УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн анхны гадаад зочны урилга монголчууд хамгийн олноор оршин суудаг БНСУ байлаа. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын даргын хувиар анхны гадаад айлчлалаа манай улсын урд хөрш БНХАУ руу хийсэн бол энэ удаад анхны гадаад зочноор гуравдагч хөршийг сонгон эх орондоо хүлээн авлаа.
Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. БНСУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш бөгөөд энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа юм.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж буйг Д.Амарбаясгалан дарга тодотгож байгаа юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар айлчлал албан ёсоор эхэлсэн юм. Үргэлжлүүлэн талуудын уулзалт, хэлэлцээр хийсний дараа эрхэмсэг ноён Ү Вон Шиг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хийж буй албан ёсны айлчлал нь “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
“Гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ. БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхжиж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв. Цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын албан ёсны уулзалтын эхэнд спикер Д.Амарбаясгалан Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, Үндэсний Ассамблейн даргын түвшинд хэрэгжиж буй энэхүү албан ёсны айлчлалд УИХ-ын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий манай чухал “Гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно “Стратегийн түнш” БНСУ-тай хэрэгжүүлж ирсэн өнгөрсөн 35 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, үүнд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлэг, Байнгын хороодын хэлхээ холбоо, нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов. Түүнчлэн, хоёр улсын бат бэх итгэмжит харилцаа, иргэд хоорондын ойр дотно найрамдал, нөхөрлөлд тулгуурлан цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол, Солонгосын улс төрийн итгэлцэл, харилцааны эрх зүйн үндэс батжин бэхжиж, хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтвортой үргэлжилж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө байгааг нотолж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг төлөвлөсний дагуу үр дүнтэй хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн салбарын хүрээнд БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визийн таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр Үндэсний Ассамблейн зүгээс анхаарч, дэмжиж ажиллана гэдгээ тодотгосон юм. Хоёр улсын иргэдийн зорчих урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан иргэд харилцан чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, хоёр оронд оршин суугаа монгол, солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө талууд нягт хамтран ажиллахаа илэрхийлэн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Үргэлжлүүлэн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Монгол Солонгосын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Эзэн богд Чингис хааны эш хөргийг, билиг сургаалынх нь хамт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд залсныг онцолж байлаа.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 1992-2024 он хүртэлх хугацаанд бүрдсэн найман удаагийн парламент 76 гишүүнтэйгээр уг танхимд хуралдаж байсныг тэмдэглэсэн. Тэрбээр 2024 онд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнд улс төрийн таван намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент байгуулагдсаныг тодотгоод, энэ удаагийн парламентын гишүүд нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон гээд хүний эрхийг дээдлэх, тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгайлан индэр зассан талаар танилцуулав.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочилж, И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Чойжин ламын сүм музейд зочилсон бөгөөд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байгуулсан “Хамтын ойн төгөл”-д мод тарьснаар айлчлал өндөрлөв.
Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно
Үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргасан юм. Энэ тухайд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэдэг заалт байдаг.
Үүсмэл орд нь стратегийн ордоо түшиглэсэн баялаг. Өнгөрсөн хугацаанд уурхайнуудыг түшиглэсэн үүсмэл ордуудыг бусдад ашиглуулахдаа ямар нэгэн нээлттэй сонгон шалгаруулалт хийхгүйгээр ашиглуулдаг байсан. Тийм учраас Засгийн газрын тогтоолоор үүсмэл ордын зөвшөөрлийг олгохдоо ар өврийн хаалгаар авч, гэрээ байгуулдаг байдлыг таслан зогсоож байна. Нэг ёсондоо уурхайг түшиглэсэн үүсмэл ордуудыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тэнцсэн бол гэрээ хийдэг болно. Цаашлаад стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоох шаардлагыг Засгийн газрын тогтоолоор албажууллаа” хэмээн тодотголоо.
Н.Учрал сайдын хувьд "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэсэн гурван үүсмэл орд буюу "Ачит ихт", "Зэс эрдэнийн хувь", "Эрдмин" гэсэн компаниудын үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцээрийн явцтай танилцсан юм. Өнгөрсөн хугацаанд уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр өөрийнхөө овоолго буюу үүсмэл ордыг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсныг Засгийн газрын тогтоолоор зогсоож, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүйгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон. Хуулийн дагуу нээлттэй тендер зарлаж, тэнцсэн компани нь гэрээ байгуулж, төрийн эзэмшлийн 34 хувийг Баялгийн сандаа хуримтлуулан ашиглалтын болон бусад төлбөрөө тухайн үйлдвэртээ төлөөд явах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна