Палестин, Израилын мөргөлдөөн гүнзгийрсэн. Зарим улс Израилд үзүүлсэн АНУ-ын дэмжлэгийг шүүмжилж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Вашингтон 17.9 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлжээ. Израил бол АНУ-ын цэргийн тусламжийг хамгийн их хүлээн авсан орон. 1959 оноос хойш үзүүлсэн цэргийн тусламж инфляцтай тооцвол нийт 251.2 тэрбум ам.долларт хүрчээ. АНУ Израилд жил бүр олон тэрбум ам.долларын цэргийн дэмжлэг үзүүлэхээ амласан. Барак Обамагийн Засгийн газрын үед цэргийн тусламжийн хэмжээг жилд 3.8 тэрбум ам.доллароор тогтоосон бөгөөд 2028 он хүртэл үргэлжилнэ. Вашингтон Ойрхи Дорнод дахь цэргийн ажиллагааг бэхжүүлэх, тэр дундаа Йемен дэх Хутигийн зэвсэгт хүчний халдлагыг эсэргүүцэх зорилгоор 4.86 тэрбум ам.долларын санхүүжилт гаргажээ.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд хэвлэлийн бага хурал хийж, Газын зурвас болон Ливанд гал зогсоож, дайныг зогсоохыг уриалав. Тэрбээр “Газ дахь үүссэн хар дарсан зүүд мэт түгшүүрт байдал хоёр дахь жилдээ үргэлжилж балмад хэрцгий байдал газар авлаа Энэ он хүмүүнлэг, улс төр, дипломат, ёс суртахууны хямралын жил боллоо. Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Палестин, Израилын мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурвас хүн төрөлхтний зовлон зүдгүүрийн голомт болсон. Бодит хохирлыг төсөөлөхийн аргагүй. 41 мянга гаруй хүн амиа алдсаны ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна. Олон мянган хүн сураггүй болж, дүрвэж байна. Тэр дундаа Ливанд энгийн иргэдэд чиглэсэн дайралт бүс нутгийг бүхэлд нь заналхийллээ. Амь үрэгдэгсдийн тоо 2006 оны Ливан Израилын мөргөлдөөнд амиа алдсан хүмүүсийн тооноос давсан. НҮБ Газын зурвас болон Ливанд нэн даруй дайны галыг зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг ямар ч болзолгүйгээр суллаж, яаралтай тусламж шаардагдаж буй бүх хүмүүст амь аврах тусламж үзүүлэхийг дахин уриалж, түүнчлэн Израил, Палестиныг тохиролцохыг уриалж байна” гэжээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24617/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна