Туялзуур сэлмийн Ази, далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээнд Д.Ганбаатар дасгалжуулагчийн удирдлага дор манай улсын тамирчид оролцоод иржээ. Сэлэмчдээс олон улсын хэмжээний мастер Б.Амарзаяа хүрэл медаль хүртэж медалийн тавцанд зогсов. “Премиум” корпорац, “Блью Мон” группийн тамирчин Б.Амарзаяагийн хувьд “А” зэрэглэлийн тэмцээнээс хоёр дахь удаагаа хүрэл медаль хүртэж байгаа нь энэ юм. Монголын туялзуур сэлмийн холбооны чансааг тэргүүлж буй түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Тамирчин бүр өөрийгөө ялан дийлж, олимпын наадамд оролцохыг зорьдог. Таны хамгийн сүүлд оролцсон Ази, далайн орнуудын тэмцээн тэр зорилгоо биелүүлэх нэг боломж байсан ч хүссэн үр дүндээ хараахан хүрч чадсангүй. Гэхдээ олон улсын сэлэмчидтэй эн тэнцүүхэн өрсөлдөж ямар потенциалтайгаа харуулж чадлаа гэж бодож байна?
-Баярлалаа. Би Ази, далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож хошой хүрэл медаль хүртлээ. Энэ тэмцээнд түрүүлэх нь миний туйлын зорилго байсан. Яагаад гэвэл зөвхөн түрүүлсэн тамирчин л Парисын зуны олимпын наадамд оролцох эрхээ биелүүлэх боломжтой байсан юм.
-Эмэгтэйчүүдийн хүнд сэлмийн төрөлд тамирчид хоёр хэсэгт хуваагдан тулалдсан. Харин таны багтсан хэсэгт тулаан ямархуу байдлаар өрнөв?
-Би хэсэгтээ зургаан тулаан хийснээс Малайз, Кувейт, Эмират, Хятадын Тайвань, Иран улсын сэлэмчнийг ялж чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Хасагдах шатны тулаанд Йорданы тамирчныг нэг онооны давуугаар буулган авч шөвгийн наймд шалгарсан юм. Дараа нь Австралийн тамирчинтай тулалдаж 15:9-өөр буулган авч хагас шигшээд шалгарсан ч Сингапурын сэлэмчнийг дийлээгүй. Тулааны гурван үеийн турш эн тэнцүүхэн явж байгаад хоёр онооны зөрүүгээр ялагдлаа.
-Олон тулааны дараа Сингапурын тамирчинтай учраа таарчээ. Цуцалттай үедээ ямар тактикаар ажиллая гэж бодсон бэ?
-Тийм ээ, энэ миний хувьд ес дэх тулаан нь. Бага зэргийн цуцалттай байсан нь тулааны үр дүнд нөлөөлсөн гэж бодож байна. Уг нь эхнээсээ онооны хувьд эн тэнцүүхэн явсан. Харин тулааны төгсгөлд оноогоо тэнцүүлэх гэж шунаж яваад алдчихлаа. Сингапурын тамирчин Токиогийн зуны олимпын наадмын эрхийн тэмцээнд түрүүлж байсан туршлагатай. Олон улсын тэмцээнд тасралтгүй оролцдог өндөр чансаатай тамирчин. Дээр нь гаднын мэргэжилтэн, дасгалжуулагчтай ажилладаг. Улсаас нь түүнийг дэмжиж олон талаар тусалдгийг хамт яваа багаас нь харахад л ойлгогдохоор байсан.
-Энэ тамирчинтай өмнө нь тулалдаж байсан уу?
-Хэсгийн буюу таван онооны тулаанд таарч нэг онооны дутуугаар ялагдаж байсан. Ерөнхийдөө эн тэнцүүхэн өрсөлддөг тамирчдын нэг л дээ.
-Тэгвэл саяын тэмцээний үеэр сэтгэл зүйн хувьд асуудалтай байв уу. Тулааны явцыг ажиглахад танд ялах боломж байсан шүү дээ?
-Сэтгэл зүй гэхээсээ илүү бэлтгэл сургуулилалтын зөрүү байсан юм болов уу. Чадлынхаа хэрээр зүтгэж байгаа ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй болохоор хэцүү байна. “Цаашид дахин ганцаараа зүтгэвэл яах бол. Түүний оронд багаараа бэлтгэл сургуулилалтаа хийвэл амжилтад хүрэх боломжтой юм болов уу” гэсэн бодол төрсөн. Би өмнө нь хагас цагаар ажилладаг байж байгаад өнгөрсөн арванхоёрдугаар сард ажлаасаа гарч бэлтгэлдээ бүрэн анхаарал хандуулж эхэлсэн. Нэгэнт зорьсон учраас тэмцээнүүддээ амжилттай оролцохыг хүссэн юм. Гэхдээ энэ үед асуудалтай байсан зүйл нь бэлтгэл хангагч байлаа. Бэлтгэл хийх хүнээ хайна. Хайгаад олсон ч цаг таарахгүй шаналгана. Хүмүүс ажил, сургууль, хичээлтэй болохоор над шиг бүтэн цагийг бэлтгэлд зориулах нь бага байсан. Ийм үед надад найз нөхөд, дүү нар маань маш их тус дэм болсон. Энэ ташрамд тэдэндээ баярлалаа гэж хэлье.
-Тэмцээний үед дасгалжуулагч ямар зөвлөгөө өгч байв?
-Яг тулааны үед зөвлөгөө авах боломжгүй. Ганцхан минутын завсарлагаанаар л дасгалжуулагчаас зөвлөгөө авч болно. Шийдвэрлэх буюу Сингапурын тамирчинтай хийсэн тулаан миний хувьд их онцлогтой болсон. Учир нь тэр тамирчин хамгаалалт хийж сэлэм их цохидог. Ойрын зайнд хурдтай довтолгоо хийдэг. Тиймээс дасгалжуулагч надад зайгаа сайн мэдэрч тулалдах ёстойг сануулсан. Өрсөлдөгч тамирчныхаа зайд орохгүйгээр түрүүлж довтлох шаардлагатай байгааг зөвлөж байв.
-Гурван минутад өрсөлдөгчөө судалж, тулааны төлөвлөгөө боловсруулах амаргүй. Ялангуяа ойролцоо оноотой яваа тохиолдолд?
-Тулааны үед төвлөрөл дээд цэгтээ хүрдэг. Тулааны эхэн үеийн байдлаас ажиглалт хийж цаашид ямар тактикаар тулалдахаа боловсруулдаг. Гэхдээ тулаан болгон санаснаар өрнөхгүй. Хэн нь ч ялж, бас ялагдаж болно.
-Сэлэмчдэд хөл, гарын хөдөлгөөн чухал үүрэгтэй байдаг. Дараалсан олон тулааны дараа булчин чангарч багагүй асуудал тулгарна биз?
-Тийм үе тохиолдоно. Саяын тэмцээний хэсэгт хүнд тулаанууд хийсэн болохоор хөлийн булчин их чангарсан. Тиймээс тулаан бүрийн дараа дасгалжуулагч иллэг хийж, барьж суллах арга хэмжээ авч байв. Сүүлдээ багшийн гар нь чилсэн гээд бод доо. Тиймээс Узбекистаны эмчээс тусламж авч булчин чангарах нь хэсэгтээ гайгүй болсон. Энэ нь тулаанд их нөлөөлсөн. Хоёрдугаар үеийн сүүл, гуравдугаар үе рүү ороод ирэхээр хөлийн хөдөлгөөн удааширсан. Ийм байдалд довтолгоо хийхэд амаргүй болдог.
-Одоо та чансааны хэдэд эрэмбэлэгдэж байна вэ?
-Сүүлийн дөрвөн тэмцээнд оролцсон амжилтаар 225 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Уг нь олон улсын тэмцээнүүдэд оролцож туршлага хуримтлуулаад байвал чансаагаа ахиулах боломжтой. Хамтарсан бэлтгэлд оролцвол бусад тамирчнаас их зүйл сурна, судална. Миний хувьд оролцсон тэмцээн болгоныхоо дараа дүгнэлт хийдэг. Үүнээс цаашид юунд анхаарах шаардлагатай байгаагаа мэдэж түүндээ төвлөрч ажиллахыг хичээдэг. Хүчний тал дээр дутмаг бол илүү анхаарч дасгал сургуулилалтаа нэмэгдүүлнэ. Тэмцээний төгсгөлд алдаж, ганц нэг оноогоор ялагдаад байвал сэтгэл зүйчтэй ажиллаж, болохгүй байгаа зүйлээ мэдэхийг хүсдэг. Гэхдээ өөртөө дүгнэлт хийлээ гээд дараагийн алхмыг нь бодсоноороо хийж чадахгүй байх тохиолдол олон.
-Хэдийгээр та энэ зун Парисыг зорьж чадахгүй ч хэтдээ олимпод оролцох нөөц, цаг хугацаа хангалттай байна. Тиймээс сүүлийн тэмцээний нервээсээ хурдан салах шаардлагатай юм шиг санагдлаа?
-Манай спортод тамирчныг заавал залуу байхыг шаарддаггүй. 40 настай олон улсын тэмцээнд тэргүүлээд явж байгаа тамирчид бий. Гэхдээ миний хувьд хоёр ч удаа олимпын наадамд оролцох оролдлого хийгээд чадаагүй болохоор бусдадаа боломж олгосон нь дээр байх гэсэн бодолтой байгаа. Би 2015 оноос хойш буюу одоо ес дэх жилдээ туялзуур сэлмээр хичээллэж байна. Өнгөрсөн хугацаанд бэлтгэлдээ анхаарал хандуулсан. Одоо мэргэжлээрээ ажиллая гэсэн бодолтой байна.
-Ирээдүйн сэлэмчдийг тодруулахад хувь нэмрээ оруулж, хүүхэд залуучуудад мэдсэн сурснаа заах бодол бий юү?
-Дасгалжуулагч болж сурсан мэдсэнээ хүүхдүүдэд зааж сургах боломж байгааг олж харсан. Гэхдээ шийдвэрээ хараахан гаргаагүй. Хэрвээ дасгалжуулагчаар ажиллахаар болбол сурах зүйл олон байна. Тиймээс хэсэг хугацаанд амарч байгаад энэ талаар дахин бодно доо.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна