АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп өрсөлдөгчөө бүх мужид ялав. Цагаан ордонд эргэн ирж буй түүний ялалт араасаа таамаглал, харьцуулалт дагууллаа. Бүгд найрамдахчуудын ялалтад ардчилагчид өөрсдөө буруутай. Радикал зүүний үзэл баримтлал, өмнөд хилээр хууль бус цагаачдын урсгал, эдийн засгийн бүтэлгүйтэл, Камала Харрисыг нэр дэвшигчээр сонгосон нь цэнхрүүдэд харгис тоглоом болсон. Ардчилсан намын хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Трампыг хэт шүүмжилснээр сонгогчдоор үзэн ядуулах бус дэмжихэд хүргэжээ. Нөгөөтэйгүүр Камала Харрис харизмгүй, хоёрдмол улстөрч байсан нь ялагдахад нөлөөлсөн. Америкийн тэрбумтнууд Жефф Безос, Элон Маск нар энэ үйл явдлыг “Түүхэн эргэн ирэлт” гэж тодотгосон. Ямартай ч Дональд Трамп АНУ-ын түүхэн дэх 45, 47 дахь Ерөнхийлөгч болж байна. Конгресс ирэх оны нэгдүгээр сарын 6-нд сонгуулийн дүнг батаалгаажуулж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-нд болно. Тэрбээр 78 насандаа албан тушаалаа хүлээн авч, Жо Байдены дараах АНУ-ын хамгийн ахмад Ерөнхийлөгч болно. Түүний 2016 оны ялалтыг либерал, консерватив шүүмжлэгчид Оросын хакерууд, хуурамч мэдээ, ташаа мэдээлэлтэй холбоотой санамсаргүй тохиолдол эсвэл системийн алдаа гэж мэдээлсэн. Харин энэ удаагийн сонгуулийн үр дүнг “Вашингтон пост” сонинд “Америкчууд Трампын харь үндэстний үзэн ядалт, гадуурхах үзэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, харгислал, харанхуй ба үзэн ядалтыг хүлээн зөвшөөрч байна. Бүгд найрамдахчуудад Трамп улс орноо аварч, зөв замд нь эргүүлж чадах шашны номлогчийн дүр хэвээр үлдлээ” гэж бичжээ.
Гадаад, дотоод бодлогын өөрчлөлт
Трампын эргэн ирэлтийг “Америкийн улс төрийн хүндийн төв баруун тийш шилжлээ” гэж дүгнэх шинжээч олон байна. Тухайлбал, стратегич Зохраб Ахмари “Трампизмыг Америкийн улс төр дэх эрин үеэр нэрлэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл, баруун жигүүрийн популизм нь Вашингтоны улс төрийн урт хугацааны чиг хандлага болсон. Харин Жо Байдены засаглал түр завсарлагатай адил” гэжээ. Цагаан ордонд эзэн суусныхаа дараа хууль, эрх зүйн зарим асуудлаа шийднэ гэсэн хувилбар ч яригдаж байна. Хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь цагаачлалын хатуу бодлого, байгаль орчны хөтөлбөрийг шинэчлэл болно. Түүний улс төрийн үзэл бодол 2016 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй. Энэ удаагийн сонгуульд оролцохдоо бүх импортод 10-20 хувь, Хятадын бүтээгдэхүүний импортод 60 хүртэлх хувь, ам.доллароос татгалздаг улсаас импортлоход 100 хувийн тариф тогтоох, татварын хөнгөлөлтийг сунгах, АНУ-д бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг корпорацуудын татварын хэмжээг 21-15 хувиар бууруулах, гадаадад амьдарч буй АНУ-ын иргэдэд давхар татвар ногдуулахгүй байх, хууль бус цагаачдыг албадан гаргах, дүрвэгсдийг хүлээн авахаас түдгэлзэх, зарим улсын иргэдийг хил нэвтрүүлэхийг хориглох, либерал үзэл суртлыг тулгахтай тэмцэх, үр хөндөлтийг улс даяар хориглохоос татгалзах амлалт өгсөн. Татварыг бууруулж, татвар ногдуулах, инфляцтай тэмцэх, улсын өрийг бууруулах, дотоодын компаниудыг гадаадаас эргүүлэн татах, Мексикийн хил дагуу хана барих, хар тамхины бүлэглэлүүдийг устгах нь Бүгд найрамдахчуудын уламжлалт тезис билээ. Тэд хоёр хуваагдсан Конгресс болон Ерөнхийлөгч Жо Байдены багийн ревизионизмоос болж хэрэгжүүлж чадаагүй. Мөрийн хөтөлбөрөөс боловсрол, спорт, өдөр тутмын амьдрал дахь хүйс, арьсны өнгө, соёлын эсрэг тэмцлийг хориглосон амлалт консерватив, дундаж сонгогчдод таалагдсан нь лавтай. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын нийт иргэдийн тал орчим хувь нь трансжендэрийн эрхийг дэмждэг. Трамп кампанит ажлын үеэр өөрийгөө энхийг сахиулагч, албан тушаал хашиж байхдаа дайн дэгдээгээгүй Ерөнхийлөгч гэж зарласан. Украин, НАТО болон АНУ-ын бусад холбоотон, түншүүд нь Вашингтоны уламжлалт гадаад бодлогыг үгүйсгэж байгаа. Түүний гадаад бодлогын амлалтуудаас дурдвал, Цагаан ордонд ирсэн анхны өдрөө Украин, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнийг зогсоох, Ирантай хэлэлцээр хийж, цөмийн зэвсэгтэй болгохоос сэргийлэх, НАТО-гийн эрхэм зорилгыг эргэн харах, эвслийн гишүүдээс Украинд илгээсэн хөрөнгийг нөхөн төлүүлэх тухай тусгажээ.
Цагаан ордны шинэ дүрүүд
Ард түмэндээ хандан үг хэлэхдээ Дональд Трамп “АНУ-ыг эмчлэх шаардлагатай боллоо. Америкчуудад улс орноо шинэ "алтан үе" рүү хөтөлж, дэлхийд өрнөж буй бүх дайныг зогсооно” гэж амлалаа. Шинэчлэл хийхийн тулд шинэ засаг захиргаандаа хэнийг урих нь олон нийтэд сонирхолтой байна. Зарим шинжээч засаг захиргааны шинэ бүрэлдэхүүн, Цагаан ордны гол дүрүүдийн тухай таамаглал дэвшүүлсэн. Бүгд найрамдах намынхан тэтгэвэрт гарсан генерал Майкл Флинн, Стив Бэннон нарыг Үндэсний аюулгүй байдлын албан тушаалд томилж магадгүй. Флинн бол Трампын өмнөх засаг захиргааны үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан. Харин Бэннон улс төрийн стратегич бөгөөд Бүгд найрамдах намын олон жилийн холбоотон. Мөн Трампын сонгуулийн сурталчилгааг хариуцсан Стивен Чангийг Цагаан ордонд өндөр албан тушаалд очно гэж эх сурвалжуудад бичжээ. Дэд Ерөнхийлөгчийн сонголтыг ч орхигдуулж болохгүй. Бүгд найрамдах намын улс төрийн сонгодог зүтгэлтэн гэгддэг Майк Пенсийг 2016 онд дэд Ерөнхийлөгчөөр томилж байв. Энэ удаад Ж.Д.Вэнсийг хамтрагчаараа сонголоо. Ерөнхийдөө Трампын хоёр дахь засаг захиргаа Европ, Ойрхи Дорнод дахь АНУ-ын сонирхол буурч, Хятадтай сөргөлдөхөд бүх хүчээ чиглүүлнэ гэдэгт ажиглагчид итгэлтэй байна. Энэ бол Барак Обамагийн тодорхойлсон курс. Ерөнхийлөгч асан Барак Обамагийн либерал америкчуудын сэтгэлгээнд тоглодог хувилбарыг Трамп чадварлаг давтсан юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна