ОХУ, Казахстан, Саудын Араб улс ОПЕК+ -ийн квотын хүрээнд өмнө нь зөвшөөрөгдсөн хэт үйлдвэрлэлийг нөхөн төлөхөд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Казахстанд болсон гурван талт хэлэлцээрт оролцогчид газрын тосны олборлолтоо бууруулах гэрээг тууштай дэмжихээ илэрхийлсэн. Хэлэлцээрт ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдель Азиз бин Салман Аль Сауд, Казахстаны Эрчим хүчний сайд Алмасадам Саткалиев нар оролцжээ. Талууд дэлхийн нефтийн зах зээлд тогтвортой байдлыг хадгалахыг чухалчилж байна. ОПЕК+ -ийн гишүүн найман улс 2024 оны эхний улиралд газрын тосны олборлолтоо өдөрт 2.2 сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан. Эдгээрт Саудын Араб, ОХУ, Ирак, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Казахстан, Алжир, Оман улс багтдаг. Үүний зэрэгцээ өнгөрсөн сараас эхлэн хязгаарлалтыг аажмаар цуцалж, газрын тосны олборлолтоо өдөрт 180 мянган баррелиар нэмэгдүүлэх ёстой байсан ч дахин нэг сараар хойшлуулахаар тохиролцсон. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр энэ нь нефтийн зах зээлд дарамт шахалт үзүүлж, ялангуяа ОПЕК+ -ээс гадуур нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой аж.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24624/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна