Хүн төрөлхтнийг нэгэн зорилгын дор нэгтгэдэг олимпын наадам эхэлснээс хойш спортын олон төрөлд аваргууд тодорсоор байна. Зуны олимпын XXXIII наадамд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа нь АНУ. Тус улсаас энэ удаад 592 тамирчин Парисын олимпыг зорин иржээ. Удаах нь зохион байгуулагч орон бөгөөд 573 тамирчин эх орондоо аваргуудын аварга болохын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа юм. Ийнхүү хамгийн олон тамирчин илгээсэн улс орнуудад Австрали, Герман, Япон улсыг нэрлээд байна. Манай улс спортын есөн төрөлд 32 тамирчнаа илгээсэн бөгөөд олимпын эхний өдөр Монгол Улсын медалийн салхийг жүдо бөхийн 48 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү хагаллаа. Энэ амжилтаараа тэрбээр олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин болж байна. Жүдо бөхийн спортын түүхэн дэх тав, эмэгтэй жүдочдоос олимпын мөнгөн медаль хүртсэн хоёр дахь бөх боллоо. Ирэх өдрүүдэд чөлөөт бөх, хүндийг өргөлт, бокс, байт харваа зэрэг төрөлд манай тамирчид тэмцээнээ үргэлжлүүлнэ. Манай улс спортын олон хороотой. Тамирчдын олонх нь тэдгээр хороонд харьяалагдан дасгалжуулагчийн хамт бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Энэ дугаартаа “Алдар” спорт хорооны тамирчдыг онцолж байна. Зуны XXXIII олимпын наадамд “Алдар”-аас 12 тамирчин эрхээ авч оролцож байгаа юм. Тэдний зарим нь олимпын наадмаа өндөрлүүлж, өдгөө медалийн төлөө тулалдахаар хүлээж буй тамирчин ч бий. “Алдар”-ын аваргуудаас хэн нь ямар амжилт гаргаж, тэмцээндээ хэрхэн оролцож байгааг тоймлон хүргэе.
Аваргыг давж аварга болно
Парисын олимпын боксын төрлийн 54 кг-ын жинд тулалдаж буй олон улсын хэмжээний мастер М.Энхжаргал “Алдар” спорт хороогоор овоглодог тамирчдын нэг. Тэрбээр өдгөө олимпын боксын шөвгийн найман тамирчны нэгээр шалгараад байгаа, түүний дараагийн учраа нь Туркийн тамирчин Хатиче Акбас юм. М.Энхжаргалын жинд 2014 оны дэлхийн аварга Болгарын Станимира Петрова, 2018 оны дэлхийн аварга БНАСАУ-ын Панг Чол Ми, 2019, 2023 оны дэлхийн аварга Тайваны Хуанг Хсио Вен, 2022 оны дэлхийн аварга Туркийн Хатиче Акбас нарын шилдэг боксчин тунаж үлдээд байна. Манай тамирчны хувьд дэлхийн цомын аварга, дэлхийн аваргын хүрэл медальт, U22 Азийн аварга тамирчин юм. Дугаар шилжих мөчид тэрбээр Туркийн боксчин Хатиче Акбастай тулалдаж байв.
Э.Даваахүү спорт гар бууны 25 метрийн дасгалд өрсөлдөнө
Индонезийн нийслэл Жакартад энэ оны эхээр болсон буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Парисын олимпын эрхээ авсан тамирчин нь олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү юм. Тухайн тэмцээнд тэрбээр эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд хүрэл медаль хүртэж байв. Харин олимпын наадмын буудлагын тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд онч мэргэнээ сорьж шилдэг найман тамирчны нэгээр шалгарлаа. Э.Даваахүү урьдчилсан буудлагад 578 оноо авснаар шилдэг наймд үлдсэн Монголын анхны эрэгтэй буудлагын тамирчин болж байна. Түүний хувьд финалын буудлагад 115.7 оноо авснаар наймдугаар байр эзэлж, Монголын буудлагын спортод түүхэн амжилт үзүүллээ. Э.Даваахүү наймдугаар сарын 4-нд дараагийн тэмцээн болох спорт гар бууны 25 метрийн дасгалд өрсөлдөнө. “Алдар” спорт хороонд харьяалагддаг түүний хувьд дэлхийн аваргын мөнгө, Азийн нэг мөнгө, хоёр хүрэл медальтай төдийгүй дэлхийн цомын хүрэл, Универсиад наадмын алт, мөнгө, хүрэл медальт тамирчин юм.
С.Жамбалжамц Монгол Улсынхаа чансааг ахиуллаа
Парисын олимпод Монголын дугуйчид анх удаа эрхээ авч оролцохоор болсон. Олимпын дугуйн ганцаарчилсан 32.4 км-ийн уралдааны техникийн зөвлөгөөн болж дэлхийн шилдэг 34 тамирчны нэрийг батлахад Азиас Казахстаны Федоров, Монголоос С.Жамбалжамц нарын нэрийг зарласан. Ганцаарчилсан гараатай тэмцээнд олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр уралдах байсан ч Олон улсын дугуйн холбоо шийдвэрээ өөрчилсөн нь олон орны багийг гайхшируулж, хэл ам дагуулсан юм. Ийнхүү Б.Тэгшбаярын хувьд С.Жамбалжамцын бэлтгэл хангагчаар буюу сэлгээнд шилжих болсон. Олимпын дугуйн ганцаарчилсан 32.4 км-ийн уралдаанд “Алдар” спорт хорооны тамирчин С.Жамбалжамц амжилттай уралдаж 28 дугаар байраар орж ирсэн нь Монгол Улсынхаа чансааг ахиулсан тэмдэглэлт үйл явдал боллоо. Азийн хошой мөнгө, хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, UCI тэмцээнээс 55 удаа шагнал хүртсэн С.Жамбалжамцын дараагийн бөөн гараат 273 км-ийн зайн уралдаан маргааш болох хуваарьтай.
Н.Баяраа амжилтаа ахиулав
Олимпын түүхэнд медаль хүртсэн намтартай спортын топ төрлүүдийн нэг нь буудлага. Парисын олимпын наадмын эрхээ авсан манай тамирчид онч мэргэнээ сорьсоор байна. Индонезийн Жакартад зохион байгуулсан Азийн аваргаас Парисын олимпын эрхээ авсан манай тамирчдын нэг, олон улсын хэмжээний мастер Н.Баяраа эхний сумаа тавилаа. Тэрбээр буудлагын эрэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдөж 584 оноогоор 30 дугаар байрт шалгаран тэмцээнээ өндөрлүүлэв. Түүний хувьд 12 жилийн өмнө Лондоны олимпод анх удаа оролцохдоо энэ дасгалдаа 33 дугаар байр эзэлж байсан юм.
Байт харвааны төрөлд Монголоос ганц тамирчин өрсөлдөж байна
Парисын олимпын байт харвааны төрөлд Монголоос ганц тамирчин өрсөлдөж байна. Олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд “Алдар” спорт хороонд харьяалагддаг юм. Тэрбээр зуны олимпын наадмын байт харвааны төрлийн чансаа тогтоох харваанд оролцож нийт дүнгээр 643 оноотой 54 дүгээр байрт жагссан. Урьдчилсан харваанд өрсөлдсөн 64 тамирчныг нийт оноогоор нь жагсааж, 1-64 байрт эрэмбэлсэн юм. Цаашид хасагдах журмаар явах буюу дараагийн шатанд 32 тамирчин тунаж өрсөлдөнө. Манай тамирчин хасагдах шатанд чансаа тогтоох харваанд 11 дүгээр байрт эрэмбэлэгдсэн Мексикийн тамирчин Матиас Грандетэй халз харван тэмцээнээ үргэлжлүүлнэ. Матиас Гранде нь 20 настай, дэлхийн чансааны 17 дугаарт эрэмбэтэй тамирчин юм.
Жүдо бол хүндлэл
Олимп эхлэхтэй зэрэгцэн монголчуудыг огшоосон спорт бол жүдо. Тэмцээн эхэлсэн өдрөөс л жүдочид маань Монгол Улсынхаа төрийн далбааг Парисын тэнгэрт мандууллаа. Тамирчны ялалт хямдхан олддоггүй, даваа болгоны ард хөдөлмөрийн үр дүн байдаг. Тиймээс медалийн тавцанд зогссон, үдээс хойших барилдаанд тунан үлдэж байгаа тамирчин бүрийг амжилттай оролцож байгааг онцлох нь зүйн хэрэг. Парисын олимпын наадмын дэвжээнд гарч байгаа тамирчдаас “Алдар”-ын данстай тамирчин цөөн. Тэдгээрийн нэг нь эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд зодоглосон Л.Сосорбарам юм. Тэрбээр шөвгийн 16-д үлдэж барилдааны ур чадвараа харуулж чадсан. Харин барилдаад унасныхаа дараа гаргасан үйлдэл нь бөхөд хайртай монгол түмнээс шүүмжлэл сонсох шалтгаан боллоо. Жүдо бол хүндлэл, дэвжээн дээрх өрсөлдөгчийгөө ч хүндлэх их спорт юм. Тиймээс хэсэг хугацааны дараа олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам уучлал гуйсан. Монголын анхны эмэгтэй залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медаль, Токиогийн их дуулгын хошой хүрэл медальтан түүнийг олимпын холимог багийн тэмцээн хүлээж байна.
Үргэлжлэл бий.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24607/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна