Өнгө зассан хүүхдийн парк үүдээ нээнэ

unen
4 цагийн өмнө


 Хөгжил гэж юу вэ? Энэ асуултад хүн бүр өөрийнхөөрөө хариулна. Мэдээж тэдний хариулт бүр зөв. Хэнд ч буруу байхгүй, буруутан ч олдоггүй нийгэм. Дардан зам, өндөр байшин, өргөн цэлгэр гудамж. Зарим хүн хөгжлийг ийн төсөөлж байхад өөр нэгэн хөгжлийг тархинд явагддаг үйл явц гэж мугуйдлан бодох жишээтэй. Заримдаа улс орны хотуудын хөгжлийг хүүхдийн парк, цэцэрлэгт хүрээлэнгээр нь хэмжих тохиолдол бий. “Хятадын тийм хотод Диснейлэнд байгуулагдсан байна билээ. Хөгжлөөр ч гүйцэгдэхээ больсны л шинж шүү дээ” гэх яриаг сонсож л байсан биз. Хүн ам цөөхөн, зах зээл багатай манай улсад Диснейлэндийг байгуулна ч гэж юу байх вэ. Харин байгаагаа өөд нь татаад, өрөөлд биш өөрсдөдөө хөрөнгө оруулаад явах бааз суурь, багахан өв бол бидэнд бий.  Хуучнаар бидний хүүхдийн парк хэмээн нэрлэж заншсан газар өнөөдөр ямар хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байдаг юм бол гэсэн бодол намайг тийш хөтлөв.


Үндэсний соёл амралтын хүрээлэнг 1965 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээр Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөнөөр зохион байгуулж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор “Хотын соёл амралтын парк” нэртэйгээр байгуулсан юм. Хотын төвд байрлах энэ байгууламж 35 га нутаг дэвсгэрт байрлах бөгөөд 25 га-д мод бут, бутлаг ургамал, 1.8 га газрыг нуур цөөрөм, 5.6 га нь тоглоом тоног төхөөрөмж, соёлын төвүүд, болон аж ахуйн зориулалттай ашиглахаар бодож шийдвэрлэжээ. Энэ цагийн  40-60 настнуудын ээж аав, эмээ өвөө амралтын өдрүүдээрээ ажиллаж 50 шахуу хувийг нь гүйцэтгэж өгсөн юм. Тэд нийт 70 гаруй мянгуулаа 10 шахуу сая төгрөгийн барилга, байгууламж босгосон гэдэг. Тухайн жилүүд социалист Монгол оронд бүтээн байгуулалт, үйлдвэржилт, атар газар эзэмших аян, нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн  өрнүүн хөдөлмөрийн он жилүүд байж дээ. Өнөөдөр ард иргэдийн хүчээр ийм нүсэр компанит ажлыг хийж гүйцэтгэнэ гэвэл бараг бүтэшгүй мөрөөдөл биз. Гэтэл бид чинь 1960-аад оны үед ганцхан саяулаа байлаа шүү дээ.


Дэлхийд хүүхдийн паркийг Диснейлэндтэй харьцуулан үнэлэх нь бий. Зүйрлүүлж яривал онигоо цаашаа л юм болох байх. Диснейлэндтэй бүү хэл миний бага насны үеийн паркийг ч өнөө цагийн парктай дүйцүүлэн жиших бараг л утгагүй юм билээ. Өнөөдөр хүүхдийн паркийн газар булан тохойгоосоо идэгдэн элэгдсээр тун ч багахан талбайд үйл ажиллагаа явуулах болсон. Зах ирмэгээс нь бялуу шиг хэлтэлж идээд зогсохгүй, заадастай мэт тэхий голоор нь хуваагаад хаячихаж. Эхлээд харахад эвгүй мэдрэмж төрж байсныг нуух юун. Миний мэддэг хүүхдийн парк тэхий голоороо хашаагаар зааглагдсан байгаа нь нэг л давчуу уйтай мэдрэмж төрүүлж эхэлснийг хэлэх үү. Дээрээс нь их зохиолч Д.Нацагдоржийн хөшөө хойморт нь ханхайж байдаг асан буйр нь эзгүй. Уг нь их зохиолчийг бүхий олон багачуудын байгууллагыг үндэслэгч гэдгээр нь Хүүхдийн паркийн хойморт залсан болов уу гэж бодогддог сон. Одоо нэгэн цагт нэр муутнууд цугладаг байсан цэцэрлэгт сууж байдаг болсон гэх шив. Гэхдээ хашаа хаалт тавьж хөрш орны хил хязгаар шиг зааглаж хоёр талд гарч хувь хувьсгал хуваагаад авсан ч аль аль нь муудаад, муужраад уначихсан юм алга.


Цагаан морин жилийн хувьсгалаас хойш хүүхдийн парк Монголын үндэсний соёл амралтын хүрээлэн гэдэг албан ёсны нэртэй болсон. Ийн явсаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 188 дугаар тогтоолоор хамтарсан компани байгуулах тогтоол гарч Үндэсний соёл амралтын хүрээлэнг 2005 оны есдүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 397 дугаар захирамжаар татан буулгаснаар мөн 2005 онд Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК болон нэр нь өөрчлөгдсөн. Миний ойлгож байгаагаар хуучны парк маань хүүхдийн тоглох тоглоомтой хэсэг, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх салхилж зугаалах хэсэг гэсэн хоёр хэсэгт хуваагджээ. Тоглоом тоглох хэсэг нь “Бодь” группийн охин компани хариуцаж ажилладаг бөгөөд нийслэл давуу эрхтэй хувьцаа эзэмшигчээр оролцдог. Хүүхдийн тоглож зугаацах тоглоом бүхий хэсэг буюу “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК зах зээлийн жам ёсны хөгжлөөр эрэлтээ даган нийлүүлэлтээ өсгөсөөр миний мэддэг байсан цөөхөн тоглоомтой, буйдхан хөдөө шиг газар биш болсон. Энэ жил гэхэд л таван шинэ тоглоом нэмж суурилуулан хүүхэд багачуудаа хүлээж суугаа. Нэг талдаа газар талбай нь багассан нь зөв ч юм шиг. Хүүхэд байхад бүх л газар хол санагддагийг хэлэх үү нэг тоглоомоос нөгөө тоглоом хүрэх гэж хөлөө эцтэл алхаж сүүлдээ ядарч залхдаг байсан сан. Заримдаа хайсан тоглоомоо олохгүй модон дунд төөрч будилаад, өлсөж ядраад унтчихсан хүүхэд ч таардаг байв даа. Одоо харин тийм биш. Мод бут нь багасаагүй харин ч нэмж тарьсаар байгаа ч тоглох тоглоом нь элбэгшиж, төрөл зүйл нь нэмэгдсэн  учраас нэгээс нөгөө рүү гүйгээд очиход төөрч будилахгүй, эцэж ядрахгүй хялбар байдаг биз. Түүнээс гадна “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д бүтээн байгуулалтын ажлыг  тасралтгүй хийсээр байна. Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгыг орох орон оочих аягатай болгохоор зорьсон зорилго нь энэ жил нээлтээ хийх том ордон болсон. Уг нь энэ чуулгын байр нийслэлд өгсөн 10.2 га газарт байсан ч нийслэл өөрийн газартаа байлгахгүй гэж шаардлага тавьснаар байрыг нураасан юм билээ. Хүүхдийн парк гэхээр л зун цаг санаанд ордог эсвэл зун цагийг хүлээдэг үе ард хоцрох цаг айсуй. “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК 2008 онд батлагдсан концепцын дагуу паркийг шинэчлэх ажлын хүрээнд өвлийн улиралд ч тоглох боломжтой дотор парк байгуулах ажлаа эрчимжүүлээд явж байна. Бидний үр хүүхэд өвөл ч гэсэн тоглож, зугаацах газартай байх хэчнээн сайхан билээ. 


“Үндэсний соёл амралтын хүрээлэн”-г сэргээн засварлахаар гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Рио Тинто Монгол” ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2022 оны долдугаар сард гарын үсэг зуржээ. “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК 10.2 га талбайг олон нийтийн эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлж, “Рио Тинто Монгол” ХХК “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн баруун жигүүрт буюу Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10.2 га талбайг иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламж болгон сэргээн засварлаж эхэлсэн юм. Сэргээн засварлах ажил тун амжилттай явж одоо бараг дуусах шатандаа орсон.  Энд би үнэ төлбөргүй шилжүүлэх гэдэг гэрээний заалтыг огт ойлгоогүй гэдгээ хэлэх ёстой. “Рио Тинто Монгол” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү төслийг хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэлд амьдрах тав тухтай орчин бүрдүүлэх, гэр бүл, хүн хоорондын харилцааг сайжруулах, тогтвортой, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд төслийн удирдлагыг бүрэн хариуцаж, амжилттай хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих жишиг ажил болгох хүлээлттэй байгаа. Энэ ажил ирэх жил мөн үргэлжлэх бөгөөд 2027 онд нийслэлд хүлээлгэж өгөх юм байна. Иргэд тав тухтай амарч, тухлах орчин тэнд бүрэн бүрджээ. Хүүхэд залуусын скейтбоардаар тоглох зориулалтын талбай, уруу зохион байгуулалттай задгай тайз зэрэг төхөөрөмж, тоглоомын талбай олныг барьж байгуулсан байна. Анх “Рио Тинто Монгол” ХХК уг төслийг аваад ирэхэд улаан шороо эргэсэн газар байсан гэнэ. Одоо тэнд хэд, хэдэн цөөрмөөс бүрдсэн хиймэл нуур, гүүр, сэрүүн лаврин бүхий цогцолбор байгуулагдаж энэ бүгдийг холбосон борооны ус тогтдоггүй явган хүний зам тавигдсан. Хуучин хашааны дагуу таван метр хүртэл ургадаг дуу чимээ үл нэвтрүүлдэг бут тарьсан тул хэдэн жилийн дараа гэхэд гаднах орчныг мэдрэхгүй тухлах боломж бүрдэнэ. Талбайн урд хэсэгт хиймэл манан үүсгэгч, бороожуулагч ч бий. Орчин үеийн технологид түшиглэсэн бүтээн байгуулалт хийжээ гэж ойлгож болно. Саяхандаа бид хүүхдийн баяраар очих газаргүй Сүхбаатарын талбай дээрээ битүү шавж байсан шүү дээ. Тэгвэл бидний очих тав тухтай амарч, хөгжилдөх газар нэгээр нэмэгдэж л байгаа юм байна. Эцэст нь нарийн зохион байгуулалтыг базаад ойлговол Диснейлэнд, Манхэттен хотын цэцэрлэгт хүрээлэн хоёрыг нэг торонд нийлүүлээд чихчихсэн юм шиг л санагдахаар болсныг хэлэх ёстой. Хэлж мэдэхгүй юм энэ хөгжлийн нэг хэлбэр ч юм билүү.


Парк байгуулагдаад нэгэн жарныг ардаа орхижээ. Анхны даргаар нь С.Дашдэндэв томилогдон ажиллахдаа 1966 онд паркийн үйл ажиллагааг нээсэн ч өргөтгөж бүтээн байгуулах ажлыг 1969 он хүртэл үргэлжлүүлэн хийсэн байдаг. Паркийг 1966 онд анх нээх үед 6000 мод бут, 60 гаруй мянган метр квадрат зүлэгжсэн талбай бүхий ногоон байгууламж ард иргэдэд хүлээлгэн өгсөн. Миний бага насны дурсамжид ч хүүхдийн паркийн баруун өмнө хэсэгт дотор нь орвол төөрч мэдэх шигүү мод буттай байсан санагдана. Жимсний мод ургадаг тул хүүхдүүд бид жимс түүж идэх санаатай тийшээ орохыг хүсэвч ээж аав хориглодог байлаа. Гэтэл тэнд миний бага насны дурсамжид байдаг шигүү мод бут байхгүйг хараад нэлээд гайхсанаа нуух юун. Бидний Хүүхдийн парк гэж нэрлэж заншсан газар хувь, хувьсгал нийлсэн хоёр газар хариуцаж ажиллаад өнгө засаж, өөдлөн дэвжиж л байна. Гэхдээ л нэг бодол сэтгэл дотор зүүгдчихээд ердөө болдоггүй. Миний л өнөөх мугуйд бодлуудын нэг. Бидний сонгосон хөрөнгөт нийгмийн үзэл санаагаар бага наснаасаа эхлэн хүмүүжсэн баруун ­Европын иргэд өөрсдийнхөө хүчээр барьж, бүтээж босгосон зүйлийг нь нэг хувийн компани эзэмшвэл яах бол. Ирэх 2026 онд Хүүхдийн паркийн 60 жилийнх нь ой болно. Энэ ойг хувь, хувьсгал аль аль нь л тэмдэглэх байх даа.  


Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 54 минутын өмнө
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2 цагийн өмнө
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2 цагийн өмнө
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2 цагийн өмнө
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 3 цагийн өмнө
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 3 цагийн өмнө
Б.Жигмэддорж: Монголын авто, мото спортын хөгжлийг олон улсад харуулах… 3 цагийн өмнө
​ Нийгэмд инээд ус, агаар шиг хэрэгтэй 3 цагийн өмнө
Алганд ассан авлига 3 цагийн өмнө
Бүсийн зөвлөгөөний өгөөж 3 цагийн өмнө
“Шинэ цагийн хуучин хүү” /Рemейk/ 3 цагийн өмнө
Кашмир цөмийн гүрнүүдийг хагаралдууллаа 4 цагийн өмнө
Трампын 100 хоногийг дүгнэлээ 4 цагийн өмнө
Шинэ папыг шийдвэрлэх сорилтууд угтана 4 цагийн өмнө
Ялалтын баяраар ОХУ гал зогсооно 4 цагийн өмнө
Эх оронгүй эх оронч 4 цагийн өмнө
Нийслэлийн МАН хоёр дахь зууны түүхээ бичиж эхэллээ 4 цагийн өмнө
Өнгө зассан хүүхдийн парк үүдээ нээнэ 4 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 4 цагийн өмнө