Ливан Израилын мөргөлдөөн Ойрхи Дорнодыг хямралыг хурцатгаад байна. Үйл явдал Израил болон “армитай улс төрийн нам” гэгддэг “Хезболла” бүлгийн зөрчилдөөнөөс үүдэлтэй. “Хезболла” зэвсэгт бүлэглэлийг Ливаны үндэсний армиас хамаагүй хүчирхэг гэж үздэг бөгөөд хүн амын дунд, ялангуяа шийтүүдийн дэмжлэг авсан. Төрийн байгууллага биш ч сүүлийн 40 жилийн хугацаанд Ливанд давамгайлах хүчин болжээ.
Ливаныг хэн захирдаг вэ
Ливаны улс төрийн эрх мэдлийг шашны янз бүрийн бүлэглэлүүд хуваан авсан гэж үздэг. Францын эрхшээлээс гарч 1943 онд тусгаар тогтнолоо зарласан. Тус улсын Ерөнхийлөгч Мишель Аун марони урсгалын христийн шашинтан, Ерөнхий сайд нь исламын суннит, парламентын дарга нь шийтийн урсгалыг дагадаг. Үүнийг Ливаны шашны бүлгүүдийн харьцангуй хэмжээг тусгасан актаар зохицуулдаг. Хүн амын талаас илүү хувь нь христэд итгэгчид байна. Иймд парламентад христийн шашныханд исламын хоёр бүлэгтэй ижил тооны суудал хуваарилдаг байсан. Гэтэл барууны ажиглагчдын хэлснээр нэг ч нам, шашны бүлэглэл Ливанд бүрэн эрх мэдэлтэй байдаггүй. Засгийн газар нь парламентын эвслээс бүрддэг бөгөөд аливаа чухал шийдвэрийг иргэдэд тохирсон зөвшилцөлд хүрэх замаар гаргах ёстой. Үүнээс л Ливаныг бүхэлд нь хамарсан улс төрийн мухардал үүсжээ. “Хезболла” бүлэглэлийг 1982 онд Ливаны иргэний дайны үеэр Израилын цэргүүдтэй тулалдах зорилгоор шийтийн зэвсэгт дайчид байгуулсан. Тус бүлэглэлийг шийтүүд төвлөрсөн Иран улс идэвхтэй санхүүжүүлж ирсэн. Ливаны иргэний дайн 1990 онд дуусахад бүх зэвсэгт бүлэглэлийг татан буулгасан ч “Хезболла” Израилын эзлэн түрэмгийлэгчидтэй тэмцэх зорилгоор үлджээ. Израил улс 2000 онд Ливанаас цэргээ татахад “Хезболла”-гийн гишүүд өөрсдийн ялалт гэж тайлбарлаж байв. Улмаар 1992 онд Ливаны парламентын сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлж эхэлсэн. Одоо тус бүлэг хэд хэдэн мандаттай болсон. Ливаны танхимын сайд нарын дунд “Хезболла”-гийн төлөөлөгчид бий. Ингэхдээ шийтүүдэд голдуу сургуулийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн дэмжлэг үзүүлдэг. Ливаны улс төрийн хүчнүүд “Хезболла” хамгийн өргөн сүлжээтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. “Хезболла” зэвсэгт армийнхаа ачаар Ливаны тэргүүлэх улс төрийн хүчин болсон. Америкийн Стратегийн судалгааны төвийн шинжээчдийн үзэж байгаагаар “Хезболла” сайтар зэвсэглэсэн, дор хаяж 120 мянган пуужинтай. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн хүчирхэг төрийн бус арми. Үүнээс гадна улсынхаа албан ёсны эрх баригчдын сул талыг гаргууд ашиглаж ирсэн.
“Хезболла” улс төрийн хүчирхэг нам
Араб хэлнээс орчуулбал “Хезболла” нь “Аллахын нам” гэсэн утгатай. Олон улсад 1985 онд албан ёсоор зарлахдаа Ливанд Исламын Бүгд найрамдах улс байгуулах зорилгоо тунхагласан. Түүнчлэн Ливаны өмнөд хэсэг болон Палестины газар нутагт Израилын эзлэн түрэмгийллийг зогсоохоо амласан юм. Израилын батлан хамгаалах хүчин “Хезболла” бүлэглэлийн удирдагчийг устгасан. Энэ тухай Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Бид “Хезболла”-гийн хүчийг доройтуулсан. Олон мянган террористыг устгаж чадлаа. Ливаны ард иргэдэд хандаж хэлэхэд энэ бол улс орноо энх тайван, хөгжлийн замд оруулах ховор боломж юм. Хэрвээ та нар энэ боломжийг алдвал “Хезболла” дайнаа үргэлжлүүлж, та бүхнийг золиосолсоор байх болно. Тэд Ливаныг дайндаа татан оруулахад бэлэн байна. Загалмайтнууд, друидууд, суннитууд ба шийтүүд та бүгд Израилын эсрэг Хезболлагийн явуулж буй үр дүнгүй дайны улмаас зовж байна. Террористуудад өөрсдийнхөө ирээдүйг сүйтгэхийг, одоо учруулснаас илүү их хохирол учруулахыг бүү зөвшөөр. Газын зурваст тохиолдсон шиг сүйрэл, зовлонд хүргэх дайны ангалд Ливаныг унахаас аврах боломж та нарт байна. Ийм зүйл тохиолдохгүй ч байж болно Израил улс өөрийгөө хамгаалах эрхтэй. Бид ялах болно” гэж мэдэгдсэн. Ираны дэмжлэгтэй уг бүлэглэлийг 32 жил удирдсан Хассан Насралла өнгөрсөн сард Ливаны нийслэл Бейрут хот дахь нууц байранд байхдаа Израилын агаарын цохилтод өртөн нас барсан. Түүнийг залгамжлагч гэгдэж байсан Хашем Сафеддин Бейрутийг бөмбөгдөх үеэр сураггүй алга болсон. Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант “Насраллагийн залгамжлагч алагдсан байх магадлалтай. Олон олон жилийн турш “Хезболла” өнөөдрийнх шигээ сул дорой байж үзээгүй” гэжээ. Газын зурваст дайн эхэлсний маргаашаас буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тус зэвсэгт бүлэглэл Палестины “Хамас” байгууллагыг дэмжих зорилгоор Ливаны нутаг дэвсгэрээс Израил улс руу пуужин харваж эхэлсэн юм. Үүний улмаас Израилын хойд нутгийн 60 мянга орчим хүн орон гэрээ орхин дүрвээд байна. Израилын армийн Ливанд явуулж буй байлдааны ажиллагааны зорилго нь шийтийн бүлэглэлийн аюулыг арилгаж, дүрвэсэн ард иргэдээ буцаах юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна