Аяллын замд таныг тосох “Гэр комплекс”


 

Холын аянчид Орхоны хөндийд орж ирээд, талд цэгцтэй тавьсан гольфийн бөмбөг мэт бөмбөгөр цагаан зүйлсийг хараад эхэндээ гайхах нь гарцаагүй. Өөгүй тэгшлэн зассан олон талт бөмбөлөг маягийн зүйл мөрөөдөгч нэгэнд ямар нэг харь, холын гаргаас ирсэн оюун ухаант амьтдын хөлөг мэт сэтгэгдэл төрүүлэх нь гарцаагүй. Хэрэвзээ урд нь байрлах хоёр давхар, дэлхий гаргийн стандартаар барьсан барилга үгүй бол би ч гэсэн харь гарагын хөлөг гэж итгэхэд бэлэн байлаа. Гэхдээ дотор нь орж хоноод харь гаргийн хөлөг биш байсанд гонсойх юм байсангүй. Дулаахан хөнжилд нам унтсан бороотой шөнийн дараах өглөөний цайны амт, нарны алтан цацраг талын дээгүүр шижиртэн цацрахыг орондоо хэвтэнгээ харах сэтгэгдлийг үгээр зурах боломжгүй юм даа.  


Улаанбаатараас Хархорин хотыг дайрч баруун аймгууд руу аялах их замыг тосон “Гэр комплекс” гэдэг амралтын түр зогсоол бий. Энэ “Түр зогсоол”-ын талаар баруун тийш аялаад ирсэн аялагчдын ярианаас сонсож, олон нийтийн сүлжээнд байрлуулсан залуусын нийтлэл, сэтгэгдлүүдийг уншиж байлаа. Тэдний эерэг дүгнэлттэй нийтлэл, сэтгэгдлүүд,  үзэж сонирхох шинэ содон зүйлс нь “Гэр комплекс”-ын түр зогсоолд хоноод явахад хүргэсэн юм.  
Улаанбаатар хотоос гарч Элсэн тасархайд өнжөөд Хархориноор дамжин баруун аймгуудыг чиглэх аялагчдын хувьд үдлээд мордох, өнжиж хоноод явахад төгс зохицсон байршилтай газар санагдлаа. Өглөө гарсан жуулчид яаруухан явбал үдийн цайгаа энд хүртэж болно. Харин үдээс хойш гарсан тохиолдолд хоноод, өглөөнийхөө цайг үнэгүй зооглоод мордож болох юм. Хархориноос Улаанбаатарыг зорихдоо бие засаж амжаагүй эсвэл аар саархан зүйлээ мартсан хүмүүс энд асуудлаа шийдэх боломжтой. Арвайхээр, Хужиртаас наашилж яваа хүмүүс түр зогсоод, өл дараад гарахад тун дажгүй газар. Учир нь яг Бат-Өлзийт, Хархорин, Улаанбаатарын зам энд уулздаг. Гурван голын бэлчир гэдэг шиг гурван замын уулзварт байх байрлал нь “Түр зогсоол”-ын хамгийн боломжит хувилбар болж таараад байгаа юм. 


Нэгэнт бие засах тухай бичиж эхэлснээс хойш “Гэр комплекс”-ын ариун цэврийн шаардлага ямар түвшинд байгаа, яагаад энэ талаар онцлов гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл аялал жуулчлалын талаар яриа дэлгэхэд хамгийн эхэнд шүүмжлэлд өртдөг асуудлын нэгдүгээрт, нийтийн ариун цэврийн газар, боловсон жорлон эрэмбэлэгддэг учраас аялагчид хамгийн эхэнд үүнийг л асуудаг. “Гэр комплекс” -ын хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө маш цэвэрхэн, тайван амгаланг хамгийн түрүүнд мэдрүүлнэ. Бага насны эрэгтэй хүүхдийн болон эмэгтэй хүүхдийн ариун цэврийн өрөөг тохижуулахдаа нурууны өндөр, биеийн хэмжээнд нь тохируулан тосгуур, суултуур хийжээ. Орчин үеийн аялагчид гэр бүлээрээ аяллаа төлөвлөх нь элбэг. Хүүхдэд зориулсан ариун цэврийн газраас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшин настай хүмүүст зориулсан ариун цэврийн өрөө ч бий. Гэр бүл болон хүүхдээ тэвэрч яваа эхчүүдэд зориулсан өрөөг ч тэд марталгүй тохижуулсан байсан. Нийтийн ариун цэврийн өрөөнүүдийн усыг гоожуулж үзлээ. Бусад ижил төрлийн зам дагуух дэн буудал, зогсоолын нийтийн ариун цэврийн газартай харьцуулах аргагүй. Усныхаа хангамжийг зөөврийн биш, гүний худгаар шийдсэн болов уу. Цахилгаан халаагууртай усанд орох газар ч байна. Би бол халууцаж урссан хөлсөө хүйтэн усаар угааж, ядаргаагаа шүршээд буулгачих юм байна гэж бодож суулаа. Аялагчдын бас нэг шүүмжилдэг зүйл бол хогийн цэг. Хэдийгээр бүтээн байгуулалтын ажил нь бүрэн дуусаагүй ч эднийх хогийн цэгээ байгуулжээ. Ер нь бүтээн байгуулалт эхлэхдээ л хамгийн түрүүнд хогийн цэгээ байгуулсан юм уу гэж бодогдож байлаа. 


Цаг агаар тогтуун үед гадаа сууж хооллох том асар, нарлан суух террас, амрах орчинтой нь маш их таалагдсан. “Гэр комплекс” -ын өмнөх талбайг шинэхэн цардаж машины зогсоол хийсэн нь цэвэрхэн агаад хэчнээн зочин ирсэн ч хөл алдан тэвдэх шаардлага алга. Лүн сумын “Урьхан-2” ба “Гардийн хад”-ны  “Хаан бууз”-ны зогсоолууд түм түжигнэж, бум бужигнаж байхад “Гэр комплекс” цэвэрхэн хэрнээ чимээ аниргүй байгаа нь яах аргагүй зогсоолын хүртээмж зай талбай ихтэй байгаа нь холбоотой. Биднийг орой очиход хэд, хэдэн аяллын автобус эгнэн зогссон байсан ба холын тээврийн том оврын автомашинууд ч харагдаж байв. Аялагч, жуулчид ихтэй улиралд Хархорин хотын ачаалал нэмэгдэж, зочид буудал, баазын ор олдохгүй үед “Гэр комплекс” -т ирээд байрлаж болохоор жижиг зочид буудлын хэдэн өрөө байна. Мини маркет, түргэн хоолны газар, кофе шоп байна. Мартаж санасан, жижиг сажиг хэрэглээгээ эндээс хангачихна. Холын тээврийн жолооч нар, баруун аймгийн шуудангийн автобусууд түр зогсоолд саатаж халуун хоол идэж, кофе уунгаа Орхоны цэлгэр уудам хөндийг ширтэн суухад ч сайхан даа. Гадаадын жуулчид баг, багаараа том автобустай хонож өнжөөд л явж байгаа харагдана. Түүнээс гадна ярих зүйл бидэнд бий. 
Дээр дурдаад өнгөрсөн харь гаргийн хөлөг мэт бөмбөгөр зүйлс амрагчдын байрлах гэр сууц байв. Дотроо хоёр эсвэл гурван орны сонголттой байлаа. Бид гурван ортой гэр сонгон байрлаж хамгийн түрүүнд гэрийн доторх зохион байгуулалттай танилцаж эхлэв. Эгнүүлэн тавьсан гурван орны хөлд тохилог буйдан тавьж цайны жижиг ширээ хоёр сандалтай дэглэжээ. Ер бусын цэвэрхэн минималист хэв маягаар шийдсэн нь тав тух хийгээд амьд мэдрэмж төрүүлнэ.  Дотор талдаа зузаан хөшгөөр халхалсан гэрийн зүүн, баруун талыг нэлд нь эзэлсэн том цонхтой. Зузаан хөшгийг гараар ярж харвал мөнөөх Орхоны уудам цэлгэр хөндийг 140 инчийн зурагтаар зураглан харах мэт сэтгэл огшооно. Эндээс орчлонгийн гүн рүү ширтэн үүрд амьдармаар. Гэрийн хамгийн сонирхолтой хэсэг бол тооно. Дугуй хэлбэрийн зам байрлуулж өрхийг нь дотор талд нь шийджээ. Эзэгтэй нар өглөө эртлэн босож өрхний оосор даялан гэр тойрохгүй нь байна. Тэр ч бүү хэл орноосоо босолгүйгээр, өрхөө удирдан бүтээж эсвэл хошуулдаж болно гэвэл ямар вэ. Бидний ээжүүд харсан бол ч гайхан дуу алдах нь гарцаагүй. Шөнө нойр чинь хүрэхгүй бол гэр дотроосоо өрхөө хошуулдаж байгаад одот тэнгэр ширтэн мөрөөдөж болно. Харь гаргийн хөлөг шиг гэрт байгаа юм чинь мөрөөдөл бодит мэт мэдрэмж төрүүлэх нь лавтай. 


Зочдод зориулсан жижиг гэрүүдийн урд сансрын флот командлагчийн хөлөг мэт нүсэр том ижил хэлбэртэй байгууламж бий. Холоос харахад хоёр давхар байшин дэргэд нь кофены ёотон шиг харагдаж байна гэхээр нүсэр эд байгаа биз. Энд урлагийн тоглолт арга хэмжээ, спортын уралдаан тэмцээн гээд юу ч зохион байгуулж болох юм шиг санагдсан. Тодорхой шалтгааны улмаас дотор нь орж үзэх боломж олдсонгүй. Ер нь бол Зүүн хүрээ хийдийн гол дугантай хэмжээний хувьд ойролцоо юм билээ. Ямартай ч “Гэр Комплекс”-д анги хамт олны төгсөлтийн арга хэмжээ ч зохион байгуулж байгаа юм билээ. Арван жилийн андууд 20, 30, 40 дэх жилийнхээ уулзалтыг энд  зохион байгуулах боломжтой. Яагаад гэвэл энэ олон жил эх орныхоо өнцөг булан бүрд тарж суурьшсан хамт олон эх орныхоо төв цэгт цуглавал ямар гоё байх бол гэж бодогдож байлаа. Ийм уулзалт, арга хэмжээ зохион байгуулж буй хамт олонд тэд угталтын вино, дуучдын тоглолт, үдшийн зоог, зураг авах үйлчилгээ, хөгжим, хөгжөөнт тоглоом зэргийг санал болгож байгаа гэдгийг шивнэчихье. Хэрэв та “Гэр комплекс”-т ирсэн бол тохилог гэр түрээсэлж аваад Хархорин хотын ойр орчимд байх байгалийн үзэсгэлэнт газар Толгойн боолт, Улаан цутгалан хүрхрээ, Хүслийн хад, түүх дурсгалын Эрдэнэзуу хийд,  Хархорин музей, Төвхөн хийд, Харбухын балгас, Хөшөө цайдамын дурсгал Түрэг улсын их хаан Билгэ, цэргийн жанжин Куль-Тегиний гэрэлт хөшөөг үзэж сонирхож болох юм. 


Нэгэнт хөрөнгө зарж байгуулсан учраас машинтайгаа аялдаг гадаад жуулчид, дугуйчид, мотоцикльчдод зориулсан “Авто засвар”-ын төв байгуулбал зүгээр гэж нэг зочин олон нийтийн сүлжээнд бичжээ. Тун зөв санаа. Ер нь цогцоороо байвал л зүгээр. Нэг зүйл нь байхад нөгөөхийг нь олох гэж хэдэн арван километр явах юм бол утгаа алдана. Дугуй хийлдэг, нөхдөг, машинд хэрэгтэй бүхнийг зарж борлуулдаг, жуулчид өөрсдөө машинаа засчихдаг төрөл бүрийн багаж хэрэгсэлтэй байвал бүрэн утгаараа гэр орон мэт бодогдох биз ээ.  


  Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/ 


0
angry
2
care
0
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 1 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 4 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 5 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 5 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 5 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 6 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 6 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 6 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 6 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 6 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 6 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 6 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 6 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 7 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 7 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 7 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 7 цагийн өмнө