Ойрхи Дорнодын улс төрийн зураг өөрчлөгдөж байна


Израилын батлан хамгаалах хүчин “Хезболла” бүлэглэлийн удирдагч Хассан Насраллаг хөнөөснөө өнгөрсөн сарын 28-нд албан ёсоор зарлав. Тэрбээр 1992 оноос хойш бүлэглэлийг удирдсан юм. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд түвшний долоо хоногт оролцож байхдаа уг ажиллагааг явуулах тушаал өгчээ. Тэрбээр Палестины “Хамас” бүлэглэл, Ливаны “Хезболла”-г нугачин дарахаа мэдэгдсэн. “Нью-Йорк Таймс” сонинд бичсэнээр, Израилын Тагнуулын алба Хассан Насраллагийн байрлалыг тогтоохоор хэдэн сарын турш ажиллагаа явуулжээ. Ингээд тус бүр нь нэг тонн гаруй жинтэй 80 гаруй пуужинг Бейрут руу хөөргөсөн гэж мэдээлсэн.

“Аль Жазира” агентлагийн уламжилснаар уг ажиллагааг 69 дүгээр эскадрилийнхан “F-15I” сөнөөгч онгоцоор гүйцэтгэсэн. Пуужингийн тоо зөрүүтэй байгаа бөгөөд зарим эх сурвалж 200-250 пуужингаар довтолсон гэжээ. “Хезболла”-гийн төв байр орон сууцны барилгуудын доор байрладаг.  Бейрут дахь агаарын дайралтын үеэр 11 хүн амиа алдаж, 108 хүн шархадсан байна. Мөн тус бүлгийн өмнөд фронтын командлагч Али Карки тэргүүтэй цэргийн дээд албан тушаалтнууд алагджээ. Израилын  Жанжин штабын дарга Херци Халеви “Ливанд урьд­чилан довтлох ажиллагаа” эхлүүлснээ зарлаад “Бид “Хезболла”-гийн сүүлийн 20 жилийн турш бэхжүүлсэн цэргийн  бүтцэд цохилт өгч байна. Цаашлаад зорилтот газруудад цохилт өгнө. Хуурай замын довтолгоонд бэлтгэнэ. Эцэст нь Израилын хойд нутгийн оршин суугчдыг гэртээ буцаж ирэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэв. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ливаны ард түмэнд хандан “Хезболла”-гийн цэргийн бүс нутгийг орхин явахыг уриалсан. Тэрбээр “Манайх  тантай биш, хэт даврагч бүлэглэлтэй дайн хийж байна. Тэд та бүгдийг амьд бамбай болгон ашигласан” хэмээжээ. 


Ливан улс Газын зурвас биш

Шинжээчид Израил, исламын ертөнцийн хооронд өргөн цар хүрээтэй дайн эхлэхээс  болгоомжилж эхэллээ. Болж буй үйл явдлыг 1982, 2006 оны мөргөлдөөнтэй адилтгаж, Ливаны гурав дахь дайн гэж нэрлээд байна.  Израилын хуурай замын цэргийн ажиллагаа тооцоолсноос хурдан бөгөөд үр дүнтэй өндөрлөх үү, эсвэл Ливанд гацах уу гэдгийг таамаглахад бэрх. Ливан улс  Газын зурвас биш. Ерөнхийдөө “Хезболла”-гийн асар их зэвсгийг хадгалахаар ухсан олон зуун километр хонгил, нуувчийг “цэвэрлэх” амаргүй бөгөөд удаан хугацаа шаардана. “Хезболла” бол Израилын армийн хувьд “Хамас”-аас илүү хүчтэй дайсан. Тэд Ойрхи Дорнодын хурцадмал байдлын нэгэн тэнхлэг болж ирсэн. Хэдэн арван мянган сөнөөгч, олон зуун мянган пуужин бүхий бүрэн армитай бүлэглэл төдийгүй Ливаныг бүхэлд нь хяналтдаа байлгадаг. Парламентад төлөөлөлтэй, томоохон бизнесүүдийн дэмжлэгтэй улс төрийн хөдөлгөөн юм. Ливаны эрх баригчид үйл ажиллагаанд нь  бага зэрэг хяналт тавьдаг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2006 оны 1701 тоот тогтоолын дагуу Литани голд цэрэггүй бүс байгуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Нөгөөтэйгүүр Литани голыг гаталсан ч Израилын хойд хэсэгт амар амгаланг авчрахгүй. Тиймээс цэргийн ажиллагаа өргөн хүрээг хамарвал энгийн иргэд хохирол амсах юм. Улмаар  олон мянган дүрвэгсдийн цуваа Европыг зорих нь гарцаагүй боллоо. Барууныхны үзэж байгаагаар, Ливаны суннит болон христийн шашинтнууд төөрөлдөж, үндсэндээ радикалуудын барьцаанд оржээ.

Исламын ертөнцөд нөлөөлөх үү

Ливаны мөргөлдөөн удаан үргэлжилбэл Ойрхи Дорнодод улс төрийн  хэтийн төлөв өөрчлөгдөнө. Ойрхи Дорнодын бүлэглэлүүд “Хезболла”-г дэмжихээ илэрхийлээд байна. Тэд Израилын дайралтыг дайны гэмт хэрэгтэй адилтгаад еврейн улс бүс нутаг болон дэлхийн аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзлээ. Палестины “Хамас” хөдөлгөөн “Хезболла”-тай нэгдсэн фронт байгуулснаа зарлав. “Хамас” бүлэглэлийн удирдагч Исмаил Хание ч мөн Израилын тусгай ажиллагаанд өртөн амиа алджээ.  Ираны дээд удирдагч Али Хаменеи исламын шашинтнуудыг “Хезболла”-г дэмжихийг уриалаад “Израилчууд хийсэн үйлдэлдээ харамсах болно. Исламчууд Ливаны ард түмэн болон эрхэм хүндтэй “Хезболла” бүлэглэлд нөөц боломжоороо туслан дэмжлэг үзүүлэх үүрэгтэй” хэмээжээ.  Үүнээс өмнө Бейрутад өгсөн агаарын цохилтыг Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян буруутгасан.  Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Израилын эрх баригчид увайгүй байдлаа харуулж байна. Тэд хүн төрөлхтөн, хүмүүнлэгийн үнэт зүйлс, олон улсын хууль тог­тоом­жийг эсэргүүцлээ” хэ­мээв. Харин АНУ-ын Ерөн­хий­лөгч Жо Байден Ойрхи Дорнодын нөх­цөл байдлын талаар “Израилын хуурай за­мын ажиллагаа зөвхөн “Хезболла” бүлэглэ­лийн дэд бүтцэд цо­хилт өгөхөөр хяз­гаар­лагдана” гэж мэ­дэгдсэн. Нэгдсэн тоо баримт гаргаагүй ч  Ли­ваны өмнөд хэсэгт өгсөн дайралтын ул­маас 569 хүн амиа алдаж, 1.8 мянга гаруй хүн шархадсан. “Хезболла” бүлэглэл Из­раилын Кибутзим Зарит, Нетува, Штула нарын Баруун Галилей, Мерон бааз, Хайфа хот руу дайрахаа зар­лав. Тэд Тель-Авив зэрэг хэд хэдэн байршилд агаарын цохилт өгөөд байна.

Дараагийн удирдагч хэн бэ

Хассаны гэнэтийн үхлийн дараа “Хезболла”-гийн дараагийн удирдагчийн тухай таамаглалууд хөвөрсөн. Бүлэглэлийг Хассаны үеэл Хашем Сафи ад-Дин залгамжилж магадгүй гэж ихэнх эх сурвалжид бичжээ. Тэрбээр бүлэглэлд нэр хүндтэй, Ирантай ойр холбоотой ажилладаг. Шинэ удирдагчийг бүлэглэлийн бүх түвшинд төдийгүй Иран дахь түншүүд батлах ёстой. АНУ-ын Төрийн департамент түүнийг 2017 онд алан хядагч хэмээн зарласан. Дараа жил нь АНУ, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн зэрэг улсын хоригт оржээ. Хассан бэлгэ тэмдэг төдий удирдагч байгаагүй. Бүлэглэлийн стратегийг боловсруулж, цэргийн сэтгэлгээг бэхжүүлсэн. Нөлөөллийн цар хүрээ нь “Хезболла”-гийн хүрээнээс хол давсныг ажиглагчид онцолдог. Түүнийг Израил, барууны эрх баригчид Ойрхи Дорнодын улс төрийн томоохон зүтгэлтэн гэж хүлээн зөвшөөрдөг. Хассаны амийг хөнөөсөн Бейрутын цохилтыг бүрэн хэмжээний дайн гэж зарим шинжээч тодорхойлсон нь учиртай. Ойрын өдрүүдэд “Хезболла”-д тулгараад байгаа гол асуудал бол дайчдын сэтгэл санааны  уналт гэж шинжээчид тодорхойлсон. “Сүүдрээ ч тусгадаггүй” гэгддэг Хассан Насраллагийн байршлыг илрүүлсэн нь Израилын  тагнуулын давуу талыг харууллаа.  Хассан Насралла 1992 онд Израилын  довтолгооны улмаас амиа алдсан Аббасыг залгамжилсан. Харин өнөөдрийн тохиолдолд Хассаныг алдсан бүлэглэл хэр хурдан сэргэх нь тодорхойгүй байна. Тиймээ шинэ удирдагчтай болбол бүлэглэл бүх түвшинд өөрчлөгдөж, бүс нутагт “Хезболла”-гийн нөлөө буурна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 3 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 3 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 3 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 4 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 4 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 4 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 4 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 4 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 4 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 4 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 4 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 4 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 5 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 5 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 5 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 5 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… Өчигдөр