“Шинэ цагийн хуучин хүү” /Рemейk/

unen
4 цагийн өмнө

Монголын утга зохиолын салбарт орж ирсэн ч хараахан олны хүртээл болж амжаагүй нэг төрөл бол Ремейк /Remake/ юм. Кино уран бүтээл, хүүрнэл зохиолын төрөлд хуучны уран бүтээлийг шинэчлэн найруулах байдлаар "Одоо байгаа уран бүтээлийн шинэ хувилбар"-т тулгуурлан хошин маягаар өрнүүлэн өгүүлдэг. 

Гар урлалаас эхлээд урлагийн бүхий л төрөл зүйлийг шинэчлэн бүтээж болдог болохоор Ремейк бүх л урлагт бий. Эх зохиолоос  ашиглах, сэдвийг өөрчлөх, үйл явдлын өрнөл, нөхцөл байдлыг өөрчилж болдгоороо Ремейк үзэгч уншигчдад сонирхолтой байх нь бий. Шинэчлэн найруулсан бүтээл анхны хувилбараасаа олон жилийн хойно бүтээгдэх тул урьд өмнө байгаагүй эсвэл эх бүтээлийг хийж байх үед нийтлэг хэрэглэгдэж байгаагүй үг хэллэг, шинэ технологи, арга техникийг агуулж болдог. 

Холливудын уран бүтээлчид хуучны кинонуудаа шинэчлэн найруулж үйл явдлыг нь баяжуулан үзэгчдийн хүртээл болгосоор ирснийг бид мэднэ. Өнөөдөр энэ төрөл Холливудаас хальж дэлхий даяар улс орнууд үндэстний сонгодог, шилмэл бүтээлүүдээ, шинэчлэн, дахин найруулан тавьж эхэлсэн. Монголд нийтлэлч Б.Цэнддоо “Тунгалаг тамир”романы шинэчилсэн хувилбарыг гаргаж тавьсан нь уншигчдын сонирхлыг ихээхэн татсан байдаг. 

 

Хөдөөгийн байдал шалдар булдар цагийн аяс ороо бусгаа. Элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа ганц нэг морьтой хүн хийх юмгүй гиеүрэн буй мэт гэлдрүүлэх бөгөөд дөрвөн зүгээс цэв хүйтэн салхи цэхэлзэнэ. Хаа нэг салхи тогтосхийх ба хаврын нозоором нар залхуу хүрэм төөнөж эхэлнэ. Айлын хаяа, дэрст хонхор, гялгар уут хөглөрсөн халцгай шар дэвсэг дагуу адуу, үхрийн хатсан баас үргэлжлэн хөглөрсөн байх агаад хэн нэгнийг ирж уутлахыг хүлээх мэт. Хуучинхүү түүнийг түүж хэдэн үнээнийхээ сүүг хөөрүүлье гэж сэтгэн орос овьёосны цагаан шуудай үүрэн гарав. 

Хөлд орохоос аваад үс цайхыг хүртэл нэг газраас нөгөө газар луу нүүдэллэн амьдарч энэхүү ертөнцийг эцэслэж яваа энэ эр гавж Нямсамбууг хоймрын телевизээр үргэлж гараасай гэж хүсэх ба тэмцэгч хэн гуайг хууль ёс хэмээн худал ярихыг фээсбүүкээр сонссоор бөгөөд үнэн гэж итгэн, өдөр сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл өвөл болдоггүй хэмээн бодож , тэнгэрийн хаяанаас цааш "Шударга ёс" гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч дэлхийн боловсролоос гээгдэнэ.

Хуучинхүү хоёр хөлийг хөндлөндүүхэн гишгэлж, хазгайдуухан алхсаар хүрэх ёстой газраа очих бөгөөд цагаан шуудайгаар ороосон парлагар хар гараа султгах мөртлөө алгыг нулиман арзайж сэрвийсэн хэдэн үсээ шанаа руугаа унжуулан дарна. Урагдаж навтарсан хар ханцуйн цаанаас хиртэж сайртсан бор тохойг гаргажээ. Тавхийтэл суун тусаж, тасхийтэл өмдөө алгадахуйяа тоосонд дарагдсан өмднийх нь урд шулхагнаас шороо пурхийн манарах ба наранд шарагдсан хүрэн хар нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүрхийтэл нийгээд босов. 

Ногоон Балдангийнх үхрээ гаргаж байна, савсаг Цэндийнх шинэ машин авчихаж, Дамба гөлгөрийн мотоцикл эвдэрсэн гэсэн, Гомбо төв явчихаад ирсэн ганц юмтай ирээгүй байгаа” гэх мэтчилэн түмэн зүйлийн хэрэггүй бодлууд хөврүүлэн, гайгүй хатчихаж хэмээн доогуур харан ууталж, за энийг эргүүлчихье хэмээн дорой дуугарсаар аргалаа шуудайлж эхэлнэ. Ийнхүү шар нар бор хоногийг нэг л газраа эргэлдэн үдэх ба голын арын Должин хүүхний гэрээр айлчлах тухай зориггүйхэн бодсоор маргаашийг угтах. Цаг дулаарахын цагт баян Балжирын унага барилцан аяга сувс олж хүртэх, сарын эхэнд халамж өгөхөөр салга Дэндэвийн хүүхдийн мөнгийг үрэлцэх, сүү зарсан мөнгөнөөсөө илүүчилж авсан хатуу умдааг хажуу айлын тэнэг Гонгоотой хүртэх гэхчилэн явуургүй төлөвлөгөө бодсоор нэгэн насыг барна.

Хэдийгээр ухаан сэргэлэн боловч, төрж өссөн голынхоо эх рүү хүрсэнгүй, баруунтаа Балдан өвгөний цаад ухааг давж үзсэнгүй. Зөвхөн дөрвөн улирлын бууцны эргэн тойрон газрын дотор оршин суусан тул юуг үзэж, мэдэж, юуг сонссоноо үл ухах ажээ. Нас хэдийгээр залуу боловч үг хэл ихтэй, өнчин балчраараа гул барин айл, айлд ээлжлэн орж бор гэдсээ бордсоор, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Өвлийн хүйтнийг хэдэн үхрийнхээ хивэг будааны мөнгө олохоор хөөцөлдөж, зуны халууныг хаяаг нь шуусан гэрийн сүүдэрт хэвтэн сошиал ертөнцийг сонирхон өнгөрөөх бөгөөд намар ичиж, хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жил нөхцүүлнэ. Телевиз, утас хоёрын хэлснээс бус үнэн юмгүй, тэртээх өвөлжөө, зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр явах газаргүй гэж санан, хөмөрсөн тогооны доторхтой адил хөөрхий байдалд хүмүүжнэ.

Нэгдэл, аж ахуй сайхан байсан, нийгэм журам шударга байсан тухай нэгдлийн зарлага явсан өвгөн Самдан, нягтлан хийж байсан авга, агент явсан нагац нарын яриаг үнэн гэж итгэх ба өнөөдрөөс илүү өчигдөрт хөгжил байсан гэдгийг сархдын ширээний араас улаан гэрийн ухуулагч шиг илтгэнэ. Юутай гомдолтой амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юунд шинэ амьдралыг үзэхийг үл хүснэ. Хүмүүжил нь ийм гунхиралтай байдлыг хуучин хүү өөрөө бас яахан мэднэ. Хороо багийн ухуулагч ба хол ойрын хүмүүний хов ярианы гайг хэрхэн танина. Дэмий л дадсан байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болжээ.

Хайран, хайран, хөөрхий, хөөрхий,

Ногоон Балдангийн бага хүү хот суурин орж эрдэм ном сурна гэж таван жил сураггүй, таван зун ажиггүй яваад нутагтаа морилон саатав. Мань эр Сүхбаатарын талбай орчимд сүрхий тухалж хавь ойрын сэтэртэн тууртныг харааж загнадаг лут эр болсноо хамар сартайлган мэдэгдэв. Маргаашнаас эхлэн Хуучинхүүг хувьсгаалын ёсоор хүмүүжүүлж манай төрийн дайсныг илрүүлэх магадлан итгэмжлэгдсэн хүн болгохоо амлав. Тэнгэрийн хаяанаас цааш газартай гэдгийг мэдүүлж, таван далай таван тивийн танхай балмад нөхдийг үтэр түргэн хөөн тонилгох үндэстний ариун үүргийг таниулан шинэ ертөнц рүү хамт явах замыг нээнэ гэв. 

Ногоон Балдангийн бага хүү Цэдэн ирсэн оройгоосоо “Баян Балжир болбаас ардын хөдөлмөрийг мөлжин дарлаж унага бариулж, гүү саалган, хонинд явуулдаг даварсан муу олигархи. Түүний эсрэг тэмцэн хөрөнгийг нь хураах хууль гаргах шаардлагыг сумын захиргаанд хүргүүлнэ” хэмээн мэдэгдэж унаж ирсэн хуучин Crown-ыхоо гэрлийг гэрийнхээ үүд рүү тусган шөнөжин сууж бичиг цаас эргүүлэв. Хөгшин Балдан хөгжлийн гялбаанд тухгүйтэн нойр алдаж шөнөжин хөрвөөж хоносноос болж нүд нь сэлхэрэн улаанаар эргэлдэн ундууцсан харагдана. Хуучинхүү тэмцэгч Цэдэнг дагалдан гэрт нь хоносон тул одооноос эхлэн өөрийгөө Шинэхүү болсон гэж сэтгэв. Тэрбээр тэмцэгч Цэдэнгийн тушаал, зааврын дагуу “Сумын захиргаанд хүргүүлэх шаардлага бичиг үйлдсэнээ таниулах ёстой” хэмээн голд зусаж буй бүх айлыг хар өглөөгүүр сэрээн хүмүүсийг шилбүүрдэж туух нь холгүй цуглуулав. 

Голын өндөрхөн сондуул олж зогсоод үйлдсэн бичгээ ухуулан таниулж буй тэмцэгч Цэдэнгийн гараа савах болгонд урдуураа ургуулсан туг үс нүүр лүү нь унжих тул толгойгоо сэжин арагш болгох нь Хуучинхүүд нэн сүрлэг харагдана. Энэ өдрөөс хойш гол усны ардын амгалан тайван амьдрал ор мөргүй болж өдөр бүр аль нэг дов сондуул олж зогссон тэмцэгч Цэдэнгийн сүржин яриаг сонсож суудаг болов. Сумын араар тавигдаж байгаа цардмал замд хэрэглэх хайрганы карерыг хариуцлагагүй уул уурхай эрхэлж байна гэж Цэдэн үзсэн тул түүний эсрэг тэмцэх компанит ажил явуулахаар боллоо. Өдөр бүр хуралдаж, элдэв өнгийн мэдэгдэл, шаардах хуудсыг олноор нь хэвлэх болсон тул сумын төв дээр байдаг Балдангийн охин Цэсмээгийн каноны газар нэлээд орлоготой болжээ. Жалга, дэнжээр элдэв өнгийн гялгар уут хөглөрч байдаг байснаа больж ухуулах хуудас, шаардах бичгийн эх хөглөрөн хийсэж байдаг болов.

Олигархи Балжирын хөрөнгийг хураах ажил нэг л урагшгүй. Түүнийг ганц ядуу ардын хөдөлмөрийг мөлжигч гэж цоллох нь багадаад байсан учир хайрганы карерын далд эзэн, зам тавьж байгаа нь монголчууд боловч олигархи Балжир сумын даргатай нийлж хятадуудтай хоршин компани байгуулсан гэдэг яриа тарааж орхижээ. Энэ яриа хаврын талд тавьсан түймэр мэт сум даяар тарлаа. Зүг бүрээс хятад мотоциклд сундалсан залуус цуглан тус уурхайг хааж сум орон нутгаа аврах хөдөлгөөн өрнүүлэв. “Олон эрчүүд, хүүхнүүд цугларсан тул идэж уух нийтийн хоол унд хэрэгтэй, хувьсгалын хэрэгт хувийнхаа өмчийг хайрлаж үл болно” гэсээр Хуучинхүүгийн хэдэн үнээнээс нэгийг махалж хүнсэнд хэрэглэх болов. 

Хамгийн том биетэй ганц сүүтэй үнээ нь энэ жил ядаж сувай байсныг хэлэх үү хувьсгалын хэрэгт амь насаа зориулчихлаа. Тэмцэгч Цэдэн түүнд “Үнээ чинь том хэргийн төлөө тэмцэж амиа өргөлөө” хэмээн Цэсмээгийн канонд үйлдсэн батламж бичиг олны нүдэн дээр гардуулж өгснөөр Хуучинхүүгийн гомдол тасрав. Уурхайг хааж эздийг нь олж илрүүлэх хөдөлгөөн өргөжин тэлж Цэдэнгийн гарын дор олон хөдөлгөөнүүд борооны дараах мөөг шиг ургаж эхлэх нь тэр. Голоо аврах хөдөлгөөн, дэнж, жалгаа хайрлах нийгэмлэг, ардын өвөлжөөг гэмт халдлагаас хамгаалах Төрийн бус байгууллага хүртэл байгуулагдав. Мань Хуучинхүү “Дэлхийн боловсролыг сумандаа” гэдэг төрийн бус байгууллага толгойлон хуучин нийгмийн үлдэгдэл болсон Дамба, Должин, Цэнд тэргүүтэй нөхдийг суулган симнаардаж байдаг боллоо.

Уурхай хаагдаж замын ажил ч зогслоо. Суманд ирэх бараа таваарын үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж, бензин тос ч олдохоо байх тийшээ хандах нь тэр. Зуншлага яагаад ч юм тааруу болж эзэд нь зунжин тэмцсэн болохоор хэдэн мал нь таргалж гавьсан юмгүй өвөлтэй золгов. Тэмцэгч Цэдэн хуучин Crown-оо шинэ машинаар сольж унаад хот руу арилж өгсөн бол Цэсмээ эгч нь сумын төвд данхайсан хоёр давхар дүнзэн байшин босгож аваад хоцрох нь тэр. Хуучинхүү төрийн бус байгууллагаа тараасан ч ямар нэгэн юмны төлөө тэмцмээр санагдаад байдаг болж “Хариуцлагагүй мал аж ахуйтай тэмцэх үндэсний хөдөлгөөн” байгуулж голын хэдэн айлаар бууж мордож явах болов.

Ийнхүү

Хөх Монгол улаан Монгол

                                  болов

Хуучин хүү шинэ хүү болов

Юутай завшаан, юутай

                                   баяр.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 1 цагийн өмнө
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2 цагийн өмнө
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 3 цагийн өмнө
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 3 цагийн өмнө
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 3 цагийн өмнө
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 3 цагийн өмнө
Б.Жигмэддорж: Монголын авто, мото спортын хөгжлийг олон улсад харуулах… 3 цагийн өмнө
​ Нийгэмд инээд ус, агаар шиг хэрэгтэй 3 цагийн өмнө
Алганд ассан авлига 3 цагийн өмнө
Бүсийн зөвлөгөөний өгөөж 3 цагийн өмнө
“Шинэ цагийн хуучин хүү” /Рemейk/ 4 цагийн өмнө
Кашмир цөмийн гүрнүүдийг хагаралдууллаа 4 цагийн өмнө
Трампын 100 хоногийг дүгнэлээ 4 цагийн өмнө
Шинэ папыг шийдвэрлэх сорилтууд угтана 4 цагийн өмнө
Ялалтын баяраар ОХУ гал зогсооно 4 цагийн өмнө
Эх оронгүй эх оронч 4 цагийн өмнө
Нийслэлийн МАН хоёр дахь зууны түүхээ бичиж эхэллээ 4 цагийн өмнө
Өнгө зассан хүүхдийн парк үүдээ нээнэ 4 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 5 цагийн өмнө