Зөвшөөрөл олголтыг боловсронгуй, шуурхай болгох нь нийслэлийн бүтээн байгуулалтад чухал нөлөөтэйг Шуурхай штабын гишүүд онцлов


Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын V хуралдаан энэ сарын 8-нд боллоо. Хурлын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ угаарын улмаас хүний амь нас эрсэдсэнд эмгэнэл илэрхийлээд Шуурхай штабын гишүүдэд агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, хариуцлагаа өндөржүүлж ажиллахыг анхаарууллаа. 
Хурлаар өмнөх хуралдаануудаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийн загвар, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хэлэлцэж зарим мэдээлэлтэй танилцлаа. 
Нийслэл Улаанбаатар хотод 2025-2028 онд агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах болон бусад 24 төсөл хэрэгжүүлэхээр төсөвлөсөн. Эдгээрээс Туулын хурдны зам, Дүүжин замын тээвэр, Сэлбэ болон Баянхошуу хот орон сууцжуулах төслүүд болон Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц, Улаанбаатар трамвай /2/ зэрэг найман төслийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн. Санхүүжилтийн хэлбэр нь нийслэлийн төсөв болон гадаад, зээл бондын эх үүсвэр байхаар төлөвлөснийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Тухайлбал, Туулын хурдны зам төсөлд 1,9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай, нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр болжээ. Налайхын автозамаас Дархан чиглэлийн авто замын уулзвар хүртэл 32 км үргэлжлэх, зургаан эгнээ бүхий тус замыг 2027 онд ашиглалтад оруулснаар замын хөдөлгөөний дундаж хурд 14 хувь нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Харин Сэлбэ хот орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд 1,7 их наяд төгрөг шаардлагатай, гадаад бондоор санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Төсөл хэрэгжиж дууссанаар нийслэлийн яндангийн тоог 10 мянгаар бууруулна. Өнөөдрийн байдлаар инженерийн дэд бүтцийн ажил хийгдсэн, 70 хувийн газрыг чөлөөлсөн, барилга угсралтын тендер зарлах ажил хийгдэж байна. Цаашид бусад 12 төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тун удахгүй Улаанбаатар метро төслийн /1-р шугам/ санхүүжилтийг баталгаажуулахаар төлөвлөж байгаа зэргээр бусад төслийн санхүүжилтийн эх үүсвэр дээр ажиллаж байна. 

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын эхний дөрвөн хурлаас зургаан чиглэлээр нийт 73 үүрэг даалгавар өгчээ. Эдгээрээс 17-г нь шийдвэрлэсэн бол бусад үүрэг даалгавар хэрэгжилтийн шатанд явж буйг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Тэрбээр Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Зарим зөвшөөрлийг журмаар олгодог мөн зөвшөөрөл олголтын процесс, шат дамжлага их, цахимжилт хангалтгүй, төрийн байгууллага ач холбогдолгүй бичиг баримт шаарддаг зэрэг хүндрэл, дутагдлууд байна. Тиймээс эрсдэлийн үнэлгээнд суурилсан зохицуулалтын шинэчлэл хийж, зарим төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. Зөвшөөрөл олголтыг боловсронгуй, шуурхай болгох нь нийслэлд өрнөх бүтээн байгуулалтын ажилд чухал нөлөөтэйг штабын зарим гишүүн онцолж давхардал, шат дамжлагыг багасгаж хялбарчилж өгөх шаардлага байгааг дурдлаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мега төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаад харилцааны нэгдсэн бодлого, удирдлага шаардлагатай байгааг онцлов.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийн түлшрүү шилжих процесс, үүнд дотоодын нөөц бололцоог ашиглах, бизнес эрхлэгчдээ дэмжиж хамтарч ажиллах боломжийг судлах, Нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрүүд дээр үргэлжлүүлэн ажиллах, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ТӨК-ууд Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтуудыг хэрхэн дэмжиж оролцох санал боловсруулан танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн тулгамдсан асуудлууд, түүний шийдлийг цогцоор нь авч үзэж тусгах хэрэгтэйг холбогдох хүмүүст дахин санууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Он гарсаар 357 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 483 хүний амь насы… 1 минутын өмнө
Б.Тэмүүлэн: Цахим технологийн тусламжтайгаар бүс нутагтаа үлгэрлэн, үн… 21 минутын өмнө
“Иргэдээ сонсъё” уулзалт тогтмол болж байна 47 минутын өмнө
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний ойд зориулсан түүхийн олимпиадад Сүхба… 50 минутын өмнө
Я.Содбаатараар ахлуулсан баг Дорноговийн иргэдтэй уулзав 55 минутын өмнө
Сумдын эрүүл мэндийн төвүүдийн чадамж сайжирлаа 59 минутын өмнө
Хийморийн дарцаг хатгахад сайн 1 цагийн өмнө
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй иргэнтэй уулзлаа 2 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна 18 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруул… 22 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ 23 цагийн өмнө
“Улаанбаатар” өвлийн наадам энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болно 23 цагийн өмнө
“DeepSeek” хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийг сандаргав 23 цагийн өмнө
USAID-ийг татан буулгахаар хэлэлцжээ Өчигдөр
А.Меркель цагаачлалын бодлогоо өмөөрлөө Өчигдөр
"NIGHT OF CHAMPIONS, ULAANBAATAR-2025" болно Өчигдөр
Брюссель хийн таазыг цуцлахаас татгалзав Өчигдөр
Япон улсын Цог жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэв Өчигдөр