Нийслэлийн МАН хоёр дахь зууны түүхээ бичиж эхэллээ

unen
5 цагийн өмнө

Одоогоос 100 жилийн өмнө 421 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан Нийслэлийн МАН-ын хороо өдгөө 70 гаруй мянган гишүүнтэй,  анхан шатны 700 гаруй үүр, хороотой, үндэсний хэмжээний  байгууллага болон өргөжжээ. 1925 онд МАН-ын Төв хорооны Бүгд хурлаар Хотын намын хороог байгуулж байхад  50 гаруйхан мянган хүн амтай, буйдхан жижиг суурин байсан бол өнөөдөр  Улаанбаатар хот 1.8 сая хүн амтай, орчин үеийн метрополитан хот болон хөгжиж байна. Хотын намын хороо 1925 оны дөрөвдүгээр сард Анхдугаар их хурлаа найман ханатай монгол гэрт хийж байсан бол 100 жилийн дараах энэ цагт Нийслэлийн МАН-ын хорооны 78 мянган гишүүний төлөөлөл болсон 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр  нийслэл хотынхоо төв талбай, Соёлын төв өргөөнд цуглан баярын хурлаа хийлээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар,  Хотын намын хорооны дарга асан Т.Билэгт, Ж.Ядамсүрэн, М.Энхболд, Ц.Сандуй нарын эрхмүүдээс гадна нийслэлийн есөн дүүргийн МАН-ын хорооны дарга нар, дэргэдэх төрийн бус байгууллагын удирдлага, гишүүд дэмжигчдийн төлөөлөл  жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд  хүндэтгэл үзүүлснээр баярын хурлаа эхлүүлсэн юм. 

 Нийслэлийн МАН-ын 100 жилийн ой бүтэн жилийн турш үргэлжлэх бөгөөд намын байгууллагын сигмент бүрд зориулсан арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж буй.  Энэ хүрээнд  Нийслэлийн МАН-ын хорооноос есөн дүүргийн 204 хорооны намын хорооны 20 багийн дунд “NEXT-100” парламентын мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулсан юм. 

Уг тэмцээнээр намын анхан шатны байгууллагын төлөөлөл “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” бодлогын баримт бичиг болон нийслэл Улаанбаатар хотоос хэрэгжүүлэх 24 мега төслийн хүрээнд мэдээлэл солилцож, мэтгэлцэх, илтгэх ур чадвараараа өрсөлдсөн бол  нийслэлийн есөн дүүргийн намын гишүүд, идэвхтэн сонгуультнуудын дунд “Бага олимп-2025” урлаг, спортын наадам гурван өдрийн турш болж, спортын найман төрөлд 260 багц медалийн төлөө 700 гаруй тамирчин  хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. 

Түүнчлэн  нийслэл болон дүүргийн МАН-ын хорооны үе, үеийн дарга нарын уулзалт, Нийслэлийн МАН-ын хороонд ажиллаж байсан үе үеийн ахмадуудын дурсамж уулзалтаас гадна Нийслэлийн МАН-ын нэрэмжит улсын аварга цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан зэргийг зохион байгууллаа. 

Ийнхүү Нийслэлийн МАН-ын хороо түүхт 100 жилийн ойгоо нийгмийн салбар, сигмент  бүрд хүргэж, олон түмэнтэйгээ хамтдаа тэмдэглэж байна.  Баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн МАН-ын хороо төдийгүй, Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан үе үеийн дарга, удирдлагууд болон нийслэлийн есөн дүүргийн намын байгууллагын дарга, гишүүд дэмжигчид хүрэлцэн ирсэн байлаа.  2024 онд болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд МАН  үнэмлэхүй ялалт байгуулсан бөгөөд нийслэл, дүүрэгт сонгогдсон төлөөлөгчид ч хүрэлцэн ирсэн юм.

 

Л.Оюун-Эрдэнэ: МАН-ын оюун санааны гол цөм нь Хотын намын хороо

 

100 жилийн ойн нэгдсэн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  МАН-ын даргын хувьд зочноор оролцон мэндчилгээ дэвшүүлээд шинэ зууны түүхээ илүү өнгөтэй, илүү өөдрөг бичихийг ерөөлөө. 

Тэрбээр “МАН өнгөрсөн жил шинэ зууныхаа анхны түүхэн сонгуульд амжилттай оролцсон. Бид 126 гишүүнтэй парламентын холимог тогтолцоогоор бүсчилж томсгосон тойргийн системээр анх удаа өрсөлдсөн. Цар тахалтай, ОХУ Украины дайнтай, дэлхийн эдийн засаг, геополитикийн нэн эгзэгтэй үед 70 гаруй улсад ардчилсан сонгууль болж өнгөрсөн. Энэ олон сонгуулиас МАН  онцгойрч,  манай нам ганцаараа 50-аас дээш хувийн суудал авсан. Энэ ялалтын гол үндэс нь нийслэлд болсон. МАН-ын шинэ зууны анхны түүхийг ялалтаар эхлүүлэх  үндсэн суурийг  Нийслэлийн  МАН-ын хороо авч гарсан.  Тийм ч учраас Нийслэлийн МАН-ын дарга, Хотын дарга Х.Нямбаатар болон  Нийслэлийн МАН-ын үе үеийн дарга нар, нийт журмын нөхөд та бүхэндээ дараа дараагийн ялалтыг буухиалахын ерөөлийг дэвшүүлье. Бид сонгуулийн ялалтыг,  ард түмний итгэлийг зүтгэлээр л хариулах үүрэгтэй. Тийм ч учраас нийслэлчүүдийн өмнө тулгамдсан утаа, түгжрэлийн асуудлыг  шийдэх, амьдралд ээлтэй, стандарт хот байх бүх боломжийг бид бүрдүүлэх ёстой. Нийслэл Улаанбаатарчуудын манай намд өгсөн энэ том итгэлийг амласан амлалт, ажлын гүйцэтгэл болоход бид бүх анхаарлаа хандуулж ажиллах ёстой. 

Амласнаа биелүүлдэг ур чадварын гүйцэтгэлтэй байх ёстой. Хэлсэн зүйлээ огт мартдаггүй санамжийн гүйцэтгэлтэй байх ёстой. Энэ бол МАН-ын төдийгүй Нийслэлийн МАН-ын эрхэм үүрэг бөгөөд хариуцлага байх ёстой. Сонгуульд намаараа нэгдэн ялалт авчихаад сонгуулийн дараа намаараа талцан гүйцэтгэлээ унагадаг байж  болохгүй. Бид намд өгсөн ард түмний саналыг миний ялалт гэж боддоггүй, ард түмнээсээ алсран холддоггүй, алсын зорилгоо ойрын бэрхшээл, гомдлоор сольдоггүй төвлөрсөн, хүчирхэг сэтгэлзүйтэй намын байгууллага байх ёстой. 

МАН үнэт зүйл,  зарчимдаа үнэнч,  гүйцэтгэлд тулгуурласан хүчирхэг намын байгууллага байх ёстой” хэмээн тодотгосон нь хүндэтгэлийн хуралдаа  хүрэлцэн ирсэн шат шатны дарга удирдлага төдийгүй  нийслэл, дүүргээс сонгогдон ажиллаж буй төлөөлөгчид, журмын нөхдөдөө намын даргын зүгээс өгсөн  ажил хэрэгч захиас даалгавар байлаа.

 Баярын хурлын үеэр Нийслэлийн МАН-ын хорооны 100 жилийн түүхт ойн хүрээнд намын байгууллагад өндөр гавьяа, зүтгэлтэй ажилласан  тэргүүний ажилтнуудад  төрийн шагнал  гардуулсан юм.  Үргэлжлүүлэн Нийслэлийн МАН-ын хорооны үе үеийн дарга нарыг төлөөлөн Улаанбаатар хотын  намын хорооны 30 дахь дарга М.Энхболд үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүлсэн бол түүхч, доктор Д.Өлзийбаатар Нийслэлийн МАН-ын  үүсэл хөгжил, улс орон төдийгүй МАН-ын түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлсэн юм.

 

Б.Цэндсүрэн: Нийслэлийн МАН-ын түүхийг бүтэн бичсэн нь мэдээллийн үнэтэй эх сурвалж

 

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойн хүрээн дэх бас нэг онцлог ажил нь 100 жилийн үйл явдлыг он цагийн дарааллаар бүлэг болгон үг хэллэгийн хувьд энгийн, ойлгомжтойгоор үндсэн түүх бичлэгийг голлож, гэрэл зураг, түүхэнд оролцогчдын дуртгал нэрийн хэлхээстэй хослуулсан гурван боть бүтээлийг  туурвисан явдал байлаа. Түүх бол "Өнгөрсөн үеийн баримтын цуглуулга" биш. Энэ түүхийг бүтээсэн эрхмүүдийн бахархам амжилт, нөр их хөдөлмөрөөр бүтээн босгосон нийслэл хотын түүх юм.

Энэ түүхийг зууны турш хэрхэн өрнөж алдаа оноо дундуур тасралтгүй үргэлжилсэн тухай баримтыг хүүрнэн өгүүлж номын хуудаснаа залжээ. Түүнээс гадна  нийслэлийн намын  байгууллагын бүх сонгуулийн үр дүнд гаргасан онцгой амжилт, ялагдалтай нь  НИТХ дахь намын бүлгийн гишүүдийг цаглавар бүхий түүхэн зурагтай оруулсан байна. Баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Нийслэлийн МАН 1925-2025”  боть номыг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болсон нь олон хүний сэтгэлд хүрсэн, түүхэнд хүндэтгэлтэй хандсан онцлог үйл явдал болсныг хурлын оролцогчид бахархан ярьж байлаа. 

Энэ үеэр Архивын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Цэндсүрэн  “Нийслэлийн намын байгууллагын 100 жилийн ойн хүрээнд гаргасан  боть номыг Үндэсний архивын сан хөмрөгт хадгалуулахаар өгч байгаа нь  нэгдүгээрт, нэр төрийн хэрэг. Хоёрдугаарт, хууль тогтоомжийн дагуу төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо хангагдаж чадаж байна. Гуравдугаарт, нэгэн зууны түүхийг эмхэтгээд биччихсэн нь дан ганц Нийслэлийн МАН-ын түүх биш, Монгол Улсын улс төр, эдийн засаг, соёл, нийгмийн хөгжлийн түүхийг бүтэн бичиж харуулсан түүхэн гарын авлага, баримт болж байна. Архивын ерөнхий газар иргэд олон нийтэд энэ түүхийг сурталчлахад мэдээллийн үнэтэй эх сурвалж болж чадна гэж харж байна”  гэлээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар  баярын хурлыг нээж, “Хөгжлийн зуун-Шинэ Улаанбаатар” сэдэвт улс төрийн илтгэлийг тавилаа. Тэрбээр нийслэлд ялалт байгуулан, мөрийн  хөтөлбөрөө дэвшүүлж буй намын хувьд  нийслэл, дүүрэгт сонгогдсон төлөөлөгчид  болон шат шатны намын байгууллагын нөхдийг “Шинэ Улаанбаатар”-ыг цогцлоох санаачилгад нэгдэн, хамтын хүчээр нийслэл хотынхоо шинэ зууныг бүтээх үйлсэд гар, сэтгэл нийлэн ажиллахыг уриаллаа.  

“Нийслэлийн МАН-ын хорооны түүхт 100 жилийн ойн энэ өдөр бол Нийслэл Улаанбаатар хотыг орчин цагийн хот болгон бүтээн байгуулсан хот төлөвлөгчид, эрдэмтэн мэргэд, багш эмч, инженерүүд, барилгачид, Улаанбаатар хотын албан хаагчид, цэрэг, цагдаа, нийслэл Улаанбаатар хотыг бүтээн байгуулалцсан гурван цагийн хэлхээ болсон иргэн бүрийн баярын өдөр юм. 

Хүн төрөлхтний түүхэнд олон мянган жил, олон зуун жилээр бичигдсэн хотуудын түүхийг 100 жилд багтаан бүтээн босгосон үе үеийн нийслэлчүүд, Нийслэлийн МАН-ын хорооны 78 мянган гишүүний баярын өдөр” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар илтгэлийнхээ өмнө тодотгосон.


1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхаглан, Нийслэл хүрээг Улаанбаатар хот хэмээн нэрийдсэн түүхэн шийдвэр гарч Моононгийн Баярыг Хотын захиргааны анхны даргаар томилсон байдаг. Нийслэл хотын хороодын төлөөлөгчдийн анхдугаар хурал, 1925 оны гуравдугаар сарын МАН-ын Төв хорооны хурлын шийдвэрийн дагуу  дөрөвдүгээр сарын 27-ны  өдөр Хотын намын хорооны Анхдугаар бүгд хурлаас “Улаанбаатар хотын хороо”-г байгуулан найман ханатай гэрт, хоёр модон авдартай эхэлсэн Намын Улаанбаатар хотын хорооны түүх бол жирийн нэг дурсамж, дуртгал биш. Энэ бол эсгий туургат, нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжих үзэл санаа, үнэт зүйлийн хувьсгалыг эхлүүлэн удирдсан Нийслэлийн МАН-ын хорооны түүхэн эхлэл байсан юм. Энэ эхлэл өнөөдөр та биднийг энд хуран чуулах үндэс болсон билээ. 

Тэгвэл бид нийслэл Улаанбаатар хотын дараагийн шинэ зууны түүхийг бүтээх үүрэг хариуцлагыг хүлээгээд байна. Үүний төлөө хамтдаа тэмцэж, хөдөлмөрлөж, хөгжих их үйл хэрэгт та бүхнийгээ урьж байна гээд  “Нийслэлийн МАН-ын хороо ердөө нэгэн зууны хугацаанд нүүдлийн соёл иргэншилд тулгуурласан нийслэл хотын суурийг үндсээр нь өөрчилж, орчин цагийн суурин соёл иргэншил бүхий шинэ хотыг байгуулсан” хэмээн  тодотгов. Түүний илтгэлд  100 жилийн өмнө Улаанбаатар хот маань ердөө 50 гаруй мянган хүн амтай, бүртгэлтэй долоон автомашинтай байсан бол  өнөөдөр хотын хүн ам 1.8 саяд хүрч, автомашин 804 мянгаар тоологдож байна. Сургуулийн өмнөх боловсрол олгох 655 цэцэрлэг, 317 дунд сургууль сурган хүмүүжүүлэх их үйл хэрэгт хүчин зүтгэж байна. 

Урлаг, соёлын 54 байгууллага уран бүтээл туурвиж, есөн дүүргийн нийт 151 өрхийн эрүүл мэндийн төв,  төрийн лавлагаа шатны эмнэлэг 14,  төрөлжсөн таван амаржих газар,  анхан шатны дөрвөн эмнэлэг,  хүүхдийн сэргээн засах гурван сувилал, Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэжлийн 15 төв үйл ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээллийг хүргэсэн юм.


Түүнчлэн тэрбээр “100 жилийн ойн энэ өдөр та бид оносон оноогоо ярихын зэрэгцээ алдсан алдаагаа ч түүнээс дутуугүй хэлэлцэн дүгнэж, алс ирээдүйгээ төлөвлөх учиртай. 1.8 сая гаруй оршин суугчтай, Монгол Улсын эдийн засаг, шинжлэх ухаан, гадаад харилцаа, үйлдвэрлэл, соёл боловсролын төв цэг болсон нийслэл Улаанбаатар хотыг байгуулсан нийслэлийн түүхийн өнгөрсөн 100 жилд алдаа, оноо аль аль нь бий. Ялангуяа нийгмийн шилжилтийн дараах өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын төлөвлөлт алдагдаж, газрын наймаа цэцэглэсэн явдал нь мөн л бидний алдаатай бодлого, сахилга бат суларсантай холбоотой нь үнэн билээ. 

Тэгвэл одоо 30 жилийн хугацаанд хуримтлагдсан гажуудлыг богино хугацаанд засаж, нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэх үүрэг даалгавар, хүлээх хариуцлага бидэнд байна”  гэдгийг журмын нөхдөдөө дуулгаад нийгмийн бүхий л үйлчилгээг 20 минутын дотор авахад чиглэсэн “20 минутын хот” үзэл баримтлалын дагуу “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжүүлэх 24 мега төслийн их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаагаа тодотгов. 

Улмаар  бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх замаар нийслэл Улаанбаатар хотын олон тулгамдсан асуудлыг шийдэж, мега төслүүдийг хэрэгжүүлэх санал санаачилгыг бүх талаар дэмжин ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар, МАН-ын дарга, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд нийслэлчүүд болон Хотын намын хорооны нийт гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлсэн юм. Үнэхээр ч  урьд хожид Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн удирдлага өнөөдрийнх шиг нэгэн цул болж, нэгэн зүгт харж ажилласан түүх үгүй билээ.

Өнөөдөр МАН-ын бодлого, төлөвлөлт бүх шатанд зэрэг үйлчилж, Ерөнхий сайд болон Хотын дарга нэг баг болон нийслэл хотдоо тулгамдаж буй асуудлыг зоригтой хийгээд алсын төлөвлөлттэй шийдэж байгааг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Ийнхүү Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнахын зэрэгцээ ирээдүйд хийхээр төлөвлөсөн томоохон ажил, төсөл хөтөлбөрөөс танилцуулан өнгөрсөн 30 жилийн алдааг ухамсарлан, түүнээс суралцахын сацуу Шинэ Улаанбаатарын шинэ түүхийг бичиж эхэлж буйгаа тодотгон зарлаад “Тэртээх 100 жилийн өмнө анх байгуулагдсан Нийслэлийн МАН-ын хорооны алсын хараа, хүсэл мөрөөдөл, стратеги төлөвлөлт, эх оронч зорилт өнөөдрийн нийслэл Улаанбаатар хотыг байгуулсан.


Харин энэ цаг дор та бидний хамтдаа эхлүүлж буй шинэ Улаанбаатар хотын 100 жил  их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн ЗУУН байх ёстой” хэмээн тодотголоо. Нийслэлийн МАН-ын хувьд түүхт ойн босгон дээрээ 2024 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцож, олонхын суудлыг авсны зэрэгцээ орон нутгийн ээлжит сонгуульд “Хотын сэргэлт-Шинэ Улаанбаатар” хөгжлийн хөтөлбөрийг дэвшүүлж, шат шатны ИТХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан амжилтаараа МАН-ын “Шилдгийн шилдэг намын байгууллага”-аар шалгарсан билээ.  


 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 1 цагийн өмнө
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2 цагийн өмнө
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 3 цагийн өмнө
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 3 цагийн өмнө
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 3 цагийн өмнө
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 3 цагийн өмнө
Б.Жигмэддорж: Монголын авто, мото спортын хөгжлийг олон улсад харуулах… 3 цагийн өмнө
​ Нийгэмд инээд ус, агаар шиг хэрэгтэй 3 цагийн өмнө
Алганд ассан авлига 4 цагийн өмнө
Бүсийн зөвлөгөөний өгөөж 4 цагийн өмнө
“Шинэ цагийн хуучин хүү” /Рemейk/ 4 цагийн өмнө
Кашмир цөмийн гүрнүүдийг хагаралдууллаа 4 цагийн өмнө
Трампын 100 хоногийг дүгнэлээ 4 цагийн өмнө
Шинэ папыг шийдвэрлэх сорилтууд угтана 4 цагийн өмнө
Ялалтын баяраар ОХУ гал зогсооно 4 цагийн өмнө
Эх оронгүй эх оронч 4 цагийн өмнө
Нийслэлийн МАН хоёр дахь зууны түүхээ бичиж эхэллээ 5 цагийн өмнө
Өнгө зассан хүүхдийн парк үүдээ нээнэ 5 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 5 цагийн өмнө