1. Ардчилал гэдэг үгтэй өрсөлдөөд авлига, архидалт, аборт /үр зулбуулах/ хэмээх үгс албан хаагчид, авгай хүүхнүүдийн амны уншлага болж эхэлсэн нь “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэг аман хуультай монголчуудад тэр тусмаа ахмад үеийнхэнд айхавтар сэжиг төрүүлсээр байна.
2. Ардчилал нь улс төрд тэмүүлэгчдийн амыг халааж, авлига нь албан хаагчдын алгыг загатнуулж, архидалт нь аль алины дотрыг халааж, аборт нь аальгүй хүүхнүүдийн аврал болон хувирсан цагаас хойш арван таван жил өнгөрлөө.
3. Ардчилал нь хөөргөн залуусаас шударгуу бусдынхаа, ялангуяа ахмад үеийнхээ аман дундуур цохидог мод болон хувирч, авлига нь шат дамжлага бүрийн түшмэдийн түрийвчээ зузаалах хэрэглүүр, арга ядсан эгэл хүмүүсийн ажил хэргээ бүтээх цулбуур болон түгж, архидалт нь улстөрчдийн үгсэн хуйвалдах бие халаагуур, амьдралд гутсан хүмүүсийн сэтгэлээ хуурах ундаа, аборт нь биеэ үнэлэгчдийн сувайрах түргэн тусламж болж дархлагдлаа.
4. Ардчилсан нам дотроосоо хагаран бутарч, анхны арван дөрвөө ч гээж мартаж, алтан гадсаар аргамжаад ч унаа морио алдсаар байх хооронд авлигачид, ашиг хонжооч нар төр засгийн бүх шат дамжлагад шигж арваар биш зуугаараа нэрсийн жагсаалтад орж, архины үйлдвэрүүд зах зээлийн гэх эдийн засагт гол үзүүлэлтийн зэргэмжид хүрч, зөвхөн нийслэлд гэхэд л архичид жилд 70-100 мянгаараа эрүүлжүүлэхэд хонодог болж, абортоор жил бүр 15-30 мянган нялхсыг эхийнх нь хэвлийд ил, далд егүүтгэдэг боллоо. Хүн ам өсөхөө байлаа.
5. Ардчиллын гоё нэрээр халхавчлан ашиг хонжоо хөөцөлддөг, хүнд сурталт, авлигач тогтолцоо бүрдүүлж, улс нийгмийн өмчийн ихэнхийг хувьчилж бие хүнд үүрүүлчихсэн мөртлөө амины өмчгүй шахам байсан үеийн яам, газруудыг хэвээр нь байтугай улам нэмэн /яам, агентлаг/ олшруулж давхар биет түшмэдийн хамтлаг буй болгосноос эгэл хүмүүс ямар нэгэн санаачилга гаргаад хэрэгжүүлэх гэхэд 27-30 янзын зөвшөөрлийг яам, газрын түшмэдээс авахаас нааш бүтэх боломжгүй болтол нь торлосны балгаар авлигын сүлжээ аяндаа нутагшсан тийм нийгэмд хүмүүс аж төрөхөөс аргагүй боллоо. Хонжоо хайгчийн ертөнцөд иргэд бид барьцаалагдлаа.
6. Авлига бол голдуу төр засгийн түшмэдийн өвчин бөгөөд эгэл жирийн хүмүүс өөр хоорондоон юм уу, аль нэгэндээ авлига өгөх, авах ямар ч шаардлага байхгүй. Төр засгийн үйл ажиллагаа болхи бүдүүлэг байх тусам, түшмэд ядуу, ашиг хайгч, хуурамч шунахай, хүнд сурталтай, хяналтгүй, хүнлэг бус байх тусмаа авлигаар өвчлөх магадлал маш өндөр байдгийн гэрч нь манай өнөөгийн тогтолцоо өөрөө болжээ. Авлигач түшмэдийн арын фронт нь үсэрч буюу гэнэт амархан баяжих сэтгэлгээтэй хонжоо хайгч бизнесч гэгдэх хүмүүс болж байна. Тэд нар авлига өгнө ч, авна ч бас хахууль атгуулна ч !
7. Монгол Улсын шинэ Үндсэн хуульд заахдаа “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, эрх, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэжээ. Энэхүү үндсэн зарчмаа манай төр ягштал барьж хэрэгжүүлж байгаа эсэхийг авлига гэдэг ганц үг л гэрчлээд өгнө. Хэн авлигач гэж сэжиглэгдэж байгаа билээ гээд бодоод үзье.
-Улс төрийн хүрээнийхэн нэгдүгээрт,
-Мөнгө, санхүү баригсад хоёрдугаарт,
-Хууль, хяналт, татварынхан гуравдугаарт,
-Хил, гаалийн ажилтнууд дөрөвдүгээрт,
-Эмч, багш, захирлууд тавдугаарт,
-Хувийн бизнесийнхэн зургадугаарт,
-Иргэдийг хявцах боломж бүхий бусад цэгүүд дээр ажилладаг албанынхан долдугаарт нэрлэгдэж байгаа бөгөөд долоон ховдог ийм бүлэг хүмүүс албан тушаал, эрхэлдэг ажлынхаа онцлогийг ашиглан их, багаар ашиг хонжоо хайх нөхцөл, боломж эзэгнэж буй нь нийтэд илэрхий. Ийм бололцоог хүнд сурталт тогтолцоо, зах зээлийн харилцаа, ашиг хонжоо хайгчдын нийгэм өөрөө бүрдүүлж өгч байдаг. Үүнийг гагцхүү хуулийн аргаар хязгаарлана.
Арван таван жилийн турш хазааргүй явсан авлига олон хүнийг муу занд сургасны эцэст сая л “Авлигын эсрэг хууль”, түүнийг хэрэгжүүлэх тусгай газартай болж буй манай нөхцөлд нэгэнт архагшчихсан авлига өвчнөөс салахад хүнд ч гэсэн юуны урьд хүн амдаа ахадсан олон түшмэлтэй тогтолцоог хөнгөлж, яам газруудыг цомхотгон, УИХ-ын гишүүдээс эхлэн /39 гишүүн олонх гээд дангаараа баталчихдаг туршлагаа ашиглан 76 биш 40 болтол цөөлөх/ Засгийн газрын их, бага түшмэдийн орон тоог бүх шатанд хасагдуулан оронд нь электрон засаглал /E-governance/ суулгаж бүх төрлийн мэдээлэл, лавлагааг цахим санд төвлөрүүлэн сүлжээнд нэгтгэвэл хүнд үл итгэхийн дон шүгэлсэн элдэв лавлах, нотолгоо, зөвшөөрлийн мэдээллийг хүнээс биш компьютерээс асуудаг болно.
Тал хувь нь хүүхэд, хөгшид бүхий хоёр сая гаруйхан хүн амын тухайд шаардлагатай мэдээллийг цахим оюуны ганцхан зээрэнцэгт /диск/ багтаан хадгалах боломжтой цаг үед амьдарцгааж байна л даа! Нөгөө талаар банк санхүүгийн үйл ажиллагаанд ч гэсэн цахим үйлчилгээ нэвтрүүлж, цахим картаар мөнгөн тооцоо хийдэг болж, бэлэн бөгөөд бохир дэвсгэртүүдээр халаас, өврөө түнхийлгэж явдаг болхи байдлаас хагас хугас салбал авлигачдад болон суйлагчдад мөнгөө алдахгүй, алдсан ч илрүүлэх боломж дээшлэх биз ээ.
Ер нь хээл хахууль, авлигыг танигдахгүй болтол нь өнгөлөн гоёж далдлах арга хэлбэрүүд болох шагнал, өргөмжлөл, ивээн тэтгэлэг, хандив өргөлт, хонжвор сугалаа, бооцоот болон шагналт тоглоомууд, бэлэг дурсгал өгөх, бонд гаргах, мөн бөх барилдуулах, шоу зохион байгуулах гэхчилэн далд санаатай ил авлигыг журамлах талаар шинэ байгуулагдаж буй “A” газар анхаарах байлгүй гэж олон хүн найдаж байгаа бололтой.
Авлигыг хорьж чадахгүй, авлигачдыг гэсгээж чадахгүй, бас илрүүлсэн юм ч ховор, ер нь яриагаар л авлигатай тэмцэж харагддаг нь манай төр засаг Үндсэн хуулиар заагдсан долоон зүйлт зарчмаа ихэнхийг нь баримтлахгүй харин ч бүр авлигачийн сэтгэхүйгээр цоорхойтой хууль батлаад сууж байснаас гурав, дөрөв дахин цойлдсон Хадгаламж зээлийн хоршооны хууль мэтийн балагтай хуулинцрууд олширч иргэдийг улаан цайм хохироосоор байна.
Авлигатай тэмцэх газар энэ бүхнийг соргог харж жинхэнэ нударгатай тэмцэл өрнүүлэх буй заа. Гэхдээ аажимдаа иргэдийнхээ ул шагайдаг, хов матаасыг учир тоймгүй өөгшүүлдэг, хардлага сэрдлэгийг дэврээдэг, авлига гэдэг үгийг хадны мангаа болтол нь иргэдийг дарамталдаг шинэ маягийн “ДО” яам болчихоос сэрэмжлэн ажиллах байлгүй дээ!
"Авлига бол алган дээр ассан гал юм" гэдгийг авлигач нар санаж, хээл хахууль бол авлигачдыг төрүүлэх анхан шатны дасгал юм гэдгийг иргэд санаж, ялихгүй зусар баяжихад саад гэдэг өвгөд дээдсийн үгийг үе үе эргэцүүлж байгууштай буюу!
Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна