Богд хан уулын энгэрт буюу Төв аймгийн Зуунмод хотод анхны 12 давхар барилгын шанг татаж “Бодь Тэгри” эко хотхоныг сүндэрлүүлж буй “Бодьцогт” группийн захирал Х.Чинзоригтой ярилцлаа. “Нутагтаа эзэн амьдаръя” уриатай тус хотхоны хоёр дахь ээлж аймгийн төдийгүй хотынхны дунд хүлээлт үүсгээд буй. Учир нь, тус хотхон бүрэн цутгамал, төвийн шугамд холбогдсон гэх мэт давуу тал олон аж.
-Юуны түрүүнд танай хотхоны талаар онцлон тодруулмаар байна. Орон нутагт ялангуяа олон давхар барилга баригдаж байгаагүй Төв аймагт 12 давхар бүхий цогцолбор хотхон барьж байгуулж байгаа нь сонирхол татаж байна?
-Шинэ сэргэлтийн бодлого буюу Улаанбатар хотын төвлөрлийг сааруулах зорилготой төслийн тендерийн сонгон шалгаруулалтад манай компани холбогдох шаардлагатай материалуудыг бүрдүүлж өгч, улмаар тэнцсэн юм.
Төслийн зорилгын дагуу 4.9 га газарт 11 блок, 1056 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй ажил үүргээ гүйцэтгэж байна. Бид гэрээний дагуу 2022 онд барилгын ажлаа эхлүүлж, нэгдүгээр ээлжийн блок буюу 96 айлын орон сууцыг 2023 онд улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан. Ерөнхийдөө захиалагчид маань байрандаа ороод жигдэрсэн шүү. Харин одоо бид хоёр дахь ээлжийн барилгынхаа ажлыг гүйцэтгэж байна.
-Хоёр дахь блокийн барилгын явц хэдэн хувьтай байна вэ. Хэзээ ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна вэ?
-Одоогоор бид хоёр дахь блокийнхоо долоон давхрын цутгалтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ оны аравдугаар сард ашиглалтад бүрэн оруулах төлөвлөгөөтэй ажлаа хуваарийн дагуу гүйцэтгээд явж байгаа.
-Танай компанийн барьж буй орон сууц юугаараа онцлог, давуу талтай вэ?
-Манай орон сууц бүрэн цутгамал. Төвийн шугамд холбогдож, цэвэр, бохир, дулааны асуудлаа бүрэн шийдсэн. Амарч салхилах ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайтай. Гадна болон дулаан авто зогсоолын хүртээмжтэй. Мөн цэцэрлэг, өдөр өнжүүлэх төв болон худалдаа үйлчилгээ, спортын цогцолбортой байхаар төлөвлөсөн. Хамгийн гол онцлог, давуу тал бол эко барилгын стандартыг нэвтрүүлж буй явдал юм. Эко гэдэг нь дулаан алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барьж байгаа гэсэн үг. Тухайлбал, Герман технологийн гурван давхар, 1.8 метр өндөр вакум цонхтойгоос гадна тагт нь хүртэл вакум хаалттай. Мөн гадна талын дулаалга нь 20 гаруй см зузаан. Ийм шийдлээр барьж байгаа учраас дулаан алдахгүй. Үүнээс гадна дотор заслын тухайд хүний бие, эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй эко будаг, материал ашигладаг. Түүнчлэн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 24 цагийн камер, харуул хамгаалалт, айл бүр видео домофон системтэй. Тавилга, овор хэмжээтэй зүйл зөөвөрлөхөд тохиромжтой, өндөр, хос лифттэй гэдгээрээ давуу талтай. Мэдээж агаарын бохирдолгүй, цэвэр орчинтой гэх мэт онцлог, давуу тал олон бий.
-Та бүхнийг орон нутагт барьж буй барилга, орон сууц чанаргүй байдаг, стандартын шаардлага хангадаггүй гэх ойлголтыг сөрж зогсож байгаа гэж ойлгож болох уу?
-Орон нутаг гэдгээс үл хамаарч Улаанбаатар хотын А бүсэд баригдаж буй орон сууцны чанар, стандартыг мөрдсөнөө тодотгож хэлмээр байна. Бас нэг давуу тал бий. Тодруулбал, цаашид айл бүрийн цонхны доор нарны панел тавихаар төлөвлөж байгаа. Ингэснээр тухайн айл өрхүүд өдөр нарны эрчим хүчийг хуримтлуулж, оройн цагаар буюу ид ачааллын үеэр зарцуулах боломжтой. Ингэснээр айл өрхийн цахилгааны зардал буурахаас гадна эрчим хүчээ хэмнэхэд томоохон хэмжээний хувь нэмэр оруулна.
-Захиалагчид хамгийн түрүүнд юунд ач холбогдол өгч, тодруулж асуудаг вэ. Танай орон сууц тэдний хүсэл сонирхолд бүрэн дүүрэн нийцэж чадаж байгаа юу?
-Захиалагчид сэтгэл хангалуун байгаа. Төв аймаг газар зүйн байрлалаасаа хамаарч баруун талаасаа хүйтэн жавартай байх нь элбэг. Ер нь Улаанбаатар хотод цаг агаар тогтуун, дулаахан байхад Төв аймагт хүйтэн салхитай байх жишээтэй. Тиймээс байгаль, цаг уурын онцлогтой холбоотойгоор захиалагчид хамгийн түрүүнд дулаан алдагдалтай эсэхийг тодруулж асуудаг юм. Тиймээс бид ч гэсэн тухайн орон нутгийн байршил, цаг агаарын нөхцөл байдал, захиалагчдын хүсэл шаардлагад нийцүүлэхэд анхаарч байна. Захиалагчдын дараагийн нэг тодруулдаг зүйл нь дэд бүтцийн асуудал байдаг.
-Дэд бүтэц гэснээс Төв аймаг усны асуудалтай гэдэг. Та бүхэн үүнийг яаж шийдвэрлэсэн бэ?
-Би Төв аймгийн Жаргалант сумынд дунд сургуулиа төгссөн. Манай аймгийн ус маш хатуулагтай байдаг. Сүүлийн үеийн панелин паар нимгэн учраас хатуулаг өндөртэй усанд амархан цоорч, задрах эрсдэлтэй. Тиймээс хатуулаг ихтэй устай газарт барьж буй орон сууцнуудад Оросын хуучны ширмэн паар тавьдаг. Харин манайх үүнийг халж, сүүлийн үеийн өнгө үзэмжтэй панелин паарыг суурилуулж өгсөн. Ингэхдээ барилга дотор ус зөөлрүүлэгч суурилуулснаар панелин паар цоорч, задрахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн.
-Төв аймаг уснаас гадна хөрсний асуудалтай учраас олон давхар орон сууц барих боломжгүй гэж сонсож байсан. Та бүхэн барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө нэлээд судалгаа шинжилгээ хийсэн болов уу?
-Тэгсэн. Бид инженерүүд болон мэргэжлийн байгууллагын тодорхой хэмжээний шинжилгээ, тооцоо судалгаанд үндэслэж байж барилгын ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, хөрсний шинжилгээ авч, түүнийгээ холбогдох мэргэжлийн байгууллагад хүргүүлж шинжлүүлэхэд тухайн газарт 12 давхар барилга барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс мэргэжлийн байгууллагын тэрхүү дүгнэлтэд үндэслэн барилгын ажлаа эхлүүлж, эхний ээлжийн блокоо ашиглалтад хүлээлгэн өгч “Төв аймаг цэвдэг ихтэй, таваас дээш давхар барилга барих боломжгүй” гэдэг өрөөсгөл ойлголтод цэг тавьж чадсан.
-Танай хариуцаж буй төсөл хэдэн он хүртэл үргэлжлэх вэ?
-Гэрээнд заасны дагуу дөрвөн жилийн хугацаанд 11 блок барилга барьж дуусган ашиглалтад оруулах ёстой. Гэхдээ бидний ажил Төв аймагт барьж буй дулааны цахилгаан станцтай давхар уялдаатай байгаа юм. Уг нь тухайн станцыг энэ онд ашиглалтад оруулах ёстой байсан боловч тодорхой шалтгааны улмаас хугацаа нь хойшилсон юм билээ. Тэгэхээр тухайн дулааны станцыг ашиглалтад оруулсны дараа бид үлдсэн блокоо барьж, ашиглалтад оруулах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц шийдэгдэж байж бид ажлаа үргэлжлүүлэх боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр төслийн үргэлжлэх хугацаанд бага зэрэг өөрчлөлт орж, тодорхой хэмжээнд хойшилж таарах болов уу гэж тооцоолж байна. Гэрээний дагуу бид нийт орон сууцныхаа хоёр хувийг аймгийн орон нутгийн өмчийн газарт өгөх үүрэгтэй. Ер нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газар болон Төв аймгийн удирдлагууд анхаарал хандуулж, дэмжин ажиллаж байна.
-Орон нутагт орон сууц барихад олон асуудалтай нүүр тулгардаг байх. Мөн давуу талыг нь хэрхэн харж байна вэ?
-Тулгардаг асуудал бол дэд бүтэц. Харин давуу талын тухайд гэвэл газар, зай талбай хангалттай гэж хэлж болно. Гэхдээ зай талбай хангалттай гээд Улаанбаатар хотын алдаа буюу хэт замбараагүй байдлыг орон нутагт давтаж болохгүй. Тиймээс анхнаасаа зөв зохион байгуулалттай, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад чиглүүлж орон сууц, барилга байгууламжийг барих хэрэгтэй болов уу. Орон нутагт орон сууц барихаас гадна томоохон сургууль, үйлдвэрлэл үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Үүнийг дагаад орон нутагт хөгжил бий болохоос гадна хотын төвлөрөл ч саарна шүү дээ.
-Танай компани хэдэн оноос хойш барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Барилгын салбар дахь бидний түүхийг бусад компанитай харьцуулахад нимгэн ч чанар, стандартын тухайд хаана ч гологдохгүй. Харин ч зарим талаар давуу гэж хэлж болно. Манай компани 2013 онд байгуулагдсан. Анх харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2016 оноос барилгын материалын бөөний төв, 2018 оноос барилгын засал, сантехник, туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Харин 2020 оноос бие даан барилга барьж эхэлсэн.
-Барилгын салбарт хожуу орсон ч хэрэгжүүлж буй төсөл, хийж гүйцэтгэж буй ажлын тухайд олон жил үйл ажиллагаа явуулж буй туршлагатай компаниас дутахааргүй санагдаж байна. Таны ажилдаа баримталдаг зарчим, арга барил юу вэ?
-Барилгын компаниудын хувьд хамгийн түрүүнд тулгамдаж буй бэрхшээл бол хүний нөөцийн асуудал байдаг. Чанартай бөгөөд тогтвортой үйл ажиллагаа явуулахад компанийн дотоод зохион байгуулалт болон хүний нөөц хамгийн чухал үүрэгтэй. Би ахмад, дунд залуу үеийнхнийг хамтад нь ажиллуулах зарчим барьдаг. Тийм ч учраас манай компанийн зөвлөх болон ерөнхий инженерүүд маань хот болон орон нутагт төрөл бүрийн барилга, байгууламж барьж байсан туршлага, мэдлэгтэй ахмад хүмүүс байдаг. Мөн сантехникийн болон цахилгааны инженерүүд ч салбартаа олон жил ажилласан туршлагатай хүмүүс бий. Тэд бол хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүмүүс. Тиймээс ингэж залуучуудаа ахмад үеийнхээ мэдлэг туршлагаас суралцаж хамтарч ажиллах боломжоор хангадаг. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна гэсэн үг байдаг даа. Тиймээс бид ахмад үеийнхээ үгийг сонсож, туршлагаас суралцах, гурван үеэрээ хамтарч ажиллах ёстой гэдэг зарчим баримталдаг. Ер нь хамтарч ажиллах баг, хамт олон маань мэдлэг туршлагаас илүүтэй сэтгэл зүтгэлтэй байх ёстой. Ингэж байж хүмүүсийн сэтгэлд нийцсэн, хүсэл шаардлагыг хангасан чанартай барилга барьж чадна шүү дээ.
-Та бүхэн алсын хараа, хэтийн зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Бидний цаашдын зорилго зорилт бол салбартаа шинэ техник технологи нэвтрүүлж, чанартай барилга, байгууламж барих юм. Харин алсын хараа, хэтийн зорилго бол барилгын материалын үйлдвэрлэгч компани болох. Тодруулбал, томоохон хэмжээний үндэсний, үйлдвэрлэгч компани болж өргөжин тэлж, улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ амьдрал ахуйд эерэг нөлөө үзүүлэхүйц төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх замаар ажлын байрыг олноор бий болгон ажилгүйдлийг бууруулахад хувь нэмрээ оруулах хүсэл мөрөөдөл тээж явдаг даа.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Би саяхан зөвлөх болон ерөнхий инженертэйгээ хамт Хятад руу явж туршлага судлаад ирсэн. Тус улсын хувьд барилгын хийц, арга барил хуучнаараа явж байгаа бол авууштай, шинэлэг нэг зүйл нь эко стандартыг баримталж буй шийдэл байсан. Харин манай улсын тухайд барилгын хийцлэл Өмнөд Солонгос улстай адил бүрэн цутгамал болж байгаа нь чанарын хувьд шат ахиж, сайжирч явна гэж харсан. Гэхдээ барилгын компаниуд цаашид эко стандартыг нэвтрүүлэхээс гадна мод, ногоон байгууламжийн асуудлыг орхигдуулахгүй төлөвлөж авч явах хэрэгтэй гэж бодож байна. Барилгын салбар, барилга байгууламж олон хүний хүч хөдөлмөр, ур ухаанаар оршин тогтнож, бий болдог. Тийм учраас энэ салбарыг төр, засгаас тодорхой хэмжээнд бодлогоор дэмжиж, урт хугацаанд тогтвортой хамтарч ажилладаг байгаасай хүсэж байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна