​ Нийгэмд инээд ус, агаар шиг хэрэгтэй

unen
3 цагийн өмнө


Хүн гэдэг амьтан бие махбод, оюун сэтгэлээс бүрдэнэ. Хүнийг бүхэл хэмээн үзвэл махбод ердөө нэг хүрэхгүй хувийг эзэлж, үлдэх нь оюун сэтгэц ажээ. Оюун сэтгэхүй, сэтгэл зүйгээр махан биеийг удирдах аргыг олох нь маш чухал.  Махан бие бол сэтгэцийн толь. Хүн өөрийн дотоод энергийг сэргээж, хүчин чадлыг нь бүрэн дүүрэн ашиглаж чадвал ямар ч өвчнийг анагаах чадал хүнд өөрт нь байдаг.
Эрүүл гэдэг нь бие махбод  төдийгүй сэтгэл зүй, оюун санааны хувьд эрүүл байх тухай ойлголт. Махан бие төдийгүй дотоод сэтгэл зүй эрүүл байж нэгэн цул эрүүл бие буй болох юм гэж ойлговол зохино. Бид махан бие буюу бие бялдраа чийрэгжүүлэх талаар санаа тавьж фитнесээр хичээллэх, дасгал сургуулилалт хийх, амралт сувилалд явах, төрөл бүрийн физик эмчилгээ (шавар, зүү тавиулах, иллэг хийлгэх гэх мэт) хийлгэх зэргээр ихээхэн анхаарч торддог. 
Харин сэтгэл зүй, оюун санаагаа эрүүлжүүлэх талаар төдий л анхаардаггүй, ач холбогдол өгдөггүй орхигдуулдаг. Хүний сэтгэл, оюун санаа төрөл бүрийн стресс бухимдалд цаг үргэлж  өртөн  хордож байдаг. Эдгээрээс шалтгаалан сэтгэцийн эрүүл мэнд алдагдаж,  төрөл бүрийн өвчний эх суурь тавигдан, сэтгэцийн тулгамдсан асуудлууд даамжирч сэтгэцийн эмгэг болж  хувирах нөхцөл бүрддэг.
Сэтгэл гэдэг эрхтэн амьдралын чанарт онцгой нөлөөлдөг. Энэ биеийг өвчлүүлж буй гол эх үүсвэр бол оюун, сэтгэл санаа юм.  Сэтгэл эрүүл бол бие эрүүл. Биеийн зовлонгоос сэтгэлийн зовлон илүү хэцүү, биеийн шарх эдгэрдэг сэтгэлийн шарх эдгэрдэггүй гэлцдэг. Сэтгэлийн  шарх гашуун нулимсаар илэрдэг бол  баярласан сэтгэлээс  баярын нулимс  гардаг билээ. Аз жаргалын дээд нь  сэтгэлийн амар амгалан.  Биеийн дархлаа сэтгэлийн дархлаанаас шууд хамааралтай. 
Сэтгэлийг бохирдуулагч хүчтэй хор бол стресс бухимдал. Сэтгэлийн бохирдлыг хэрхэн цэвэрлэж, сэтгэцийг сэргээн засах, эрүүлжүүлэх аргыг Америкийн сэтгэл судлаач эрдэмтэн Пузант Томажан  өнгөрсөн зуунд “Инээж, уйлж цэвэрлэнэ” гээд товч тодорхой томьёолоод хэлчихсэн байдаг. Инээх нь сэтгэлд хуурай цэвэрлэгээ, уйлах нь нойтон цэвэрлэгээ болно. Энэ бол стресс бухимдлаас салах  сонгомол арга.  Жишээлбэл, сэтгэл санаагаа засах хамгийн сайхан мэдрэмжийн нэг бол сайн найзуудтайгаа хамт элгээ хөштөл инээх үе.  Хэрэв  уйтгар гуниг, уй гашуу, уур уцаар, харуусал бухимдал тээж яваа бол  сэтгэлээ онгойтол уйлахад ямар сайхан мэдрэмж төрж, тайвширдгийг  хэн бүхэн мэдэх билээ.
Ийнхүү сэтгэл хөдлөлийн  илрэлийн нэг болох  инээд хөөрийн гайхамшгийн талаар дурдвал, инээд нь байгаль эхээс зөвхөн хүнд хайрласан ховор нандин бэлэг, хүчирхэг анагаагч, онцгой сайхан мэдрэмжүүдийн нэг. Инээдийг бид  зөвхөн гадна илрэлээр нь дүгнэж  түүнд төдий л ач холбогдол өгдөггүй. Огт хэрэггүй зүйл байсан бол байгаль эх яах гэж  ийм сонин, хэнд ч хэрэггүй зүйл бүтээж зөвхөн хүнд бэлэг барих билээ. Инээхэд бүх л бие махбод, эрхтэн тогтолцоо, мэдрэл-шингэний зохицуулга, сэтгэл зүйд  асар их  эерэг өөрчлөлтүүд бий болж, эрүүлжих процесс явагддагт түүний мөн чанар оршино. Товчоор хэлбэл, хүн инээснээр эрүүлждэг.
Тодруулбал, Амеркийн нэрт сэтгүүлч Норман Казинс эдгэшгүй гэгдэж байсан  (анкилозный спондолит) өвчнөө 1964 онд инээдээр тууштай хичээллэсний үр дүнд бүрэн ялсан түүхтэй. Ийнхүү тэрбээр инээд хүчтэй анагаах үйлчилгээтэй болохыг хүн төрөлхтөнд анх удаа практик дээр нотлон харуулж, түүхэнд “Үхлийг инээдээр ялсан хүн” хэмээн тэмдэглэгдсэн юм. Тэр үеэс  хойш инээдийн энэ гайхамшигт шинж чанар эрдэмтдийн анхаарлыг татах болсноор барахгүй  1970-аад оноос АНУ-д Инээд судлалын шинжлэх ухаан гелотология (Gelotology) үүсэж хөгжсөн түүхтэй. 
Ийнхүү хүн бүрийн хувьд   эрүүлжүүлэх нөлөө бүхий “Инээд” хэмээх бэлэн нөөц бололцоо байсаар байтал эдүгээ нийгэмд  инээд дутах болсон нь сэтгэцийн эрүүл мэнд болон нийгмийн харилцаанд олон муу үр нөлөө дагуулсаар байна.
Инээд насны хамааралтай байдаг. Хүүхэд өдөрт 300 гаруй удаа инээж хөхөрч, тоглож нааддаг гэсэн судалгаа бий. Гэвч орчин үед энэ нь тоглож наадах таатай орчин бүрдсэн эсэхээс ихээхэн хамаарах боллоо. Хэрэв орчин бүрдээгүй бол тоглох нь утас, телевиз зэрэг дэлгэц ширтэх үйлдлээр солигдож, инээж хөхрөх нь багасах хандлагатай   байна. Энэ байдал даамжирвал  хөдөлгөөн болон инээдийн  дутагдал хүүхдийг ч хамарч болзошгүй юм. Уг нь хүүхэд найз нөхөдтэйгөө гүйж харайж, инээж хөхөрч, тоглож наадаж байвал тэдний бие бялдар, сэтгэл зүй, оюун санааны өсөлт хөгжилтөд онцгой сайн нөлөөтэй.
 Харин насанд хүрсэн хүмүүс нас ахих тусам шаардлага гарахгүй л бол инээх хэрэггүй юм шиг боддог, мөн амьдралдаа завгүй болохын хэрээр инээд хөөрийг дэмжих үйл ажиллагаа хойшлогддог. Дээр нь насанд хүрэгчид ажил, амьдрал, айл гэр, үр хүүхэд, эд хөрөнгө, эрүүл мэнд гэхчилэн амьдралын амин чухал асуудалд хамаг анхаарлаа хандуулдаг.
Инээд баяр хөөрөөр илүү их дутах магадлалтай эрсдэлт бүлэгт ахмад, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, гэрийн ажилтай зарим хүн хамаарах ба тэдгээрт инээд засал юугаар ч сольшгүй эмчилгээ байх болно.  
Монгол Улсын Үндэсний статис­тикийн хорооны судалгаагаар манай улсад 2021 оны байдлаар өндөр насны тэтгэвэр авдаг нийт 372 мянган хүн байна. Энэ тоо сүүлийн арван жилд гурван хувиар өсжээ. 2030 он гэхэд 12, 2050 он гэхэд 21 хувь болно хэмээн тооцоолсон байна. Тэтгэвэрт гарч хамт олонгүй болох, нийгмээс тусгаарлагдах, хүний тооноос “хасагдлаа” гэх сэтгэгдэлтэй болох,  орлого багасах, ядууралд шилжих зэрэг нь сэтгэл санаанд ихээхэн сөрөг цохилт болох нь мэдээж. 
Манай улсад 108 мянга гаруй  хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэдгээрийн олонх нь эрүүл хүмүүсийн нэгэн адил тэр бүр хүссэнээрээ ажиллаж, амьдрах боломж хомсоос өөртөө итгэх итгэл дутах, сэтгэл санаагаар унах зэргээр байнгын сэтгэлийн дарамттай байх нь элбэг.  
Сэтгэцийн тулгамдсан асуудалтай, аз жаргалгүй мэт мэдрэмжтэй,  мэдрэлийн ядаргаатай, нойргүйдэл, сэтгэл гутрал, сэтгэл түгших, уйтгар гуниг, ганцаардал, хүнд үл тоогдох зэрэг сэтгэлийн шаналантай хүмүүс инээд  баяр хөөрөөр байнга дутаж, гундуу  явах нь бий. Инээд, баяр хөөрөөр дутаж явна гэдэг аз жаргалын дааврын  дутагдалтай, харин стрессийн даавар (адреналин, кортизол) -ын илүүдэлтэй  байна гэсэн үг. Сэтгэцийн энэ эмгэгт байдал дуугаа хураах, мартах нь ихсэх, орчиндоо сонирхолгүй болох, амьдрах идэвх буурах зэрэг шинжээр илрэх нь олонтаа.
Дээр нь орчин үед ашиг хонжоо, эд баялгийг хэт чухалчлах болсон нь хүмүүсийн сэтгэлийн баяр цэнгэл эдлэх, инээж хөөрөх зэрэг эерэг сэтгэл хөдлөлийг багасгах нэг хүчин зүйл болж байна. Ажил үйлс аливаа бүхэн бүтэлгүй бол хүн уурлах, гуньж гутрах, санаашрах, атаархах нь ихсэж инээх сонирхолгүй болдог. Судалгаанаас үзэхэд ийм хүмүүсийн 30 хувь нь ямар нэг хэмжээгээр сэтгэл гутралд орсон байдаг ажээ.
Мөн архи, тамхи, хар тамхи, мансууруулах бодисыг  ууж идэх, үнэрлэх, татах  зэргээр байнга хэрэглэдэг, химийн бодисын  донтолттой,  мөрийтэй тоглоом зэрэг  зуршилтай, эрх  чөлөө нь хязгаарлагдмал (хоригдол) хүмүүсийн сэтгэл санаа тайван бус, тогтворгүй, инээд хөөрөөр   дутмаг байх нь түгээмэл.
Инээд баяр хөөр цөөрч байгаагийн бас нэг шалтгаан бол геополитикийн өөрчлөлт, санхүү эдийн засгийн хомсдол, юмны үнэ ялангуяа хүнсний өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, ядуурал зэрэг нь нийгмийн сэтгэл зүйд хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байна. 
Манай улсын насанд хүрсэн хүн амын ихэнх нь энэ мэтээр инээд баяр хөөр хангалтгүйгээс аз жаргалын дааврын дутагдалтай, эсрэгээрээ стрессийн дааврын илүүдэлтэй байна. Судалгаанаас харахад хувь хүмүүсийн инээх нь эдүгээ өдөрт нэг минут ч хүрэхгүй болж. Дэлхий даяар чиг хандлага ижил байна. Ийнхүү насанд хүрэгчдийн сэтгэцийн эрүүл мэнд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байгааг эмч мэргэжилтнүүдийн судалгааны дараах тоо баримт харуулна. Тухайлбал, нийт хүн амын хоёр хувь буюу 6800 гаруй хүн сэтгэцийн эмгэгтэй, 18-65 насны хүмүүсийн 10-20 хувь нь архаг мэдрэлийн ядаргаатай, өсвөр залуу үеийн 10-20 хувь нь сэтгэл түгших эмгэгтэй, хорт зуршлын хэрэглээтэй, сэтгэл хөдлөлөө хянах байдал дутмаг зэрэг сэтгэл зүй, зан үйлийн асуудалтай. (Ж.Цолмон,Ph.D, 2023), мөн найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй (Г.Анхболд, 2024), 25 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай (Алтанзул, 2024), насанд хүрэгчдийн  өвчлөлийн 70-80 хувь нь сэтгэцийн шалтгаантай (Эрдэнэбаатар, Докторант, 2025) байна.
Энэ мэтээр инээд баясал муутай, сэтгэл санаа гундуу явдаг хүмүүс “Инээд эмчилгээний өрөө”-гөөр үйлчлүүлж, “Инээх клуб”-т хамрагдаж инээх дасгалаар бусадтай хамт тогтмол хичээллэвэл цааш амьдрах сэтгэл ханамж нь нэмэгдэж, тулгарч буй  бэрхшээлийг юу ч байсан даваад гарахын төлөө зүтгэх хэрэгтэй болохыг мэдэрч, бэрхшээл бол юу ч биш гэдгийг ойлгож, "Би нийгмийн нэг гишүүн хэвээр юм байна" гэсэн сэтгэгдэл төрснөөр дархлаа нь сэргэж, эрүүлжиж, амьдралын чанар нь сайжирч, нас уртсах нөхцөл бүрддэг учиртай.
Хүн зөвхөн өвдсөн үедээ төдийгүй эрүүлдээ ч сэтгэцдээ анхаарал хандуулж, стресс архаг үе шатад шилжихээс сэргийлж, ажил амралтын тэнцвэрээ хадгалж байвал зохино.
Инээд  эмчилгээ (gelos therapi) буюу хошин шог эмчилгээ  (humor therapi) гэдэг нь инээд хэмээх энэхүү үнэгүй мөртлөө гайхамшигтай эмийг эмчилгээний зориулалтаар ашиглах тухай ойлголт юм. Ердийн инээдийг бодвол эмчилгээний зориулалттай инээд нь баг хамт олон болон хэсэг бүлэг хүмүүсийн дунд инээдийг зориудаар өдөөж, чин сэтгэлээс гарч, удаан хугацаагаар үргэлжилдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, инээд эмчилгээ гэдгийг товчхондоо инээх шаардлага гараагүй ч гэсэн зориудаар өдөөж инээх үйл ажиллагаа гэж ойлгож болно.
Эдүгээ инээд эмчилгээ дэлхийн улс орнуудад доорх гурван чиглэлээр практикт нэвтэрч байна. Үүнд:
1.Урьдчилан сэргийлэх буюу эрүүлжүүлэх чиглэл,
2.Эдгэрэлтийг түргэсгэх буюу нэмэлт эмчилгээний чиглэл,
3.Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ­ний чиглэлээр тус тус хэрэглэгдэж байна.
Бид урьдчилан сэргийлэх  буюу эрүүлжүүлэх чиглэлийн инээдийг эх орондоо нэвтрүүлж нутагшуулах талаар авч үзэж байгаа  болно.
Инээдийн эрүүлжүүлэх нөлөөг химийн хувьд инээд хөөрийн үед үүсдэг “аз жаргалын даавар” гэж нэрлэгддэг эндорфин (Endorphins) нь хүний дархлааны, амьсгалын, зүрх судасны, хоол боловсруулах системд хүчтэй нөлөө үзүүлдэгтэй холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, инээж баясах үед өвдөлт намдаах, тайвшруулах хүчтэй үйлчилгээ бүхий бодис ялгарч цусанд орсноор биед физиолог-биохимийн олон олон таатай процессууд явагддаг байна.
Инээд эмчилгээ нь эрүүл хүмүүст элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжихэд нь туслах, өвчтэй хүмүүст сэтгэл санааг нь сэргээн засах, эдгэрэлтийг нь түргэсгэх, өвдөлтийг нь намдаах, тайвшруулах, мартуулах зорилгоор инээд, хошин шогийг ашиглахад суурилсан сэтгэл заслын нэг төрөл юм.
Гэтэл дээр дурдсан олон шалтгааны улмаас  нийгэмд  стресс бухимдал нэмэгдсээр,   тэдгээрт бохирлогдсон оюун сэтгэцийг цэвэрлэх үндсэн “зэвсэг” болох инээд  маань багассаар байгааг дээр дурдсан. Ийм бэрхшээл бусад улс оронд  ч нэгэн адил учирсаар байдаг аж. Энэ асуудлыг шийдэхийн тулд Энэтхэг улсын эмч доктор Мадан Катариа 1995 онд “Инээх иог-Laughter Yoga” гэдгийг санаачилж, түүнийг практикт нэвтрүүлэн, түгээн дэлгэрүүлсэн. Энэ нь инээдийг иогийн элементүүдээр өдөөж  хийх дасгал юм.
Тэрбээр инээх нь сэтгэл зүй, оюун санааны олон эмгэг байдлаас урьдчилан сэргийлэх, эрүүлжихэд эмийн эмчилгээнээс дутуугүй үр дүнтэй тул “Шаардлага гарахгүй ч гэсэн зориудаар инээж байх хэрэгтэй” гэдэг санаа дэвшүүлж, энэ зорилгоор “Инээх клуб” байгуулж ажиллуулсан анхдагч хүн юм. Түүний байгуулсан клуб нь гайхалтай үр дүнд хүрч, улмаар  хөдөлмөр зүтгэлийн үр дүнд Энэтхэгт эдүгээ 500 гаруй “Инээх клуб” үйл ажиллагаа явуулж байна. 
Илүү их инээж л байвал аз жаргалын дааврын нийлэгжилт идэвхжиж, үр дүнд нь стресс дарангуйлагдаж,  сэтгэл санаа амран, уужуу тайван, аз жаргалтай болж, амьдралын сайн сайхныг мэдрэх болно. Сэтгэлээ элдэв муу муухайгаас цэвэрлэхийг хүсэж л байгаа бол инээдийг эрхэмлээрэй.

Н.Бямбаа, Ч.Үржмаа
/Инээх иог санаачлагч, ахмад эмч/
Үргэлжлэл бий

Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 45 минутын өмнө
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2 цагийн өмнө
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2 цагийн өмнө
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2 цагийн өмнө
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 3 цагийн өмнө
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 3 цагийн өмнө
Б.Жигмэддорж: Монголын авто, мото спортын хөгжлийг олон улсад харуулах… 3 цагийн өмнө
​ Нийгэмд инээд ус, агаар шиг хэрэгтэй 3 цагийн өмнө
Алганд ассан авлига 3 цагийн өмнө
Бүсийн зөвлөгөөний өгөөж 3 цагийн өмнө
“Шинэ цагийн хуучин хүү” /Рemейk/ 3 цагийн өмнө
Кашмир цөмийн гүрнүүдийг хагаралдууллаа 3 цагийн өмнө
Трампын 100 хоногийг дүгнэлээ 3 цагийн өмнө
Шинэ папыг шийдвэрлэх сорилтууд угтана 3 цагийн өмнө
Ялалтын баяраар ОХУ гал зогсооно 4 цагийн өмнө
Эх оронгүй эх оронч 4 цагийн өмнө
Нийслэлийн МАН хоёр дахь зууны түүхээ бичиж эхэллээ 4 цагийн өмнө
Өнгө зассан хүүхдийн парк үүдээ нээнэ 4 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 4 цагийн өмнө