- Уургаар баялаг тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх нь эдийн засагт тустай -
Архангай аймагт болсон Хангайн бүсийн анхдугаар зөвлөгөөний үеэр “Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн тодорхой чиглэлээр хөгжүүлэх” саналыг Засгийн газар онцгой дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлсэн. Энэ нь зөвхөн хангайн бүсэд төдийгүй улсын хэмжээний том бодлого зорилт бөгөөд мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, өндөр ашиг орлоготой салбар болгохын тулд олон чухал ажил, арга хэмжээ зохион байгуулах нь харагдаж байна. Эдгээрээс эхний ээлжид хийх хойшлуулшгүй авах арга хэмжээ бол малын тэжээлийн хангамжийг одоогийнхоос наад зах нь хоёр дахин, ялангуяа уурагт тэжээлийн хэмжээг эрс нэмэгдүүлэх шаардлагатай.
Манай улсын ихэнх аймаг, сумын нутгийн 70 гаруй хувь нь цөлжиж, бэлчээр талхлагдан хомсдолд орж, даац хэтэрсний зэрэгцээ өвөл, хаврын улиралд бэлчээрийн ургамлын ургац зун, намрынхаас 50-70 хувь, шимт бодисын хэмжээ 2-3 дахин багасдаг бөгөөд малын бэлчээрт идээшлэх хугацаа 7-8 цагаар богиносдог зэргээс мал хэрэгцээт тэжээлээ бүрэн олж идэж чаддаггүй, дөнгөж 40 орчим хувийг олж иддэг. Өөрөөр хэлбэл, манай бэлчээрийн мал хагас өлсгөлөнгийн байдалтай өвөл, хаврын улирлыг өнгөрөөж байна.
Бас хүйтэнд даарч бээрснээс шалтгаалж биедээ хуримтлуулсан уурагт бодисоо шавхан зарцуулсаар эцэстээ турж доройтон улмаар үхэж хорогдсоор байгаа юм. Зөвхөн хонин дээр жишээ авч үзэхэд, хангайн бүсэд нас гүйцсэн эм хонь намар дунджаар 60 кг жинд хүрч таргалж, түүний 34-35 хувь буюу 20 гаруй кг жин алдаж онд ордог, 50 хүртэл хувь амьдын жингээ алдвал үхэж хорогддог. Арчилгаа, маллагааны хүчинд дөнгөн данган онд орсон ч дараа жил бүрэн хүч таргаа авч чаддаггүйгээс төлөрхөг чанар, ашиг шимийн бусад үзүүлэлт улам буурдаг. Үүнээс шалтгаалан манай улс өгөөж, ашиг шим багатай мал сүрэгтэй болоод байна. Энэ байдал нь тухайн малын идэж байгаа хоол тэжээлийн чанараас шууд шалтгаалдаг.
Манай орны малын үндсэн тэжээлийн 90 гаруй хувийг хангадаг бэлчээрийн ургамлын шимт чанар, ургацын хэмжээ жил дараалан буурч, их хэмжээний бэлчээр нутаг талхлагдан ашиглах боломжгүй байгааг судлаачид аймаг, сум болгоноор нь нарийн тогтоожээ. Орон нутагт малчид устаж үгүй болоод байгаа тэжээлийн ургамлыг төрөл, зүйл бүрээр нь тодорхой ярьж байна.
Хадлангийн өвсний чанар нэгэн адил муудсан. Байдал ийм байхад талхлагдсан бэлчээр, атаршуулж орхисон өргөн уудам талбай, уул уурхайн үйл ажиллагаа явуулаад сүйтгэсэн газрыг малын тэжээл тарьж нөхөн сэргээе, усжуулъя, тэжээлийн нөөц, бэлчээрийн даацаа нэмэгдүүлье, цөлжилтөөс хамгаалах нэг арга хэмжээ болно гэхийн оронд "Малынхаа тоо толгойг цөөлье" гэсэн сэтгэлгээ хэт давамгайлсныг өөрчлөх ёстой. Бид бүдүүн ба хүчит тэжээлийг малдаа өгөөд байгаа ч малын бие организмд шаардлагатай уургийн хэрэгцээг бүрэн хангадаггүй.
Тухайлбал, буудайн хэвэг болон бусад хүчит тэжээлээр бид олон жил малаа тэжээсэн, сайн тэжээл байдаг. Гэвч ислэг их хэмжээтэй учраас зөвхөн малын гэдсийг дүүргээд тэр нь ялгадас болон гарч, малын биед шингэх уургийн хэмжээ бага байдаг. Үүнээс болж мал өвөл, хавар уургийн дутагдалд орсноос элдэв өвчин эмгэгт амархан нэрвэгдэх, хүйтнийг даах, дасан зохицох чадвар нь эрс муудсанаас турж доройтсоор үхэж хорогддог. Зун, намрын улиралд ч тарга хүч хангалтгүй авч байна.
Ийм учраас уургаар баялаг рапс, царгас, шар буурцаг, вандуй зэрэг ургамлыг малчид, малчдын хоршоо, бүлэг онцгой ач холбогдол өгч, зохион байгуулалтад орж, арвин ихээр тариалж малын тэжээлийн балансад уурагт тэжээлийн эзлэх хувь хэмжээг эрс нэмэгдүүлэх шаардлагатай болоод байна. Ялангуяа "Шинэ хоршоо" хөдөлгөөнд хамрагдсан малчид үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй.
Дээр дурдсан уургаар баялаг тэжээлийн ургамлуудаас уургийн хаан хэмээн дэлхий нийтээр алдаршсан царгасыг тариалж, үрийг нь үржүүлэн, мал тэжээж туршсан үр дүнгийн талаар Монгол Улсын зөвлөх, Гавьяат агрономич доктор Ш. Батсүхийн судалгааг авч үзье.
Царгас олон наст буурцагт ургамал. Агротехникийн шаардлагын дагуу нэг удаа тариад дахин тарихгүйгээр 5-7 жил дараалан хадаж нэг га-аас 8-10 тн хадлан авдаг нь байгалийн хадлангийн 24-30 тн өвстэй тэнцэнэ гэсэн үг. Шимт чанараараа байгалийн хадлангаас 3-4 дахин, ногоон тэжээлээс 2-3 дахин, улаан буудайнаас 3-6 дахин, шар буурцагнаас дөрөв дахин их бас хөрсөнд азот их хэмжээгээр хуримтлуулж үржил шимийг нөхөн сэргээх олон талын онцгой ач холбогдолтой ургамал ажээ.
80 гаруй га талбайд дунд зэргийн тарга хүчтэй 1000 хурга арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл хоёр сар гаруй хугацаагаар бэлчээрлүүлэхэд хурга тус бүрийн жин 10 кг-аар нэмэгдсэн нь жирийн бэлчээрт байсан хурганы жингээс 5-6 кг-аар илүү байсан байна.
Өөр нэг жишээ хэлье. Малчин, малчдын бүлэг, хоршоо таван га усалгаатай талбайд царгас тариалснаар эхний жил есөн сая орчим төгрөгийн зардал гаргаж, хоёр дахь жилээс таван га-аас 40 тн царгасан тэжээл хураан авах боломжтой. Энэ тэжээлээр ойролцоогоор 50 бод, 450 бог нийт 750 хонь толгой малыг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн дараа хаврын ногоо ургах хүртэл бүтэн таван сарын турш буюу 150 хоног өдөр бүр богт 0.4 кг, бод бүрт 1.7 кг царгасны өвс өгөхөд л бараг бэлчээрт гаргахгүйгээр хотонд нь байнга тэжээж онд бүрэн оруулах боломжтой зэргийг судалж тогтоожээ. Энэ мэт манай орны болон гадаадын эрдэмтэд туршиж судлан өндөр үр ашигтайг батлаад байгаа билээ.
Ийм чухал ач холбогдолтой уургаар баялаг тэжээлийн ургамал тариалах ажлыг улс даяар эрч хүчтэй зохион байгуулж, одоогийн тэжээлийн хангамж, чанарын түвшинд үндсэн өөрчлөлт гаргах шаардлагатай байна. Үүний тулд:
1. Юуны өмнө дээр үед тариа, ногоо тарьж байгаад атаршуулж орхисон талбайн тооллогыг аймаг, сум бүрээр хийж, тэжээлийн ургамал шинээр тариалах газрыг сонгон газар зохион байгуулалтын жил бүрийн төлөвлөгөөнд тусган баталж, тэнд рапс, царгас, вандуй, шар буурцаг гэх мэт уургаар баялаг ургамлыг зонхилон тариалах,
2. Таримал тэжээлийн аж ахуйг эрчимжүүлэхийн тулд эхний ээлжид манай оронд тариалж байгаа тэжээлийн таримлуудын үрийн тооллого явуулж, дутагдах үрийг байгаль, цаг уурын хувьд манайхтай адил төстэй Казахстан болон Сибир орчмын бусад газраас оруулж ирэх,
3.Увсын Хархираа, Архангайн Төвшрүүлэх мэтийн уламжлал туршлагатай бүс нутагт уургаар баялаг тэжээлийн ургамлын үр үржүүлэх аж ахуйн нэгжийг бүсийн хэмжээнд байгуулж эхний ээлжид хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгож, цаашид аж ахуйн тооцоонд суурилан ажиллуулахаар зохион байгуулах,
4.Уурагт тэжээлийн тариалалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн судалгаа, тооцоог гарган захиалан авах,
5.Талхлагдаж муудсан бэлчээрийг өнгөн ба үндсэн сайжруулалт хийх төлөвлөгөөг жил бүр аймаг, сумдад өгч сэргээн сайжруулах бүх талын арга хэмжээг технологийн шаардлагын дагуу авах,
6.Уурагт тэжээл тариалах, арчилж тордон ургуулах, мал тэжээх сургалтыг тусгай хуваарийн дагуу орон нутагт зохион байгуулах,
7. Өвөрмонгол, Буриадад малчдын төлөөллийг явуулж туршлага судлуулах ажлыг зохион байгуулах,
8.Уурагт тэжээл тариалах ажлыг эрчимжүүлэх энэ арга хэмжээний хүрээнд шаардагдах төсөв хөрөнгийн асуудлыг жил бүрийн улс, аймаг, сумын төсөвт тусгах ба гадаадын зээл тусламж, иргэн, аж ахуйн нэгжийн хандив, дэмжлэгт хамруулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай болоод байна.
Мал аж ахуйн хөгжлийн үндэс нь ургамлын аж ахуй, ургамлын аж ахуйн үндэс нь үрийн аж ахуй гэдэг. Байгалийн бэлчээр малынхаа хэрэгцээ шаардлагыг хангахгүй болсон өнөө үед таримал тэжээлийн ургамлын үрийг дотооддоо бэлтгэж нөөцлөхийн зэрэгцээ малчид хэрэгцээт тэжээлээ үндэслэлтэй тооцон бэлтгэх, мал тэжээх арга технологид суралцах, одоогийн хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, байр савыг хүрэлцээтэй, шаардлага хангахаар, Өвөрмонголд хэрэглэж буй хэмжээнд нийцүүлж, өөрчлөн сайжруулах хэрэгтэй боллоо. Цаг сайхан үед тэжээлийн ач холбогдол, мал тэжээх асуудлыг орхидог сэтгэлгээнээсээ салах хэрэгтэйг дахин дахин хэлмээр байна.
Таримал тэжээлийн хэмжээг ийнхүү нэмэгдүүлэх нь зөвхөн малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх төдийгүй талхлагдсан бэлчээр сэргээх, цөлжилтийг бууруулах, агаараас хорт хийг шингээн хүчил төрөгч ялгаруулан амьд организмыг тэжээх, байгаль орчныг хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой билээ.
Өвөл цас ордгоороо орж, хүйтэрдгээрээ хүйтэрнэ. Түүний өмнө сөгдөж, байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж дээр, дооргүй нэрлээд улсаас их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж тусламжийн тэжээл малчдад хүргэдэг боловч үр дүн туйлын хангалтгүй, ногоон тэжээл нь хатсан цагаан сүрэл, хадлангийн өвс нь харгана, шарилж зонхилсон, хэмжээндээ хүрэхгүй болохоор малд ямар хоол тэжээл болох вэ дээ. Энэ мэтчилэн алийн бүр өөрийгөө, өөрсдийгөө хуурах билээ.
Эцсийн эцэст хөрөнгө мөнгө, хөдөлмөр ихээхэн зарцуулсан ч малчид хэдэн малаа үхүүлж овоолоод, мах, ноолуурын үнээр хуримтлуулсан хэдийгээ тэжээлд өгөөд зарим нь банкны өрөнд унаад уруу царайлаад нутаг орноосоо дайжин хот суурин руу алийн болгон нүүдлийн урт цуваа үүсгэх вэ. Энэ байдлыг түүх болгон үлдээх олон арга замын эхний ээлжид хийх ёстой цорын ганц арга нь уурагт тэжээлээр малаа бүрэн хангадаг болох асуудал мөн. Монгол орныг малгүйгээр, малчингүйгээр төсөөлөхийн аргагүй. Иймд малаа байгалийн эрхшээлээс найдвартай хамгаалж, малчнаа суурьшилтай амьдруулах эхний алхам үүнээс л эхэлнэ.
С.Пүрэвдорж
/Архангай аймаг/
Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна