Эх оронгүй эх оронч

unen
4 цагийн өмнө

Дуурийн урлагийг Федор Шаляпингүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүнийг Европ, Америкт хүндлэн, Хятад, Японд сонсдог байлаа. Тэр бол Оросын дуурийн дэг сургуулийн хамгийн тод төлөөлөгч, үндэсний од.  Хамгийн гол нь сэтгэл хөдөлгөм үйлдлээрээ тайзнаа шинэ дэг тогтоосон. Түүний “Дубинушка” дууны хувилбар нь үндэсний хэмжээний хит болж, өнөөдрийг хүртэл дурсагддаг.  “1873 онд тариачны гэр бүлд төрсөн” гэж  Федор Шаляпины  намтар эхэлдэг. 

Гэхдээ эл нийтлэг хэллэг бодит байдалтай нийцдэггүй. Шаляпины гэр бүл зөвхөн цаасан дээр тариачин гэгддэг ч тариан талбайгаас хол хөндий Казань хотын оршин суугчид байв. Алдарт дуучин туулсан бодит үнэнээ “Миний амьдралын хуудас” номдоо илэн далангүй, нууцгүй бичсэн. Уг номыг найз Максим Горький нь редакторложээ. Аав нь архи ууж, ээжийг нь үргэлж зодож, хүүхдүүддээ балмад загнана. Архинд донтох хүртлээ эцэг нь хотын захиргаанд бичээчээр ажилладаг, боловсролтой нэгэн байв. Хүүдээ ч бичиг заажээ. Ядуу орчин Федор хүүд тэнүүлчин болох, сүмийн найрал дуунд дуулж өл залгуулах гэсэн хоёр сонголт үлджээ. Ийнхүү тэрбээр 12 наснаасаа сүмд дуулав.

 

Хэрмэл дуучны өнгөлөг амьдрал 

Казань хот, зуны дулаанхан үдэш. Панаевскийн цэцэрлэгт хүрээлэнгийн задгай тайзнаа “Сэргийлэгч Рожер ба тэнэмлүүд” сонирхогчдын жүжгийг тавьж байлаа. Ногоон дүрэмт хувцастай өндөр залууг хөшигний араас хэн нэгэн түлхэн гаргав. Нүүрээ будсан ч ер бусын цонхигор царайг нууж чадаагүй аж. Тайз, танхим анир чимээгүй болж бүгд залууг ширтэнэ.  Залуу үхсэн мэт хөдөлгөөнгүй гацаж орхив. Тэсгэл алдсан найруулагч түүнийг тайзнаас чирж буулгаад, хатуу сануулга өглөө. Энэ бол 15 настай Федор Шаляпины анхны гараа байв. Бүтэлгүйтэлдээ гутарсан хүү хоёр өдрийн турш найзынхаа амбаарт нуугдаж, олноос ичжээ. Ингээд ажил тасалсан хэмээн театрын зөвлөлөөс хөөв. 

Анхны тоглолтоосоо гутамшигтайгаар хөөгдсөн ч жүжигчдийн дуу хоолойг даган дуурайж, театрт харсан үзсэнээ өдөр бүр давтдаг байлаа.  Шаляпины жинхэнэ урлагийн замнал 1890 онд Семён Семёнов-Самарскийн удирдлаган дор оперетта хамтлагийн найрал дууны бүрэлдэхүүнд орсноор эхлэв. Хоёр нас нэмж, 17-той хэмээгээд цалингүй ажиллахаар тохиролцжээ. Энэ үйлдэлд гайхсан хамтлагийн ахлагч  хүүг Уфад урив. Уфа хотод ирээд явуулын уран бүтээлчидтэй танилцан, өөр өөр хот тосгоноор аялан тоглохын сайхныг мэдэрчээ. Украины найрал дуучдын явуулын багт нэгдэж Оросын өмнөд хотуудаар аялахаар боллоо. 

Хожим намтартаа “Тэр өдрөөс миний өнгөлөг, баялаг, тэнэмэл дуучны  амьдрал эхэлсэн. Надад жижиг дүр өгч, би хүсэл тэмүүллээр жигүүрлэсэн” хэмээн тэмдэглэжээ. Хэрмэл уран бүтээлчдийн амьдрал дардан биш. Зочид буудлаасаа зугтах, гудамжинд дуулах, өлсөж ядрах тэдний хувьд жирийн үзэгдэл. Гэхдээ Шаляпин бусдаасаа азтай нэгэн. Гүржийн Тибилис хотод эзэн хааны театрын дуучин Дмитрий Усатовтай танилцсанаар явуулын амьдралдаа цэг тавьжээ. Сонгодог урлагийн дэгт суралцах нь амаргүй. Дмитрий Усатов алдартай дуучин, чанга хатуу багш байлаа.  

Шавь нараа алдах төдийд модон саваагаар шавхуурдана. Тибилис хотод үдсэн нэг жилдээ дуурийн олны хэсэгт оролцон тоглож, туршлага хуримтлуулжээ. Ингээд нийслэл Петербургийг зорьж эзэн хааны театрт элсэв. “Фауст” дуурийн Мефистофелийн дүрийг бүтээсэн ч шүүмжлэгчдээс тааруухан үнэлгээ авч, дахиад л сэтгэлээр унажээ. Найруулагчаас эхлээд мужаан хүртэл сургамж хайрлав. Театрын хатуу дэг журам, хүнд суртал  эрх чөлөөнд дуртай, бардам Шаляпиныг эгдүүцүүлж, эзэн хааны театрын дуучин гэсэн нэр хүнддээ урам хугарчээ. Үүний зэрэгцээ залуу хархүү нийслэлийн хэмнэлд дасаж, ресторан, загварлаг салоноор зочилж, олон хүнтэй танилцав. 

Тэр дундаас зохиолч Максим Горькийтэй дотно нөхөрлөжээ. Тэд жинхнээсээ хүүхэд шиг авирлан олны дунд бие биенээ шоглон хөөцөлдөн гүйцгээж байсан нь гэрэл зурагт мөнхөрсөн. Горький,Шаляпин хоёр хаа нэгтээ цуг ирэх юм бол бөөн дуулиан шуугиан  болно. Цагийг эзэлсэн уран бүтээлчдийн андын харилцаа улс төрийн өөр өөр үзэл баримтлалаас  үл хамааран 30 жил үргэлжилж, суутнуудын сайхан нөхөрлөлийн түүх болон үлджээ.

 

Толгой эргэм амжилт 


Шаляпин тэр үед Москвагийн чинээлэг худалдаачин, урлагийн ивээн тэтгэгч Савва Мамонтовтой уулзсанаар толгой эргэм  карьераа эхлүүлсэн. Удалгүй Римский-Корсаковын “Псковын шивэгчин” дуурьт Харгис Иваны дүр бүтээснээр залуу дуучин Москва даяар алдаршив. Шүтэн бишрэгчидтэй ч болж, зөвхөн Шаляпиныг сонсохоор театрт ирэх үзэгчид нэмэгдэж байлаа. Урамшсан дуучин шинэ дүрд шунахаас илүү тайзыг шинэчлэхээр тэмцэв. Түүний амжилтыг янз бүрээр тайлбарласан байдаг.

 Гэхдээ Шаляпин хэмээх тод үзэгдлийг хамгийн ойроос харж мэдэрсэн эрхэм бол Константин Станиславский. Тэрбээр “Шаляпин бол дуу, хөгжим, театр гэсэн гурван том урлагийг тайзнаа хэрхэн хослуулж чаддагийн гайхалтай жишээ” гэж бичжээ. Алдарт хүрснийхээ дараа Шаляпин эзэн хааны театрт буцаж ирсэн ч огт өөр статустай байв. Их театрын тоглолтуудаа өндөрлөөд, Мариинскийн театрын гол дүрээр тодорчээ. Театрын шинэ удирдаач, хөгжмийн зохиолч Сергей Рахманиновтой хамтран хэд хэдэн дуурийг үзэгчдийн хүртээл болгов. 

Бүтээлч нөхөрлөл хоёр агуу уран бүтээлчийг насан туршид нь нэгтгэсэн. Рахманинов дуучинд зориулж  “Хувь тавилан” (Алексей Апухтины шүлэг), “Чи түүнийг мэддэг байсан” (Фёдор Тютчевийн шүлэг) зэрэг романсыг бичжээ.  Европын хамгийн алдартай тайз  Миланы “Ла Скала”-д “Мефистофелес” дуурийн гол дүрийн урилгыг 1901 онд хүлээн авчээ. Федор эргэлзэж байсан ч үзээд алдахаар шийдэв. Энэ бол түүний хилийн чинадад бүтээсэн анхны дүр.  Итали дахь дебют гайхалтай болж 28 настай дуучны өмнө Европын тайзууд хөшгөө нээлээ.  Ээлжит урилга Монте-Карлогоос ирэв. 

Итали, францаар дуурийг төрөлх хэлээрээ мэт төгс дуулж үзэгчдийг гайхшруулжээ. Эдгээр жилд Ром, Парис, Берлин, Нью-Йорк, Лондон хотод урилгаар тоглов. Дуулалт, гайхалтай жүжиглэлт, дүрдээ хувирах чадвараар бусдаас хол илүү. Сүмийн найралд сурсан өвөрмөц өнгө аястай дуулалтаараа тэр Европын дэг сургуультай дуучдаас ялгарч байлаа.  Дэлхийн нэгдүгээр дайны гал Шаляпины тоглолтуудыг зогсоосон ч нэр хүндийг нь унтраасангүй. Дуучин хувийн зардлаар шархадсан цэргүүдэд зориулж хоёр эмнэлэг нээж, буяны ажилд их хэмжээний мөнгө хандивлав. 

1915 онд “Харгис Иван” түүхэн киноны гол дүрийг бүтээжээ. Шаляпины хайр дурлалын тухай домог мэт яриаг одоо ч ам дамжин хэлэлцдэг. Тэр хоёр удаа гэрлэсэн. Анхны эхнэр нь Италийн балетын бүжигчин Иола Торнаги. Тэд  Мамонтовын эдлэнд танилцсан бөгөөд 1898 оны зун тосгоны сүмд хуримлав. Тайзаа орхисон Иола зургаан хүүхэд төрүүлжээ. Өвчтэй ээжийгээ асрахаар Итали руу явсан хойгуур Федор өөр эмэгтэйд сэтгэл алдарчээ. Шар айрагны үйлдвэрийн эзний бэлэвсэн эхнэр Мария Петцольдод ухаангүй дурлав. Тэр бүсгүй Казаниас гаралтай байсан нь танилцах шалтгаан болсон гэдэг. Москвагийн баян эзэгтэйтэй амьдрахаар явсан нөхрийнхөө үнэнч бус занг хууль ёсны эхнэр нь хүлээн зөвшөөрчээ.  Иола хов живээс зугтан Белокаменная хотод суурьшив. 

Хоёр талд амьдрахаас залхсан Шаляпин 1927 онд гэр бүлээ цуцлуулж Мариятай сүй тавьжээ. Иола тавилан нийлээгүй нөхөртөө хэзээ ч гомдож, үзэн ядаагүй. Харин насан туршдаа хүндлэн, уран бүтээлчийн хувиар биширчээ. Тэрбээр 1960 онд төрөлх Итали улсаа зорихоос өмнө ЗХУ-ын Соёлын сайдад хандан Шаляпины гэр музей байгуулах хүсэлт гаргажээ. Улмаар гэр музейг Ленинград хотод 1975 онд нээсэн юм.

 

Эрин үеийн дуу хоолой 

ЗХУ-ын үед Шаляпин  эсэргүү нэр зүүсэн. Горький “Найз минь хаант засаглалын үед шударга ёсны төлөөх ард түмний тэмцэлд идэвхтэй оролцсон” хэмээн ярьдаг. Гэхдээ Октябрийн хувьсгалын дараа ихэнх сэхээтний адил социалистуудад эргэлзжээ.  “Би ард түмэндээ хайртай, эдийн засгийн дарамтыг тэмчиж  чаддаггүй байсан. Харин нууц бүлгэмийн ажилд нэг ч удаа оролцож байгаагүй” гэж “Миний амьдралын хуудас” номдоо өгүүлжээ. 

Хувьсгалчид түүнийг ардын дунд хит болсон  “Дубинушка” дуугаа нийтийн цуглаанд дээр дуулахыг шаардав. Удалгүй Шаляпин хувийн машин, хадгаламжаа хураалгаж, цэргүүд шөнөөр ирж нэгжлэг хийн үнэт эдлэл, цуглуулгыг нь аваад явав. Танилууд нь баривчлагдаж, зарим нь гадаад руу дүрвэж эхлэв. Найз Рахманинов, Куприн, Бунин нар аль хэдийнэ цагаачилжээ. Нэг л өглөө эх орон нь Шаляпинд огт танил бус улс мэт санагдав. Театрууд ихэмсэг төрхөө алджээ. Үзэгчид, тайз, урын сан ч өөрчлөгдсөнийг анзаарав. Шинэ тогтолцоонд  дасахыг  хичээж, пролетариатын удирдагч Владимир Ленин, Ардын комиссар Леон Троцкий, Анатолий Луначарский нарын дэмжлэгийг хүртжээ.  Зөвлөлт Засгийн газар түүнийг Бүгд найрамдах улсын анхны Ардын жүжигчин хэмээн зарлаж,  Мариинскийн театрын уран сайхны удирдагчаар томиллоо.  

Энэ тухай “Эрх чөлөөг алдаршуулсан уриа лоозон хаа сайгүй өлгөөтэй. Одооноос эхлэн бүх зүйл тэднийх гэж ард түмэнд мэдэгдэж байсан ч энэ эрх чөлөөт улсын иргэд язгууртнуудын дарсны зоорийг эвдэж эхлэв. Гудамжинд эцэс төгсгөлгүй үймээн самуун, бэлэн мөнгөний хураамжийг хүнсний бүтээгдэхүүнээр солих, шинэ эрх баригчдын ар араасаа дагаж мөрдсөн соёлын бодлоготой холбоотой утгагүй тогтоолууд гарч байлаа. Эцэст нь би аль болох хурдан зугтахыг хүссэн” гэж намтартаа бичжээ. 

Хүсэн хүлээсэн өдөр ирэв. Оросын уран бүтээлчид гадаад аялан тоглолтоо сэргээх боломж тохиолоо. Буцаж ирэх амлалт өгч, гадаадад аялахад шаардлагатай бүх зөвшөөрлийг авсан Федор Шаляпин 1922 онд  эх орноо үүрд орхижээ.  Гэр бүл,  хүүхдүүд нь ЗСБНХУ-д үлдэв. Алдарт дуучныг Европын театрууд алгаа тосон угтаж, аялан тоглох гэрээнүүд ар араасаа хөврөв. АНУ, Европ, Азийн орнуудаар дуулж, алдар суугаа хадаажээ. Халаас хоосон Парист ирсэн дуучин эр хэдхэн жилийн дотор хөрөнгө чинээтэй болов. Зөвлөлтийн Засгийн газар итгэл алдсан Федор Шаляпины нэрийг улсынхаа соёлын түүхээс арчиж эхлэв.

 Түүнийг 1927 онд цагаантнуудыг ивээн тэтгэсэн гэж буруутган Ардын жүжигчин цолыг нь хураажээ. Үнэндээ Шаляпин Европт цагаачилсан оросуудын санд мөнгө хандивласан юм.  Өвчнөөр нас барах хүртлээ Федор давтагдашгүй басс хоолойгоор сонсогчдоо баярлуулсан. Дэлхийн дуурийн хаан 1938 оны  дөрөвдүгээр сарын 12-нд Парист таалал төгссөн  тухай гашуудлын мэдээ Европ даяар түгэв. Федор Шаляпин бол эрин зууны дуу хоолой.  Түүний цаг үе тайван байсангүй.

Хэрвээ эх орондоо үлдсэн бол Максим Горький шиг Зөвлөлт Засгийн ивээл хүртэж, социализмын бэлгэ тэмдэг болох байсан биз ээ. Эцсийн дүндээ эрх чөлөөнд тэмүүлсэн хүсэл нь Шаляпиныг сонгодог урлагийн ноён оргилуудын нэг,  суутнуудын эгнээнд багтаасан.  Насныхаа эцэст “Урлагт байдаг шиг хоёр үнэн хүний амьдралд байдаггүй. Ганцхан үнэн бий. Тэр үнэнийг хэн эзэмшихийг та шийдэж чадахгүй” хэмээжээ. Түүний дуу хоолой одоо ч  дэлхий даяар цуурайтсаар.  XX зууны хоёрдугаар хагаст ЗХУ-ын эрх баригчид агуу дуучны пянзыг хэвлэн түгээх зэргээр соёлын цензурээ зөөллөв. Төрсөн нутаг Казань хотод 1982 онд суут дуучны нэрэмжит дуурийн наадам зохион байгуулж, 1991 онд олон улсын статустай болгожээ.  Түүний чандрыг  1984 онд төрөлх Орос оронд нь авчирч Новодевичий оршуулгын газарт дахин нутаглуулсан байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 1 цагийн өмнө
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2 цагийн өмнө
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 3 цагийн өмнө
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 3 цагийн өмнө
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 3 цагийн өмнө
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 3 цагийн өмнө
Б.Жигмэддорж: Монголын авто, мото спортын хөгжлийг олон улсад харуулах… 3 цагийн өмнө
​ Нийгэмд инээд ус, агаар шиг хэрэгтэй 4 цагийн өмнө
Алганд ассан авлига 4 цагийн өмнө
Бүсийн зөвлөгөөний өгөөж 4 цагийн өмнө
“Шинэ цагийн хуучин хүү” /Рemейk/ 4 цагийн өмнө
Кашмир цөмийн гүрнүүдийг хагаралдууллаа 4 цагийн өмнө
Трампын 100 хоногийг дүгнэлээ 4 цагийн өмнө
Шинэ папыг шийдвэрлэх сорилтууд угтана 4 цагийн өмнө
Ялалтын баяраар ОХУ гал зогсооно 4 цагийн өмнө
Эх оронгүй эх оронч 4 цагийн өмнө
Нийслэлийн МАН хоёр дахь зууны түүхээ бичиж эхэллээ 5 цагийн өмнө
Өнгө зассан хүүхдийн парк үүдээ нээнэ 5 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 5 цагийн өмнө