АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн албыг хүлээн авах Ж.Д Вэнсийг "Америк мөрөөдөл"-ийн амьд биелэл хэмээдэг. Дональд Трамптай харьцуулбал АНУ-ын хоёр туйл шиг гэр бүлд өссөн. Трампын ертөнцөд аавууд хүүхдүүддээ үл хөдлөх хөрөнгө өвлүүлдэг бол Вэнсийн Америкт аавууд гэр бүлээ орхидог. Туулсан амьдрал нь улс төрийн үзэл бодолд нь хүчтэй нөлөөлсөн. “Хилбилли Элеги” намтар номдоо Охайогийн хаягдсан хотод өрх толгойлсон ээжийн хүү хэрхэн өндөр цалинтай хуульч, сенаторын албанд хүрснээ бичжээ. Харин өдгөө АНУ-ын хоёрдугаар хүн болж байна. Түүний хөрөнгө 10 сая ам.доллароор үнэлэгдэж, ирээдүйтэй улстөрчөөр нэрлэгддэг.
Хаягдсан мужаас тодорсон хуульч
Мартагдан зэвэрсэн хотоос Бүгд найрамдах намын оргилд хүрэх зам дардан байсангүй. АНУ-ын аж үйлдвэрийн төв байсан Охайо мужийн Миддлтаун хотын өнгийг 1970-аад оны хямрал бүрэн өөрчилжээ. Үйлдвэрүүд зогсож, ажилгүйдэл, ядуурал хавтгайрсан хэцүү цаг үед Вэнс хүүхэд насаа өнгөрүүлсэн юм. Тэрбээр гэр бүл, мөрөөдлийнхөө тухай “Улс төр, эдийн засгийн дээд хүрээнийхэн тариачид, барилгын ажилчид, уурхайчид, газрын тосны ажилчид, ачааны машины жолооч, үйлдвэрийн ажилчдыг Америкийг бүтээн байгуулсан “цэнхэр захтнууд” гэж өргөмжилж ирсэн.
Миний төрсөн хот АНУ-ын аж үйлдвэрийн алдар сууг харуулсан хөшөө болж үлдсэн. Ийм газрыг чинээлэг америкчууд “зэвэрсэн” хот гэдэг. “Цэнхэр захтнууд” өнөөдөр улстөрчид болон бурхны мартсан мужуудад амьдардаг. Эмх замбараагүй байдал, сургууль завсардалт дунд бага насаа өнгөрүүлсэн. Өвөө эмээ миний боловсролд ихээхэн анхаардаг байлаа. Ахлах сургуулиа төгсөөд коллежид элсэх талаар бодсон ч сургалтын төлбөргүй учир Тэнгисийн цэргийн ангид элсэж, сард 1000 ам.долларын цалин авч эхэлсэн. Иракт алба хааж, эмээгийнхээ эрүүл мэндийн даатгалыг төлж, чек хөтөлж сурсан. Тэнгисийн явган цэргийн корпус намайг бие даасан иргэн болгож төлөвшүүлсэн юм. Охайогийн их сургуульд 2007 онд элсэж амжилттай төгссөн. Үргэлжлүүлэн 2010 онд Йелийн хуулийн сургуульд элсэж, цэргийн албаны санхүүжилтээр сургалтын төлбөрөө төлсөн. Оюутан байхад элит хуулийн фирмүүдээс өндөр цалинтай ажлын санал ирдэг байлаа. Хуулийн зэрэг хамгаалаад Йелийн их сургуулийн Цинциннати дахь оффист нэг жил ажилласан” гэжээ.
Вэнс Йелийн их сургуульд сурч байхдаа энэтхэг гаралтай Уша Чилукуритэй танилцан гэрлэжээ. Эхнэр нь Вашингтонд, дүүргийн шүүхэд бичиг хэргийн ажилтнаар ажилд орж, Вэнс корпорацын хуулийн фирмд ажиллажээ. Уша Чилукури Калифорниа мужийн Сан Диего хотод өссөн амьдралын нөхцөл Вэнсийнхээс илүү байв. Тиймдээ ч Йелийн их сургуульд суралцаж, Кембрижид магистрын зэрэг хамгаалжээ. Тэд 2014 онд Капитолын зүүн талд 590 мянган ам.долларын үнэтэй байшингаа зээлээр худалдан авав.
Ж.Д.Вэнс Цахиурын хөндийд санаа бодол нэгтэй хуучинсаг үзэлтнүүдтэй танилцан технологийн салбарыг сонирхох болжээ. Ингээд АНУ-ын баруун эрэг рүү нүүж, Сан Францискод “Paypal” компанийн гүйцэтгэх захирал асан тэрбумтан Питер Тиелийн үүсгэн байгуулсан венчур капиталын “Mithril” фирмд ажиллажээ. Тэрбээр хөрөнгө оруулалтын салбарт амжилт гаргаж, намтраа 2016 онд хэвлүүлжээ. Энэхүү ном нь Жеймс Дэвид Вэнсид үндэсний баатар алдрыг авчирч, гурван сая гаруй хувь зарагджээ. Олонд танигдахын хэрээр хүрээллээ тэлж, хөрөнгөө өсгөж байв. Ид цэцэглэж байсан бизнес буюу стартапуудыг санхүүжүүлэх, Охайо мужид хөрөнгө оруулалт татахаар “Наря” венчур капиталын компаниа байгуулав. Хөрөнгө оруулахдаа улс төрийн ашиг сонирхлоо бүрэн тусгасан гэдэг. Жишээлбэл, “YouTube”-ийн өрсөлдөгч “Rumble”-д хөрөнгө оруулалт хийж, Трампын “Truth Social” платформтой түншлүүлжээ.
Бизнесээс Сенат руу
2021 он гэхэд ойролцоогоор 3-10 сая ам.долларын венчур сан, хөрвөх чадвартай хөрөнгөтэй Вэнс улс төрийн ертөнцийг байлдан дагуулахаар шийджээ. Америкийн хязгаар нутгийн нийгэм, эдийн засгийн хямралыг бичээд зогсохгүй, одоо ч хаягдсан мэт оршдог хүмүүсийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор Бүгд найрамдах намаас Сенатад нэр дэвшив. Бүгд найрамдах нам гадаадад ардчилал, Атлантын далай дамнасан эв нэгдлийг сурталчлах, хүч чадлаар энх тайванд хүрэх зам, Америкийн үнэт зүйлс, Рональд Рейганы неоконсерватизмын талд тууштай зогсдог. Дотооддоо бизнесмэнүүдэд анхаарал хандуулж ирсэн.
Сонгогчдыг “Хилбилли Элеги” номоороо татсан гэхэд хэлсдэхгүй. Өөрийгөө, өвөг дээдэс, бүх ажилчин ангийг “Хилбилли”-ээр төлөөлүүлсэн. Дурсамж номоосоо сэдэвлэсэн киног 2020 онд хийлгэж, Эми Адамс, Гленн Клоу нар гол дүр бүтээжээ. Энэ кино “Оскар”-ын хоёр төрөлд нэр дэвшсэн. 2021 онд нэр дэвшихдээ бизнесийн хамтрагчдаасаа 10 сая ам.долларын хандив цуглуулж, тусгай санд хуримлуулсан. Вэнсийн нийгэм, эдийн засгийн үзэл бодол энгийн бөгөөд дундаж америк хүнтэй ойролцоо. Тэрбээр Сенатын Банк, худалдааны хороонд ажилладаг. Сенатад 45 удаа үг хэлж, томоохон зардлын багц бүрийг батлахыг эсэргүүцжээ. Үүний зэрэгцээ бага орлоготой америкчуудад интернэтийн үйлчилгээний төлбөрөө төлөхөд нь туслах зорилгоор сар бүр татаас олгодог “Хямд үнэтэй харилцаа холбооны хөтөлбөр”-ийн санхүүжилтийг дэмжсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд Украинд үзүүлэх хязгааргүй тусламжаа зогсоохыг шаардсан захидал илгээсэн байдаг.
Консерватив хувьсгал
Дональд Трамп түүнийг дэд Ерөнхийлөгчөөрөө сонгосон нь АНУ-ын түүхэнд шинэ хуудас нээлээ. Трампын сонголт америкчуудад гэнэтийн бэлэг болсон. Тэр даруй “Дэйли мэйл” 300 сонгогчийн дунд судалгаа явуулахад 23 хувь нь төвийг сахисан шийдвэр гэж дүгнэжээ. Ерөнхийдөө сонгуульд хамт өрсөлдөх хүнээ сонгох нь стратегийн ач холбогдолтой. Шинжээчид Бүгд найрамдах намынхан Ж.Д Вэнсийг дэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үндэслэл байсан гэдэг. Тэр бол Трампын итгэлтэй хүн, карьераараа тэргүүлж буй залуу улстөрч. Нөгөөтэйгүүр “зэвэрсэн” мужийнхны санал сонгуульд жинтэй учир ойрын холбоотноо сонгохдоо бодолцсон нь гарцаагүй. Ямартай ч хаягдсан мужийн төлөөлөгчийг хамтрагчаа болгосноор намдаа эрх мэдлээ баталгаажууллаа.
Трампад 2016 онд сонголт байгаагүй, намын лидерүүддээ буулт хийж, Майк Пенсийг дэд Ерөнхийлөгчөөр томилжээ. Трамп Америкийн улс төрийн олимпын оргилд гарахдаа хурц хэллэгтэй, бүдүүлэг бизнесмэн, хөндлөнгийн хүн шиг байсан. Харин өнгөрсөн есөн жилд эрс өөрчлөгджээ. Шүүмжлэгч сенаторуудаа буулган авснаар Дональд Трамп намын өрсөлдөөнд ялсан. Вэнс намын шаардлагыг үл харгалзан Трампыг эсэргүүцэж явсан удаатай. Охайо мужийн залуухан сенаторын карьер Дональд Трампын мандалтай давхацсан. Цаг хугацаа өнгөрөхөд экс Ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрч, идэвхтэй дэмжиж, хамтрагчид боллоо. Тэр ч байтугай зарим хэвлэлд “Трампаас илүү Трампист” гэж тодотгосон. Вэнс Трампыг бараг бүх зүйлд хуулбарладаг гэж ажиглагчид үздэг. Хууль бус цагаачлал, үр хөндөлт, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэж, мөн насанд хүрээгүй хүмүүс хүйсээ солихыг хориглодог. Мөн БНХАУ-ын талаар нэлээд хатуу бодлого баримталж , гадаад бодлогодоо Ази, Номхон далайн бүс нутагт илүү анхаарал хандуулахыг уриалж байна.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч нь Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдэлтэй ба Цагаан ордонд асар том үүрэг хариуцлагыг дагуулдаг аж. Тус албан тушаалд өрсөлдөж буй хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хүний адил сонгуулийн сурталчилгаа явуулж, мөрийн хөтөлбөрөө танилцуулдаг. Ж.Д Вэнс консерватив бодлогоор "Америк мөрөөдөл"-ийг сэргээхээ зорилготой. Сая сая энгийн америк ажилчдын хүсэл мөрөөдлийг биелэхээ амласан. Гэр бүлээ эрхэмлэдэг уламжлалт үнэт зүйлсээ сэргээхийг уриалсан. Түүний бодлоор эрх баригчдын үүрэг бол хүн бүр хүсвэл гэр бүлээ тэжээх боломжтой иргэдэд нөхцөлийг бүрдүүлэх. “Heritage Foundation” судалгааны хүрээлэнгийн захирал Кевин Робертсийн хэлснээр Вэнсийн дуу хоолой хөндлөнгийн бодлого консерватив мөрийн хөтөлбөрийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна