хийх вэ?
-Төслийг бичиж, боловсруулахад Төрийн байгууллага болон мэргэжлийн багш нар оролцож байгаа. Мөн төсөл боловсруулахад ашиглах загварыг бий болгох учраас малчид гол нь тоон мэдээлэл, датаг үнэн бодитой зөв гаргаж өгөх шаардлагатай. Зөвлөх үйлчилгээг төрийн байгууллагын албан хаагчид хариуцаж ажиллана. Одоогоор нэг суманд гурван хүн, нийт төрийн байгууллагын 1000 орчим ажилтныг ажиллуулахаар төлөвлөж байна.
-Зарим хүмүүс эргээд нэгдэлжих хөдөлгөөн рүү явж байна, удахгүй малаа нийгэмчил гэх байх гэсэн яриа гаргаад байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Нэгдэлжих хөдөлгөөн, "Шинэ хоршоо хөдөлгөөн" бол зарим талаараа ижил төстэй ч өмчийн хэлбэр, үйл ажиллагааны зохион байгуулалтын хувьд ялгаатай. Хоршоо гэдэг бол иргэний хувийн өмч хөрөнгө болон хөдөлмөрөөрөө сайн дурын үндсэн дээр нэгдэн үйл ажиллагаа явуулахыг хэлж байгаа юм. Малчдын хувьд өөрийн болон өрхийн хөрөнгө, хөдөлмөрөөрөө хоршин малынхаа түүхий эдийг хамтран үнэд хүргэх, үр шимийг нь хүртэж амьдралын баталгаа бий болгохыг хэлж байгаа. Тухайлбал, хоршооны бүтцээр хөгжиж чадсан Япон, Солонгос улсын бодит туршлагууд байна.  Энэ улсуудын хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа иргэд чинээлэг амьдралтай байдаг. Солонгос улс гэхэд л нийт малчдын 80 хувь нь буюу 2.3 сая малчин нь хоршооны гишүүн бөгөөд малын гаралтай түүхий эдийг хоршоогоор дамжуулан нэмүү өртөг шингээн борлуулдаг.Та хэрвээ энэ хөдөлгөөнд нэгдэх сонирхолгүй бол энэ таны л сонголт. Хоршооны гишүүн болох, гарах асуудал нээлттэй. Энэ бүх асуудал Хоршооны тухай хуулиараа зохицуулагдаж байгаа. 
-Хоршоологч малчдад ямар давуу тал, боломж үүсэх вэ? 
-Хоршооны бүтцээр хамтарч, хоршиж ажилласнаар малчид малын гаралтай түүхий эдийг төв­лөрүүлж, анхан шатны тордолт хийх, тээвэрлэх, борлуулах, мал нядлах, хадгалах, сүү цуглуулах, боловсруулах, биржээр борлуулах, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ хоршоогоор дамжуулж илүү өгөөжтэй нийлүүлэх боломж бүрдэнэ. Мөн өвс тэжээлээ хамтран бэлтгэх, худалдан авах, мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах, үндэсний үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгч болох тогтвортой гэрээлэгч болох, төрийн болон уул уурхайн худалдан авах ажиллагаанд оролцох боломж бүрдэнэ.
Түүнчлэн малчид тус тусдаа биш хамтарсан зохион байгуулалтад орж ээлжлэн малаа маллах, ган, зудыг хамтдаа хохирол багатай даван туулж чаддаг болно.
-Ярилцсанд баярлалаа.

  Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 6 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 9 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 9 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 10 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 10 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 11 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 11 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 11 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 11 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 11 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 11 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 11 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 11 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 11 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 12 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 12 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 12 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 12 цагийн өмнө