Гүржид сонгууль болж, эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам ялалт байгуулав. Хууль тогтоох дээд байгууллага “Гүржийн мөрөөдөл” нам парламентын сонгуульд 54 хувийн санал авчээ. Ойрын өрсөлдөгч болох “Өөрчлөлтийн төлөөх эвсэл” 10.8, “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” 10.09, “Хүчирхэг Гүрж” 8.75, “Гүржийн төлөөх Гахариа” 7.75 хувийн санал авсан. Барууны талыг баримтлагч эдгээр дөрвөн намаас бүрдсэн сөрөг хүчний эвсэл санал хураалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан, дэмжигчдээ олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалд уриаллаа. Үндсэн хуулиар сөрөг хүчин санал хураалтын дүнг эсэргүүцэн давж заалдах эрхтэй. Ийнхүү Гүржийн улс төрийн дотоод байдал хоёр хуваагдлаа. Ерөнхийлөгч Саломе Зурабишвилийн “Сонгууль будилаантай болсон. 2012, 2016, 2020 онд тохиолдсон шиг сөрөг хүчин эрт орой хэзээ нэгэн цагт ялагдлаа хүлээн зөвшөөрнө. АНУ болон Европын холбоо тайван жагсаалыг дэмжих ёстой. Барууны улстөрчид эрх баригч намтай дахин холбоо тогтоохгүй байхыг уриалж байна. Эх орны ирээдүйг хулгайлах оролдлого нь үнэндээ Москваг хүлээн зөвшөөрсөнтэй ижил. Би ийм зүйлийг зөвшөөрөх гэж улс төрд ороогүй” гэсэн мэдэгдэл гал дээр тос нэмсэн. Саломе Зурабишвили “Гүржийн мөрөөдөл”-ийн дэмжлэгээр энэ албан тушаалд сонгогдоод, улс орныг тусгаарлаж байна хэмээн намынхаа бодлогоос татгалзжээ. Ерөнхий сайд Иракли Кобахидзе сөрөг хүчнийхний эсэргүүцлийг үл харгалзан “Ерөнхийлөгч хүмүүст буруу мэдээлэл өгч, төөрөгдүүлж, сэтгэл хөдлөлөөр тоглох нь санамсаргүй хэрэг биш. Эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн сөрөг хүчний хувилбарт Ерөнхийлөгч шууд оролцож байна. “Гүржийн мөрөөдөл” нам Засгийн газар байгуулж эхэлсэн. Ойрын өдрүүдэд шинэчилсэн парламентын анхны хуралдааныг зарлана” гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр сөрөг хүчний намууд хууль тогтоох байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох шаардлагагүй.
Барууныхны итгэл алдарлаа
Хүн амын 80 шахам хувь нь Европын холбоонд нэгдэхийг дэмжиж байгаа энэ улсад Оросын ашиг сонирхолд үйлчилдэг гэж шүүмжлүүлдэг. Нэг талаас эрх баригч нам нийгмийн зарим хэсгийн консерватив үзлийг чадварлаг ашиглаж байна. “Гүржийн мөрөөдөл” нам Москватай харилцах харилцаандаа тэнцвэртэй байдлыг хадгалахын зэрэгцээ Европын холбоонд элсэх хүчин чармайлтаа олон улсад харуулсан. Барууны зарим орон зөрчлийг шалгаж, санал хураалтыг дахин тоолохыг дэмжсэн. Хэдий эрх баригч нам Европын холбоонд элсэх үйл явцыг үргэлжлүүлэхээ амласан ч Брюссель сонгуулийн дүнд бүрэн итгэлгүй байна. Европын интеграцчиллаар замнаж, 2030 онд Европын холбоонд элсэн, эдийн засгаа сайжруулж, иргэдийнхээ нийгмийн түвшинг Европын жишигт хүргэхээ Ерөнхий сайд Иракли Кобахидзе илэрхийлдэг. Шинжээчид түүний үгэнд эргэлзэж байгаа бөгөөд энэ жил Гүрж, барууны харилцаа сүүлийн 20 жилд байгаагүй гүн хямралд хүрсэн. Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай хуулийг (Гадаад төлөөлөгчдийн тухай хууль гэгддэг) баталсны дараа Европын холбоонд элсэх үйл явцыг түр зогсоожээ. Тбилисийн стратегийн түнш АНУ хоёр талын харилцаагаа хянаж эхэлсэн. Гадаадын төлөөлөгчдийн тухай хууль батлагдсантай холбоотой эсэргүүцлийн жагсаал цуглаан нийслэл Тбилисид олон удаа болж, сөрөг хүчнийхэнд энэ сонгуулиар байр сууриа баталгаажуулахдаа итгэлтэй байсан. Мөн өнөөдрийн жагсаал, хүчний тэнцвэрт байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлнө гэсэн найдвар байхгүйг шинжээчид анхаарууллаа. Гүржийн орчин үеийн түүхэнд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалаар Засгийн газрыг огцруулсан тохиолдол байсан. 2003 оны сонгуулийн дүнг эсэргүүцсэн “Сарнайн хувьсгал”-аар тухайн үеийн Ерөнхийлөгч Эдуард Шеварднадзе огцорч, Михаил Саакашвили төрийн эрхэнд гарчээ. Эрүүгийн хэргээр шоронд хоригдож буй Михаил Саакашвили “Бид эрх чөлөөний төлөө тэмцэж, шударга бус явдлыг үл тэвчдэггүй ард түмэн гэдгээ дэлхий нийтэд харуулах цаг болжээ. Цаг бага үлдлээ” гэж ил захидалдаа дурджээ.
Зөрчилдөөн дээрх тоглолт
Сүүлийн 20 жил барууны чиглэлд нүүдэл хийсэн Гүрж улс дахин улс төрийн салаа зам дээр ирлээ. Парламентын 150 гишүүнийг урьдын адил холимог тогтолцоогоор биш, харин бүрэн пропорционал тогтолцоогоор анх удаа сонгосон. Энэ жилийн сонгуульд эвсэл байгуулахыг хориглосон нь 12 жил засгийн эрх барьж буй “Гүржийн мөрөөдөл”-д давуу тал олгосон. Сөрөг хүчний намууд зөвшилцөж, нэгдсэн жагсаалтаар ажиллах боломж байсан ч дотоод бодлогын асуудлаар санал зөрчилддөг. Сөрөг хүчний намууд Европ болон барууны орнуудтай интеграцчилахыг яаравчилдаг. “Гүржийн мөрөөдөл” нам сөрөг хүчний эв нэгдэлгүй байдлыг чадварлаг ашиглаж, тоглолт хийснийг энэ удаагийн сонгуулиар харууллаа. Сөрөг хүчний намууд Европын холбоонд элсэхтэй холбоогүй асуудлаар Гүржийн бодлогын үзэл баримтлалыг тодорхой гаргаж чадаагүй гэж стратегийн шинжээч нар үзсэн. Эрх баригч нам Гүржийн тайван байдал, Украин дахь цэргийн тусгай ажиллагааны тухай таамаг дэвшүүлж байхад сөрөг хүчин ОХУ болон барууны орнуудтай харилцах “энхтайвны томьёолол” болон хэтийн төлөвөө танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл, “Дайны тухай өгүүллэг “Гүржийн мөрөөдөл”-ийн гол уриа, бүрээ байсан” гэхэд буруудахгүй. “Хэрэв бид ингэхгүй бол дайн болно” гэсэн хэллэг сонгогчдын саналыг эргүүлсэн. Хэдийгээр энэ нь үнэмшилгүй ч дайнаас айдаг хүн бүрийн зөн совингийн түвшинд нөлөөлжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна