БРИКС-ийн 16 дахь дээд хэмжээний уулзалт Казань хотноо өндөрлөлөө. БРИКС-ийг өргөтгөсний дараа зохион байгуулсан анхны уулзалт учраас ач холбогдолтой. Энэ жил Иран, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Египет, Этиоп улс нэгдсэн. Турк, Азербайжан улс элсэх хүсэлтээ ирүүлжээ. Тус клуб нь эдийн засаг, улс төр, аюулгүй байдлын салбарын ашиг сонирхол давхацдаг улс орнуудын хамтын ажиллагааны индэр болдгоороо онцлог. Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк гэсэн таван орноос бүрдэж байсан үеийн эв нэгдэл, зөвшилцлийг хадгалж чадах эсэхээ харуулах чухал үе юм. “Эрх тэгш хөгжил, аюулгүй байдлын төлөө олон талт үзлийг бэхжүүлэх нь” уриан доор болсон өндөр түвшний уулзалт гишүүн орнуудын удирдагчдын хязгаарлагдмал болон өргөтгөсөн хэлбэрээр болсон. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаковын хэлснээр, хэлэлцэх сэдвүүдийг улс төр, эдийн засаг, хүмүүнлэг гэсэн гурван хэсэгт хуваажээ. Дэлхийн засаглалын шинэчлэлийг ахиулах тэргүүний хүчин болгохыг онцлон, талууд хамтран “Энх тайвны БРИКС”, “Инновацын БРИКС”, “Ногоон БРИКС”, “Шударга БРИКС”, “Хүмүүнлэг БРИКС” байгуулахыг санаачлан, бодитой бодлогуудыг мэдэгдсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байна. Түүнчлэн, түнш улс гэсэн ангиллыг нэвтрүүлэх, шинэ гишүүнчлэлийг түншлэлийн механизмаар нарийн зохион байгуулах талаар санал солилцжээ. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн уулзалтаар цаашид аль улсуудыг урих нь тодорхой болно гэж ажиглагчид таамаглаж байна. Түншийн форматыг бий болгох, өргөжин тэлэх санаачилгыг тууштай дэмжихээ Хятад улсын дарга Ши Жиньпин илэрхийллээ. Тэрбээр “БРИКС шинэ орнуудад үүд хаалгаа нээхийг хүн бүр тэсэн ядан хүлээж байна” гэжээ. ОХУ БРИКС-ийг даргалах хугацаанд гишүүн орнуудын эв нэгдлийг хангах, төлбөр тооцоо, санхүүгийн дэд бүтцийг сайжруулахад анхаарчээ. Гишүүн орнууд 2024 онд нийлүүлэлтийн сүлжээ, нэмүү өртгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, цахим худалдааг хөгжүүлэх, эдийн засгийн тусгай бүсээр дамжуулан харилцаа холбоо тогтоох зэрэг хэд хэдэн санаачилга хэрэгжүүлжээ. Эдийн засаг, улс төрийн чухал шийдвэрүүд хөшигний ард гарна гэдгийг мэргэжилтнүүд таамаглаж байсан. Дээд хэмжээний уулзалтаар оны эхээр тус холбоонд элссэн орнуудын үр нөлөө, БРИКС-ийн боломжит түншүүд, аюулгүй байдлын байгууллагууд, клубийн нэгдсэн мөнгөн тэмдэгт, тус холбооны ирээдүй болон албан ёсны бусад сэдвийг хэлэлцжээ. Хэлэлцсэн эдийн засгийн чиглэлүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй. Шинжээчдийн үзэж буйгаар оролцогч улс орнуудын хөгжлийн түвшин хэт ялгаатай. Одоогийн байдлаар БРИКС-ийн орнуудын худалдааны эргэлтийн 90-95 хувийг үндэсний мөнгөн тэмдэгтээр төлж байгаа нь ам.долларыг бууруулах хүсэлтэйг харуулж байна.
Бүх салбарт харилцаагаа бэхжүүлнэ
Казаньд 36 улсын төр, засгийн тэргүүн, олон улсын зургаан байгууллагаас төлөөлөгч чуулсан нь Орос улсын нэр хүндийг өргөж, анхаарал татсан үйл явдал болсон. БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт 2022 оны хоёрдугаар сард Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш ОХУ-д зохион байгуулсан нүсэр төлөөлөлтэй олон улсын арга хэмжээ боллоо. Гишүүн орнуудын удирдагчид төдийгүй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш зочдын жагсаалтад байсан. Барууны хэвлэлүүд үүнийг “Путиний бэлгэдлийн ялалт” гэж нэрлэсэн. Харин Кремлийн хувьд ОХУ-ын Ерөнхийлөгч олон улсаас тусгаарлагдсан, гадуурхагдсан хүн биш гэдгийг барууныханд болон оросуудад харуулах боломж юм. Орос бол Бразил, Энэтхэг, Хятадын хамт БРИКС-ийг байгуулсан орнуудын нэг. Дараа нь Иран, Египет, Арабын Нэгдсэн Эмират, Этиоп улс элссэний дараа “Их БРИКС”-ийн гишүүн орнуудын хүн ам дэлхийн хүн амын бараг талыг эзэлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр 50 хувиас давсан. Эдийн засгийн нийт хэмжээг худалдан авах чадварын дундаж үнээр тооцоолбол “Их 7” бүлгээс давж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулсан. Үүгээр ч зогсохгүй БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм нь улс орнуудыг дэлхийн засаглалд оролцох платформ, боломжийг олгож байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БРИКС-ийн Шинэ хөгжлийн банкны тэргүүн Дилма Руссефф, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Египетийн Ерөнхийлөгч Абдельфаттах Сиси нартай эхний өдөр уулзсан. Дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед Али нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй ажлын уулзалт хийв. Мөн Палестин, Лаос, Мавритани, Боливын удирдагчид, Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Тин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нартай уулзжээ. Ерөнхийлөгч В.Путин дэлхийн худалдаа, эдийн засагт гарч буй томоохон өөрчлөлтийг дагаж олон туйлт загвар бүрдэж эхэлснийг онцлон тэмдэглэв. Түүний хэлснээр, энэ нь дэлхийн өмнөд болон зүүн, түүнчлэн БРИКС-ийн орнуудтай холбоотой өсөлтийн шинэ давлагааг эхлүүлж байгаа бол өндөр хөгжилтэй орнуудын өрийн дарамт нэмэгдэж байгаатай холбоотой хямрал үргэлжилнэ. БРИКС-ийн орнууд хариуцлагатай макро эдийн засаг, санхүүгийн бодлогын ачаар тогтвортой байгааг Кремлийн тэргүүн дурджээ. Тэрбээр “Улс орнууд эдийн засгийнхаа чадавхыг нэмэхийн тулд технологи, боловсрол, нөөцийн хөгжил, логистик, санхүү зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүнтэй холбогдуулан БРИКС-ийн хөрөнгө оруулалтын шинэ платформыг бий болгохыг санал болгон санхүүгийн эх үүсвэрээр хангах болно. Соёл, хүмүүнлэгийн салбарын харилцаа холбоог орхигдуулж болохгүй. Кино наадам, ардын урлагийн холбоо, спортын арга хэмжээ зохион байгуулна. Хүн амын өсөлт, хөрөнгийн хуримтлал, хотжилт, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэнээр БРИКС-ийн байр суурь бэхэжнэ” гэж уриаллаа.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24619/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна