АНУ-ын иргэд ирэх сарын 5-нд шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Арваннэгдүгээр сарын эхний мягмар гарагт болох сонгуулийн үр дүнг дүүжин гэгддэг долоон мужийн сонгогчид шийдсээр ирсэн. Америкийн сонгуулийн тогтолцооны онцлогоос болж иргэд Ерөнхийлөгчөө шууд сонгодоггүй, харин Сонгогчдын коллегиор дамждаг. Муж бүр хүн амынхаа тооноос хамааран харилцан адилгүй сонгогчийн коллегийн гишүүнтэй байдаг. Олон хүний санал авсан нэр дэвшигч биш, 538 сонгогчийн талаас илүү саналыг түрүүлж авсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялдаг. Тухайлбал, Хиллари Клинтон 2016 онд Д.Трампаас гурван саяар илүү санал авсан ч Сонгогчдын коллегиор ялагдсан билээ. Холбооны Үндсэн хуулийн уг тогтолцоог халахыг иргэд шаарддаг ч Вашингтон хойшлуулдаг.
Басаж болохгүй мужууд
Дүүжин мужууд нь тус улсын өөр өөр хэсэгт байрладаг, хүн ам зүй, эдийн засаг, цаг уурын хувьд ялгаатай. Тодруулбал, аж үйлдвэрийн хямралд өртсөн, цагаан арьст хүн ам зонхилдог Баруун Дундад муж (Мичиган, Висконсин), хүн амын 30 орчим хувь нь латинуудтай, цөлийн бүс Аризона, Невада, Өмнөдийнхөн буюу африк гаралтай оршин суугчид зонхилдог Жоржиа, Хойд Каролина муж багтдаг. Уламжлалт дүүжин мужуудаас гадна Небраскагийн хоёрдугаар тойрогт онцгой анхаарал хандуулдаг. Небраска бол хамгийн их хүн амтай, санхүү, эдийн засгийн олон төвтэй муж. Ихэнх муж олон жилийн турш өөрчлөгдөөгүй улс төрийн тодорхой чиг баримжаатай байдаг. Нью-Йоркчууд 40 жилийн өмнө Рональд Рейганыг дэмжсэнээс хойш Бүгд найрамдах намд дахин санал өгөөгүй. Өмнөдийн мужууд Жон Кеннедийн аллагаас хойш Ардчилсан намыг дэмжээгүй аж. Тэгвэл дүүжин мужийнхан нэг намыг дэмждэггүй, сонгуулийн хувь заяаг шийддэг онцлогтой. Тэд 2016 онд Дональд Трампыг, 2020 онд Жо Байденыг сонгосон. Гэхдээ эдгээр мужийн оршин суугчдыг улс төрийн зарчмаа бээлий шиг сольдог гэвэл өрөөсгөл. Висконсин муж улсын аж үйлдвэрийн төв болох Милуоки, улс төрийн төв Мэдисон хотынхон ихэвчлэн Ардчилсан намд санал өгдөг бол дагуул хотынхон Бүгд найрамдахчуудыг дэмждэг. Хиллари Клинтон 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Висконсин мужид айлчлаагүй нь штабынх нь алдаа байсан. Тэрбээр Барак Обама тус мужид хоёр удаа үнэмлэхүй ялалт байгуулсан учир Ардчилсан намыг баараггүй сонгоно гэж андуурснаар Д.Трампад ялагджээ. Саяхныг хүртэл арьсны өнгө, үндэс угсаа нь улс төрийн сонголттой шууд хамааралтай байсан. Хууль бус цагаачлалын эсрэг Д.Трампын хатуу байр суурь Холбооны түвшинд сонгогчдын санааг зовоож буй тулгамдсан асуудлын нэг. Ялангуяа Мексиктэй хиллэдэг, хар тамхины наймаачдын хяналтад байдаг Аризона мужийнхан Д.Трампын талд байна. Трампын хэрэгжүүлсэн хатуу бодлого хууль бус цагаачдын тоог хэсэг хугацаанд хязгаарласан. Харин Жо Байден ихэнх хоригийг цуцалсны дараа найман сая орчим хүн АНУ-ын өмнөд хилийг хууль бусаар давжээ. Трампын засаглалтай харьцуулахад хууль бус цагаачдын тоо гурав дахин өссөн юм. Камала Харрис өнгөрсөн долоо хоногт Мексиктэй хиллэдэг Аризонад ажиллаж, АНУ-ын орогнол олгох дүрэм журмыг чангатгахаа амлав. Түүний амлалтад хил орчмын оршин суугчид итгэлгүй байна. Учир нь ардчилагчид Байдены засаг захиргааны эхлүүлсэн ажлыг амархан өөрчлөх боломжгүй.
Пенсильваниар дамжин Цагаан ордон хүрдэг
Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп энэ сонгуулийн мөчлөгийг тэргүүлж байна. Улмаар Ардчилсан намынхан одоогийн төрийн тэргүүн Жо Байденыг өрсөлдөөнөөс татаж, дэд Ерөнхийлөгч Камала Харрист боломж олгосон. Санал хураалтаас дөрвөн сарын өмнө нэр дэвшигчээ сольсон нь өрсөлдөөний явцыг өөрчилж байна. Харрис дүүжин мужид ялахыг гол зорилгоо болгожээ. Мичиган, Невада, Пенсильвани, Висконсин мужийн сонгогчидтой уулзаж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаагаа идэвхжүүлсэн. Харин Трамп Жоржиа, Аризона мужид ажиллаж байна. Үе үеийн нэр дэвшигчдийн ялалтад хүрэх дөт зам нь Пенсильванид ялах. АНУ-ын Үндсэн хуулийг “өлгийдсөн” гэгддэг энэ мужийн Сонгогчдын коллеги бусад дүүжин мужаас хамгийн олон төлөөлөгчтэй. Тиймээс “Пенсильваниар дамжин Цагаан ордон хүрдэг” гэх улс төрийн хэллэг гарчээ. Харрис, Трамп нарын өрсөлдөөний талбар болж байна. Тэд Пенсильванийн орон нутгийн хэвлэлүүдэд 138 сая ам.доллар зарцуулжээ. Харрисын гадаад бодлогын эмзэг тал бол Израилыг дэмжсэн явдал юм. Ингэснээрээ Мичиганд төвлөрсөн араб гаралтай америкчуудыг бухимдуулжээ. Байдены засаг захиргаа Израилыг дэмжиж байгаа Ливан руу довтолсноор араб, имламын шашинтай америкчуудын урам хугарсан. Харрис алдаагаа залруулахыг хичээж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Фил Гордон АНУ дахь исламын нийгэмлэгүүдийн төлөөлөгчидтэй “Zoom” уулзалт хийн мөргөлдөөнийг дипломат замаар шийдвэрлэхээ илэрхийлсэн. Камала Харрис мөн Зүүн Европын диаспоруудад хандан, Украиныг дэмжихээ зарлан, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд буулт хийхээс татгалзжээ. Үүнийг ажиглагчид Д.Трампын төвийг сахисан байр суурьтай харьцуулж байна. Нөгөөтэйгүүр Харрис “В.Путин Польш улсад заналхийлж байна” гэсэн нь польш гаралтай америкчууд олноор амьдардаг Пенсильвани мужид санал авах оролдлого юм. Сонгогчдын хандлага санал асуулгын өмнөх өдөр ч өөрчлөгддөг. Хиллари Клинтон 2016 онд сонгуулийн кампанит ажлын туршид социологийн судалгаануудыг тэргүүлсэн. Тэрбээр сонгуулийн өмнөх долоо хоногт Висконсин мужид 83.5, Мичиган мужид 78.9, Пенсильванид 77 хувийн санал авч байв. Гэвч санал хураалтын өмнөх өдөр Холбооны мөрдөх товчооноос Конгресст илгээсэн захидалдаа Хиллари Клинтоны цахим шуудангийн талаар шинэ мөрдөн байцаалт эхлүүлснээ зарласан. Энэ нь дэмжигчдийн бодлыг эргүүлж, ялагдсан гол шалтгаан болжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24617/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна