Тариалангийн тогтвортой үйл ажиллагаа, бүтээмжид шинжлэх ухааны судалгаагаар баталгаажсан ээлжлэн тариалах систем шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг.
Ээлжлэн тариалах систем нь тодорхой нутаг орныг хамарч удаан хугацаагаар мөрдөгдөж тариалангийн эдэлбэр газрыг ариг гамтай, үржил шимийг нь бууруулахгүйгээр ашиглах, илүү зардал гаргалгүйгээр ургацыг нэмэгдүүлэх, хөрс боловсруулах, бордохыг хэлдэг. Мөн хогийн ургамал, өвчин, хортонтой тэмцэх, үрийн аж ахуйг зохион байгуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах зэрэг тариалангийн арга барилуудыг боловсруулах үндсэн суурь болж төлөвлөлт, зах зээлийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг илэрхийлж байдаг тул түүнийг зөв сонгон мөрдөх нь агрономийн төдийгүй эдийн засгийн чухал ач холбогдолтой.
Тариалангийн тухай хуульд тогтвортой хөрс ашиглалтыг бодлогоор дэмжих, таримлын сэлгээний ээлжийн тоог нэмэгдүүлж, цулгуй уриншийн хэмжээг бууруулах, хөрсний үржил шимд ээлтэй таримал, сортыг нутагшуулах, хөрс боловсруулах тэг элдэншүүлгийн технологийг үйлдвэрлэлд үе шаттайгаар нэвтрүүлэх зэрэг хөрс хамгаалахтай холбоотой томоохон асуудлуудыг тусгажээ.
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод хүн амыг шим тэжээллэг, аюулгүй хүнсээр жигд хүртээмжтэй хангасан байх, таримлын сэлгээний ээлжийн тоог нэмэгдүүлж, цулгуй уриншийн хэмжээг бууруулах, эрчимжсэн мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн түүхий эдийн хангамж, гадаад зах зээлийн хэрэгцээнд тулгуурлан таримлын зохистой сэлгээг мөрдөж, сэлгээнд тариалсан ашигт таримлыг зах зээлд нийлүүлэхийг дэмжих, эдийн засгийн үр ашигтай, хөрсний үржил шимд ээлтэй таримал, сортыг нутагшуулах, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон ирээдүйтэй, баталгаажсан таримлын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн үрээр хангах, үр, сортын тариалан, үрийн аж ахуйн тогтолцоог сэргээн хөгжүүлэхээр заасан.
Агрономичдын улсын хоёрдугаар зөвлөгөөн 53 жилийн дараа Улаанбаатар хотод 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд болж Монгол Улсад газар тариалан эрхлэх системийг зөвшөөрөн баталж, түүнийг тариалангийн үйлдвэрлэлд заавал мөрдөх арга хэмжээ болгон хэрэгжүүлэхээр тогтсон. Энэ удаагийн нийтлэлдээ сэлгээтэй холбоотой заалтаас оруулахад “Үндэсний хэмжээнд таримлын сэлгээг мөрдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж хөрс хамгаалал, хөрс боловсруулах технологи, ургамал хамгаалал, бордох систем, механикжуулалтыг таримлын сэлгээний хүрээнд зохицуулан цогцоор нь авч үзэх”, Газар тариалан дахь улсын дэмжлэгийг (зээл, үр, бордоо, техник) ээлжлэн тариалалтын хэрэгжилттэй холбох” гэх мэт 20 заалттай зөвлөмжийг оролцогч агрономичид боловсруулан миний бие 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд Төрийн ордонд болсон тариаланчдын улсын зөвлөгөөнд танилцуулан, Ерөнхийлөгчийн Тамгын газар, салбарын яаманд хүлээлгэн өгснөөс “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолд бидний боловсруулсан нэлээд зөвлөмжүүдийг тусгасанд ихээхэн найдвар тавьж байгаа билээ.
Хөдөө аж ахуйн таримлууд болон уриншийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр цаг хугацаа, орон зайд сэлгүүлэн тариалахыг ээлжлэн тариалалт гэдэг.
Нэг талбайд нэг төрлийн ургамлыг хэд хэдэн жил давтан тариалж байгааг сэлгээгүй тариалалт гэнэ. Жишээ нь, нэг талбайд буудай, нөгөө талбайд төмс, гурав дахь талбайд чихрийн манжинг олон жил давтан тарьж байгаа бол тэр нь сэлгээгүй тариалалт болно. Аж ахуйд нэг төрлийн таримал, тухайлбал дан ганц буудай тарьдаг бол түүнийг монокультур буюу дагнасан таримал гэдэг. Уг аж ахуйд уриншийн систем хэрэглэдэггүй бол монокультур нь сэлгээгүй тариалж байгаа болно. Хэрэв уринштай бол энэ нь ээлжлэн тариалалт болно. Таримлыг сэлгүүлэн тариалах нь хөрсөнд болон таримлын ургац бүрэлдэхэд олон талын нөлөөтэй. Таримлыг сэлгүүлэн тариалахад ургац нэмэгддэг онолын үндэслэлийг биологийн, химийн, физикийн, эдийн засгийн шалтгаануудаар тайлбарлана.
Манай улсад сэлгээний судалгааг тодорхой хэмжээнд хийсэн байдаг. Бүсүүдийн хүрээлэнгийн судлаачдын, олон судалгааны дүнг нэгтгэж технологийн цогц баримт болох Монгол Улсад газар тариалан эрхлэх системд оруулсан байдаг. Үүнд:
Усалгаагүй нөхцөлд:
Уринш-буудай-хошуу будаа-вандуй (өвсөнд)
Уринш - төмс - буудай - нэг наст өвс
Уринш - буудай - хошуу будаа-вандуй (өвсөнд) - өвөлжих хөх тариа уринш - вандуй-буудай - хошуу будаа - вандуй (өвсөнд)
Уринш - буудай - хошоон - хошоон (өвсөнд) - өвөлжих хөх тариа уринш-буудай-шошлой
Уринш - өвөлжих хөх тариа - хошуу будаа + вандуй (өвсөнд)
Усалгаатай нөхцөлд:
Шар буурцаг - буудай - эрдэнэшиш - буудай - рапс төмс - буудай - эрдэнэшиш - шар буурцаг - буудай Буудай - царгас - царгас -царгас - буудай
Уринш -буудай - эзэмшилт уринш (вандуй + хошуу будаа) - Буудай уринш - буудай-үр тариа + хошоон өвс - ногоон бордоот уринш - Буудай дарш - вандуй - хошуу будаа - Тэжээлийн үндэс үрт - вандуй - хошуу будаа дарш - вандуй - хошуу будаа (ногоон тэжээлд) - үндэс үртэн - дарш
Эрдэнэшиш - нэг наст өвс (ногоон тэжээлд) - өвөлжих хөх тариа - хошоон өвс (ногоон тэжээлд) - тэжээлийн нэг наст
Уринш - төмс - үр тариа - тэжээлийн ургамал
Салхины элэгдэлд дунд зэрэг орсон талбайд эзэмшилт уринш (вандуй + хошуу будааны холимог) - буудай - арвай
Ногоон бордоот уринш - буудай - үр тариа + хошоон өвсний холимог уринш - буудай - эзэмшилт уринш (вандуй + хошуу будааны холимог) - буудай
Уринш - буудай - үр тариа + хошоон өвсний холимог - Ногоон бордуурт уринш - буудай уринш - буудай - арвай - эзэмшилт уринш (вандуй + хошуу будааны холимог) - Буудай салхины элэгдэлд хүчтэй орсон талбайд
1.Ногоон бордоот уринш - буудай - үр тариа + хошоон өвсний холимог
2.Ногоон бордоот уринш - буудай - арвай/хошуу будаа
3.(1-5) Олон наст өвсний холимог - уринш - буудай - үр тариа Дорнод талын бүсэд
Цулгуй уринш - буудай - хошуу будаа + вандуй (ногоон тэжээлд)
Цулгуй уринш - буудай - арвай - хошуу будаа + вандуй (ногоон тэжээлд)
Өндөрлөг газар тариалангийн бүсэд
Дарш - вандуй + хошуу будаа - тэжээлийн үр тариа - вандуй + хошуу будаа
Дарш - вандуй + хошуу будаа - тэжээлийн үндэс үртэн - вандуй + хошуу будаа
Говийн газар тариалангийн бүсэд
вандуй - буудай - рапс - наранцэцэг
төмс - буудай - бөөрөн шош - буудай
Монгол МАА-н орон учраас тэжээлийн таримлуудаар сэлгээг хийж мөрдөж иржээ. Буудай, төмсийг л сэлгээнд оруулсан, сүүлийн жилүүдэд рапс орсон ба хүнсний өөр тарималгүй сэлгээг мөрдөж иржээ. “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг зарласнаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангах зорилт тавьсан байгаа бөгөөд бид гаднаас 100 хувь оруулж ирдэг хүнсний таримлуудаа сэлгээндээ оруулан судалж, мөрдүүлэх шаардлага тулгараад байна.
Монголын газар тариалангийн салбарын үйл ажиллагааны чиглэл нь тулгамдаж буй асуудлууд, хүнсний хувьсгалыг хэрэгжүүлэх хүрээнд дараах зорилтуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд:
-Хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилго бүтцийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бий болгож хэрэгжүүлэх,
-Мал аж ахуйд хэрэгцээтэй тэжээл үйлдвэрлэх,
-Хүнсний үйлдвэрлэлийг өргөжүүлж, түүхий эдээр хангах,
-Хүнсний импортыг хязгаарлаж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
-Хөрсний үржил шимийн нөхөн үйлдвэрлэлийг хангаж эрүүл зохистой хүнс үйлдвэрлэх сэлгээг судалж мөрдөх,
-Газар тариалангийн үйлдвэрлэлд зөвлөсөн химийн бодисын нэр төрөл, хэрэглээг эрүүл ахуй, хүнсний шаардлагуудад нийцүүлэн хянах,
-Хөрсний үржил шимийн нөхөн үйлдвэрлэлийг хангаж эрүүл зохистой хүнс үйлдвэрлэх зохистой сэлгээг мөрдөх,
Ганц нэгэн таримал тарьснаар монопол үйлдвэрийг бий болгодог. Сэлгээн дэх таримал олшрох тусам түүхий эдийн нэр төрөл олширч, үйлдвэр, цехийн тоо нэмэгдэж ажлын байр бий болно. Манайд сэлгээнд хүнсний хоёр тарималтай ихэнх нь тэжээлийн сэлгээ мөрдсөөр ирсэн. Хүнсний гол нэрийн таримлын сэлгээгүй учраас эдгээр таримлын тариалалтыг төрийн бодлого, дэмжлэгт оруулахгүй явсаар ирлээ. Тухайлбал, хүнсний гол нэрийн таримлуудад төрөл бүрийн будаа, сахар, буурцагт, тосны ургамлууд орно. Сүүлийн үед хүнсний таримлуудыг хольж, сэлгэж тарьж эхэлж байгаа аж ахуйнууд “Алтай агротрэйд”, “Хэнтий тариалан”, “М агро” зэрэг аж ахуй байна. Шинэ таримал болох гурвалжин будаа, тосны маалингийг үйлдвэрлэлд тариалж байгаа нь сайшаалтай боловч шинжлэх ухааны үндэслэлтэй Монгол орны нөхцөлд тариалсан туршлага судалгаанд суурилж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар нэлээд дутагдалтай. Хүнсний таримлын сэлгээнд хөрсний органик бодисыг нэмэгдүүлдэг, хөрсний бичил биетийн үйл ажиллагааг дэмждэг, хүнсний өндөр ач холбогдолтой таримлуудыг оруулах шаардлага тулгарч байна. Манай судалгааны хүрээлэнгүүд, судлаачид хүнсний таримлын сэлгээнд оруулж болох таримлуудын судалгааг олон жил хийж бүгд л Монгол орны нөхцөлд ургаж, үрийн ургацаа өгөх боломжтойг харуулж буй юм.
Бид гол нэрийн хүнснийхээ ихэнхийг гаднаас оруулж ирж байгаа нь хүнсний аюулгүй байдалд аюул учирч байгааг харуулж байна. Бид хүнсний үйлдвэрийн түүхий эдийг гаднаас оруулж ирж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж савлаж байгаа асуудлыг статистикийн мэдээнд өөрсдөө үйлдвэрлэж байгаа мэтээр оруулж байгаа нь буруу. Үндэсний үйлдвэрлэл нь дотоодод бэлтгэсэн түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байвал хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Баруунхараад байгаа ургамлын тосны “Майнд тэч” үйлдвэр нь дотоодын ургамлын тосны 27 хувийг хангаж байгаа ба цаашдаа 50 хувь хангахаар зорин ажиллаж байна. Үр тарианы сэлгээнд 3-4 жилд нэг удаа рапсыг оруулж тариалснаар сэлгээний бүтэц, чанар сайжирч тосны үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос бэлтгэх бүрэн боломжтой болно.
Газар тариалангийн бодлогын дараах асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Үүнд:
-Газар тариалангийн салбарын хөгжлийг хүний биед зохицсон, эрүүл бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экологийн шаардлагад нийцүүлэн импорт орлох зорилтыг хангасан үйлдвэрлэлийн өсөлтөөр үнэлэх,
-Шаардлагатай хүнсний хэрэгцээг хангахуйц хүнсний сэлгээг нэвтрүүлэх,
-Эрүүл мэнд, хүнс, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй лабораториудын үйлчилгээг жишиг болгох, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхой болгож, бодлогын хүрээнд үйл ажиллагааг төвлөрүүлэх,
-Газар тариалангийн салбарын үйл ажиллагааг шинэчлэхэд эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, боловсролын салбарын мэргэжилтнүүдийн хамтын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах,
-Боловсруулах үндэсний үйлдвэрүүдийн чиглэл, хүчин чадлыг газар тариалангийн бодлого, сэлгээтэй уялдуулж бүх талаар дэмжиж хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.
Б.Амарсанаа
/Монголын агрономичдын холбооны тэргүүн/
Л.Даваа
/Гүйцэтгэх захирал/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна