Б.Тэмүүлэн: Цахим технологийн тусламжтайгаар бүс нутагтаа үлгэрлэн, үнэ цэнийг бүтээнэ


Олон улсын банк санхүү, худалдааны зах зээл, үсрэнгүй хөгжиж буй технологийн салбарт цойлон гарч, дэлхийн топуудын эгнээнд багтан бодлого хэрэгжүүлэхэд оролцож, нөлөөлж яваа залуучуудаа Монгол Улсын Засгийн газраас урьж алсын харааг тодорхойлох залуур нь болохыг хүссэн нь саяхан. Хөгжлийн ялгаатай байдлыг үл харгалзан эх орноо зорин ирсэн залуусын зарим нь баг бүрдүүлэн гадаад зах зээлд тоглогч болохоор аль хэдийнэ замдаа гарсан. Тэдгээрээс энэ дугаарт онцлон ярилцсан нь Баяраагийн Тэмүүлэн юм. Ли Куан Ю-гийн нэрэмжит Нийтийн бодлогын сургуулийг төгссөн тэрбээр одоогоос жилийн өмнө социал демократ залуучуудтай нэгдэн Технологи, инновац хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.     


Олборлолтоос  оюун санаа руу...

-Эзэмшсэн мэргэжлээрээ дэлхийн шилдэг компаниудад зөвлөн тусалж байсан таны дөрвөн жилийн өмнө хийсэн сонголтоос ярилцлагаа эхэлье. Уг нь хувийн карьераа бодсон бол өнөөдөр та бид хоёр ярилцаад суухгүй байсан нь тодорхой. Чухам юу таны итгэл үнэмшилд нөлөөлж Монголд ирэх сэдлийг төрүүлсэн бэ? 
-Би Сингапурын Ли Куан Ю-гийн нэрэмжит Нийтийн бодлогын сургуулийг төгсөөд тус улсын Үндэсний их сургууль, Дэлхийн банкны Сингапур дахь дэд бүтцийн хаб-д Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанаас холбогдон гаднын улс орнуудад ажиллаж, салбартаа мэргэшсэн, туршлагатай монгол залуучуудыг эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг хүссэн нь одоогоос дөрвөн жилийн өмнөх үйл явдал юм. Монголд ирээд удаагүй тухайн үеийн Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын суурь судалгаа болон Ерөнхий сайдын хэрэгжүүлж байсан коронавируст цар тахлын үеийн болон ковидын дараа боловсролын чиглэлээр сургалт эрхэлдэг байгууллагуудын үйл ажиллагааг хэрхэн явуулахаас эхлээд эдийн засгийг сэргээх хөтөлбөр юу байх вэ гэдэгт дэлхийн улс орнуудаас нэг зорилгын төлөө зорин ирж цугласан залуустай баг болон хамтран ажиллаж байв. Ингэж нэг жил орчмын хугацаанд Ерөнхий сайдын Ажлын албаны дэргэдэх “Алсын хараа” багийн гишүүнээр ажиллаж байгаад Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Цахим эдийн засгийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдсон. Цахим эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Mining to Mind буюу “Олборлолтоос оюун санаа руу” бодлогын баримт бичгийн суурь судалгааг хийх ажлыг удирдан зохион байгуулж, улмаар хэрэгжилтийн шатанд дэлхийн тэргүүлэх компаниудтай хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт татах, технологийн салбарын чадамжийг нэмэгдүүлж, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр төвлөрч ажиллах болсон юм. 


Хөгжил минут, секундээр хэмжигдэж буй энэ цаг үед биет бараа бүтээгдэхүүний тээвэр логистикийн өндөр зардалтай, геополитикийн өвөрмөц орон зайд оршдог манай улсын хувьд технологи, цахим эдийн засгийн бодлого тодорхойлогчийн багт ажиллах нь Монгол Улсын эрх ашиг, үндэстний дархлаа, аюулгүй байдалтай холбогдох асуудал. Үүнд геополитикийн хувьд төстэй Сингапурт төрийн удирдлагаар мэргэшсэн намайг ажиллуулсан нь ердийн хэрэг байгаагүй болов уу. Сингапур улс Индонез, Малайзын дунд хавчигдмал геополитикийн нөхцөл байдалд оршдог ч олон улсаас хөрөнгө оруулалт татаж, тэдний ашиг сонирхлыг газар нутаг төдийгүй эдийн засагтайгаа холбож, харилцаа үүсгэж чадсан онцлогтой. Манайхтай олон талаараа төстэй эдгээр нөхцөл байдлыг олж харсан нь “Монгол Улсын хувьд ч боломжтой хувилбар байж болох юм” гэсэн бодлыг надад төрүүлсэн. Тиймээс “Дэлхийн 200 гаруй улс орны зах зээл байхад яагаад Монголыг сонгох ёстой юм бэ” гэсэн асуултад хариулах өгөгдлийг бий болгох шаардлагатай болсон. Дэлхийн томоохон компаниуд болох “Google”, “SpaceX”, “Alibaba”-гийн бизнесийн хараанд Монголын зах зээлийг өртүүлж, хөрөнгө оруулалт татах замын зураглалыг тодорхойлон, амжилттай хэрэгжүүлбээс хөрөнгө оруулалтын итгэлцэл нэмэгдэж, дараа дараагийн боломж нээгдэх өндөр ач холбогдолтой. Үр дүнд нь хөдөлмөрийн зах зээлд боловсорч, бойжиж байгаа залуу үеийнхэнд шинэ ноу хау, шинэ ажиллах орчин, хөрөнгө оруулалт үүсгэх боломжийг нээж өгөх юм байна гэсэн бодлоор ЦХХХЯ-нд нэлээд идэвхтэй ажилласан.
-Тухайн үед ЦХХХ-ны сайдаар өнөөгийн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ажиллаж байсан нь таны сонирхлыг Социал демократ Монголын залуучуудын холбоонд чиглүүлсэн байх? 
-Тийм ээ. Тухайн үед СДМЗХ-ны ерөнхийлөгч нь Н.Учрал сайд байсан. Надад социал демократ үзэл баримтлал Монгол Улсын хөгжлийн загварт тохирсон зарчмуудтай болохыг тайлбарлаж, лавшруулан судлахыг зөвлөхийн зэрэгцээ холбооныхоо үйл ажиллагааны талаар сонирхож, үеийнхээ залуучуудтай мэдлэг туршлагаасаа хуваалцан хамтдаа урагшлах боломжтойг хэлж байв. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх нийтийн бодлогын чиглэлээр суралцсан миний хувьд тус үзэл баримтлалтай хувийн үзэл бодол нийцсэн учраас өнгөрсөн жилийн гуравдугаар сараас СДМЗХ-ны Технологи, инновац  хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш холбооны бүтцэд өөрчлөлт орж одоо шинэ ерөнхийлөгчийн удирдлагын багт мөн чиглэлийн хүрээнд дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, цахим технологийг ашиглан нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд боломжит бүх талаар хувь нэмэр оруулж яваадаа баяртай байгаа. Одоо бид холбооныхоо болон бусад залуучуудад СДМЗХ ямар үнэт зүйлтэй, юуны төлөө зорьж байгааг таниулахад анхаарч, дижитал дэд бүтцийг хөгжүүлэх, олон нийтэд хүртээмжтэй аппликейшн бүтээх зэрэг ажилд төвлөрөн бүтээмжээ нэмэгдүүлж байна. 


Монгол хүний дэлхийд өрсөлдөх давуу чанарыг бүтээхийн тулд одооноос суралцах шаардлагатай

-Боловсролын ялгаатай байдлаас шалтгаалан инновац, технологийн дэвшлийн тухай мэдлэг, мэдээлэл хүн бүрд өөр өөрөөр хүрдэг. Ойлголтын ийм зөрүүг багасгах хүрээнд зохион байгуулж байгаа ажлуудаа ямар эрэмбэ дараалалтайгаар хэрэгжүүлж байна вэ?
-Аж үйлдвэрийн IV хувьсгалд залуучууд бид ямар байр суурьтай, ямар орон зайд тоглох вэ гэдэг асуултыг би үргэлж өөрөөсөө асуудаг. Гэхдээ боловсролын түвшин гэхээсээ илүү орчин цагт ур чадварын ялгаа гэж ярих юм байна гэдгийг ухаж ойлгосон. Яагаад гэвэл, өнөөдөр бакалаврын зэрэггүй ч томоохон ажлын байранд үнэ цэнийг бүтээж, бизнес амжилттай эрхлээд явж байгаа залуус цөөнгүй бий. Үүнээс л ур чадварын ялгааг түлхүү харах ёстойг ойлгосон хэрэг. Дэвшилтэт технологийг хөгжүүлж инновацыг бүтээдэг бүлэг хүмүүс байна. Тэд хөрөнгө төвлөрсөн зах зээлүүдэд төвлөрч байна. Жишээ нь, Цахиурын хөндий... 
Монголд инновац, гарааны бизнес хийж яваа залуус олон. Гэхдээ бидний хөрөнгө оруулалтын орчин, бизнес эрхлэх талбар, хүний нөөцийн чадавхыг харахаар залуус бидний мөрөөдөж буй тэрбум долларын үнэлгээтэй гарааны бизнес бүтээхэд илүү их хугацаа, олон улсын зах зээлд өрсөлдөх менежментийн ур чадвар, оюуны төдийгүй санхүүгийн нөөц шаардлагатай. Түүнээс гадна нэгэнт гаргаад ирсэн дэвшилтэт технологийг ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлж, ноу хауг гүнзгий судалж эзэмшиж авах чухал юм. Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхээр явж байгаа хэсэг залуучууд байхад олонх нь тэднийг ашиглан ажлын байрандаа үнэ цэнийг хэрхэн бүтээх вэ, яавал зарлагаа бууруулж орлогоо нэмэх боломжтойг эрэлхийлж байна. Жишээ нь, өнгөрсөн жил “Google” компани Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хиймэл оюун ухааны манлайлагчдын хөтөлбөр зарласан. Хөтөлбөрийн хүрээнд тус компанийн мэргэжилтнүүдтэй Монголын топ аж ахуйн нэгжийн инженерүүд хамтарч клауд тооцооллын орчинд байгууллагынхаа өгөгдлийг оруулж тэндээсээ хэрхэн  стратегийн түвшний гол шийдвэрүүдээ хурдтай гаргах, хэрэглэгч төдийгүй хамтрагчдадаа яаж автоматжуулсан үнэ цэнийг бий болгох вэ гэдэг чиглэлээр ажиллаж байна. Бид ингэж бусдаас суралцсанаар тодорхой хугацааны дараа монгол хүний өрсөлдөх давуу чанар бий болох юм. Түүнчлэн бидэнд гадаад зах зээлийн мэдрэмжтэй, мэдлэгтэй бизнесийн удирдагчид агаар ус мэт хэрэгтэй байна. Учир нь, судалгаа хөгжүүлэлтийн үед өндөр өртгөөр босож ирдэг, дэвшилтэт технологийн салбарт манай улсын зах зээл хэт жижиг багтаамжтай учраас гадаад зах зээлийн мэдлэг туршлагатай, чадварлаг хүний нөөц тун цөөхөн бий. 
-Нийгэм, тухайн салбарынхаа хөгжил дэвшилтэй хамт явах ёстой зүйл нь  эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэн, тэднийг бэлтгэх боловсон хүчний асуудал байдаг. Ижил төстэй зүйл байгаа гэж тодорхойлох Сингапур улс энэ асуудлыг нөхцөл байдалтай нь уялдуулан ямар байдлаар шийдвэрлэдэг бол. Та мэдээллээсээ хуваалцаач?
-Сингапурчууд өөрсдийгөө прагматик улс гэдэг. Олон үндэстэн ястнаас бүрдсэн тус улсын хувьд боловсролын салбараараа дамжуулж сингапур иргэдийг бүтээдэг. Үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг боловсролын систем, сургуулийн өмнөх наснаас нь эхлэн бэлтгэдэг. Сингапурт үр хүүхдээ өсгөхийн хажуугаар өөрөө сурч боловсорсон хүний хувьд ажиглалтаасаа хуваалцвал Сингапурын боловсролын системийн онцлогийг дараах байдлаар тодорхойлж болохоор санагдсан. Сургуулийн өмнөх боловсрол бол иргэн хүний төлөвшилд чиглэсэн байхад дунд сургууль суралцахуйд суралцах, их дээд сургууль судлахуйд суралцах арга барилыг эзэмшүүлснээр насан туршийн боловсролын хандлага дадалтай, Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үед ажил орлогын эх үүсвэрээ алдахааргүй, олон улсад өрсөлдөх чадамж бүхий хүчирхэг иргэд бэлтгэж байна уу гэж ажигласан. Энэ бүхнийг хийхэд ДНБ-ийхээ 2-3 хувь буюу улсын төсвийн 20-оос доошгүй хувийг боловсролд маш ухаалаг бөгөөд үр дүнд чиглэсэн хөрөнгө оруулалтад зарцуулж байна. 


SDY аппликейшн мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэдэг, хүн бүрийн оролцоог хангах чухал хөшүүрэг болно

-Таны гадаад зах зээлд холбон тоглогчийнхоо үүргийг хэрхэн гүйцэтгэхээс ирэх 30 жилийн үр дүн харагдана. Өөрөөр хэлбэл, та байгаа нөөц бололцоогоо хэрхэн ашиглаж даалгавраа биелүүлэхээс олон зүйл шалтгаалахаар байна. Бас хөгжин дэвших зорилготой залуучууд хэрэгтэй бол хажууханд чинь бэлэн байна?
-Сингапур улсад долоон жил ажиллахдаа иргэдийн ур чадварын шилжилтийг дэмжих зорилготой SkillsFuture төрийн агентлагийн захиалгаар аж үйлдвэрийн салбаруудын ирэх 10 жил дэх шилжилтийн зураг гаргах, түүнтэй уялдах ур чадварын шилжилтийг нээлттэй өгөгдөл ашиглан загварчлах ажлыг гүйцэтгэх төслийн менежерээр ажиллаж байсан. Мэдээж энэ туршлагаасаа хуваалцах нэг газар нь СДМЗХ. Үүнээс гадна нийт залууст ч бий болоод байгаа боломжийг таниулах, ур чадвараа оновчтой хөгжүүлэхэд мэдлэг туршлагаасаа хуваалцан ажиллаж байна.   
СДМЗХ-ны хувьд бид хамтдаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд явна. 2025 оны стратеги төлөвлөгөөгөө шийдэл рүү чиглүүлсэн. Бид холбооныхоо гишүүдээс гадна нийгэмд ч гэсэн тодорхой үнэ цэнийг бий болгох ёстой. Мэдлэг, туршлагатай залуучууд бусдадаа үлгэрлэж үзэж туулсан туршлагаасаа хуваалцаад, дэлхийн хэмжээнд өрсөлдөх боловсон хүчин болж бэлтгэгдэх замыг дөтлөхөд анхаарч ажиллаж байна. Орон нутагт байгаа залуучуудтайгаа онлайн уулзалтууд зохион байгуулдаг. Цахим технологийн тусламжтайгаар тэгш оролцоог ханган ажиллахад шинээр хийж байгаа SDY аппликейшн холбооны гишүүдэд мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэдэг, оролцоог хангах чухал хөшүүргийн нэг болох юм. 
-Хүн амын дийлэнхийг 35-аас доош насныхан бүрдүүлдэг манай улсын энэ онцлог нэг талаараа гадаад зах зээлд хөрөнгө оруулалтын үзүүлэлтийг хангах чухал өгөгдлийн нэг болохыг үгүйсгэхгүй. Бизнес гэхээсээ илүү таны нийгэм, хүний хөгжлийн тал дээр баримталж байгаа бодлого, зарчмыг сонсмоор байна?
-Манай улсын нийт хүн амын 65-аас дээш хувь нь 35-аас доош насныхан байгаа нь бидний давуу тал. Миний хувьд дэлхийн компаниудад Монголыг сурталчилдаг нэг өнцөг нь энэ. “Манайх шинэ зүйлийг хүлээж авахад бэлэн зах зээл. Зах зээл маань мэдээж ашиг орлого олох тал дээр оновчтой сонголт биш байж болох ч эрчимтэй цахимжиж буй нийгэм, эдийн засаг маань бүс нутагтаа үлгэрлэх замаар үнэ цэн бүтээх давуу талтай. Энэ утгаараа бид цахим технологийг туршиж үздэг бүс болох боломжтой. Манай улсад маш хурдан үр дүн гаргаснаар бусад зах зээлд нэвтрэх суваг нээгдэнэ. Монгол ингэж байна гэдгийг олон улсад “чих тавьдаг” болсон шүү” гэдэг.
Ийм байдлаар бодит үр дүн гарсан жишээ нь “Google” компани. Тус компани Монголд үйл ажиллагаагаа амжилттай нэвтрүүлсний дараа Киргизстан, Узбекистан зэрэг улс орнууд “Google” компанийн бизнесийн голлох бүтээгдэхүүн үйлчилгээнд зах зээлээ нээж өгсөн байсан. Тэгэхээр үндэстэн дамнасан корпорацуудын хувьд Монгол Улсад гаргасан үр нөлөө нь бусад улсад сурталчлан зах зээлийн хувьд шинэ зам гаргаж байна гэсэн үг. Тиймээс энэ нь бидний хувьд маш сонирхолтой тоглох орон зай. Одоо бид олон улсын туршлагаас нутагшуулан, ур чадвараа нэмэх асуудал л чухал байгаа юм. Хэнийг ч үлдээхгүй хамтдаа урагшлах боломжийг эрэлхийлэх ёстой. 
Би Баянхонгор аймагт дунд сургуулиа төгссөн. Сингапурт дэлхийн топ залуучуудтай өрсөлдсөн цаг хугацаа, зам миний хувьд маш урт байсан. Одоо би тэр урт замыг хэрхэн товчлох вэ гэдгийг мэддэг болсон учраас өсвөр насны хүүхдүүдтэй өнгөрсөн дөрвөн жил ажиллалаа. Энэ хугацаанд 60 мянган хүүхэдтэй ажилласны дийлэнх олонх нь орон нутагт бий. Өнөөдөр аймаг, сумаас ч гэсэн дэлхийн топ сургуулиуд руу тэтгэлэг аваад тэнцсэн хүүхдүүд байна. Тэгэхээр залуучуудад аргыг нь заагаад өгчих юм бол Монгол хүний оюуны чадамж, суурь өгөгдөл хэнээс ч дутахгүй. Ганцхан тэднийг оновчтой холбож өгөх нь чухал байгаа юм. 

1000 ахмадыг цахим ур чадваржуулах туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн

-Технологийн хөгжилд хүн бүр хөл нийлүүлэн алхах боломжтойг харуулсан нь та бүхний саяхан хэрэгжүүлсэн ахмадуудыг хамруулсан хөтөлбөр байлаа. Хөтөлбөрийнхөө үр дүнгийн талаар сонирхуулж болох уу?
-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаман дээр Дэлхийн банкны “Ухаалаг засаг II” төслийн хүрээнд 1000 ахмадыг цахим ур чадваржуулах туршилтын хөтөлбөрийг саяхан хэрэгжүүлж дууслаа. Цахим технологи нэг талдаа өсөж байгаа хүүхэд залуусын хэрэглээ мэт байдаг ч ахмадуудын хувьд үр ашгийг нь хүртэж амжихгүй хоцрох тулгамдсан асуудлын нэг болдог. Технологийн тусламжтайгаар ахмадууд үр хүүхдүүдтэйгээ өдөр тутамдаа харилцаа холбоотой байх боломжтой. Хүйтний улиралд дэлгүүр хоршоо, банкны салбар хайж цаг хугацаа алдахгүйгээс гадна халтиргаа гулгаанаас үүдэлтэй эрсдэлийг сэргийлж чадна. Цаашлаад цахим орчинд нэвтэрсэн бол аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах вэ, яавал залилангийн хохирогч болохгүй байх вэ гэдэг мэдлэгийг олгосноор тэдний өдөр тутмын амьдралыг илүү хөнгөвчлөх боломж бүрдэх юм. Технологийн мэдлэгтэй ахмадууд нийгмийн идэвхтэй бүлэг хэвээр байж, сэтгэл зүйн эмгэг болон өвчин эмгэгийн эрсдэлээс ч сэргийлэх олон талын ач холбогдолтой. Дээр дурдсан хөтөлбөрийн үр дүн хүлээлтээс давсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 100 залууг сайн дурын ажилтнаар авч сургагч багшаар бэлдэн ахмадуудтай ажиллуулсан. Ойлголцлын хувьд үе хоорондын ялгаа гардаг. Уг туршилтын хөтөлбөрөөр тэдний нэгдмэл үнэт зүйл, үе хоорондын ойлголцлыг сэргээж өгсөн гэж бодож байна. Залуучуудад тулгамдаж байгаа асуудал дундрахгүй.  Гэхдээ үр нөлөөг илүү өргөн цар хүрээтэйгээр харж дан залуу үеийнхээ асуудлыг биш ахмад буурлуудад ч тулгамддаг бэрхшээлийг шийдвэрлэхэд залуус бид хувь нэмрээ оруулах хэрэгтэй юм. 
-Ярилцлагын төгсгөлд хувь хүний хувьд энэ нийгэмд ямар зүйл хийхээр зорьж байгааг асууя.
-Өргөн уудам газар нутаг­тайгаараа бид бусдаас давуу. Бас байгалийн арвин баялагтай. Зөв засаглалыг хөгжүүлж, өрсөлдөх ур чадвартай иргэдийг төрүүлбээс бүх зүйл болно, бүтнэ гэж боддог. Тиймээс технологи ашиглан үнэ цэнийг бүтээх хөшүүргийг хэрхэн бий болгох, цаашлаад бүх нийтээрээ хамтдаа хөгжлийн зүг хэрхэн алхах вэ гэдэгт анхаарал хандуулан ажиллана гэж бодож байна. Сингапур улсын 50 жилийн хөгжлийн гарааны үед өрсөлдөх чадавхтай, өмч хөрөнгөтэй бат бэх дундаж давхаргыг бий болгож тэлэхэд онцгой анхаарч ажилласан байдаг. Эдийн засаг, нийгмийн олон хөтөлбөрийг хэрэгжүүлсний дүнд тэдний Хуримталын нэгдсэн сан, Баялгийн сан хамгийн урт хугацааны хөгжлийн замыг тогтвортой тодорхойлж, түүчээлж чадсан байдаг. Энэ утгаараа Үндэсний баялгийн сангийн концепцыг дэмждэг. Орон сууц, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр иргэдэд дэмжлэг үзүүлэх хуримтлалын сантай эхэлж байгаад би хувьдаа баяртай байгаа. Үүнийг цаашид хэрхэн дэмжих вэ, хөгжүүлэх вэ гэдэг чиглэлээр суралцсан туршлага байгаагийн хэрэг юу билээ. Урт хугацаандаа ирээдүй үедээ өвлүүлэн үлдээх үйл хэрэгт сурсан мэдсэнээрээ хувь нэмрээ оруулж, мэргэжил, арга зүй, туршлагаараа дэмжиж ажиллахад бэлэн. Бид бүх нийтээрээ санаа зовниж байгаачлан үр ашиггүй зарцуулалтыг тэвчиж болохгүй. Менежментийг зөв авч явах залуучууд гарч ирнэ. Залуучууд ажлын байранд гараад хөдөлмөрлөхийн хэрээр богино хугацаанд байр сууцтай болж, гэр бүлтэй болоход тулгамдах асуудлаа шийдсэн байх тэр тогтолцоог хэрхэн бий болгох вэ. Олон жил бодож боловсруулж ирсэн зүйл маань цахим технологи хэдий ч үүгээр дамжуулан бүх нийтэд нээлттэй, үр ашиг нь мэдрэгддэг тийм засаглалын хувилбар руу шилжвэл энэ томоохон алхам болно. 
Төрийн халамжийн хөтөлбөрт олон нийтээр хамрагддаг байхаас илүү иргэд нь өөрсдийн гэсэн баялагтай, үнэ цэнийг бүтээх замаар улс орноо өөд нь хөтөлдөг улс л тогтвортой хөгжлийн замд орно гэж би боддог. 
-Ярилцсанд баярлалаа. 

 Б.Сэлэнгэ

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Н.Эрдэнэ: Дэлхийн циркийн №1 алиалагчаас эхлээд гимнастик, акробат… 31 минутын өмнө
Ж.Чинбүрэн: Эмч, өвчтөн хоёрын итгэлцэлд том ан цав үүсгэлээ 34 минутын өмнө
Д.Мөнхтөр: “ХӨГЖИЛ” телевиз Монголын бизнес эрхлэгчдийн найдвартай тү… 36 минутын өмнө
Зүрх, тархи гижигдсэн амтлаг ховс “Самсара” 39 минутын өмнө
Эрдоганы улс төрийн цэвэрлэгээ 43 минутын өмнө
Кремль хоригуудаа цуцлахыг шаардав 48 минутын өмнө
Хан Дак Сүг эгүүлэн томиллоо 49 минутын өмнө
Токиогийн шүүх Мүүний сүмийг хаажээ 52 минутын өмнө
Ж.Бурмаа: “Идэр” их сургууль чадвараараа гайхагдсан мэргэжилтнүүдийг … 1 цагийн өмнө
Залуучуудын хөгжлийн ялгааг арилгаж, хамтын үнэ цэн бүтээхэд “SDY Call… 1 цагийн өмнө
БНСУ-ын Гадаад хэргийн яам визний асуудлаар цаашид хамтран ажиллахаа и… 1 цагийн өмнө
“Deaf Nomads” баримтат киноны нээлтийг Монголд хийлээ 1 цагийн өмнө
“МОНГОЛЫН ҮНЭН” сонины 2025 оны хоёрдугаар улирлын захиалга явагдаж ба… 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: СДМЗХ-ны долдугаар үеийнхэн шинжлэх ухаанд суурилсан пра… 2 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 2 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 2 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүр… 17 цагийн өмнө
"ТОП КЕРАМИКС" байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ 19 цагийн өмнө
“Идэр” их сургуулийн 30 жилийн ой тохиож байна Өчигдөр
Монгол, Солонгосын хамтран хэрэгжүүлж буй “Солонго-I, II’’ хороолол, 1… Өчигдөр