Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дүгээр бага хурлыг (COP29) зохион байгуулж байна. Энэ жил хэлэлцэх гол сэдэв хөгжиж буй орнуудад цаг уурын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Цэвэр эрчим хүч рүү шилжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ирээдүйн төсвийг нөхөхийн тулд жил бүрийн зардлаа арав дахин нэмэгдүүлэхийг уриаллаа. COP29-ийн хэлэлцээрийг тэргүүлэгч, Азербайжаны Гадаад хэргийн дэд сайд Ялчин Рафиев “Амжилт зөвхөн нэг улсаас хамаарахгүй” хэмээсэн бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд хугацаа алдаж байгааг анхаарууллаа. Дээд хэмжээний чуулга уулзалтад дэлхийн 100 орчим удирдагч оролцож байна. Гэхдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй “Их 20”-ийн бүлгийн төр, засгийн тэргүүн хүрэлцэн ирээгүйг дэлхийн хэвлэлүүд шүүмжилсэн. “Ассошиэйтед Пресс” агентлагийн тоймд “Их гүрний удирдагчид оролцоогүй нь улс төрийн хүсэл зориг дутмаг байгааг харууллаа” гэжээ. “Блүүмберг” агентлаг “2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилтууд биелэхгүй”-г онцлон шүүмжиллээ. Гэхдээ дээд түвшний уулзалтад 50 улсын удирдагч оролцож, Азербайжаны Ерөнхийлөгч, Илхам Алиев, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер нар илтгэл тавьсан.
“Уур амьсгалыг сүйтгэх мастер анги”
COP21-ийн дараа дэлхийн 196 улс гарын үсэг зурсан Парисын хэлэлцээрээр дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 1.5 хэмээр хязгаарлахыг дэмжсэн. Тэгвэл энэ зорилгод хүрэх магадлал улам бүр буурсаар. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 2024 оныг “Уур амьсгалыг сүйтгэх мастер анги” гэж тодорхойлоод Бакугийн чуулга уулзалтаар шийдэлд хүрэхийг уриаллаа. Хүн төрөлхтөн цаг уурын тамд хүрэх хурдны галт тэргэнд явж байна. Энэ бол бидний эрин үеийг тодорхойлох, XXI зууны сорилт. Чулуужсан түлш, газрын тос олборлогч компаниудад гэнэтийн ашгийн татвар ногдуулж уур амьсгалын нөлөөлөлтэй тэмцэж буй буурай орнуудад хуваарилахыг шаардаж байна. АНУ Парисын уур амьсгалын гэрээнээс гарч магадгүй гэсэн цуурхал дэгдсэн. Жил бүрийн чуулганд өгсөн амлалтаа хэрэгжүүлж буй Засгийн газруудад 2025 он гэхэд 40 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэх ёстой. Иймд олон улсын санхүүгийн байгууллага, банкууд бизнесийн загвараа өөрчилж, үүргээ биелүүлэх шаардлагатай нүүр тулсан. Брюсселийн эрх баригчид нэг жилийн өмнө метаны ялгаруулалтыг бууруулах, халуун орны ой модыг хамгаалах, Өмнөд Африкийн нүүрстөрөгчийн хийг бууруулах хүчин чармайлтыг зохицуулж байлаа. Бүгд Найрамдах Конго Улсын Ерөнхийлөгч Денис Сассоу Нгуессо уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санхүүжилтийг нэмэхийг онцлоод буурай улсуудад өрийн дарамтыг улам хүндрүүлэхийн оронд бууруулах боломж олгохыг хүслээ. Нүүрсийг үе шаттайгаар бууруулж, эдийн засгийн хувьд "үр ашиггүй" түлшний татаасыг зогсоох нь өнгөрсөн жилийн уур амьсгалын хэлэлцээрийн гол сэдэв байсан юм. Брюсселийн эгнээний орнуудыг ногоон шилжилтийн загвар гэж урт хугацааны туршид тодорхойлж ирсэн. Тэдгээр улс ч өргөн цар хүрээтэй бодлого хэрэгжүүлж, 2050 он гэхэд цаг уурын төвийг сахих зорилтоо хуулиар баталгаажуулаад байв.
Геополитикийн үл ойлголцол яриа хэлэлцээрийг сааруулж магадгүй
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа хөгжиж буй орнуудын уур амьсгалын эсрэг үйл ажиллагааг дэмжих санхүүжилтийн хэмжээ, бүтцийг судлахад анхаарчээ. Мөн улс орнууд агаар мандалд хортой ялгаруулалтыг хязгаарлах илүү үр дүнтэй үндэсний төлөвлөгөө боловсруулах суурийг тавих чухал алхам болно. Амбицыг ажил хэрэг болгох нь чухал. Тухайлбал, нар, салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг таван жилийн дотор гурав дахин нэмэгдүүлж, 7 ТВт гаруй хүчин чадлыг нэвтрүүлэх шаардлагатай. Үүний тулд жилд нэг их наяд ам.доллар зарцуулна. Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев хэлсэн үгэндээ, газрын тос, байгалийн хий болон бусад баялгийг “Бурхны бэлэг” хэмээгээд улс үндэстнүүдийг байгалийн баялгаа хэрхэн ашиглаж байгаагаар нь дүгнэж болохгүй гэв. Азербайжан улс долоон тэрбум баррель газрын тосны нөөцтэй бөгөөд газрын тосны олборлолтыг анхлан эхлүүлсэн орнуудын нэг юм. Их Британи улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 81 хувиар бууруулах үүрэг хүлээсэн. Тус улсын Ерөнхий сайд Кейр Стармер “Энэ удаа бид 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1990 оны түвшнээс дор хаяж 81 хувиар бууруулах зорилт тавьж, цаг уурын манлайлагч гэх нэр хүндээ бэхжүүлж буйгаа дуулгахад таатай байна” гэжээ. Зарим орны хөнддөг улс төржсөн сэдэв COP-ын хэлэлцээрийн мөн чанарыг геополитик руу хөтөлсөн удаатай. Энэ удаад ч геополитикийн үл ойлголцол яриа хэлэлцээрийг сааруулж магадгүй. Цагаан ордны засаг захиргаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй далайн шуурга, үер, ган гачигт нэрвэгдсэн орнуудад нөхөн олговор олгох, тусламж үзүүлэх талаар НҮБ-ын албан ёсны саналыг дэмжсэн. Байгалийн гамшгийн шууд хохиролоос гадна эрүүл мэнд, боловсролд үзүүлэх нөлөөлөл, ялангуяа уур амьсгалын хариу арга хэмжээ нь эмзэг орнуудын төсвийн бааз, үйлчилгээг санхүүжүүлэх чадавхид сорилт болдог.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна