Олны хөлөөс зайдуухан бүжгийн сургуулийн үүдээр ороход хаа нэгтээгээс хөгжмийн дуу хангинах сонсогдож, түүнийг даган шатаар өгсөхөд дуу чимээ улам тодрон замчилна. Нар буугаад удсан учраас хүн хар багатай газар товлосон зочинтойгоо уулзана гэж бодсон нь талаар боллоо. Чимээ дагасаар гурван давхарт гарахад энд тэндгүй оюутан залуус суусан байх агаад амсхийж эсвэл ямар нэгэн зүйлийг хүлээж байгаа бололтой дүр зураг намайг угтав. Тэрхэн зуур заалны хамгийн захын өрөөнөөс эмэгтэй хүний дуу гарах нь тэр өдөр уулзахаар тохирсон зочин маань байв. Бүжгийн бэлтгэлээ хийж байгаа тэдний анхаарлыг сарниулахгүйн тулд хэрэндээ л хаалгыг аяар онгойлгоход Монгол Улсын Гавьяат жүжигчин, найруулагч, бүжиг дэглээч Д.Энхгэрэл шавь нартайгаа гадна дотнын үзэгчдэд хүргэхээр зэхэж байгаа бүтээлийнхээ бэлтгэлийг хийхтэй таарчээ. Тухайн үед этно бүжгэн жүжгийн тавилтыг өөрчилж байсан бөгөөд бүжигчдийн тоог багасгаж, бүжгийн хайрцгийг хумьж байлаа. Тайзандаа тохируулан ингэж өөрчлөхөд бүжиг дэглээч, найруулагчаас ихээхэн ур ухаан шаарддагийг тэр мөчид харсан нь одоо ч санаанд тод байна. Ийнхүү тухайн үед давтаж, дахин шинэчилж байсан бүжгэн жүжиг өдгөө аль хэдийнэ үзэгчдэдээ хүрч, бүжиг дэглээч маань ч түүнээс хойш олон бүтээлийг дэглэн найруулжээ. Монгол үндэстэн ястнуудын өв тээгчдээс эрдмийг нь өвлөн хойч үеийн залууст уламжлан яваа эрхэм уран бүтээлчийг энэ дугаартаа онцоллоо.
Ааваас эхтэй амжилтын жим
Аав ээжийгээ ажилд явсан хойгуур ах дүү нартайгаа нийлж гэрээ тайз болгочихдог насыг хүн бүр туулсан болов уу. Хамгийн хэлэмгий нь зарлаж, дуулдаг нь дуулж, ээжийнхээ цайны гангараагаар загвар үзүүлэхдээ хэн ирээдүйн мэргэжилд хөтөлнө чинээ санах билээ. Хүүхэд байхдаа дуучин болохоор тэмүүлж цэнхэр дэлгэцээр гарсан дуучдыг дуурайхдаа дуурайж, дуулахыг шимтэн сонсдог байсан нь уран бүтээлчийн дурсамжид үлджээ. Аав ээж нь ч охиноо урлагт элэгтэйг мэдэх ч дуучин болох хүсэлтэйг төсөөлөөгүй байх. Харин тухайн үед Соёлын яамны боловсон хүчний газарт ажилладаг байсан аав нь охиноо бүжигчин болох замд хөтөлжээ. Бүжигчин болох өгөгдөл охинд нь байсан учраас тэр биз. Бага сургуулийн сурагч Энхгэрэл Барилгачдын соёлын ордны “Ундраа”, МҮЭСТО-ы “Хараацай” дугуйланд суралцан багш нараар бүжгийн хичээл заалгасан нь түүний хувьд эхлэл байв. Олон төрлийн бүжиг заалган концертуудад оролцож багагүй урам авчээ. Ингэж дуучин болох хүслээ бүжигчнээр сольсон тэрбээр ирээдүйн мэргэжлээ тодорхойлжээ. Гэвч хүссэнийг хясдаг. Тухайн жил нь мэргэжлийн бүжигчин болохоор шалгалт өгсөн ч тэнцсэнгүй. Учрыг нь сонсоход, цөөн тооны эрэгтэй хүүхэд шалгаруулах жил нь таарч.
Намар боллоо. Хичээлийн шинэ жил эхлэх цаг ирэхэд охиныхоо юу хүсэж мөрөөддөгийг мэддэг аав нь охиндоо сайхан мэдээ дуулгажээ. Соёлын коллеж бүжгийн төлбөртэй анги нээхэд ихэд олзуурхсан байна. Аавынхаа өгсөн мөнгийг авч хүссэн ангидаа элссэн Энхгэрэл хоёр жилийн дараа мэргэжлийн бүжигчин болжээ. Энэ үеэс тэрбээр уран бүтээлийн эрэл хайгуулаа эрчимжүүлсэн гэлтэй. Сонгодог бүтээлүүдээс гадна модерн бүжигт анхаарал хандуулахын зэрэгцээ бүжиг дэглээчээр мэргэшихээр СУИС-д суралцан төгсжээ. 2005 онд АНУ-д орчин үеийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан нь түүний карьерын онцлох үйл явдлуудын нэг байв.
Үндэсний язгуур урлагаа түгээн дэлгэрүүлэгч
Мэргэжлийн бүжигчин Энхгэрэлийг сургуулиа төгсөөд удаагүй байхад нь монгол киноныхон “нүд унагаж” дэлгэцийн бүтээлд тоглуулжээ. Тийм нэгэн бүтээл нь 1993 онд олны хүртээл болсон “Хойд эцэг” уран сайхны кино юм. Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Цэрэнпагма, С.Лхагвасүрэн нарын хамт бүжигчин Энхгэрэл гол дүр бүтээжээ. Кино нь үзэгчдэд хүрсний дараа түүнд кинонд тоглох цөөнгүй санал ирсэн ч тэрбээр хүлээж авсангүй. Мэргэжлийн карьертаа анхаарал хандуулжээ. Ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж байгаа гэлтэй түүний охин Б.Замилан өдгөө Монголын кино ертөнцөд тодрон гарч ирж байна. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн түүнийг Монголын уран сайхны “Говийн домог” кинонд тоглосноор үзэгчид андахгүй. Тэрбээр киноны дууг өөрөө дуулсан нь ээжийнхээ хүүхэд ахуйг санагдуулам. Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангийг төгссөн түүнийг аавынхаа хөгжмийн, ээжийнхээ бүжиглэж дуулах авьяасыг өвлөн төрснийг сүүлийн үеийнх нь дэлгэцийн бүтээлүүдээс харж болох юм. Харин бүжигчин Энхгэрэлийн хувьд амьдрал, карьерынх нь чухал хэсэг болсон үйл явдал 1994 онд болжээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Чимэдцэрэн түүнд үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгад ажиллахыг санал болгосноор энэ хамт олны нэг болсон байна. Монгол ардын язгуур урлаг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, мэргэжлийн урлагийг сурталчлан таниулах ажилд идэвхийлсэн цаг хугацаа энэ үед тохиожээ. Энэ цагаас үе үеийн бүжиг дэглээчтэй ажиллахдаа өөрийн орон зайг бүрдүүлж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгэх болж “Энхгэрэлийн” гэсэн автортай бүтээл төрөх эхлэлийг тавьжээ. Үүний сацуу тэрбээр “Түмэн эх” чуулгынхаа уран сайхны удирдагчаар ажилласан юм.
Д.Энхгэрэл 1996 онд зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдааны гран-при шагналыг хүртэж, бүх урлагийн тэргүүн дээд “Гоо марал” шагналын эзэн болж байв. Түүнийг зууны манлай бүжигчин, Ардын жүжигчин Ю.Оюун “Миний охин сайн бүжигчин болоорой. Чамд тийм ирээдүй бий шүү” хэмээн урамшуулж, өөрийнхөө өмсөж байсан хоёр купальникийг дурсгасан гэдэг.
Бүжиг дэглэн найруулах ажилд шамдсан жилүүд...
Д.Энхгэрэлийг мэргэжлийн ур чадвар эзэмшихэд нөлөөлсөн хүн нь балетмейстер Х.Гансүрэн юм. Бүжиг дэглээч Х.Гансүрэн, Б.Сэргэлэн нарын санаачлан байгуулсан орчин үеийн бүжгийн “New dance” хамтлагт бүжиглэж модерн бүжгийг сурталчлан таниулах ажилд өөрийн биеэр оролцсоноо тэрбээр ярьсан байдаг. Учир нь, энэ л хамтлагт ажиллах хугацаандаа тэрбээр бүжиг дэглэж найруулах ажилд шамджээ. “Найрын ширээний ууц” мюзикл, “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн бүжиг дэглээчээр ажилласан. Нийслэлийн “Улаанбаатар” театрт И.Стравинскийн “Ариун хаврын тахилга” этно балетыг тавьсан уран бүтээлч юм. Түүний бүжиг дэглээчээр ажилласан бүтээлүүдээс “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжиг онцлох байр суурь эзэлнэ. “Хөмөргөн гурвалжин” нь 2016 онд СУИС-ийн багш, оюутны судалгаанд суурилж бүтээсэн этно бүжгэн жүжиг. Ардын урлаг, бүжиг судлалын профессорын багийн ахлагч, тэргүүлэх профессор С.Дулам Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь хүрлийн үеийн дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дагуулан сийлсэн “32 хүнт” хэмээх хадны зургийн нэгэн мөчлөгийг эртний харын бөөг оршуулах зан үйлийн бүжиг хэмээн тайлан тайлбарлаж, цомнолыг бичин, Гавьяат жүжигчин Д.Энхгэрэл найруулан дэглэж, Д.Ариунболд хөгжмийг бичиж, зураач Б.Нямхүү тайзны заслыг хийсэн юм. Дэгийн гол хөдөлгөөнийг эртний хадан бичээс дэх хүмүүсийн бие галбир, биеийн байдлыг дүрслэх хөдөлгөөнөөр илэрхийлж буйгаараа онцлогтойг тэрбээр ярьж байв.
Японы аваодорийг өөриймшүүлсэн монгол бүжигчин
СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш Д.Энхгэрэл өдгөө “Хүн” театрын уран сайхны удирдагч, найруулагчаар ажиллаж байна. Тэрбээр театраа ардын урлаг, өв соёлоо орчин цагтай нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор 2019 онд үүсгэн байгуулжээ. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн урлагийн олон тоглолтыг театрынхаа тайзнаа дэглэн найруулж үзэгчдэд хүргээд байгаа юм. Д.Энхгэрэл Японы мэргэжлийн аваодори бүжигчидтэй бүжиглэсэн Монголын анхны бүжигчин. монгол, япон бүжигчдийн хамтарсан “Сүүн зам” наадмын найруулагчаар ажиллаж нийслэл Улаанбаатарынхаа төв талбайд олон улсын бүжгийн наадмыг зохион байгуулсан нь саяхан. Үүгээр зогсохгүй Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широгийн санаачилгаар “Хүн” театр Японы үндэсний бүжгийн нэгэн төрөл болох аваодори бүжгийн мэргэжлийн чуулга байгуулах эрхээ авч “The Hun Ren” нэртэй аваодори бүжгийн монгол чуулга нээлтийг хийгээд байгаа юм. Уг чуулгын нээлтийг Япон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл ирж сурвалжилсан нь сонины хуудаснаа буужээ. Одоо “Хүн” театр Япон улсад анх удаа монгол бүжгийн тоглолтыг арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хийх гэж байна. Монгол, Япон хоёр улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг нь энэ бөгөөд Гавьяат жүжигчин Д.Энхгэрэлийн удирдлагад бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Арлын орныг зорих юм. Энэ үеэр монгол ардын бий биелгээний дахин давтагдашгүй мөн чанар, донж маягийг алс нутгийнханд хүргэх нь дамжиггүй. Түүнчлэн цаг үеэ мэдэрсэн, орчин цагийн бүжгийн хэмнэлээс тусгаж Японы өв соёл, урлагтай хослуулсан бүжгүүдээ үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна. Бий биелгээг хойч үеийнхэндээ уламжлан, тэднийг сургах үйл хэргээрээ Д.Энхгэрэл хэнээс ч дутахгүй. Ардын жүжигчин, “монгол бүжгийн хатан эх” хэмээн олноо хүндлэгддэг Д.Нанжидын гарын шавь түүний хүсэл мөрөөдөлд монгол бүжгийн хөгжил, дэглэх ур чадварыг гарамгай түвшинд өвлүүлэх бодол үргэлж уяатай явдаг нь дамжиггүй юм.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна