Б.Жигмэддорж: Монголын авто, мото спортын хөгжлийг олон улсад харуулах цонх нь “Power expo & festival”

unen
3 цагийн өмнө

Дрифтийн эх орон болсон Японоос авто, мото спортын мэргэжлийн баг тамирчид “даагаа нэхэх”-ээр иржээ. Өнгөрсөн удаагийн “Power expo & festival”-ийн ганцаарчилсан төрөлд давамгай оролцсон ч нийлбэр дүнгээр БНХАУ-ын багт дийлдсэн тэд энэ удаад түрүүлэх л зорилготой. Жолоодлогын уран чадвар, техникийн дэвшлийг харуулахаар ирсэн гаднын тамирчид 13 дахь удаагаа зохион байгуулах гэж буй “Power expo & festival”-ийг зорин ирж байна. Энэ сарын 9-11-ний өдрүүдэд болох “Power expo & festival”-ийн талаар зохион байгуулагч Б.Жигмэддоржтой ярилцлаа. Тэрбээр Социал демократ Монголын залуучуудын холбооны Бага хурлын гишүүн юм. 

 

-Залуучуудаар хүрээлүүлж, ойролцоо насныхантайгаа том зорилгын төлөө зүтгэх урамтай байна уу?

-Мэдээжийн хэрэг. Одоо ч гэсэн залуучуудтайгаа хамт “Power expo & festival”-ийн хүрээнд хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа ярилцаад сууж байна. 13 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа болохоор тэр хэрийн туршлагатай болсон. Гэхдээ хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Өмнөх жилүүдийнхээс илүү өнгөлөг, өргөн цар хүрээтэй хийхээр ажиллаж байна.

-Ойролцоо насны залуучуудаасаа олон нийтийн ажилд арай идэвхтэй оролцдог нь та. Энэ онцлог таны ажил мэргэжилтэй холбоотой юу. Эсвэл хувь хүний үзэл бодлоос улбаатай юм уу?

-Би “Скайтел”, “Таван богд” зэрэг хувийн байгууллагад маркетингийн чиглэлээр ажилладаг. Үе тэнгийн залуучуудаас нийгмийн  идэвх оролцоо арай илүү гэж таны ажигласан нь ажлын онцлогтой холбоотой юм болов уу. Дээр нь миний эргэн тойрон, хүрээллийнхэн маань залуучуудаас бүрддэг. Өнгөрсөн хугацаанд тэдэнтэйгээ хамт сайн дурын болон хүмүүнлэгийн чиглэлээр олон ажил  санаачлан хэрэгжүүлсэн. Ингэж олон нийтийг хамарсан ажлууд хийж явахдаа СДМЗХ-ны залуустай танилцаж байв. 

Харин энэ холбооны гишүүн болсон нь 2018 онтой холбогдоно. Түүнээс хойш олон нийтийг хамруулсан арга хэмжээнүүдэд нь идэвхтэй оролцсон ч  амьдралын хэрэгцээ шаардлагаар хэсэг хугацаанд холбооноосоо хөндийрсөн. Улмаар 2023 оноос оролцоогоо идэвхжүүлж өнөөдөр Монголын хамгийн олон залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн байгууллагын нэг төлөөлөл нь болоод явж байна. Залуу хүний хувьд нэг зүйлд зүрх сэтгэлээ зориулбал тултал нь хийгээд дуусгая гэсэн бодолтой. Тиймээс сүүлийн нэг, хоёр жилийн хугацаанд холбооноос зохион байгуулсан аливаа ажилд идэвх оролцоотой байхын төлөө хичээж байна.

 


Мегаполист байх ёстой соёлын хэлбэр бол дрифт 

-Таныг илтгэх томоохон ажлуудын нэг нь “Power expo & festival” юм байна. Дэлхийн мега хотуудад суурьшсан соёлын наадмыг хийхээр зориглосон нь хэдэн он байв?

-2012 онд анх дрифт хийх сонирхолтой залуучуудыг цуглуулж байв. Тухайн үед “Улаанбаатар палас”-ын хашаанд “Скайтел”-ийн D20 брэндийн ойн хүрээнд дэлхийн томоохон хотуудад байдаг соёлыг нутагшуулахаар зорьсон юм. Алдаа оноотой эхлүүлж байсан энэ ажлаа дэлхий нийтийг хамарсан цар тахлын жилүүдэд зохион байгуулаагүйг эс тооцвол 13 дахь удаагаа “Power expo & festival”-ийг хийх гэж байна. Жил жилийн хувьд цар хүрээ, уялдаа холбоо, техник технологийн дэвшил, дүрэм журам, олон улсын үзэл баримтлал зэргийг үйл ажиллагаандаа аль болох шингээхийг хичээдэг. Энэ жилийн хувьд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд зохион байгуулахаар зорьж буйгаараа онцлогтой. Учир нь, бидний ажил тэдгээр зорилтын дийлэнхэд нь нийцэж байгаа юм.

-Та энэ удаагийн тэмцээнээ олон улсын календарьт тэм­дэглүүлж чадсан нь орол­цогчдын хамрах хүрээ нэ­мэгдэхэд нөлөөлсөн байх?

-Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100, замын хөдөлгөөний дүрэмтэй болсны 100 жилийн ой тохиож байна. Нэг зууны туршид бид газар нутаг дээрээ автомашин, мотоциклийн олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулж байгаагүй. Харин гаднын улс орнуудын зохион байгуулж буй уралдаан Монголын газар нутгаар дамжин өнгөрсөн тохиолдол олон байдаг. Тийм учраас бид энэ жил “Go Mongolia” төслийн  хүрээнд үйл ажиллагаа, концепцоо танилцуулснаар “Power expo & festival” олон улсын календарьт багтсан. Үр дүнд нь энэ удаагийн тэмцээнд Япон, Солонгос, Казахстан, Киргизстан, Орос улсын автомашин, мотоциклийн сонирхол нэгтэй залуус, инфлүүнсэр болсон баг тамирчид хүрэлцэн ирээд байна. Түүнчлэн АНУ-ын тамирчид манайхыг зорин ирж автомашин, мотоциклийн уралдаанд оролцох юм.

-Та цөөнгүй орны баг тамирчидтай холбоо барьсан туршлагатай. Тэдэнтэй ярилцахад Монголын талаарх сэтгэгдэл, мэдлэг ямар байдаг вэ?

-“Монголд спорт машин байдаг юм уу” гэж асуудаг нь  түгээмэл. Тиймээс л бид Монгол ч гэсэн бусад улс орнуудын адил машин техникээ хөгжүүлж байгаагаа харуулахыг зорьдог. Авто, мото спортын төрлүүдийг хөгжүүлж байгаа гэдгийг олон улсад харуулах цонх нь “Power expo & festival”  юм.

-Азийн улс орнуудын авто­машин, мотоциклийн топ та­мирчид Монголд ирж байна. Манай улсаас хэдэн тамирчин оролцохоор техникээ бэлдэж байна вэ?

-Дрифт албан ёсны спортын төрөл. Монголд 13 дахь жилдээ хөгжиж байна. Одоогийн байдлаар бүртгэлтэй дрифтийн 22 клуб манай улсад байдаг. Тэдгээр клуб багадаа 5-10 тамирчинтай. Тэмцээн уралдаанд 150-200 тамирчнаас шалгарсан нь оролцдог. Энэ удаад ч тийм зарчмаар оролцогчдоо тодруулаад явж байна.  Авто, мото спортынхон гүйлтийн тамирчин биш учраас техникээрээ уралдана. 

Машины бяр чадал нэг үеэ бодоход дэлхийн хэмжээний тамирчидтай өрсөлдөхүйц хэмжээний техникүүдийг баг тамирчид бэлтгэдэг болсон байна. Инженерүүд энэ чиглэлээр сурч бэлтгэгдээд явж байгаа. Энэ салбарт хэн их мөнгө зарцуулж чадна тэр хэмжээгээрээ “бяртай” машин бий болдог. Ийм өрсөлдөөн Монголд ч гэсэн бий болсон. Зөв бөгөөд хамгийн шударга шүүлтийн зарчмаар явагддагаараа онцлогтой. Одоогоор дрифтийн спортын найман улсын аваргатай болсон байна. Дээр нь жилдээ таваас зургаан удаагийн цуврал тэмцээн уралдааныг зохион байгуулдаг. Мегаполист байх ёстой соёлын хэлбэр бол дрифт.


Бид хоосон талбай дээр хот байгуулдаг

 

-Энэ удаагийн зочдоос аль багийг нь онцлох вэ?

-Олон улсын автомашины холбооны лиценз эзэмшдэг БНХАУ-ын автомашин мотоциклийн холбооныхон энэ удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ, Элчин сайдтайгаа зорин ирсэн. Өнгөрсөн жилийн хувьд Хятад, Япон, Монгол гэсэн гурван орон өрсөлдөхөд хятадууд багаараа Азийн улс орнуудаас анх удаа дрифтийн спортын аваргаар тодорсон. Хятад улс автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийн анхаарлын төвд байгаа учраас бүхий л улс орны тамирчид тэднийг харж байгаа. Дрифт Японоос гаралтай спорт. Энэ удаагийн тэмцээнд Японоос мэргэжлийн, зэрэгтэй шүүгч тамирчдыг авчран Монгол, Хятад, Япон гурван орны шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр тэмцээн уралдаанаа зохион байгуулна.

-Олон улсын автомашин, мотоциклийн тэмцээн уралдаан өөрийн гэсэн стандарттай. Та бүхэн тэдгээр шалгуурыг хангахын тулд  хэрхэн бэлдэж байна вэ?

-“Power expo & festival” үндсэн гурван төрлөөс бүрддэг. Эхнийх нь экстрим буюу автомашин мотоциклийн тэмцээн уралдаанууд. Удаах нь бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа. Гуравдугаарт энтертайнмент буюу залуучуудад зориулсан хөгжмийн наадам буюу шоу арга хэмжээнүүдийг гурван өдрийн туршид хөтөлбөрийн дагуу зохион байгуулна. 

Үүн дээр бид дахин нэг шинэ төрөл нэмсэн нь “Racing top model” контест. Өнгөрсөн оны наймдугаар сард энэ жилийн тэмцээн уралдааныг зохион байгуулахын тулд  БНХАУ-ын Засгийн газрын урилгаар Хятадын автомашин мотоциклийн дөрөвдүгээр фестивальд оролцсон. Үүнээс томоохон фестивалийг хэрхэн зохион байгуулдгийг судлахад тэнд мөн л моделийн контест байсан. Үүнийг бид Монголд нутагшуулахын зэрэгцээ загварын салбарт шинэ өнгө, урсгалыг бий болгож байна. Үүнд охид бүсгүйчүүд нэлээд идэвхтэй оролцож 50 оролцогчоос 32 нь шалгарч үлдсэн. Миссийн тэмцээний адилаар зураг авалт, шалгаруулалт зэрэгцээ хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтыг давхар зохион байгуулаад явж байна.


-Шилдгийн шилдэг, титмийн эзэн хэзээ тодрох вэ?

-Тавдугаар сарын 11-ний өдөр титмийн эзэн тодорно. Мөн тэр өдөр  автомашин, мотоциклийн төрлийн аваргууд шалгарах юм. Америкаас загвар өмсөгч, дрифтийн тамирчин Сара Чой хүрэлцэн эдгээр шалгаруулалтад оролцоно. Сара Чой ази гаралтай америк тамирчин.

-“Power expo & festival” улаанбаатарчуудын дунд хүлээлт үүсгээд байна. Энэ хэрээр та бүхэн цаг хугацаатай уралдаж ажиллаж байгаа байх?

-Бид хоосон талбай дээр хот байгуулдаг. Үзэгчдийн аюулгүй байдал, тав тухыг хэрхэн хангах вэ, орчин нөхцөлөө хэрхэн аятайхан болгох вэ гэдэг дээр бүтээн байгуулалтын ажлууд хийдэг. Бидний хэрхэн ажилласныг энэ сарын 9-11-ний өдрүүдэд болох фестивалийн үеэр ирж ямархуу бүтээн байгуулалт хийснийг харж сонирхоорой.

Дрифтийн тэмцээн урал­дааныг дэлхийн бүх улс оронд зохион байгуулдаг. Спортын энэ төрлийг үзэж байгаа хүн сэтгэл хөдлөлийн хувьд дээд түвшинд хүрдэг. Дрифт хийж байгаа тамирчны хэрхэн  самбаачилж,  ур чадвар гаргаж байгаа нь үзэгчдэд шууд мэдрэгддэг юм. Энэ жилийн хувьд бид So media-гаар шууд дамжуулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Фестивалийг үзэхээр гаднын улс орнуудаас хүмүүс зорин ирж байна. Ялангуяа экстрим, энтертайнмент чиглэлээр аялдаг залуусын хувьд манай улс сонголтынх нь нэг байх болов уу хэмээн харж байна.

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 40 минутын өмнө
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 1 цагийн өмнө
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2 цагийн өмнө
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2 цагийн өмнө
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 3 цагийн өмнө
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 3 цагийн өмнө
Б.Жигмэддорж: Монголын авто, мото спортын хөгжлийг олон улсад харуулах… 3 цагийн өмнө
​ Нийгэмд инээд ус, агаар шиг хэрэгтэй 3 цагийн өмнө
Алганд ассан авлига 3 цагийн өмнө
Бүсийн зөвлөгөөний өгөөж 3 цагийн өмнө
“Шинэ цагийн хуучин хүү” /Рemейk/ 3 цагийн өмнө
Кашмир цөмийн гүрнүүдийг хагаралдууллаа 3 цагийн өмнө
Трампын 100 хоногийг дүгнэлээ 3 цагийн өмнө
Шинэ папыг шийдвэрлэх сорилтууд угтана 3 цагийн өмнө
Ялалтын баяраар ОХУ гал зогсооно 4 цагийн өмнө
Эх оронгүй эх оронч 4 цагийн өмнө
Нийслэлийн МАН хоёр дахь зууны түүхээ бичиж эхэллээ 4 цагийн өмнө
Өнгө зассан хүүхдийн парк үүдээ нээнэ 4 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 4 цагийн өмнө