Хаврын адаг сар гарсан ч хур бороогүй, хуурайшилт ихтэй, хүн мал зутраасан хүйтэн хохилзуур салхитай өдрүүд үргэлжилж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд хуримтлалын данс нээж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мэдээлэл хийсэн.
Тэрбээр энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хариулахдаа "Баярцогт даргын асуултад хариулъя. Та улстөржиж байгаа учраас би бас мөн улстөржиж хариулъя” хэмээн хэлсэн нь багагүй маргаан дагуулав. АН-ын бүлэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “УИХ-аас, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас өөрийнхөө амаар уучлалт гуйх ёстой. Хэрэв уучлалт гуйхгүй бол Ардчилсан намын бүлэг чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна” гэж мэдэгдлээ. Тэр ч бүү хэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ ажлыг хариуцаж хийх ёстой” гэв. Уг нь УИХ-ын тухай хуулийн 30-р зүйлийн 30.1.5-д “...Бүлгийн эрх, үүрэг”-ийг хуульчлахдаа “…Нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах” гэж заасан байдаг ч энэ хууль АН-ынханд төдийлөн хамаагүй бололтой.
Тэд УИХ-ын чуулганы хуралдаанаас гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. АН-ын энэ “шантааж” аль хэр удаан үргэлжлэх бол гэж олон хүн сонирхож байна.
Засгийн газар “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, Баруун, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн долоон бүсийг тогтоож, тэргүүлэх чиглэлийг баталсан. Өнгөрсөн долоо хоногт Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан Булган аймагт боллоо. Монгол Улсын хүн амын 8.8 хувь нь хойд бүсэд оршин суудаг. Бүсийн ДНБ-ий 63.7 хувь нь үйлдвэрлэл, 17.7 хувь нь үйлчилгээ, 18.6 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна.
Хойд бүсэд 6770 ААН үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дундаж цалин 1.7 сая, нийт 9.4 сая тоо толгой малтай юм байна. Бүсийн анхдугаар зөвлөгөөний үеэр Орхон аймаг бонд гаргаж Хавдрын эмнэлэг, хойд болон баруун аймгийн иргэдийн бүсийн оношилгооны төв байгуулна. Мөн боловсролын салбартай хамтарч 50 га газарт 5000 оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбор байгуулна. Хөвсгөл аймгийн онгоцны буудлыг олон улсын онгоцны буудал болгож өргөтгөх, Булган аймагт бүсийн хэмжээний үйлдвэр технологийн паркийг байгуулахаар төлөвлөж байгааг танилцууллаа.
Засгийн газар хуралдаж Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталжээ. Шинэ журам батлагдсанаар дотоодын дээд сургуульд хоёр жил сурсны дараагаар үргэлжлүүлэн хоёр жил дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах бол Боловсролын сангаас зээл авах боломжтой болжээ. Үүнээс гадна гадаадад суралцаж байгаа оюутнуудын хувьд зээлээ төлөх хугацааг 20 хүртэлх жил байхаар журамд тусгажээ. Мөн сургуулиа төгсөөд гадаадад гурав хүртэл жил ажиллаад эх орондоо ирж зээлээ төлж болох заалт орсон байна.
Үүнээс гадна 10-аас дээш жил мал малласан малчин өрхийн нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд бэлчээрийн менежмент, хөдөө аж ахуйн чиглэлээр үнэ төлбөргүй суралцуулахаар болов. Энэ хууль 2025 оны нэгдүгээр сараас хэрэгжсэн учраас тэтгэлгийг ирэх есдүгээр сараас олгох юм байна. Боловсролын зээлийг боломжтой айлын хүүхдүүд, дарга даамлууд л авдаг гэсэн хэл ам гарч, энэ хэргийг АТГ шалгаж буй. Мэдээлэл ил тод болсноор зээлийн эргэн төлөлт ч сайжирч байгаа гэнэ. Өнгөрсөн 2024 онд 438 сая төгрөг буцаан төлж байсан бол энэ нь 2025 он гарснаар 1.2 тэрбум төгрөг болж өсжээ.
Монголбанкны ерөнхийлөгчийн гаргасан тушаалаар өнгөрсөн гуравдугаар сарын 10-наас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлд тавих шалгуур өндөрссөнөөр ахмад настанд дээд тал нь 12 сараас дээш хугацаатай зээл олдохгүй болсон. Мөн тэтгэврийн зээл дээр өр, орлогын харьцааг 50:50 болгон чангаруулсан юм. Үүнээс болж ахмад настнууд хоёр сая төгрөг хүрэхгүй буюу 1.8 сая орчим төгрөгийн зээл авдаг болжээ. Тэрхүү зээлээр томоохон асуудлаа шийдэх боломжгүй болсон юм байна.
Энэ ч шалтгаанаар Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан 240, мөн биечлэн 100 иргэн өргөдөл гомдол ирүүлжээ. Иймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголбанкны ерөнхийлөгчид хандан тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцөлийг зөөллөж өгөх хүсэлт тавьжээ. Уг нь эцэг, эх, өвөө, эмээгийнхээ тэтгэврийн зээлийг авч амьдардаг, оюутны сургалтын төлбөрөө төлүүлдэг, машин авч унадаг нөхдийг цөөлөх зорилгоор Монгол банк зээлийн шалгуурыг өндөрсгөсөн. Гэвч эргээд бөөн хэл ам таталж, ахмадууд бухимдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо. “Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2024 онд нүүрсний экспортын 36 хувийг дангаараа, татварын орлогын 12 хувийг дангаараа бүрдүүлж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна гэдэг таатай мэдээг энэ үеэр дуулгалаа.
Улсын нийслэл Улаанбаатарыг түгжрэл гацаанаас гаргах ганц арга нь метро. Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өнгөрсөн оны аравдугаар сард зарласан. Тэгвэл I шатны тендерийг өнгөрсөн сарын 28-ны өдөр нээлээ. Уг тендерт долоон улсын 27 ААН материалаа ирүүлсэн байна. Тодруулбал, Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад улсын компаниуд Уланбаатарт метро барихаар материалаа ирүүлээд байгаа юм байна.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Богд уулын оройд гал түймэр гарч Нийслэлийн иргэдийг сандаргалаа. Иргэд таван литрийн савтай ус зөөж, Онцгой байдлын 160 гаруй ажилтан, алба хаагч ажиллаж байж түймрийг цурамд оруулав. Хэдхэн цагийн дотор 60 гаруй га газар, олон мянган мод шатаж, иргэд “Нисдэг тэргээр галыг унтраах ёстой байсан” хэмээн бухимдав.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна