А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр нь болмоор байна

unen
5 цагийн өмнө


Тайз руу тусах олон гэрэл, гэрэл зурагчдын цаг минуттай уралдах орон зай, нүргэлэх их чимээн дунд нүдээ анин чимээлж байгааг нь харахад бясалгаж буй мэт. Хүний хөлөөс зайдуухан зогсохдоо алгаа хавсрах бөгөөд  ажвал залбирч байгаа бололтой нэгэн залуу зогсох нь А.Мянганбаяр юм. Монгол Улсад зохион байгуулсан сонсголын ялгаатай иргэдийн мисс, мистерийн тэмцээнд оролцон тэргүүн байрт шалгарсан нь түүнд өөрийгөө шинээр нээх боломжийг өгчээ. Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулсан “Miss & Mister Supreme Deaf international -2024” тэмцээнд оролцохоор болсон нь хилийн дээс алхсан анхны тохиолдол нь. Хязгаарлагдмал орон зайд байсан мэт түүний дотоод ертөнцөд шинэ өнгө тодорч, бусдын адил тайзан дээр гялтганан зогсох хүслээ даган гурван сарын хугацаанд шаггүй бэлдсэн нь үр дүнгээ өгч. А.Мянганбаяр олон улсын тэмцээндээ амжилттай оролцож гуравдугаар байрт шалгарсан. Хамгийн гол нь улс орнуудаас зорин ирсэн оролцогчдоор нөхөрлөлийн хүрээгээ тэлсэн байна. Одоо тэр өмнөө тавьсан зорилгынхоо төлөө тууштай ажиллаж, хичээж байгаа бөгөөд энэ цаг үеийн бодлоос нь хуваалцсанаа хүргэе. 

-Сонсголын ялгаатай иргэдийн мисс, мистерийн тэмцээнд оролцохоор зориг гаргасан үеэс тань эхлэн ярилцъя?
-Тэмцээнд оролцох шийдвэр гаргах надад амархан байгаагүй.  Яагаад гэвэл, тухайн үед би одоогийнх шиг нээлттэй байсангүй. Гэр бүл, найз нөхөд гэсэн тодорхой хүрээлэлдээ амьдардаг. Сургууль, гэр, ажил гэсэн давтамжаар явж ирсэн. Харин “Монголын сонсголын бэрхшээлтэй мистер, миссүүдийн холбоо” ТББ, “Сэтгэлийн дэм” сангаас зохион байгуулдаг тэмцээнд оролцсоноор өөрийгөө шинээр нээж чадсан. Тайзан дээр гарна гэж төсөөлж ч байгаагүй мөртлөө хүмүүсийн өмнө гарч, үзэл бодлоо илэрхийлсэн нь миний амьдралд гэнэтийн үйл явдал болсон. Гэхдээ мэдээж сайн талаараа. 
-Тэр тэмцээний дараа танд юу гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-Өөртөө итгэх итгэл нэмэгдсэн. Бас надад итгэж байгаа гэр бүлийнхнээ хараад урам зориг орох шиг болсноо санаж байна. Энэ итгэлээрээ тэжээгдэн Тайланд улсад хөл тавьж өөр соёл, өөр зан заншлыг бүрэн утгаар нь мэдрэх боломж надад олдсон юм. Олны танил болсон мэт санагдаж өөрийн эрхгүй гадаад үзэмж, харагдах байдалдаа анхаарал хандуулж эхэлдэг юм билээ. 
-Та их нуруулаг юм. Олон улсын тэмцээнд оролцохдоо авч явсан хувцаснуудаа голдуу захиалгаар оёулсан байх?
-Тийм шүү. Би аавыгаа дуурайгаад өндөр талдаа. Яг эрэгтэй загвар өмсөгчид шиг /инээв/. “Санаанд багтвал заяанд ч багтана” гэдэг. Өөрийгөө модель болсон мэтээр төсөөлж гурван сарын хугацааг олон улсын тэмцээнд амжилттай оролцоход бэлдсэн. Загварлаг хэрнээ сонин содон хувцасны загвараар захиалга өгч алхаа гишгээнээс авахуулаад багагүй зүйлийг чадлаараа зассан. Энэ хугацаанд гэр бүлийнхэн маань түшиг тулгуур болж байсан ч яг тэмцээний бэлтгэлд ихэвчлэн ганцаараа гүйсэн дээ.
-Үндэсний дээл хувцсаараа гангараад зогсохгүй монгол бүжиг бэлдэн Тайландыг зорьсон нь гэрэл зурагт буусныг харсан. Хэн гэдэг багшаар бүжгээ заалгасан бэ?
-Youtube миний багш. Хэдэн сарын хугацаанд тогтсон нэг бичлэгийг олон удаагийн давтамжтайгаар үзэж түүнийгээ дуурайн бүжиглэсэн. Нарийн дэг жаягийг нь мэдэхгүй ч чадах чинээгээрээ хичээсэн. Тайзан дээр гарахдаа багагүй сандарч байсан ч “Ээж миний дэргэд, намайг дэмжиж байгаа шүү” гэж бодсон учраас зоригтой байсан. Тайзан дээр гарахаасаа өмнө ээжээсээ “Хүүгээ энэ тэмцээнд амжилттай оролцоход туслаач” гэж дотроо гуйсан. Түүнийг ээж маань сонссон учраас би Тайланд улсад болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрт шалгарсан гэж боддог. 
-Олон улсын тэмцээн хэл соёлоос эхлээд ондооших зүйл олон. Тэр болгон танд нэг талаараа туршлага хуримтлуулах боломж өгсөн гэж бодож байна?
-Олон улсын дохионы хэл гадарладаг байсан нь тухайн үед маш их нэмэр болсон. Хүнээр заалгаагүй ч интернэтээс,  инстаграмаас хүмүүсийн олон улсын дохионы хэлээр харилцаж байгааг хардаг. Тайландад тэр туршлагадаа үндэслэн өөрийн хэмжээнд оролдлого хийсэн нь үр дүнгээ өгсөн. Жаахан хичээвэл чадах юм байна гэсэн итгэлийг төрүүлсэн. Одоо би тэмцээний үеэр танилцсан найзуудтайгаа олон улсын дохионы хэлээр харилцдаг. Тэднээс олон зүйлийн талаар суралцаж байна. Соёл, зан заншлын хувьд ялгаатай зүйл олон байсан. Сонирхол татсан зүйлтэй ч цөөнгүй удаа таарсан. Миний хувьд энэ ертөнцийг харах өнцөг өөрчлөгдсөн тийм л үйл явдал болсон доо.
-Илүү нээлттэй болж бас суралцах зүйл олон байгааг ажигласан уу?
-Олон улс орноор аялах хүсэл төрүүлсэн. Аяллаас хүн дандаа суралцаж байдаг юм байна гэсэн бодлыг төрүүлсэн. Тайланд улсаас би олон зүйлийг мэдэж авсан. Тэдгээрээс хамгийн их сэтгэгдэл  үлдээсэн нь зах хязгааргүй далай байв. Монгол далайц гарцгүй, ер нь их уснаас эмээх гээд байдаг. Миний хувьд тэнд очоод анх удаа далай харсан. Тухайн үеийн мэдрэмжээ гэр бүлийнхэндээ ч мэдрүүлэх юмсан, өөрийнхөө харж байгааг найзууддаа үзүүлэх  юмсан гэсэн бодол толгойноос салаагүй. Тэмцээнд оролцсоноор илүү томоор мөрөөдөх болсон. 
-Мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?
-Дэлхийн улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр нь болмоор байна. Мэдээж тэгж явахад зардал мөнгө хэрэгтэй. Тиймээс хуримтлалын талаар бодож эхэлсэн. Зоригловол бүтэхгүй зүйл гэж үгүй. Хамгийн гол нь өөрөө л хичээвэл чадах байх гэсэн итгэлтэй байна.
-Бусдын төлөө их бодох юм. Ирээдүйд хийхээр зорьж байгаа зүйлсэд тань хэн нэгэнд туслах тухай бодол байгаа гэдэгт эргэлзэхгүй байна?
-21 настай би олон улсын сонсголын бэрхшээлтэй мисс, мистерийн тэмцээнд оролцоод олон боломж байгааг ойлгосон. Яг үүнийг би над шиг сонсголын ялгаатай найзууддаа ойлгуулмаар, мэдрүүлмээр байна. Тэмцээнд оролцохоос өмнө надад тийм ч олон найз нөхөд байгаагүй. Харин тэмцээнд оролцсоноор танилын хүрээгээ тэлсэн. Монголд ирээд удаагүй найзын хүсэлт олныг хүлээн авч урам өгсөн мэндчилгээнүүд ирсэн. Миний анх оролцсон шиг тэмцээн нэг сарын дараа Монголд болно. Тэр тэмцээнд оролцохоор зорьж байгаа найзууд байвал би мэдсэн сурснаа зааж зөвлөхөд бэлэн байна.
-Хэрвээ танд олон улсын тэмцээнд авьяас чадвараа сорих боломж гарвал та оролцох уу?
-Аль хэдийнэ бэлдээд эхэлсэн /инээв/. Алхаа гишгээгээ засаж, харагдах байдалдаа анхаарал хандуулж байна. Би KFC-д гурав дахь жилдээ ажиллаж байна. Ажлынхаа хажуугаар өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргадаг болсон нь миний хувьд нэг алхам урагшилсан хэрэг. Ирээдүй ямар байхыг хэн ч мэдэхгүй. Тиймээс одоо цагтаа төвлөрч өөрийгөө хөгжүүлэхэд илүү цаг зарцуулна гэж бодож байна даа. 


 Б.Сэлэнгэ

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 3 цагийн өмнө
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 5 цагийн өмнө
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 5 цагийн өмнө
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 5 цагийн өмнө
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 6 цагийн өмнө
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 6 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 6 цагийн өмнө
Б.Жигмэддорж: Монголын авто, мото спортын хөгжлийг олон улсад харуулах… 6 цагийн өмнө
​ Нийгэмд инээд ус, агаар шиг хэрэгтэй 6 цагийн өмнө
Алганд ассан авлига 6 цагийн өмнө
Бүсийн зөвлөгөөний өгөөж 6 цагийн өмнө
“Шинэ цагийн хуучин хүү” /Рemейk/ 6 цагийн өмнө
Кашмир цөмийн гүрнүүдийг хагаралдууллаа 6 цагийн өмнө
Трампын 100 хоногийг дүгнэлээ 6 цагийн өмнө
Шинэ папыг шийдвэрлэх сорилтууд угтана 6 цагийн өмнө
Ялалтын баяраар ОХУ гал зогсооно 7 цагийн өмнө
Эх оронгүй эх оронч 7 цагийн өмнө
Нийслэлийн МАН хоёр дахь зууны түүхээ бичиж эхэллээ 7 цагийн өмнө
Өнгө зассан хүүхдийн парк үүдээ нээнэ 7 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 7 цагийн өмнө