Кашмир цөмийн гүрнүүдийг хагаралдууллаа

unen
4 цагийн өмнө


Кашмирын эргэн тойронд эхэлсэн хямрал хурцадлаа. Цөмийн зэвсэгтэй  хоёр улсын үл ойлголцол Гималайн бүс нутгийг дэлхийн халуун цэг болгосон. Даамжирч болзошгүй аюултай маргаанд хамтын нийгэмлэг анхаарал хандуулах нь зүйн хэрэг. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Энэтхэг, Пакистаны хоорондох хурцадмал байдлыг намжаах, эмгэнэлт үр дагаварт хүргэж болзошгүй сөргөлдөөнөөс зайлсхийхийг уриаллаа. Тэрбээр Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкар нартай утсаар ярьжээ. 

Жамму, Кашмир мужийн Пахалгам хотын ойролцоо террорист халдлага гарсны дараа Энэтхэг, Пакистаны харилцаа хурцадсан. Аялал жуулчлалын бүсэд жуулчид руу зэвсэгт этгээдүүд гал нээжээ. Халдлагын хариуцлагыг “Лашкар-е-Тайба” террорист байгууллагатай холбоотой бүлэглэл хүлээсэн байна. Халдлагын үеэр Энэтхэгийн 25, Балбын нэг иргэн амь үрэгджээ. Тус бүлэглэлийн төв байр, сургалтын баазууд Пакистанд байрладаг. Мөн бүлэглэлийг Пакистаны арми үүсгэн байгуулсан бөгөөд одоо ч санхүүжүүлдэг гэж Энэтхэгийн тагнуулын байгууллага үзэж байна. Иймд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди террорист бүлгийг хамсаатнуудын хамт илрүүлж, шийтгэхээ мэдэгдсэн. 

Харин Пакистаны тал энэхүү хэрэг явдлын талаар ондоо байр суурь илэрхийлжээ. Исламабадын эрх баригчид жуулчид амь насаа алдсанд харуусал илэрхийлээд, террорист халдлагад ямар ч холбоогүй хэмээлээ. Пакистаны Засгийн газар Энэтхэгтэй  гал зогсоохоос эхлээд олон улсын худалдаа хүртэл талуудын  харилцааг зохицуулсан бүх гэрээг түдгэлзүүлэхээр шийджээ. Энэтхэгийн тал пакистанчуудын визийг цуцалж, албадан гаргахаа зарлав.  

Мөн Пакистаны Элчин сайдын яаманд персона нон грата зарлаж, дипломатуудаа эргүүлэн татжээ.  Энэтхэгийн эрх баригчдын энэхүү эрс шийдвэр нь Пакистаны удирдлагуудыг эгдүүцүүлсэн. Тэд  энэ үйлдлийг дайны ажиллагаа гэж үзэж цэргийн мөргөлдөөнд бэлэн байхыг иргэддээ санууллаа.

 

Газар нутгийн амбицын талбар

 

Кашмир шиг цэргийн оролцоо ихтэй, тогтворгүй бүс нутаг цөөн. Энэтхэг, Пакистан, БНХАУ гэсэн цөмийн зэвсэгтэй гурван гүрэнтэй хиллэдэг маргаантай бүс.  Мөн газар нутгийн амбицын талбар байсаар ирсэн. Ойролцоогоор 220 мянган хавтгай дөрвөлжин км талбайг эзэлдэг бөгөөд хамгийн чухал стратеги, эдийн засаг, шашны ашиг сонирхлын уулзварт оршдог. 

Өнөөдөр Энэтхэг Кашмирын хөндий, Жамму, Ладак зэрэг бүс нутгийн хамгийн олон хүн амтай хэсгийг хянадаг. Пакистаны тал  чөлөөт Жамму ба Кашмир гэх улс төрийн нэршилтэй Азад Кашмир, Жамму, Гилгит-Балтистаныг эзэмшиж байна. Харин БНХАУ зүүн хойд хэсгийн хүн ам сийрэг суурьшсан Аксай Чин бүс нутаг болон Шаксгам хөндийг эзэмшдэг. Энэтхэгчүүд Шаксгам хөндий дэх Хятадын хяналтыг  хүлээн зөвшөөрдөггүй. Энэ мэт зөрчилдөөн нь  дипломат дайсагналд хүргэсэн. Энэтхэг улс 1965, 1999 оны дайны дараа Кашмирын нутаг дэвсгэрийн бараг тал хувийг хяналтдаа авсан. 

Кашмирт хамгийн сүүлд 2019 онд исламын “Жэйш-и-Мохаммед” бүлэглэлийн амиа золиослогч этгээд цагдаагийн автобусыг дэлбэлж, 40 хүний аминд хүрсэн. Пакистаны эрх баригчид уг халдлагад ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдэв. Кашмирын маргаанд Энэтхэг, Пакистан давамгайлж байгаа ч БНХАУ стратегийн чухал хэсгийг эзэмшдэг. Аксай Чин гэгддэг зүүн хойд нутаг  Транс Каракорамын зам  Хятадын захиргаанд байдаг. Уг нутаг дэвсгэр нь Төвөд болон Шинжааны баруун бүсийг холбосон хуурай газар учир Бээжинд стратегийн ач холбогдолтой. 

Эдийн засгийн хувьд ч чухал. “Бүс ба зам” санаачилгын тулгын чулуу болох БНХАУ-Пакистаны эдийн засгийн коридор (CPEC) дамжин өнгөрдөг.  Тиймээс Бээжин Кашмирт эхэлсэн тогтворгүй байдлыг анхааралтай ажиглаж байна.

 

Усны төлөөх далд дайн ил боллоо 

XXI зуунд голын ундаргыг эзэгнэх хэчнээн чухал болохыг Энэтхэг, Пакистаны маргаан баталж байна. Хоёр тэрбум шахам хүн амтай цөмийн гүрнүүд усны төлөөх далд дайн өрнүүлдэг. Номхон болон Энэтхэгийн далайн дунд орших Азийн хуурай бүс нутагт хүн ам хамгийн шигүү суурьшсан. Пакистан, Энэтхэг улс тусгаар тогтнолоо зарласан даруйдаа л сөргөлдөх болсон.  Мөргөлдөөний шалтгаан Кашмир мужийн усны нөөцийг эзэмших.  Өдгөө Пакистаны усан хангамж  Энэтхэгээс 80 хувийн хамааралтай байна.  

Энэ бол усны нөөцийн тархалтыг үл харгалзан газрын зураг дээр хил хязгаарыг зурсны үр дагавар юм. Их Британийн ноёрхлыг эцэслэн Индустаныг хуваахдаа Инд мөрнийг Пакистанд, Ганга мөрнийг Энэтхэгт үлдээжээ.  Гэтэл Гималайн мөсөн голууд хайлж их мөрнүүд гүехэн болсон. Инд, Ганга мөрөн  хүн амын ундны усны төдийгүй тариалангийн талбайг усжуулах эх үүсвэр. Өдгөө өрнөж буй мөргөлдөөн ч үүнтэй холбоотой. Энэтхэгийн Гадаад харилцааны яам  1960 онд Пакистантай байгуулсан Инд мөрний усны тухай гэрээг түдгэлзүүлж, хоёр орны усны нөөцийн хуваарилалтыг өөрчилжээ. 

Энэхүү гэрээ нь 60 гаруй жилийн турш хоёр улсын харилцаанд гацаа болсон. Гималайн нуруунаас эх авдаг Инд мөрний урсцыг Энэтхэгийн далангаар зохицуулдаг. Пакистанчуудын амьдрал энэхүү далангаас шууд хамааралтай.  Иргэдийн зонхилох хэсгийн амьжиргааны түвшин доогуур, усны хомсдолд орсон. Ийм хүнд нөхцөлд Шинэ Делийн эрх баригчид 1960 оны усны гэрээг үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй юм.  Пакистаны усалгааны систем дэлхийн хамгийн томд тооцогддог. 

Газар тариаланд зориулж ус татсанаар голын урсцыг бууруулж, Энэтхэгийн усан хангамжид сөргөөр нөлөөлдөг. Дипломат замаар хоёр ч удаа асуудлыг шийдсэн ч ирээдүй бүрхэг хэвээр байна. Энэ зууны эцэс гэхэд их мөрнүүдийн усны хэмжээ хоёр дахин багасаж Индустаныг сүйрүүлэх нь тодорхой болсон. Тэр цагт Шинэ Делийн эрх баригчид улсынхаа нутгаар урсдаг голуудыг хааж зөвхөн иргэдээ ундаалах уу,  Пакистан руу “нийлүүлэх үү” гэсэн үнэнтэй нүүр тулна. Усгүй бол Пакистанд үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэснээс өөрцгүй, 45-50 сая орчим хүн өлсөж, цангаж үхнэ. Тэгэхээр хоёр улс нөхцөл байдлыг давсан сонголтоос зайлсхийн хөршийн холбоогоо сайжруулах шаардлагатай болж байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 1 цагийн өмнө
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2 цагийн өмнө
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 3 цагийн өмнө
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 3 цагийн өмнө
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 3 цагийн өмнө
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 3 цагийн өмнө
Б.Жигмэддорж: Монголын авто, мото спортын хөгжлийг олон улсад харуулах… 3 цагийн өмнө
​ Нийгэмд инээд ус, агаар шиг хэрэгтэй 3 цагийн өмнө
Алганд ассан авлига 3 цагийн өмнө
Бүсийн зөвлөгөөний өгөөж 3 цагийн өмнө
“Шинэ цагийн хуучин хүү” /Рemейk/ 4 цагийн өмнө
Кашмир цөмийн гүрнүүдийг хагаралдууллаа 4 цагийн өмнө
Трампын 100 хоногийг дүгнэлээ 4 цагийн өмнө
Шинэ папыг шийдвэрлэх сорилтууд угтана 4 цагийн өмнө
Ялалтын баяраар ОХУ гал зогсооно 4 цагийн өмнө
Эх оронгүй эх оронч 4 цагийн өмнө
Нийслэлийн МАН хоёр дахь зууны түүхээ бичиж эхэллээ 4 цагийн өмнө
Өнгө зассан хүүхдийн парк үүдээ нээнэ 5 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 5 цагийн өмнө