Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг нэг нэгж хувиар, хоёр дахиа бууруулах шийдвэр гаргаж, 11 хувьд хүргээд байгаа билээ. Энэхүү шийдвэр болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл, цаашдын төлөв байдлын талаар эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Монголбанкны зүгээс мөнгөний бодлогын хүүг хоёр удаа бууруулж, 11 хувьд хүргэлээ. Ер нь ингэж мөнгөний бодлогын хүүг дараалан хоёр удаа бууруулахад ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ?
-Бодлогын хүү тухайн улс орны валютын үнэ цэнийг харуулдаг нэг хүчин зүйл. Ерөнхийдөө тухайн улс орны санхүүгийн нөөцийнх нь үнийг тодорхойлдог суурь үнэ гэж болно. Валютын ханш сулрах, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унах, үнийн өсөлт бий болох, эдийн засаг хэт халсан гэх мэт үед мөнгөний бодлогын хүүг нэмдэг. Харин ямар нөхцөлд мөнгөний бодлогын хүүг бууруулдаг вэ гэхээр валютын ханш харьцангуй тогтворжсон, гадаад төлбөр тооцоо ашигтай явж буй тохиолдолд бууруулдаг. Эдийн засгийн бодлогын зүгээс төгрөг хэтэрхий суларч, бас хэтэрхий чангарч болохгүй гэж үздэг. Энэ хоёр хүчин зүйлээс гадна аливаа ханш инфляцтай уялдаатай байдаг. Тэгэхээр инфляц сүүлийн саруудад буурсан. Хоёр, гурван жилийн өмнө өндөр буюу 16 хувьтай байсан бол одоо зургаан хувь хүртэл буураад байгаа юм. Зургаан хувь гэдэг бол зорилтот түвшин. Цаашид үнийн өсөлт үүнээс илүү буурах бас нэмэгдэх хүлээлт байхгүй. Яг ийм үед мөнгөний бодлогын хүүг 13 хувьтай байлгавал бодит хүү өндөр гарах эрсдэлтэй. Бодит хүү гэдэг нь нэрлэсэн хүү буюу 13 хувийг хэлж байгаа юм. Үүнээс инфляцын түвшинг хасахад бодит хүү зургаан хувьтай болж байна. Үүнийг нэлээд өндөр талдаа гэж үздэг. Тийм учраас мөнгөний бодлогын хүүг аажмаар бууруулж, эдийн засгийн сэргэлтийг тодорхой хэмжээнд дэмжих, санхүүгийн нөөцийн зардлыг бууруулах, санхүүгийн нөөцийг эдийн засгийн эргэлт рүү илүү чиглүүлэхийн тулд ийм арга хэмжээ авсан. Ерөнхийдөө тухайн үеийн нөхцөл байдлаа харгалзан үзэж, дүн шинжилгээ хийсний үндсэнд мөнгөний бодлогын хүүг нэмэх, бууруулах эсэх шийдвэрийг гаргадаг. Тухайн шийдвэр эргээд эдийн засгийн бүх салбарт ялангуяа санхүүгийн салбарт хүчтэй нөлөөлдөг учраас огцом бус аажмаар өсгөх, бууруулах шийдвэр гаргадаг.
-Ерөнхийдөө мөнгөний бодлогын хүүг бууруулах нөхцөл бүрдсэн учраас хоёр удаа бууруулах шийдвэр гаргасан гэж ойлголоо. Ингэж бууруулснаас хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Эдийн засгийн ялангуяа санхүүгийн салбарт ямар нөхцөл байдал бий болж байна вэ. Та бүхний тооцоолсон үр дүн гарч байна уу?
-Сүүлийн хоёр жилийн макро эдийн засгийн байдлыг авч үзэхэд харьцангуй сайн өсөлттэй байна. Эдийн засгийн өсөлтийг тав, зургаан хувьтай байх болов уу гэж тооцоолж байсан бол яг бодитоор долоон хувьтай гарч байна. Энэ оны нэгдүгээр улиралд ч гэсэн долоон хувьтай гарсан. Энэ бол бүс нутагтаа хамгийн өндөр үзүүлэлт. Цар тахлын хямралын сөрөг нөлөө ерөнхийдөө дуусаж, хэвийн үеийнх рүүгээ аажмаар орж байна гэж ойлгож болно. Тэр үед бодлогын хүү тийм ч өндөр байгаагүй.
-Мөнгөний бодлогын хүүг бууруулсан шийдвэр иргэдийн амьдрал, өрхийн орлогод ямар нөлөө үзүүлэх вэ. Тухайлбал, бодлогын хүү цаад агуулгаараа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурахад нөлөөлөх үү?
-Бодлогын хүү санхүүгийн нөөцийн үнэ цэнийг тодорхойлогч гэдэг утгаараа бол зээлийн хүү тодорхой хэмжээнд буурах нөхцөл бүрддэг. Гэхдээ заавал буурна гэсэн үг биш. Аж ахуйн нэгж, иргэнд зээл олгодог байгууллага болон банкуудын санхүүгийн нөөцийн зардал бага зэрэг буурч байгаа учраас зээлийн хүүгээ бууруулах боломж гарна гэсэн үг. Харин бараа таваарын үнийн хувьд иргэдэд шууд мэдрэгдэхгүй. Гэхдээ эдийн засгийн өсөлт сайн, бараа таваарын нийлүүлэлт тасрахгүй, төгрөгийн ханш сулрахгүй байх тохиолдолд бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхгүй. Магадгүй манай төгрөгийн ханш чангарвал импортын бараа, бүтээгдэхүүний үнэ бага зэрэг буурах боломжтой.
-Олон улсын жишгийг харахад зарим улс орны бодлогын хүү харьцангуй бага, түүнийгээ олон жил тогтвортой барьж чаддаг юм билээ. Энэ нь юутай холбоотой байдаг вэ?
-Улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Том эдийн засагтай улс орнууд улиралд эсвэл хагас жилдээ нэг удаа бууруулдаг. Жишээлбэл, Япон улс сүүлийн арав орчим жил бодлогын хүүгээ 0 дээр барьж байгаа. Тус улс том эдийн засагтай, санхүүгийн нөөц ихтэй, бүтээн байгуулалтаа хангалттай хийчихсэн, иргэд нь хэрэглээ багатай учраас хуримтлал үүсгэдэг, амьжиргааны түвшин өндөртэй байдаг учраас бодлогын хүү нь ийм түвшинд байхаас аргагүй. Харин АНУ-ын хувьд инфляц өсөж, бараа бүтээгдэхүүнийх нь үнэ нэмэгдсэн учраас тэр даруйд бодлогын хүүгээ нэмсэн. Манай хоёр хөршийн тухайд гэвэл БНХАУ эдийн засгаа сэргээх зорилгоор бодлогын хүүгээ бууруулах, ОХУ дайнтай холбоотойгоор бодлогын хүүгээ нэмэх бодлого барьж байна. Манай улсын хувьд хоёр хөрштэй харьцуулахад бодлогын хүү хэт өндөр, хэт бага биш дунд түвшинд байна. Гэхдээ цаашид нөхцөл байдлаас шалтгаалж мөнгөний бодлогын хүүг өөрчилж болно.
-Тэгвэл цаашид мөнгөний бодлогын хүүг дахиж бууруулах уу. Ямар төлөв ажиглагдаж байна вэ?
-Манай улс уул уурхай, мал аж ахуйгаас хамааралтай жижиг эдийн засагтай, эдийн засгийн нөхцөл байдал хурдан өөрчлөгддөг учраас шаардлагатай үед холбогдох шийдвэрүүдийг түргэн шуурхай гаргадаг. Гэхдээ хурдан гэхээсээ илүүтэй тогтвортой байх нь чухал. Олон улсын жишгээр бол дэлхий нийтэд ямар нэгэн хямрал бий болоход тэр даруйд нь шаардлагатай арга хэмжээг авдаг. Үүнтэй адил манай улс цар тахлын үед шуурхай арга хэмжээ авч чадсан. Харин одоо бол эдийн засгийн нөхцөл байдал хэвийн байгаа учраас энэ шийдвэрээ хадгалах болов уу гэж харж байна.
-Манай улсын инфляцын түвшин тогтворжиж байх шиг байна. Гэхдээ цаашид илүү бууруулах, удаан хугацаанд тогтвортой барих чиглэлд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Инфляц гэдэг бол энгийнээр хэлбэл, үнийн өсөлтийн хурд. Одоогоор зургаан хувьтай байна. Энэ нь 300 гаруй бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх жилээс дунджаар зургаан хувиар өссөн гэсэн үг. Эдгээрээс заримынх нь үнэ буурч байхад нөгөө хэсгийнх нь үнэ нэмэгдэж байх жишээтэй. Цар тахлын үеэр импортын бараа бүтээгдэхүүний, цар тахлын дараа дотоодын бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Харин одоо бол импортын болон дотоодын бараа бүтээгдэхүүний хоёулангийнх нь үнэ тогтворжсон. Тогтворжсон гэдэг нь үнэ өсөхөө зогссон гэсэн үг биш. Гэхдээ үүнийг мөнгөний бодлогын талаас харахад зорилтот бодлогын түвшинд ойрхон байгаа юм. Инфляц зургаан хувьтай бөгөөд +/-2 хувьтай байхад эдийн засаг хэвийн гэж үздэг.
-Цар тахлаас хойш манай улсын эдийн засаг сайжирч, өссөн үзүүлэлттэй гарч байгаа. Төсөөлж, тооцоолж байснаас илүү өндөр өсөлттэй гарахад ямар хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна вэ?
-Манай улсын эдийн засаг сүүлийн хоёр жилд өсөлттэй байхад хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, уул уурхайн салбар. Ер нь сүүлийн арав орчим жилийн эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг уул уурхайн салбар бий болгож байна. Ингэхдээ хоёр төрлөөр буюу нэгдүгээрт, биет хэмжээний өсөлт, хоёрдугаарт, экспортын үнийн өсөлтөөр эдийн засагт нөлөө үзүүлж байна. Аль аль нь эдийн засгийг тэлэх талдаа нөлөө үзүүлж байгаа. Нөгөө талаасаа Засгийн газарт санхүүгийн нөөцийг бий болгож байна. Хоёрдугаарт, үйлчилгээний салбар. Тодруулбал, уул уурхайгаас олсон орлогоо төсвөөр дахин хуваарилж, ногдол ашиг гэх мэт хэлбэрээр иргэдэд олгож байна. Иргэд түүгээрээ худалдан авалт хийж, тэр хэрээр үйлчилгээний салбар тэлж байна. Шүүмжлэлтэй зүйл нь үйлдвэрлэлийн чиглэлээр эдийн засгийг тэлэх, нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй байна. Зарим нэг үйлдвэр барьж байгаа ч одоогоор ашиглалт ороогүй байгаа.
-Эдийн засгийн энэхүү өсөлтийг цаашид иргэдийн халаас руу оруулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Сүүлийн үеийн судалгаанаас харахад өрхийн худалдан авах чадвар бага зэрэг сэргэсэн. Мөн дундаж цалин ч өссөн. Гэхдээ энэ нь цар тахлын үеэр өссөн зардал, амьжиргааны алдагдсан орлого зэрэг бусад хүчин зүйлтэй харьцуулахад нөхөх боломжгүй. Эдийн засгийг бүтцээр нь авч үзвэл уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар байна. Одоогоор уул уурхайгаас олсон орлого үйлчилгээний салбар руу орох замаар иргэдийн гар дээр эргэлдэж байна. Харин мал аж ахуйн салбар нэлээд хүнд байдалд орчихсон байгаа. Манай улс эдийн засгийн суурь болдог аж үйлдвэрийн салбараа орхигдуулчихсан. Зах зээлээс өмнө аж үйлдвэр манай улсын эдийн засгийн суурь болж, экспортын бараа бүтээгдэхүүний 30, 40 хувийг эзэлдэг байлаа. Одоо энэ салбараа эргээд сэргээж байгаа хэдий ч эдийн засагт эзлэх хэмжээ нь арван хувьтай л байна. Тиймээс цаашид энэ салбартаа анхаарал хандуулж, бүтээн байгуулалтуудыг хийх ёстой.
-Манай улс аж үйлдвэрийн салбараа эргээд сэргээх бүрэн боломжтой юу. Хамгийн түрүүнд юу хийх ёстой гэж харж байна вэ?
-Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай бүх төрлийн түүхий эдийн нөөц манай улсад хангалттай бий. Тиймээс төр болон хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрүүдийг байгуулах ёстой. Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийнхэн тодорхой үйлдвэрүүдийг байгуулан ажиллаж байна. Харин төр энэ салбараа орхигдуулсан. Эхлүүлсэн бүтээн байгуулалт нь удаашралтай явж байна. Эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай байх нь аюултай. Дэлхийн зах зээл дээр энэ салбарын бүтээгдэхүүний үнэ ханш унах эрсдэл маш өндөр байдаг. Тиймээс аж үйлдвэрийн салбараа хөгжүүжлж, эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарах хэрэгтэй.
-Малчид хатуухан өвлийг хүндхэн давсан. Малын хорогдол 2024 оны төсөөлж, тооцоолсон эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ?
-Малын хорогдол, түүнтэй холбоотой алдагдал эдийн засгийн өсөлтийг 2-3 хувиар бууруулж байгаа гэсэн тооцоолол бий. Гэхдээ одоогоор бусад салбарын нөхцөл байдал, өсөлт харьцангуй хэвийн байгаа учраас эдийн засаг тогтвортой бөгөөд өсөлттэй хэвээр байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна