Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны магистр, “Бодьцогт” группийн зөвлөх инженер Л.Сэр-Одтой ярилцлаа.
-Та манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би МУИС-ийг 1974 онд барилгын машин механизм, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механик инженер мэргэжлээр төгссөн. Цэргийн албанд татагдаад барилгын цэргийн ангид хуваарилагдаж, улмаар 1976 онд офицер болж байлаа. Барилгын цэргийн ерөнхий газарт, мөн тус газрын харьяа ангиудад 20 гаруй жил ажилласан. Түүнээс хойш буюу зах зээлд шилжсэний дараа хувийн компаниудад ажиллаж байсан. Тэгээд 2002 онд барилгын инженерийн сургуулийг дахиж төгсөөд холбогдох сургалтад хамрагдаж, мэргэжлээ дээшлүүлэн ажиллаж Монгол Улсын зөвлөх инженер болсон. Ингэж Монгол Улсын зөвлөх инженер болохоос өмнө инженер, мэргэшсэн инженер гэх мэт олон сургалт шат дамжлага дамждаг даа.
-Тэгэхээр та анхнаасаа л барилгын салбарын мэргэжил эзэмшиж, төгссөн цагаасаа салбартаа ажилласан туршлагатай байх нь?
-Ерөнхийдөө тэгж хэлж болно. Анх барилгын цэргийн ангид хуваарилагдаж ажиллаж байсан. Гэхдээ тэр үед барилгын техник хариуцсан инженерээр ажилладаг байлаа. Ингэхдээ би Барилгын цэргийн ерөнхий газрын бүх салбар ангиудад барилгын машин механизмыг хуваарилж, ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг байсан юм. Тухайн үед барилга бүрийг ангийн удирдлага хариуцдаг байсан. Би нэг ангийн ерөнхий инженер байсан учраас хариуцаж буй барилга дээрээ тогтмол очиж ажилладаг байлаа. Барилгын салбарт ажиллах хүсэл сонирхолтой байсан учраас тухайн барилгаа хариуцаж ажиллахаас гадна идэвхтэй суралцдаг. Ингэж л би барилгын салбар руу эргэлт буцалтгүй орсон доо.
-Мэдээж та өнгөрсөн хугацаанд маш олон барилга байгууламж, орон сууц хариуцан бариулсан байх. Тэдгээрээс заримыг нь онцолбол?
-Тоолж барахгүй маш олон барилга хариуцаж, хамтын хүчээр барьж байгуулсан даа. Тухайлбал, Улаанбаатар хотод гэвэл, М-Си-Эс резортын цанын бааз, “Кока кола” компанийн үйлдвэр, Американ дэнж нэг, хоёрдугаар хотхон гээд олон бий. Харин орон нутгийн тухайд бол Өмнөговь дахь нүүрс баяжуулах үйлдвэр, түүний цахилгаан станц хамгийн түрүүнд санаанд бууж байна. Одоо ч зарим барилгаа бүр мартаж байх шиг байна.
-Улаанбаатар хот болон хөдөө, орон нутагт барилга, орон сууц барихад ялгаатай зүйл байдаг уу. Давуу тал, сул тал гэдэг ч юм уу?
-Би энэ компанид ажиллахаас өмнө орон нутагт барилга байгууламж хариуцан барьж байсан туршлагатай. Орон нутагт барилга барихад ажиллах зай талбай чөлөөтэйгээс гадна шаардлагатай тохиолдолд оройн цагаар ажиллахад хэл ам гарахгүй, бас материал зөөж тээвэрлэхэд түгжирч хугацаа алдахгүй гэх мэт давуу тал олон байдаг. Ер нь барилгын компаниуд цутгалтаа ихэвчлэн оройн цагаар хийдэг. Гэтэл хотод бол дуу чимээ гаргалаа гэх мэтээр гомдол гардаг. Харин орон нутагт бол энэ мэт асуудал гарахгүй. Гэхдээ хүндрэлтэй зарим нэг асуудал байдаг. Би Завхан, Говь-Алтай аймгийн Төрийн банкны барилгыг барьж байсан юм. Тэр үед материалаа татах, зөөхөд хугацаа алдах тохиолдол гардаг байсан. Харин одоо бол энэ асуудал тодорхой хэмжээнд шийдвэрлэгдсэн гэж харж байгаа. Аймгуудад төвлөрсөн бетон үйлдвэрлэл хөгжсөн, мөн зам харгуй сайжирсан учраас материал татахад асуудал гарах нь багассан.
-Монгол Улсын зөвлөх инженерийн хувьд та “Бодь Тэгри” эко хотхоны ажилд ямар байдлаар оролцож зөвлөж ажилладаг вэ?
-Бүх зүйл дээр нь зөвлөж, хамтарч ажилладаг. Хотхоны тухайд суурь тавихаас нь өгсүүлээд л анхаарал хандуулсан. Чанартай орон сууц барихын тулд барилгын салбарт мөрдөж буй бүхий л норм дүрэм, стандартыг хангах ёстой. Нөгөө талаас хийцлэлийн алдаа мадаг гарвал засах, зургийн автортай ярилцаж албан ёсоор өөрчлөх зэрэг асуудалд мөн анхаарч ажилладаг. Түүнчлэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, барилгын үйлдвэрлэлийг төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх талаас нь, мөн урьдчилан төлөвлөх, барилгын ажлын явцтай холбоотойгоор материал хангамжийг тасалдуулахгүй байх үүднээс график, төлөвлөгөөг нь гаргах гэх мэт олон асуудалд ач холбогдол өгч, зөвлөдөг. Барилгын ажлыг гүйцэтгэх явцад тухайн ажил зургийн дагуу явж байгаа эсэхийг бас хянаж шалгана. Хэрэв алдаа дутагдал байвал заавар зөвлөгөө өгч засуулна. Хийцлэлийн хувьд тухай тухайн үед нь шийдвэрлэх шаардлагатай зүйл гардаг. Мөн харилцагч байгууллагуудын дунд хүндрэлтэй асуудал гарвал түүнийг нь шийдвэрлэхэд хүртэл оролцдог. Энэ мэт шав тавихаас эхлээд ашиглалтад орох хүртэл зөвлөн туслах ажил бол зөвлөх иженерийн үүрэг байдаг.
-Та бүхний одоо барьж буй хоёр дахь блокоос өмнө ашиглалтад оруулсан А блок барилгад баримтлах ёстой норм дүрэм, стандартын шаардлагыг бүрэн хангаж чадсан уу. Ер нь барилга гүйцэтгэх явцад засах явдал гарсан уу?
-Ер нь барилгын үндсэн хийцийн хувьд норм дүрмийнхээ дагуу явсан. Харин засалд бол норм дүрэм гэж байхгүй. Орц материалын тухайд хүн болон байгальд ээлтэй байх ёстой. Автомат тоног төхөөрөмж биш хүн ажиллаж байгаа болохоор ямар ч ажил дээр бага зэрэг засаж сайжруулах зүйл гардаг. Хуульд зааснаар гурван жилийн хугацаанд орон сууцанд ашиглалтын бус гэмтэл гарвал бид хариуцаж засварлах үүрэгтэй.
-Танай хамт олны барьж буй хотхоны “эко” гэсэн тодотгол анхаарал татаж байна. Эко гэж тухайн барилгын юуг нь онцлон хэлж байна вэ?
-Эко гэдэг нь товчхондоо, тухайн орон сууцанд амьдарч буй хүний эрүүл мэнд болон гадна талын эргэн тойрны орчин нөхцөлд буюу байгальд ямар нэгэн сөрөг нөлөөгүй байхыг хэлж байгаа юм. Жишээлбэл, эрчим хүчний тухайд, бид орчин үеийн шийдэл болон байгалийн эх үүсвэрийг хослуулан ашиглах шийдлийг нэвтрүүлж байгаа. Тодруулбал, айл бүр нарны эрчим хүчийг ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлж өгөх юм. Энэ бол тухайн оршин суугчдын төдийгүй улсын хэмжээнд ихээхэн ач холбогдолтой шийдэл болно.
-Олон жил барилгын салбарт ажиллаж байгаа хүний хувьд та өнгөрсөн үеийг одоотой харьцуулахад тухайн салбарын хөгжил дэвшил, барилгын чанар стандартын ялгаа ажиглагдаж байна уу?
-Намайг залуу байх үед ширхгийн материал буюу тоосго, мод гэх мэт материал ашиглаж бид ихэвчлэн гараараа л барилга барьдаг байлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, барилгын бүх зүйлийг гараараа хийдэг байсан. Харин сүүлийн үед барилгын материалын төрөл, сонголт нэмэгдэхийн зэрэгцээ янз бүрийн тоног төхөөрөмж ашиглаж хүний хүч хөдөлмөр, цаг хугацааг хэмнэж чаддаг болсон. Ингэснээр барилгын хийц, чанар стандартын хувьд ч дэвшил гарч эхэлсэн. Тухайлбал, сүүлийн үеийн барилгууд угсармал, хагас болон бүрэн цутгамал гэх мэт сонголттой болж байгаа. Энэ бол техник технологийн хөгжилтэй холбоотой. Хуучин цагт бол таван давхар барилгыг бүтэн хоёр жилийн хугацаанд барьдаг байлаа шүү дээ. Харин одоо бол 12 давхар барилгыг нэг л жилийн хугацаанд барьж байна. Энэ бол маш том дэвшил гэж харж байгаа.
-Монгол орны байршил, цаг агаарын нөхцөл байдал зэргийг харгалзан үзвэл манайд ямар төрлийн барилга хамгийн тохиромжтой вэ. Бүрэн цутгамал, угсармал гээд ярьдаг даа?
-Монгол Улс дунджаар найман баллын хүчтэй газар хөдлөлтийн системтэй гэдэг. Тиймээс Монгол орны нөхцөлд хамгийн тохиромжтой нь бүрэн цутгамал буюу карказан барилга байдаг. Ийм төрлийн барилга чанартайгаас гадна газар хөдлөлтөд тэсвэртэй. Энэ мэт нарийн, тусгай тооцооллыг зургийн байгууллага хийж гаргадаг. Харин бид тухайн зургийн дагуу барилгаа барьж гүйцэтгэх ёстой. Зургаас гажиж болохгүй. Сайн тооцооллын дагуу зөв барьж чадвал бат бөх, чанартай барилга босно. Одоо хуучны тоосгон барилгууд бол найман баллын газар хөдлөлтөд тэсвэргүй. Олон жил өнгөрсөн учраас хэврэгшсэн. Харин төмөр бетон барилгыг орон нутгийн газар хөдлөлтийн бүсээс хамаарч барьж байгаа учраас шаардлага хангана.
-Сүүлийн асуултыг орон сууц худалдан авах гэж буй хүмүүст чиглүүлье. Тухайн барилга чанартай эсэхийг яаж мэдэх вэ. Та зөвлөгөө өгнө үү?
-Баригдаад дуусчихсан барилгыг энгийн иргэд гаднаас нь хараад чанартай эсэхийг мэдэх боломжгүй. Тиймээс мэргэжлийн хүмүүсээс асууж тодруулж болохоос гадна тухайн барилга дээр улсын комисс ажилласан эсэх, ажиллаад ямар шийдвэр гаргасан гэдэг нь чухал байдаг. Тодруулбал, тухайн барилгын чанартай эсэх, стандартын шаардлага хангасан үгүйг барилга хүлээж авах улсын комисс тогтоодог. Хэрэв ямар нэгэн асуудал гарвал тус комиссоос тодорхой үүрэг даалгавар өгч, улмаар тухайн барилгын компани норм дүрэм, журмын дагуу засварлах ёстой. Ингээд улсын комиссын өгсөн үүрэг даалгаврыг бүрэн гүйцэд биелүүлсний дараа дахин шалгуулдаг. Дараагийн нэг асуудал бол орон сууцны дотоод зохион байгуулалт чухал үүрэгтэй байдаг. Тиймээс өөрийн хүсэл, сонирхлыг нэн түрүүнд тавьж, баригдаж буй барилгын тухайд бодлоо хэлж, дотор зохион байгуулалтыг нь өөрчлүүлэх боломжтой байдаг шүү.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна