Гэрэлтэй, гэгээтэй цонх бол айл гэрийн ая тух. “Цонх констракшн” ХХК “Айл бүрд ая тух” алдарт уриагаа 21 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Өнөөдөр цонх зузаан шилэн, салхи сийгэхгүй, хамгаалалттай ваакум гэсэн тодорхойлолт ард хоцорч технологио шинэчилсээр иржээ. Эрчим хүчний хэмнэлттэй, хэт ягаан туяаны хамгаалалттай цонх иргэдийн эрэлт хэрэгцээ, айл гэрийн тав тухыг төдийгүй өрхийн төсөвт ч нөлөөлөх боллоо.
Тиймээс дотоодын топ үйлдвэрлэгч “Цонх констракшн” ХХК-ийг үүсгэн байгуулагч Л.Гантөмөртэй цонхны зах зээл, шийдлийн талаар ярилцахаар зорьсон юм.
Харин Л.Гантөмөр захирал “Цонх констракшн” компаниа, үйлдвэрлэдэг цонхоо сурталчлахыг урьтал болгосонгүй. Тэрбээр барилгын салбар, тэр дундаа цонхны стандартыг мөрдүүлэх, хуулийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг нэн тэргүүнд тавьж, асуудал хөндөн ярилаа.
Ингээд “Цонх констракшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, барилгын эрчим хүчний аудитор, Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер Л.Гантөмөртэй хийсэн ярилцлагаа хүргэе.
Мод боловсруулах комбинатын слесариас цонх үйлдвэрлэгч хүртэл...
-Барилгын цонхны дулаан алдагдлыг Монгол орны нөхцөлд бууруулах аргууд сэдэвт таны докторын судалгааны ажил сонирхол татлаа. Өнөөдөр энэ нь зөвхөн докторын ажил гэхээсээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх үү?
-Би цонхны чиглэлээр үйлдвэрлэл эрхлэхийн зэрэгцээ мэргэжлийн холбоод байгуулж, барилгын тухай хуулийг хэрэгжүүлэх, цонхны стандартыг хянахад анхаарч ажиллаж ирлээ. Энэ хүрээндээ суралцаж, докторын судалгааны ажил хийж байна. Манай орны хувьд барилгын материал, хийц үйлдвэрлэл дотор цонхны стандарт чухлаар тавигдах ёстой. Гэтэл өнөөдөр стандарт мөрдөгдөхгүй, хууль зөрчигдөж байна.
-“Цонх констракшн” компани манай топ үйлдвэрлэгчдийн нэг. Та яагаад цонхны бизнес эрхлэх болсон бэ?
-Би ОХУ-д үйлдвэрийн эдийн засагч мэргэжлийг эзэмшсэн хүн. Сургуулиа төгсөж ирээд 1984 онд Мод боловсруулах комбинатад слесариас бригадын дарга, цехийн мастераар ажиллаж байлаа. Тухайн үед ямар ч мэргэжилтэй боловсон хүчнийг анхан шатнаас нь эхлүүлэн ажиллуулдаг зарчимтай байсан юм.
Ингээд гурван жил орчим мэргэжлээрээ ажиллаад салбарын яамандаа сургалт хариуцсан мэргэжилтнээр хоёр жил ажиллалаа. Тэр үед Ой мод, аж үйлдвэрийн яам Хөнгөн үйлдвэрийн яам хоёрыг нэгтгэхэд Сайд нарын зөвлөлийн орлогч сайд хавсран ажиллах сайдаар Сүрэн томилогдон ирлээ. Сүрэн сайд дээд сургууль төгсөөд үйлдвэрлэл дээр ажиллаж байсан, ажлын туршлагатай залуу боловсон хүчнүүдээ албан тушаал дэвшүүлэх бодлого хэрэгжүүлж байлаа. Миний үеийн залуус арьс ширний үйлдвэрийн удирдах албан тушаалд очсон. Намайг Хялганатын мод боловсруулах үйлдвэрийн дэд даргаар томилох санал тавилаа. Хялганатын мод боловсруулах үйлдвэр тухайн үед хоёр мянга гаруй ажиллагсадтай, том үйлдвэр. Харин миний хувьд Улаанбаатар хотод гэр бүлээ төвхнүүлж, эхнэр төрсөн, хүүхдүүд бага байсан хувийн шалтгаантай учир энэ томилгоонд явж чадаагүй юм. Тиймээс намайг Налайхын Шилний үйлдвэрийн орлогч даргаар томиллоо. Ингээд миний шинэ ажлын онцлог үе эхэлсэн байдаг.
Би шилний талаар мэдлэггүй ч технологийн өвөрмөц шийдэл гаргахыг хичээж дөрвөн жил ажилласан юм. Манай үйлдвэр улаан ус, архи, тарагны шил, лонх зэрэг 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна барилгын өнгөт блок хийдэг байлаа. Ингээд сургуулиа төгсөж ирээд барилгын хийц, бүтээцийн материалтай холбогдож ирсэн.
Манай үйлдвэр лонхыг хямд өртгөөр үйлдвэрлэж, татаасыг нь улсаас өгдөг байлаа. Гэтэл нийгэм өөрчлөгдөөд Төлөвлөгөөний комисс татан буугдсан. Бид шинэ менежмент нэвтрүүлж, Улан-Үдийн Шилний үйлдвэртэй хамтын ажиллагаа тогтоож, бараа солилцоо хийж, ажилчдаа дадлагажуулж, сургаж байлаа. Гэвч 1994 онд үйлдвэрийн ажиллагаа бүрэн зогссон юм. Энэ бол барилгын салбар шинэ зах зээлд хөл тавьж байсан үе.
Ингээд явган хүний замын өнгөт хавтан үйлдвэрлэхээр БНХАУ-аас тоног, төхөөрөмж оруулж ирсэн. Манай үйлдвэр явган хүний замын өнгөт хавтанг гар аргаар болон технологиор үйлдвэрлэнэ.
Бид 2002 онд нийслэлийн Засаг дарга М.Энхболдын үед нийслэл хот үүсэн байгуулагдсаны 360 жилийн ойгоор 400 орчим ам.метр талбайг өөрийн хөрөнгөөр тохижилт хийсэн. Мөн Бөхийн өргөөний эргэн тойронд тохижилт хийж, өнгөт хавтангийн суурийг тавилцаж байлаа.
Дараагаар нь дулаалгын материал буюу полистрол хавтанг дотооддоо үйлдвэрлэхийг зорьсон. Нийгмийн шилжилтийн үед манайхан Эрээнээс л барилгын бүх материалаа татдаг байлаа. Тиймээс энэ хавтанг дотооддоо үйлдвэрлэхийг зорьсон юм. Энэ чиглэлээр хоёр ч стандартыг боловсруулсан байдаг.
-Цонхны үйлдвэрлэл рүү хэдийнээс орсон бэ?
-Манайхан Эрээнээс л цонх зөөдөг байлаа шүү дээ. Би эхлээд цонх үйлдвэрлэнэ гэж тооцоолоогүй. Цонхны түүхий эд болох хуванцар материалыг үйлдвэрлэх санаа төрсөн юм. Судалгаагаа хийж дуусаад тоног төхөөрөмжөө оруулж ирэх боллоо. Гэтэл миний судалсан тоног төхөөрөмж цонхны эд материалыг үйлдвэрлэхэд хэмжээ нь багадахаар буруу тооцоолол байлаа. Нэгэнтээ цонхны үндсэн түүхий эд материалын үйлдвэрлэл эрхлэхээр “өвчилсөн” би Чингис хаан банкнаас зээл аваад хоёр шугамтай цонхны үйлдвэрлэлийг эрхэлсэн юм. Хүрээ раам, тасалгаа гаргах хамар, шил дарах даралт, салхивчны материал гэсэн үндсэн дөрвөн түүхий эдээс цонх бүрдэнэ. Ингээд тухайн жилийнхээ наймдугаар сард үйлдвэрлэлээ явуулж эхлээд аравдугаар сард бүтээгдэхүүн бэлэн боллоо. Энэ бол барилгын салбарын улирал зогссон үе. Надад цонхны бэлэн бүтээгдэхүүн байгаа ч худалдан авалт байдаггүй. Ингээд үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн, цонх үйлдвэрлэх шийдэлд хүрсэн юм.
20 жилийн өмнө 4-5 залуус сурган авч цонхны үйлдвэрлэлээ эхлүүлж байлаа. Цонхны үйлдвэрлэл нэвтрүүлэхдээ ОХУ-аас туршлага судалсан. Үзэсгэлэн худалдаанд байнга оролцож ирлээ. 2007 оноос хойш цонхны стандартыг нэвтрүүлэхээр хэдэн нөхдийн хамт Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоог байгуулж байлаа. Манай холбоо дотооддоо цонхны стандартыг нэвтрүүлэх зорилготой. Ингэхдээ ОХУ-ын стандартаас туршлага судалсан. Холбооны тэргүүний хувьд санхүүжилтийг өөрөөсөө гаргаж, таван төрлийн цонхны стандартыг гаргасан. Энэ хугацаанд манай “Цонх констракшн” компани цонхны шинэ шийдлийг нэвтрүүлж ирлээ. ОХУ-д зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцож алтан медаль, диплом хүртэж ирлээ.
Шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, ажил үйлчилгээг үзэсгэлэнд оролцож танилцуулж ирлээ. Энэ оролцоог үнэлж, Монголын маркетинг менежментийн холбооноос манай компани “ Гранд” шагналыг олгосон байх гэж бодож байна.
Цонхны стандартыг мөрдөхгүй байна
-Цонхны үйлдвэрлэлд тусгай зөвшөөрөл шаардагддаг уу?
-Барилгын тухай хуулийн 19.1.4-т “Эрчим хүчний хэмнэлттэй цонхонд тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан байдаг. Гэхдээ өнөөдөр цонхны стандартыг мөрдөж байгаа үйлдвэрлэгч ч, худалдан авагч ч байхгүй байна.
Барилгын хийц, бүтээцийн үйлдвэрлэлээс хамгийн их дулаан алдагдалтай нь цонх. Үүнийг норм, дүрмийн хэмжээнд хүргэхэд шийдэл хэрэгтэй.
Барилгын цонхонд 23 төрлийн үндсэн болон туслах иж бүрдэл материал ордог. Эдгээрээс нэг нь муу байхад цонхны чанарт нөлөөлдөг. Тухайлбал, хананд эзлэх цонхны хэмжээ орон сууцны барилгад 18 хувиас хэтрэхгүй нөхцөлд 0.65 M2*C/BT үзүүлэлт хангана гэж заасан.
Гэтэл өнөөдөр үүний ялгааг гаргаж, барилгын зурагт тусгаж, мөрдүүлэх заалт хэрэгжихгүй байна. Офиссын барилгад хананд эзлэх цонхны талбайн хэмжээ 25 хувиас хэтрэхгүй байх нөхцөлтэй. Ер нь цонх бол дулаан техникийн хувьд хувьсах үзүүлэлтэй хийц бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, цонхны хэмжээ томорсон үед дулаан, техникийн хэмжээ нэмэгдэх ёстой.
-Та цонхны чанар, стандарт шаардлага хангахгүй байна гэлээ. Өнөөдөр гурван давхар шиллэгээтэй, нарны хэт ягаан туяанаас хамгаалсан, эрчим хүчний хэмнэлттэй гээд цонхны төрөл бүрийн шийдэл байна.
-Цонх бол шиллэгээ, хүрээ зааж гэсэн үндсэн хоёр хийцээс бүрдэж байна. Хувиар нь тооцож үзвэл шиллэгээ нийт цонхны 80 хувийг, хүрээ жааз 20 хувийг эзэлж байгаа юм. Эндээс шиллэгээний дулаан, техникийн үзүүлэлт эзэлж байгаа талбай, хэмжээгээрээ хүйтнийг нэвтрүүлэхгүй байх хамгийн чухал. Ердийн гурван давхар шилний дулаан, техникийн үзүүлэлт 0.5 M2*C/BT байдаг. Хоёр давхар шил 0.35 M2*C/BT. Манайх үйлдвэрлэгчдийн 40 хувь нь хоёр давхар, 60 хувь нь гурван давхар шилтэй цонх хийж байна.
Гэтэл барилгын цонхонд тавигдаж буй шаардлага үзүүлэлт нь эрчим хүчний хэмнэлттэй байхаар тооцож үзэхэд дор хаяж, 0.8 M2*C/BT-ийг хангах ёстой. Тиймээс өнөөдөр бүх цонх дулааны алдагдалтай болчихоод байна.
Өнөөдөр олон улсад цонхны технологи хөгжиж байхад манайд цонхны стандартыг шалгадаг байгууллага байхгүй.
-Мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж, хүлээж авдаг шүү дээ?
-Мэргэжлийн хяналтын байгууллага шалгах нь шалгана. Гэхдээ цонхны материалыг л харж шүүмжилнэ. Нарийн технологийг бол мэдэхгүй. Хууль бол гууль болсон. Өнөөдөр шинэ барилгууд дулааны алдагдалтай хийц, бүтээцүүдээр баригдаж байна.
-Барилгын компаниуд материалаа дотоодоосоо татдаг болов уу. Тухайлбал, танай компанийн цонхыг аль насны хэрэглэгчид илүүтэй худалдан авч байна вэ?
-Нэг хэсэг урд хөршөөс цонхыг оруулж ирж байсан үе бий. Одоо бол цэгцэрсэн. Манай улс олон улсын худалдааны гишүүн орон. Хуванцар материал дээр гэрээний дагуу хоёр хувиас дээш нэмэх эрхгүй. 2016 он хууль батлагдаж, 270 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнөөдөр 20 гаруйхан аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөлтэй байна. Гэтэл үйлдвэрлэгчдийн тоо буураагүй, нэмэгдсэн. Энэ нь тусгай зөвшөөрөл, чанарыг бус цонхны үнэ ханшийг шалгуур үзүүлэлт болгосонтой холбоотой.
Өнөөдөр 20 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа манай компани, байгуулагдаад хоёр сар үйл ажиллагаагаа явуулж байгаа компани нэг байгууллагад үнийн саналаа өглөө. Гэтэл 20 жилийн туршлага нөлөөлөөгүй. Хамгийн гол нь санал болгосон үнэ ханш л таалагдвал гэрээ хийдэг тогтолцоо бий болоод байна. Энэ шударга бус тогтолцоог арилгахын төлөө гарц, шийдлийг манай холбоо хайж ирлээ.
Ингээд би 2019 онд Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоог санаачлан байгуулсан юм.
-Таны өмнөх Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо үүргээ хэр гүйцэтгэсэн гэж дүгнэж байна вэ?
-Энэ холбоо тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн. Тухайн үед цонхны стандарт гэж байгаагүй. Стандартыг бий болгох зорилтоо манай холбоо гүйцэтгэсэн. Энэ нь манай холбооны тэргүүлэх зорилт байлаа.
-Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо байгуулагдаад цонхны стандартыг мөрдөж ажиллуулах чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ?
Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны хүрээнд би сургалтын эрх аваад, үйлдвэрүүдээ суурьшуулан, дадлагажуулах, боловсон хүчин бэлтгэх зорилго тавьсан. Цонхны угсралт, суулгалт, багц үйлдвэрлэлийн сургалтыг зохион байгуулж байна. Барилгыг сонгохдоо эрчим хүчний хэмнэлттэй цонхыг авах ёстой. Цонхны үйлдвэрлэл эрхлэгчид тусгай зөвшөөрөлтэй байх ёстой гээд хууль хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Өнөөдөр цонхны хийц, бүтээцийн үйлдвэрлэлийг шалгадаг мэргэжлийн байгууллага хэрэгтэй. Би 2020 онд судалгаа хийгээд хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмжүүдийг оруулж ирсэн. Тандалтын аргаар тухайн цонх дулаан алдагдалтай, төмөртэй эсэхийг шууд тодорхойлдог багажууд юм. Олон улсын ISO, MNS1720 олон улсын стандартын шаардлагын дагуу хоёр жил бичиг баримтын хэмжээнд материалаа бүрдүүлээд, техникийн хяналтын албан ёсны итгэмжилсэн байгууллага болсон.
Ингээд өнөөдрийг хүртэл би 40 гаруй байгууллагад цонхны стандартын чиглэлээр зөвлөгөө өгөөд явж байна. Туршилтын хэмжилтийг үнэ төлбөргүй хийлээ. Мөн барилга угсралтын компаниудад очиж сургалт хийлээ. “Ачит үйлс” вэб сайтаараа дамжуулан цонхны стандарт, арчлалт, угсралтын талаар зөвлөгөө өгч, сурталчилж байна.
-Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд та багтжээ. Хуулийн төсөлд цонхонд тавигдах чанар стандартыг мөрдөх, хэрэгжүүлэх талаар ямар зүйл, заалт тусгаж байгаа бол?
-Бид хяналтын тогтолцоог бий болгох талд анхаарч байна. Өнөөдөр барилгын хана шилэн болсон. Гэтэл хананы үзүүлэлт 3.85 M2*C/BT байх ёстой атал 0.5 M2*C/BT хийж байна. Найм дахин бага үзүүлэлтэд дулаан алдагдахаас аргагүй. Нэгэнтээ баригдчихсан барилгын шилэн пасадыг гадна талаас нь дулаалж болдоггүй. Харин дотор талаас нь дулаалах шийдэл бий. Үүнийг хэд хэдэн газарт хийхэд амжилттай болсон. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны стандартыг мөрдүүлэх хяналтын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна