Ази, Европыг холбосон алтан коридор

unen
16 цагийн өмнө

Шанхайн хамтын ажил­лагааны байгууллагын улс төрийн намуудын форумд оролцохоор Шинжаан Уйгурын Өөртөө засах оронд аяны дөрөө мултлаад ирлээ. Их үдэд Бээжин хотоос хөөрсөн онгоц дөрвөн цаг гаруй нисээд нар хэвийх үест Өрөмч хотын шинэ нисэх буудалд газардав. Ашиглалтад ороод сар ч болоогүй нисэх буудлын дотоод засал орон нутгийн онцлог, угсаатнуудын  уламжлалыг тусгажээ. Өрөмч амар амгалан, тайван хот юм. Турфан, Хами, Цонж зэрэг бидний морилон саатсан хотууд ч налгар тайван байв. Шинжаан Уйгур гэхээр хатуу дэглэмийн тухай гадаадын хэвлэлүүдэд бичдэг. Даян дэлхийд нэг ч гэсэн бүс нутагт энхтайван тогтож, хүмүүс нь айх айдасгүй амар амгалан амьдарна гэдэг гайхалтай сайхан  шүү. Гагцхүү олон улсын жишгээр нисэх онгоцны буудлын хяналтын ажилтнууд дүрэм ёсоор нэвтүүлснийг эс тооцвол аяллын хугацаанд зочилсон олон байгууллага, албан газрууд  “ам дамжсан” сураг шиг айхавтар шалгасангүй.

 Форумд ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээрийн түнш 23 орны орны 200 гаруй  төлөөлөгч оролцлоо. Энэ жил ШХАБ-ыг БНХАУ улс даргалж байгаа. Форумын үндсэн сэдэв ядуурал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлтэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, тээвэр логистикийн харилцааг өргөжүүлэх зэрэгт чиглэсэн. Форумыг нээж  ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Нурлан Ермекбаев  “Энэ удаагийн форум бол Тяньжин хотноо ирэх намар болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын өмнөх чухал үйл явдал юм.  Гурван өдөр үргэлжилсэн чуулга уулзалтыг Хятад улсын Шинжаан Уйгурын Өөртөө засах орны Өрөмч хотод зохион байгуулсан юм. Оролцогчид тогтвортой хөгжилд улс төрийн дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон. Шинжаан ШХАБ-ын бүх улсад томоохон үүрэг гүйцэтгэдэг. Уг Өөртөө засах орон нь хамтын нийгэмлэгийн найман улстай  хиллэдэг, маш идэвхтэй хамтран ажиллаж, бүх талын дэмжлэг үзүүлдэг. Шинжаан газарзүйн байрлал, нөөц баялгаараа зөвхөн Төв Ази гэлтгүй бүх гишүүн улсад чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээв. Төлөөлөгчид  “Шанхайн оюун санааг хөгжүүлж, ШХАБ-ын тогтвортой хөгжлийг дэмжих нь: Улс төрийн намуудын үүрэг хариуцлага, эрхэм зорилго” сэдвийн хүрээнд өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Оролцогчид ШХАБ-ын гишүүн орнуудын улс төрийн намуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг уриаллаа. Ардчиллын үндэс, ард түмний дуу хоолой болсон улс төрийн намууд тулгамдсан сорилтод хариу өгөх хүчин чармайлтыг удирдан чиглүүлэх, нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн.   Өнгөрсөн жил Хятад улс болон ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээрийн түнш орнуудын худалдааны эргэлт 890 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээ юм. Түүнчлэн ШХАБ-ын гишүүн орнуудын улс төрийн намуудын форумд оролцогчид  Шинжааны хотуудаар аялан Хятад улсын тогтвортой хөгжил, үйлдвэрлэлтэй танилцсан юм. Өрөмч нь шимтэй, сайхан бэлчээр гэсэн утгатай монгол үг хэмээн хөтөч бүсгүй тайлбарлаж байлаа.  Евразын эх газрын төвд орших Шинжаан Уйгурын Өөртөө засах орон газар нутгийн хэмжээгээрээ БНХАУ-д тэргүүлдэг. Хятад, уйгур, дунган, монгол, киргиз, сибо, тажик, узбек, манж, дагуур, татар, орос, дунсян, тужя, жуан, салар зэрэг 34 үндэстэн эв найртай аж төрж байна. Зүүнээс баруун тийш Монгол, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикстан, Афганистан, Пакистан, Энэтхэг улстай хаяа залгадаг Хятадын хамгийн олон хилийн боомттой Өөртөө засах орон юм. Ази тивийн хэвлийд орших үржил шимт хөрстэй. Голдуу улаан буудай, эрдэнэ шиш, тутарга, хөвөн, чихрийн манжин, лаванда цэцэг, усан үзэм тариална. Сэрүүн бүсийн жимсний бараг бүх төрлийг тарьжээ. Эдгээрээс Турфаны усан үзэм, Хамийн гуа гойд сайхан үнэр, амттай. Нутгийн өвөрмөц онцлог бүхий ундаа, сүүн бүтээгдэхүүн, үнэртний үйлдвэрлэлээрээ алдартай. Улаан лооль, үзмийн архи, жимс, ундаа, зөрөг цэцэг, чихрийн манжин, эрдэнийн чулуу боловсруулах, ардын өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүн зах зээлд эрэлттэйг нутгийн иргэд хэлж байлаа.

 

Сэргээгдэх эрчим хүчний ундарга-Хами

 

Цаст уулсын өвөрт дуниартах Хами хот говийн суурингаас дэд бүтэц, тээвэр логистик, техник технологи хөгжсөн ногоон хот болжээ. Бээжин зэрэг томоохон хот руу шууд нислэгтэй. Далайн түвшнээс дээш 3300 метр өргөгдсөн өндөрлөгт Өрөмчөөс Ланжоу хүртэл хурдны төмөр замаар суман галт тэрэг давхиж байна. Төмөр замын хажуу зурвасаар говийн загийг эгнүүлэн тарьжээ.  Өндөр хурдны төмөр замаар холбогдсон Хами аймаг өнөөдөр бүсийнхээ эрчим хүчний тулгуур болжээ. Зам тээврийн дэд бүтцийн хөгжил  орон нутгийг эдийн засгийн дэвшилтэй холбоход чухал үүрэг гүйцэтгэсэн нь илэрхий. Шинжаан уул уурхай, ашигт малтмалын асар их нөөцтэйгөөс гадна сэргээгдэх эрчим хүчний салбарт жишиг тогтоосон. Цэвэр эрчим хүч үйлдвэрлэх олон төсөл хэрэгжүүлж, нар салхины цахилгаан станцууд 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. Илүү эрчим хүчээ бусад муж руу дамжуулан түгээдэг аж. Тухайлбал, нарны эх үүсгүүрээр цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал 138 сая киловатт хүрчээ. Цахилгаан үйлдвэрлэх явцдаа хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй байгаа нь олзуурхууштай. Шинжааны эдийн засаг богино хугацаанд хөгжсөн нь олон төрлийн аж үйлдвэрийн системтэй шууд хамааралтай. Баялгийн давуу талаа ашиглан өөрсдийн өвөрмөц онцлог бүхий гар урлал, төрөл бүрийн аж үйлдвэр хөгжүүлжээ. Өдгөө Шинжаанд 60 мянга гаруй  аж ахуйн нэгж 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Шинээр хөгжиж буй аж үйлдвэрүүдэд өндөр технологи, томоохон төслүүд хэрэгжүүлж байгаатай холбогдуулан  Хами хот байгалийн арвин нөөц баялгаа ашиглан аж үйлдвэрийн өөрчлөлтийг эхлүүлжээ.  Шинжааны зүүн бүсийн эрчим хүчний гол зангилаа статустай. Нарны зайн хавтангийн үндсэн материал болох 60 ГВт-ын хүчин чадалтай гэрэлт цахилгаан цахиур хавтанг дотооддоо  үйлдвэрлэж байна. Хамигийн хөгжлийн зорилго нь салхи, нарны эрчим хүч үйлдвэрлэлийг давуу тал болгоход чиглэсэн. Товчхондоо Хами хот Шинжааны аж үйлдвэрийн кластер төв болжээ.

 

Торгоны замын сувд-Турфан

 

Шинжаан эх газрын хуурай, эрс тэс уур амьсгалаараа манай оронтой тун төстэй. Хятад улсын хэмжээнд хамгийн халуун тохиол бүртгэгдсэн нь бидний очсон Турфан байлаа. Их уулсын элгэнд хэрмэн цав урлах элсэн шуурганы хөлд он жилүүдийг элээсэн Турфаны хотгор дэлхийд алдартай. Торгоны замын зангилаа, эртний түүхт энэ хот хол, ойрын  зочдын сонирхлыг үлэмж татдаг. Торгоны зам бол  эртний Хятадыг барууны ертөнцтэй холбосон худалдаа, соёлын алтан хэлхээ.  Энэ замаар 2000 гаруй жилийн тэртээ дорнын торго дурдан, хаш, шаазан эдлэл тээсэн тэмээн жин Европт хүрдэг байлаа. Соёл, түүх, хөдөө аж ахуйн аялал жуулчлалаар зорин ирэх хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгджээ. Мөнхүү  Тэнгэр уулын хормой дахь хамгийн эрт хавар болдог нутаг юм. Дөрөвдүгээр сарын төгсгөлд очиход гүйлс цэцэглэсэн байлаа.   Цөлийн баян бүрдийг дагаж хөгжсөн Турфан хот өнөөдөр хэлхсэн сувд шиг гэрэлтэнэ. Тэндхийн хүн ард нутаг усаа ашиглан ногоон бүрдийн хөдөө аж ахуйг хөгжүүлжээ. Энэ нутагт янз бүрийн өнгө амт бүхий 200 орчим зүйлийн усан үзэм тариалдаг. Жилдээ 1.14 сая тонн ургац хураан авдаг аж.Нар тусах хугацаа урт, өдөр шөнийн халуун хүйтний зөрөө ихтэй байдгаас эндхийн үзэм чихэрлэг амттай. Хотын гудамжаар усан үзмийн ороонго ургаж, гэр байшингийн хашаанд хатааж боловсруулах сөр дүүрэн байв. Эндхийнхэн усан үзмээ онцгой аргаар эврээн хатаадаг, шавар шороогоор барьсан, дөрвөн талаасаа салхи нэвтэрдэг сэрүүн сөр дотор хатсан үзэм шимээ алддаггүй гэнэ. Үүнээс үзвэл  усан үзмийн тариалангийн алтан бүс гэж гарцаагүй онож нэрлэжээ.  Хур тунадас өдрийн од ховор ордог, хуурай, нарлаг цаг агаартай учир турфанчууд усыг чандмань мэт хайрлана. Зэлүүд элсэн цөлийг өнөө цагийн үржил шимт хөндий болгосон түүх саяхных биш ээ. Тэнгэр уулаас буусан мөнх цасны шимт усыг авахаар  мянга гаруй жилийн тэртээгээс газрын гүний шугам татжээ. Уйгуруудын уйгагүй зүтгэлийн хүчээр бий болсон усны шугам 5000 километр үргэлжилнэ. Карезын усыг өдгөө унданд хэрэглэдэггүй ч тариалангийн усалгаанд ашигладаг. Тиймээс Турфанд ирсэн хүн Карезыг заавал үзэх ёстой. Мянганы түүхийг эдүгээд таниулах биет дурсгал юм. Тэнгэр уулын цэнгэг усыг сувагчилж  татахдаа олон зуун худаг гаргаж усжуулалтын системийг бүрдүүлжээ.  Карез суваг руу орвол сэрүү татлаа.  5000 километрийг туулж ирсэн ус бургилах нь шилэн хавтангийн дээрээс тод харагдана.  Шинжаанд алдартай хоёр том музей байдгаас  нэг нь Турфанд бий. Уйгурын үед буюу VIII зуунд дүрслэх урлагт бурхны шашны сэдэв зонхилж, ялангуяа сүм хийдийн хана туурганы чимэг давамгайлсан нь Турфаны нэрээр алдаршжээ. Тэдгээр бүтээл музейн үнэт үзмэр болон үлджээ. Турфаны ханын зургуудад бурхан багш  шавь нартаа сургаал номлож буй байдал, залбирал мөргөл үйлдэж, гашуудан эмгэнэл илэрхийлж байгаа, бясалгасан бодьсадва нарын дүрийг дүрсэлсэн байна. Хүн төрөлхтний бичгийн соёлыг гадаад далайд цутгадаг их мөрөн хэмээвээс ширгэшгүй ундарга, тасаршгүй цутгалын нэг нь Уйгураас гаралтай.  Дээрээс доош босоо чиглэлтэй бичдэг өвөрмөц онцлог бүхий бичгийг монголчуудын өвөг дээдэс  хэл аялгуундаа тохируулан боловсруулжээ. Турфан соёлын өв, дурсгалт  90 гаруй газартай.  Галт уулын хормойд орших Мянган бурхны агуй нэн алдартай. Ханын зургууд эдүгээ хүртэл өнгө будгаа алдаагүй, соёл урлагийн үнэ цэнтэй эрдэнэсийн сан хэвээр байна.

Үргэлжлэл дараагийн дугаарт


 Х.Эрдэнэзаяа

  Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 11 цагийн өмнө
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 13 цагийн өмнө
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 15 цагийн өмнө
Ази, Европыг холбосон алтан коридор 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 17 цагийн өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 18 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 19 цагийн өмнө
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… Өчигдөр
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна Өчигдөр
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… Өчигдөр
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… Өчигдөр
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног Өчигдөр
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… Өчигдөр
Б.Жигмэддорж: Монголын авто, мото спортын хөгжлийг олон улсад харуулах… Өчигдөр
​ Нийгэмд инээд ус, агаар шиг хэрэгтэй Өчигдөр
Алганд ассан авлига Өчигдөр
Бүсийн зөвлөгөөний өгөөж Өчигдөр
“Шинэ цагийн хуучин хүү” /Рemейk/ Өчигдөр
Кашмир цөмийн гүрнүүдийг хагаралдууллаа Өчигдөр