Долоон тивийн ноён оргилыг "эзэгнэгч"



Зургаан жилийн дотор дэлхийн 7долоон тивийн долоон ноён оргилд гарсан анхны монгол хүн, дэлхийн дээвэр Эверестэд гарсан хоёр дахь монгол буюу анхны эмэгтэй, дэлхийн хоёр дахь ноён оргил К2 оргилд гарсан анхны монгол хүн, дэлхийн шилдэг 150 уулчны нэг, Монгол Улсын Гавьяат тамирчин Бадамгаравын ГАНГААМАА

* * *
"Тоодгор бор дээлтэй, үсийг нь ургаж буй ишигний эвэр шиг боосон хоёр настай хүү миний өмнө хөөрхөн улаан амаа ангайн инээгээд л зогсоно. Маш танил дотно хүний төрх. Би хүүд дөхөж, өмнө  нь сөхрөн суугаад ярих гэтэл тэр амаа бувтнуулаад хэд мушилзсанаа гүйн одов. Ямар учиртайг мэдэхгүй ч нэг хэсэгтээ тэр зүүд миний зорилго, төлөвлөгөөг өөрчлөх дөхсөн юм. Ингээд би тоодгор бор хүү, К2 хоёрын аль нэгийг сонгох сонголтод бүтэн жил тарчиллаа..." 2018 он. Уулчин Б.Гангаамаагийн тэмдэглэлээс.
Дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгөх үү, эсвэл... жил дараалан ахиж дэвшиж байсан албан ажилдаа үлдэх үү, эсвэл... хувийн бизнесээ эрхлэх үү, эсвэл... гээд түүний амьдрал тэр чигтээ сонголтон дунд байв. Одоо ч тийм. Магадгүй хайртай хүнээс нь холдуулсан, хөөрхөн хүүг мөрөөдүүлсэн, үхэл сэхлийн ирмэг дээр өлмийгөөр нь гүйлгэж, өвдгийг нь чичрүүлсэн зүүдний энэ сонголт түүнд хамгийн хүнд ч байсан байж мэдэх юм. Чухам зүүдэнд ирсэн тоодгор борхон хүүг сонгосон уу, К2 оргилыг сонгосон уу гэдгийг уншигч та шууд хариулах биз. Харин түүний эцсийн шийд би биш бид, Гангаамаа биш Монгол байжээ гэдгийг монголчууд цаг улирах бүр мэдэрч буй. "Сансрын уудамд нисэж чадсан монгол хүн дэлхийн оргилд нэрээ мөнхлөх учиртай. Тэр үүргийг Гангаамаа чамд онооё" хэмээн бурхан зурчихсан юм шиг тийм л хувь тавиланг Бадамгаравын Гангаамаа туулж ирсэн байдаг юм. Уул түүнийг цуцааж, оргил түүнийг тогтоож чадаагүй юм билээ.
Хонь хурга эргүүлж явсан балчир насандаа алсад цэнхэртэх уулсын цаадах уулыг харах гэж тэмүүлдэг байсан түүний зан одоо ч хэвээрээ.
 Тиймээс ч дэлхийн долоон тивийн ноён оргилыг Антарктидийн ноён оргил Винсон Массифтээр дүүргэж, Монголын анхны "seven summiteer" цолыг хүртэж, дэлхийн ТОП эмэгтэй уулчдын нэг болчхоод тэр ханаагүй юм. Ингэж хэлэхийн учир нь шив шинэхэн Seven summiteer бүсгүй Монголдоо ирсэн даруйдаа дэлхийн хоёр дахь ноён оргил К2 ууланд авирна хэмээн тунхаглаж, олныг гайхшируулж, бас заримыг нь цочирдууллаа. Аргагүй ч биз. 2013 онд энэ ууланд хоёр удаа авираад, хамт явсан уулчдын осол, цасан нурангинаас болж оргилд нь гарч чадаагүй. Гэсэн ч дэлхийн 7 ноён оргилд хөл тавьсан уулчин бүсгүйд ирэх л асуулт байлаа.
2013 он. Иран, америк, канад, монгол уулчдын баг бүрэлдэхүүнтэй баг К2 уулын 8000 гаруй метрт хүрч авирахдаа осол эндэгдэл, буудалцаан дээрэм, баяр гуниг юу эсийг сонсож, туулав даа. Ууланд авирагч 11 уулчныг талибанчууд буудаж, амь насыг нь бүрэлгэсэн, зарим уулчдыг дээрэмдсэн тухай мэдээнд Б.Гангаамаа цочирдов. Өгсөж явахад нь "Гангаамаа, Гангаамаа" хэмээн урам өгч, инээмсэглэн зөрж өнгөрсөн герман бүсгүй мөсөн голд эндэж, америк залуу хөлөө хугалсан байв. Ираны багийн гишүүд 7300 м өндрөөс сураг тасарч, гурван уулчин нь мөнх цасанд гүн нойрсов. Хамтдаа инээлдэж, хөөрөлдөж байсан Шинэ Зеландын аав, хүү хоёрыг мөн л цасан нуранги авч одлоо. Ийм л болохоор уулчид К2 уулыг "үхлийн" хэмээсэн биз ээ. Энэ ууланд мацсан, оргилд нь хүрсэн Д.Гангаамаагийн түүх түүний хэн болохыг харуулдаг. К2 руу авирсан анхны дайралт бүтэлгүйтсэн эхний шалтгаан Д.Гангаамаагийн хүн чанарынх нь шийдвэр байв.
Ираны багийн ахлагч түүнээс авиралтаа зогсоож, хоёр ачаа үүрэгчээ гурван уулчныхаа араас эрэлд явуулж өгөхийг уйлан гуйсан юм.
"Тийм ээ, би хүн ёсны үүргээ гүйцэтгэх ёстой. Энд миний амжилт, хөрөнгө мөнгө, бас бус юм бол юу ч биш" гэж хэлээд Б.Гангаамаа авиралтаа зогсоож, ачаа үүрэгчдээ эрэлд мордууллаа. Харин дараагийн авиралтаар цасан нуранги оргилд нь хүргэсэнгүй.
Тэр цуцсангүй, эргэлзсэн ч үгүй, таван жилийн дараа 2018 онд К2 уулыг зорьж, оргилд нь Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулж чадлаа. Яндан хэмээх эгц хад, хар пирамид өөд мацаж, нойтон хялмаатай 45 хэмийн элгэн хад руу авирах нь үхэл, сэхлийн дээсэн дээгүүр өлмийгөөрөө гишгэхтэй адил байлаа. Энэ тухай Б.Гангаамаа "Амола" /2021/ номдоо дүрслэхдээ "Энэ үед хад, мууран хумс хоёр авцалдахгүй зовоож, зөвхөн гарын хүчийг дээд зэргээр ашиглан, хоёр хөлөө жийн, төмөр, хад хоёрыг харшуулан давшина. Хөл 100 кг-ын туухай зуучихсэн юм шиг хунд. Бугд өрөөсөн хөлөөрөө явж байгаа мэт хоёр хөлөө нэг шугамд тавьж мяраасаар мөсөн ханыг тойрсон боловч цаана нь зөвхөн мууран хумсны хоёр шүдээр цохиж явах урт зам эхлэв. Зогсох битгий хэл өлмийдөж гишгэж болохгүй байлаа" гэсэн байдаг. К2 уулын дэргэд сэтгэл түгшин залбиран гарсан тэрбээр дэлхийн дээвэр Эверестийн оргил харьцангуй тайван, зогсож болохоор байсныг дараа нь хуучилсан байдаг юм.
Тэр 2011 онд дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарч байхдаа эгц цавчим хадан хясааг давж, цасан нуранги, цасан шамаргатай уулын өндрийг туучин, мөнх бусыг үзүүлсэн уулчдын цогцос дундуур өгсөж, уруудаж байв. Өгсөхөд нь зөрсөн залуу буцахад нь хадан завсар нойрссон байхтай, хоёр нүд нь сохорсон уулын хөтөч учраа олохгүй гуниглан суухтай ч таарч байв. Ингэж үгээ хурааж, айдсаа дарж, сэтгэлээ чилээж хүрсэн дэлхийн дээвэр Эверестийн оргил нь К2 уулын дэргэд зөөлхөн санагдана гэхээр ямар байх билээ.
Харин Эверестийн ноён оргил бол түүний хүүхэд насны шахуу мөрөөдөл байв. Тэр 2011 онд есөн орны 10 уулчинтай нэг баг болж, энэ оргилд мацах үед "Нэг багаас 20 хувь нь л оргилд хүрч чаддаг" гэсэн багийнхнаа яриаг сонсоод нэгээс долоон удаа авирсан хашир туршлагатай уулчид дунд "Би ч мултарчихсан юм байна даа" хэмээн бодсон гэдэг. Үнэхээр л багийнхнаасаа нэг америкийн хамт хоёулхнаа оргилд гарснаа тэр бууж ирээд мэдлээ. Дотор эрхтэн нь түүнийг эвхэрч унатал нь өвтгөсөн, алхах, атиралдаж унахыг зэрэгцүүлэн уулнаасаа ямх ямх доошилсон, өвчиндөө шаналан, майхандаа цурам хийлгүй хоносон, долоо хоног юм идэж чадалгүй явсан гээд амьдралынхаа 20 жилийн мөрөөдлөөр Эверестийн оргилд Б.Гангаамаа амар гараагүй юм.
Тэр дэлхийн дээвэр, Ази тивийн ноён оргилоос (8846м) өдөр, шөнийг харах хувь тохиосонд бахдан баярлаж байсан тэр өдрөөс хойших долоон жилд дэлхийн зургаан ноён оргилд хөл тавьж чадсан юм. Харин Эверестэд гарахын өмнөх жил нь буюу 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрусийн оргил (5642м)-д хүрчихсэн байв.
Б.Гангаамаа гэдэг уулчин авирсан л бол хүрдэг, урагшилсан бол очдог онцгой, содон нэгэн мөн үү гэдэгт хойд Америкийн Денали уул хариулсан юм. Олон арван хоног цас ухаж, өөрөөсөө хүнд ачааг үүрч, хувцас нэвтэртэл хөлсөө цувуулж, гар, хөлөө хөлдөөн байж, тэсвэр тэвчээр, ур чадвар, бэлтгэл хүчээ шалгуулдаг уулын нэг нь яах аргагүй Денали. 17200 фийт өндөрт гарчихаад байхад цаана нь мянга мянган фийтийн өндөр, эгц шахуу мөсөн хад шар ус хуруулсан хэвээрээ л байдаг тухай уулчид ярьдаг. "Денали шүү дээ" гэж уулчид бие биедээ дахин дахин хэлж, сануулдгийн учир ч энэ байв. Тиймээс ч тэр эхний авиралтаараа оргилоос 200-хан фийтийн зайд ирчихээд "би буцъя" гэж өөрийн эрхгүй үг алдсан юм болов уу. Деналийн оргилд хоёр дахь монгол хүн хөл тавихад 0.01 хувь үлдээд байсан хэрэг. Амжилтаа шүүрэн алдаад буцах замдаа 20320 фийт дээр хэзээ нэгэн цагт гаргах хувь заяандаа тэр бат итгэж, сэтгэлээ тайтгаруулан явсан гэдэг. Нээрээ л Б.Гангаамаа хоёр жилийн дараа, 2014 оны тавдугаар сард Денали уулын үндэсний паркийн захиргаан дээр авиралт хийхээр "Монгол Улс" хэмээн бүртгүүлээд зогсож байлаа.
Өөрөөсөө жижиггүй ачаа чирч, богцоо үүрсэн жижигхэн бор бүсгүй "үхлийн хөндий" гэгдэх Кахилтнагийн мөсөн голоор торойтлоо ганцаараа алхан холдохдоо "араас хүн ирээсэй" гэж эргэн эргэн харсаар явснаа бичжээ. Учир нь тэр Хойд Америкийн хамгийн өндөр ууланд "соло" буюу ганцаарчилсан авиралт хийхээр явж буй нь энэ. Ганцаараа бүх ачаагаа үүрч, өөрөө өөртөө зам гарган авирч буй "соло" авирагч Б.Гангаамааг уулчид биширцгээж, монгол гэхээр гайхаж байсан гэдэг. Тэр үед Денали ууланд авирах гэж 1000 хүн бүртгүүлснээс наймхан нь уул руу явлаа гэсэн албан мэдээ цаг агаар муудсаныг илтгэж байв.
"Ийнхуу бүтэн сар Аляскийн өндөр ууланд ачаа уүрч, цас ухаж өгсөж, уруудан, хатуу ширүүний туйл дунд 10 хуруу арзайтал хагарч, нүднээс гарлаа. Хэн ч өрөвдөхгүй, хэн ч туслахгүй, учир нь би "соло" авирагч". Тэнгэр муудсаар зорилгодоо хүрэлгүй буцахаар болов. Уулын оргилд нь хөл тавиагүй ч 17200 фийт дээр хоёр ч удаа очиж, "соло" авиралтын ид шидийг үзлээ" гэж Б.Гангаамаа тэмдэглэжээ. Денали уулын баазад гэртээ харьж чадах эсэхээ мэдэхгүй ганц аяга кофе, зүсэм талхаар 10 хоносныг нь энд бас орхимгүй.
Харин 2015 онд гурав дахь удаад Д.Батжаргал, Д.Эрдэнэтогтох гээд монголчуудынхаа хамт багаараа, олуулаа эргэн ирж, дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг Денали уулын 20320 фийт (6194 м) дээр гарч чадлаа. Ингэж тэр Хойд Америкийн ноён оргилд хөл тавьсан хоёр дахь монгол уулчин, харин баг нь Монголын анхны баг болж, уулын спортын түүхэнд тэмдэглэгдсэн юм. "Болъё, буцъя" хэмээн үг алдуулж явсан ууландаа тэр удалгүй уулчдыг сургаж, сургалтын авиралтуудыг хийдэг болов.
Бадамгаравын долоо дахь охины уултай холбогдох түүхүүд нь "Бэрхшээл түүнээс дайждаг уу, тэр бэрхшээлээс дайждаг уу?" гэдэгт хариулах болов уу. "Би сүүлчийнхээ боломжийг хүртэл шантрахгүй ажиллахыг ямагт хичээдэг" гэсэн түүний үгийг Аляскийн уулын оргил Деналид дөрвөн удаа авирч, ноён оргилд нь хоёронтоо гарснаар бататгаж болно. Өөрийнх нь хэлдгээр түүний авирсан дэлхийн ноён оргилууд Б.Гангаамааг өөдлөх, үхэх хоёрын дунд аваачсан байдаг юм.
Андын нурууны Аконкагуа ууланд 70 км/цагдавсан салхитай шөнө майхнаасаа зүүгдэж, цурам ч хийлгүй хоночхоод маргааш нь бусдаас зөрөн байж, хэсэг уулчидтай тав дахь тивийн ноён оргилд (6962 м) гарсан гээд уулын оргил болгон адармаатай бас арвин түүхтэй.
Ийнхүү уулчин монгол бүс­гүйн зогсолтгүй, цуцашгүй авиралт үргэлжилсээр 2016 оны арванхоёрдугаар сард долоо дахь тивийнхээ ноён оргил Өмнөд мөсөн тивийн Винсон Массиф уулын оргилд гарсан юм. Тэр энэ авиралтын тэмдэглэлдээ "Монголчууд бид амжилтын төлөөх их аянд хамтдаа байж дэлхийг хураасан төдийгүй миний бие долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны монгол хүн болж (ТЬе бгз! МопдоИап 5е\/еп ЗиттНеег) дэлхийн уулын спортын түүхэнд Монгол хэмээн бичүүллээ. Үүнээс цааш газар үгүй" хэмээн бичсэн байдаг.
2004 онд "Эльбрусээс Эверест хүртэл" гэсэн том уриаг өөртөө дэвшүүлж, Европ тивийн оргил өөд тэмүүлж байсан тэр мөчөөс хойш 12 жилийн дотор 7 тивийн 7 ноён оргилд гарч, дэлхийн шилдэг уулчны нэг болсон түүх ийм. Ингэж Г.Гангаамаа дэлхийн зулай Эверест ууланд гарсан хоёр дахь монгол хүн, анхны эмэгтэй төдийгүй К2 оргилд гарсан анхны монгол хүн, дэлхийн 17 эмэгтэй уулчны нэг болсон түүхтэй.
2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус (5642 м)
2011 онд Ази тивийн ноён оргил Эверест (8848 м)
2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро (5895 м)
2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали (6194 м)
2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа (6962 м)
2016 онд Австрали тивийн ноён оргил Карстенс (4884 м)
2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массив (4897м)
2018 онд Дэлхийн 2 дахь ноён оргил Чогори (К2-8611 м)-т тус тус гарсан юм.
Чухам яагаад уул өөд авирч, оргил өөд тэмүүлж, хүнд хэцүү өөд мацаад байдаг юм бэ гэсэн асуулт Гангаамаад бишгүй л олон ирдэг. Одоо ч түүнийг шалгаасаар. Учир нь 2021 оны эхээр өөрийн амьдрал, тэмцлийг өгүулсэн "Амола" номоо гаргаад байхдаа "Миний тамирчны карьер дуусаагүй байна" гэсэн нь мөн л асуултыг авчрав. Тэр дараагийн ноён оргилоо товлочхоод бэлтгэлээ базааж эхэлсэн ч байж мэдэх юм.
Яагаад, яах гэж? "Бид нэг улс үндэстэн гэж дэлхийд тусгаар тогтнолоо хадгалж яваа бол дэлхийн түүхүүдэд нэр нь бичигдсээр л байх ёстой. Үүнд тамирчид бид амжилтаараа хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Хүн нэг л амьдарна. Ганц амьдралдаа цахилж яваад дуусах уу, эсвэл гэдэг таны л сонголт. Надад бол эхний сонголт байсан, одоо ч байгаа, цаашид ч байх болно" Энэ бол Бадамгаравын Гангаамаагийн хариулт. Тэр энэ л тэмүүллээрээ долоон тивийн долоон ноён оргилд хөл тавиад байгаа дэлхийн 61 улсын нэгээр Монгол Улсаа бичүүлж чадсан гавьяатай.
Одоо тэр монголын уулчдыг дэмжих "Гангаамаа" сан, бусад байгууллагаараа дамжуулан уулчдынхаа ур чадвар, амжилтыг ахиулж, аюулгүй ажиллагааг ханган дэмжих зорилгоор дэлхийн өндөр уулнуудад сургалт, авиралтуудыг хийж буй.
Монгол Улсад уулын спорт үүсэж хөгжсөний 60 гаруй жилийн сүүлийн 30 жилийн түүхийн нэг хэсгийг нөхдийн хамт бүтээсэн Б.Гангаамаа уулчдадаа Австрали улсын иргэн Жосс Стюардын хэлсэн шиг "Монголын пуужин" нь. Б.Гангаамаагийн түүх намтартай танилцаж, хажууд дэргэд нь байсан бүхэн "Ууланд авирах гэж л төрсөн бүсгүй юм байна" гэсэн Монголын уулчдын үндэсний холбооны хүндэт ерөнхийлөгч Ж.Баянцагааны үгтэй нэгдэх болов уу. Үүнийг бичиж суугаа би ч тэгнэ.
Монголын уулчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор А.Батсүх "Гангаамаагийн энэхүү амжилт нь Монголын уулчдын түүхэн дээд амжилт болон бичигдэхээс гадна, дэлхийн уулчдын түүхэнд шинэ хуудас нээсэн хэрэг. Монголын анхны сансрын нисэгч, Олимпын их наадмын аварга төрж байсан түүхэн үйл явдалтай жишихүйц хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм" гэж хэлсэн байдаг юм.
Даян дэлхийг хурааж, долоон тивийн найман оргилд эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг намируулсан, эрэмгий зоригт тамирчин Б.Гангаамааг Монгол Улсын төр "Алтан гадас" одонгоор шагнаж, Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм цолыг хүртээсэн билээ.
2018 оны гуравдугаар сарын 19. "Дэлхийн тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа" сэдэвт багц марк, дугтуй шуудангийн үйлчилгээнд гарлаа. Монголчууд уулын спортын сэдэвтэй хоёр марк гаргасны нэгэнд ийнхүү уулчин Б.Гангаамаагийн алдар гавьяаг мөнхөлсөн хэрэг.
2018 оны аравдугаар сар. НҮБ-ын Женев дэх Хүний эрхийн хуралдааны индрээс "Ямар ч хүн, тэр тусмаа эмэгтэй хүн амжилтад хүрч болдог жишээг миний амьдрал, спортын түүх харуулна. Дэлхийн долоон тивийн долоон ноён оргилд гарсан 26 орны 72 эмэгтэй бүгд дэлхий нийтийн асуудал дээр нэгдэж, энхийн төлөө, хүний эрх, байгаль хамгаалал, өлсгөлөн, ядуурлыг бууруулах асуудал дээр элч болон ажиллаасай" хэмээн Монгол Улсын Гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа уриаллаа. НҮБ-ын "Спорт дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх" хуралд тэр урилгаар оролцож, дэлхий нийтийг тэгш эрхийн төлөө ийнхүү уриалан дуудав.
"Одод одтойгоо хүүрнэлдэх хорвоод хүн, уул хоёр ч сэтгэлийнхээ нандин нууцыг хэлэлцэж болох мэт санагдсан" хэмээн нэрт зохиолч Сэнгийн Эрдэнэ тэмдэглэлдээ бичсэн нь бий. Б.Гангаамаа хэмээх "хүн уул" хувийн амьдралаа тэр бүр дэлгээд байдаггүй нь уул бүхэнтэй учран золгохдоо дотоод сэтгэлээ уудалж орхидогтой холбоотой буй заа.
"Богд Очирваань намайг хөлд оруулж, Алтай Таванбогд намайг уулчин болгосон" гэж ярих монгол бүсгүй Б. Гангаамаагийн эх нутгийнхаа ноён оргилуудаас хальж, дэлхийн дээвэр болсон олон оргилын оройд нь хүргэсэн их хүч юунд оршихыг уншигч өөрөө тунгаах биз ээ.
Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, ах дүү арван нэгүүлээ айлын долоо дахь хүүхэд, хөгшин ээжийн эрх танхил охин дэлхийн энтэй уулчин болсон түүхээ "Амола буюу Үзэгч үгүй үнэн" номондоо хураагаад удаагүй байна. Түүндээ "Надад тэсвэр хатуужил, хүнээрээ байхын утга учир, зорьсондоо хүрэх махруу, замын дунд зогсохгүй урагшлах эрч хүч суулгаж өгсөн ачтан минь" хэмээн хөгшин ижийгээ дурсан бичсэн байдаг юм.

"Зууны 100 эмэгтэй" II ботиос...

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24610/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал… 19 цагийн өмнө
“Жангар” туулийг 600 метр урт цаасан дээр хулсан үзгээр бичжээ 19 цагийн өмнө
Ордосын Үүшин хошуунд нарийн ноост хонь үржүүлж байна 19 цагийн өмнө
“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно Өчигдөр
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эх… Өчигдөр
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборууд… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 7 хэм дулаан байна Өчигдөр
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр су… 2024/10/08
Боливи Улсад үүссэн ой, хээрийн түймэр түүхэн дээд түвшинд хүрч, онц б… 2024/10/08
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа 2024/10/08
​ Монголбанк 2023.6 кг үнэт металл худалдан авав 2024/10/08
Улаанбуудайн хураалт 56, төмснийх 64 хувьтай байна 2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу… 2024/10/07
Багануурын 50 МВТ-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачаал… 2024/10/07
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан ста… 2024/10/07
А.Номин-Эрдэнэ: Аав ээжийнхээ авьяасын нийлбэр нь би 2024/10/07
Б.Мишээлт: Английн тамирчныг шахаж ажилласан бол Хятадын боксчинтой за… 2024/10/07
Ж.Оюунбилэг: Улаанбуудайг биржээр арилжаалснаар зэрэглэл, урамшуулалта… 2024/10/07
Агуу долоогоос салбарласан морин циркийнхэн “Морьтны гайхамшиг-50 жил” 2024/10/07