Өгөхийн ерөөлтэй хүмүүс гэж байдаг. Өөрт байгаагаа бусадтай хуваалцаж, мэдсэн сурснаа олон түмэнд түгээж явдаг тэдгээр хүмүүсээс сониныхоо энэ дугаарт зочноор урьсан нь “Lashes by Zulaa” академийг үүсгэн байгуулагч Ч.Энхзул юм. Булангийн жижигхэн өрөөнөөс эхэлсэн ажлаа ирээдүйд өргөжиж олон хүнийг амжилтад хөтөлсөн академи болно чинээ төсөөлөөгүй биз. Эхлүүлсэн ажлынхаа ард нь гарч, ажлынхаа гүйцэтгэлд хамгийн их анхаарал хандуулдаг нь түүнийг олон улсын шүүгч, дасгалжуулагч, багш болтол нь хөгжүүлжээ. Одоо тэрбээр сормуус урлаачдын анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
-Төрийн албан хаагчаар ажиллаж байсан та эрсдэлтэй шийдвэр гаргаж хувийн бизнесээ эхлүүлсэн нь сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэр байгаагүй болов уу. Их л том зүйлийн төлөө зориглосон нь үр дүнгээ үзүүлж өнөөдрийн таныг бүтээжээ?
-Миний хүсэн мөрөөдөж эзэмшсэн мэргэжил жүжигчин. Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн шавь болж урлагийн халуун ам бүлд багтах боломж олдсон нь миний амьдралын гайхалтай мөчүүдийн нэг. Одоо ч тайз, дэлгэцийн бүтээлүүдийг шимтэн үзэж, сэтгэлд байнга уяатай явдаг. Огшиж, омогшиж, зарим дүрийн оронд өөрийгөө орлуулан төсөөлөх нь холгүй явах үе бий. Би ийм л сэтгэлийн хөдөлгөөнтэй, хөөрүү хүн. Гэхдээ мэргэжлийн жүжигчин болж сургуулиа төгсөх үед хүссэн замаараа явах боломж надад олдоогүй. Бодвол цаг нь болоогүй байсан юм байлгүй дээ. Бусдын нэгэн адил, амьдралын шаардлагаар өөр ажил хөдөлмөр эрхлэх сонголтгүй сонголттой тулгарсан. Би багын адтай, ээжийн үйлний хайчаар хүний үсийг хэдэн янзаар засдаг. Бас болоогүй 18 нас хүрээгүй ч эргэн тойрныхоо хүмүүсийн чихийг цоолж, нүүр будах дуртай байсан нь хожим сормуус урлаач болох замд хөтөлсөн байх.
Миний алсын хараа, хэтийн зорилгод Америк аль хэдийнэ багтчихсан
-Урлагийн хүн гарын дүйтэй нь мэдээж. Дээр нь эмэгтэй хүн нарийн чимхлүүр ажлыг төвөггүйхэн хийнэ. Гэхдээ хүнд үзэмж нэмэх олон ажлаас яагаад заавал сормуус гэж?
-Сормуус урлалыг заавал эмэгтэй хүн сурдаг гэж ойлгож болохгүй. Надад эрэгтэй хоёр ч шавь бий. Бас нягт нямбай байлаа гээд сормуусыг сайн хийдэг гэвэл худлаа. Миний бодлоор үйлчлүүлэгчээ мөнгө гэж хардаггүй, мэдрэмжтэй, сэтгэлтэй хүн сайн сормуус урлаач болно. Яагаад гэвэл сормуус хийхэд хүний мэлмийтэй харьцдаг. Гоо сайхан харагдахаасаа илүү эрүүл мэндтэй холбоотой. Ийм хариуцлагатай ажлыг хүн бүхэн хийж чадахгүй, зарим нь шантардаг. Надад ч гэсэн бодлын зөрүүтэй явсан удаа бий. Тэр үед миний бодлыг үйлчлүүлэгч, хамтран ажиллагсад, шавь нар маань өөрчилсөн. Ийм сэтгэлтэй явахдаа дотооддоо хоёр ч сургалтад хамрагдаад “болоогүй” гэсэн мэдрэмж хэвээр. Тийм учраас ОХУ руу явж сургалтад хамрагдахаар шийдсэн нь байдлыг өөрчилсөн юм. Энэ үед өөртөө итгэх итгэл нэмэгдэж эргэлзээтэй бодлууд маань сарнисан. ОХУ-ын урлаач, дэлхийн хүн Ольга сормуусыг илүү өтгөн харагдуулах аргыг гаргаж ирсэн. Тэндээс сормуус урлаачийн хувьд их зүйл сурсан даа. Хортой болон хоргүй бодис гэж алиныг нь хэлдэг. Тэдгээр бүтээгдэхүүнийг зөв хадгалахгүй бол хэрхэн чанараа алддаг. Ийм тохиолдолд хүн гоёхоос илүү эрүүл мэндэд нь хортой зүйл болдгийг ойлгосон. Үүний зэрэгцээ ази, европ хүний нүдэнд ямар эффект ашиглах вэ. Ямар мэргэжилтэй хүнд аль сормуусыг хийвэл илүү нийцэх вэ гэх жишээний нарийн ажлыг Орост байхдаа сурсан. Ингэж илүү гүн гүнзгий судлаад, сураад ирэхээр хүн ажилдаа дуртай, үйлчлүүлэгчээ ойлгож, хүндэлж сурдаг юм билээ.
-Сая дурдаад өнгөрсөн болгоноо интернэтийн тусламжтайгаар бусадтай хуваалцаж, мэдээлэл өгдөг байсныг санаж байна. Тухайн үед олон ч дагагчтай болсон байх?
-Сормуус урлалын талаар гайгүй сайн мэдэж ирээд удаагүй дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан. Би тэр цаг хугацааг боломж хэмээн харж өөрийн мэдсэн сурснаа бусадтай хуваалцсаныг та ч санаж байна. Жүжигчний мэргэжил, ярих ур чадварын хичээл судалсан учраас хүмүүстэй харилцахад надад хэцүү байгаагүй. Энэ давуу талынхаа ачийг гарган сормуус урлалын талаар мэдээлэл түгээгээд нэг мэдэхэд хэдэн арван мянган дагагчтай болчихсон байлаа. Тэр үед гэнэтийн бэлэг шиг үйл явдал болсон бас л сормуус урлаачийн хувьд онцлох үйл явдлуудын нэг болсон. Тухайн үед надаар үйлчлүүлж байсан эмэгтэй сургалт авах хүсэлт тавьсан нь анхны тохиолдол байсан юм. Өөрөө яаж хийхээ мэдээд байгаа ч түүнийг хүнд зааж чадах болов уу гэсэн эргэлзээ арилаагүй. Тийм үед “Ажлыг ул суурьтай, судалгаатай хийж явсан нь намайг багш болгосон юм байна” гэж бодсон. Багшлахын тулд "Сити" их сургуульд арьс гоо заслын технологич мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Дараа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт,үнэлгээ, судалгааны институтээс багшлах эрхийн зөвшөөрөл авсны дараа санаа амарсан. Одоо манай академийг төгсөгчид олон улсад ажиллах боломжтой. Бусдын адил хөдөлмөр, бүтээл хийсэн цаг хугацаагаа үнэлүүлэх нөхцөл бүрдсэн. Манай ээж багш хүн. Ээжийгээ “Шавь нараараа бахархаж байна” гэхээр гайхан хүлээж авдаг байсан бол одоо энэ үгийг өөрөө хэлээд сууж байна.
-Сормуус хийдэг газар манай улсад дэндүү олон. Энэ өрсөлдөөнтэй орон зайд та юугаараа ялгарна гэж бодсон бэ?
-Одоо бодоход өөрийгөө тодоор харуулахын төлөө зорилготойгоор эхлүүлсэн ажил хийж байгаагүй юм билээ. Академийнхаа нэрийг ч гэсэн нөхөртэйгөө ярилцаж байгаад л өгсөн. Лого болсон зургийг анх Инжир зураачтай хамтдаа зурсан. Нэг талаараа хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, өөр өнцгөөс харвал шинэ ажлыг зоригтойгоор эхлүүлсэн. Тухайн үед сормуус хийлгэхээр ирж байгаа хүмүүсийн олонх нь чанаргүй үйлчилгээ аваад хаширчихаад ирдэг байв. Би тийм хүмүүсийг ороод ирэхээр нь хайрладаг. Яагаад гэвэл, бүтэн сар ажиллаад олсон мөнгийнхөө хэсгээс өөртөө зарцуулах гээд ороод ирдэг. Тийм учраас аль чадахаараа сайн үйлчилгээ хийж “Хүн хүний сормуус өөр бүтэцтэй. Үнэд нь биш өөрт тохирсон сормуусыг олж хийлгээч” гэдэг зөвлөгөөг хүмүүст өгч байсан. Ер нь сормуус хийлгээд гоё харагдах хоёрдугаар асуудал. Эрүүл бөгөөд аз жаргалтай байх нэн тэргүүний зүйл гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Үйлчлүүлэгчид хэрсүү, зөв мэдээлэлтэй болбол чанаргүй сормуус хийдэг газарт орон зай үлдэхгүй. Тиймээс сормуус урлалын талаар цөхрөхгүй ярьсан. Одоо ч шаардлагатай тохиолдолд мэдээлэл өгдөг.
-Өнгөрсөн найман жил сормуус урлаачийн хувьд дардан байгаагүй байх. Хүн л юм чинь алдаж ононо?
-Миний ажил, одоо надад байгаа бүхэн маань маш их үнэ цэнтэй. Би 33 насандаа нэрийнхээ утга учрыг тайлсан. Энхээс мөнх, зул гэдэг нь бусдад үргэлж гэрэл гэгээ түгээхийн нэр юм байна гэдгийг ойлгосон. Өөрийнхөө ойлгосон зүйлийг бусадтай хуваалцаж байхдаа би аз жаргал мэдэрдэг. Үүгээрээ би бусдад итгэл, боломж өгдөг юм байна. Үүний үр дүнд нь миний ажил илүү бүтэмжтэй болсныг ухаарсан. Нэг хэсэг тэмцээн уралдаанд оролцоод төдийлөн бүтэмжтэй байгаагүй. Тэр үед миний хүрээлэл, найз нөхөд маань олон улсын шүүгч бэлтгэх сургалт эхлэх гэж байгааг хэлж өөрийгөө сориод үзэхээр зорин очиход миний мэдлэг бусдаас дутахгүй юм байна гэдгийг ойлгосон. Шүүгч, дасгалжуулагч, багшаар ажиллах орон зай, нөхцөл бололцоо байгаагаа 2022 онд мэдсэнээс хойш хичээсний үр дүнд өнөөдөр мөрөөдлийнхөө захаас атгаад зогсож байна.
Хүн чанар, мөн чанар, үйлчилгээ үзүүлэх соёл л бидэнд дутаад байна
-“Мөрөөдөлгүй бол сэлүүргүй завьтай адилхан” гэдэг. Мөрөөдөл тань одоо аль зүгт таныг хөтөлж байна вэ?
-Хүмүүс надаас “Холливуд смайл хийлгэсэн юм уу” гэж асуудаг. Хариуд нь би “Холливуд Амараа гэж байдаг биз дээ. Удахгүй Холливудад “хөл тавих” болохоор холливуд смайл хийлгэсэн юм” гэж хошигнодог юм. Миний алсын хараа, хэтийн зорилгод Америк аль хэдийнэ багтчихсан. Энэ итгэлийг би 2022 оны өвөл Вьетнам руу сургалтад яваад олж авсан. Тэнд аялал жуулчлалаа дагаад салонуудынх нь үйлчилгээ хөгжсөн. Яг л Америкт байгаа юм шиг үнэлгээгээр гоо сайхан, хумс, сормуус урлаачид нь ажиллаж байсан. Бидний ур чадвар тэднээс дутаагүй. Тиймээс Өмнөд Солонгосоос ирж байгаа аялагч, жуулчдад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож яагаад болохгүй гэж. Би өнгөрсөн оны аравдугаар сард Солонгосын Ёнсей их сургуулийн гоо сайхны тэнхимийн багшаас сургалт авсан. Тэгэхэд бидний мэдлэг дутахааргүй юм байна гэдгийг ойлгосон. Ганцхан хүн чанар, мөн чанар, үйлчилгээ үзүүлэх соёл л бидэнд дутагдаад байгааг ойлгосон юм. Мэндэлж, хүндэлж чадахгүй, үйлчлүүлэгчээ үдэж гаргах соёлд суралцаагүй. “Сайн байна уу” гээд хэлчихээр амнаас нь алт уначих гээд байгаа юм шиг. Хүнд үйлчилгээгээ бүтэн үзүүлэх юм бол хүссэн үр дүндээ хүрч чадна. Бизнесийн хүрээгээ тэлж хүмүүсээ татаж чадахаар байгаа юм.
Монгол Улсын артист Холливудын оддод сормуус хийхийг харах нь миний зорилго. Бидэнд ур чадварын тал дээр дутах зүйл байхгүй. Ганцхан сормуус урлаачид маань өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй. Ази хүний онцлог нь сормуусыг натурал талдаа хийлгэдэг. Европчууд хүнхэр нүдтэй мөртлөө бүлтгэр болж харагдахыг хүсэх болсон. Яагаад гэвэл, Азийн соёл дэлхий дахинд тархаж байна. Ази төрх, ази эффектүүд моодонд орж байна. Би Евразийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн шүүгчээр оролцсон. Тухайн үед манай сормуус урлаачдаас анх удаа тэмцээнд оролцож гурван шавь маань медаль авч байсан юм. Тэндээс бид юугаар ч дутаагүй гэдгээ ойлгосон. Асуудал ганцхан сэтгэлгээнд л байна. Сормуус хийх нь өөрөө сэтгэлгээний томоохон ур чадварыг шаарддаг. Дээр нь хүний харах мэлмийтэй ажиллаж байгаа учраас хүний мөн чанарыг шаарддаг ажил. Сонин шүү дээ. Хүнтэй ам мурийгаад орж ирээд сормуус хийлгэх гэхээр тогтдоггүй. Фитнес хийгээд удаагүй хүний сормуус тогтохдоо удаан. Тиймээс хүмүүст хэсэг хугацаа өгсний дараа бид ажлаа эхлүүлдэг юм.
-Таны эрэл хайгуулын үр дүн өнөөдөр бүсгүйчүүдийг илүү үзэсгэлэнтэй харагдуулж, сэтгэл дүүрэн өөртөө итгэлтэй алхах нэг нөхцөл нь болж байна?
-Сормуус үйлдвэрлэлээрээ Индонез нэг, Вьетнам хоёр, Хятад гуравдугаарт эрэмбэлэгддэг. Ази хүний нүдэнд зориулсан “L” хэлбэрийн сормуус байгаагүйг бид үйлдвэртэй нь холбогдож захиалгаар хийлгэж гаргасан. Энэ нь миний сормуус урлалд оруулсан хувь нэмэр юм. 2020 онд “L” хэлбэрийн сормуус гаргаж ирсэн ч зохиогчийн эрхийг нь авч чадаагүй. Гэхдээ би ганцаараа биш шавь нартайгаа хийсэн. Бид хамтдаа хөрөнгө мөнгө бүрдүүлж захиалга хийн Монголд хүнд зориулсан сормуусыг урлаж эхэлсэн.
Сормуус урлаач мэргэжил болсныг албан ёсоор зарлана
-Найман жилийн хугацаанд та багагүй ажлын ард гарчээ?
-Ажлаас гадна энэ хугацаанд гурав төрж, одоо таван сайхан хүүхдийн ээж, “Алдарт эх” болоод явж байна. Бидэнд бэлэг шиг ирсэн отгон охин маань ой гарантай. Найман жилийн хугацаанд миний амьдралд олон сайхан зүйл тохиолдсон. Харин одоо ажил мэргэжлийн хувьд том зүйл зориод явж байна. Тун удахгүй буюу тавдугаар сарын 20-нд сормуус урлаачдын улсын анхдугаар тэмцээн болно. Хамгийн өндөр шагналын сантай энэ тэмцээн жуниор, мастер, мэргэжлийн гэсэн ангиллаар явагдаж ялагчид 1-2.5 сая төгрөгийн эзэн болно. Түүнээс гадна тэмцээнд оролцогчдод сугалаа өгөх бөгөөд аль ангилалд оролцож байгаагаас үл хамаарч нэг хүн миний унаж байгаа “Приус 30” маркийн автомашины эзэн болох юм. Ийм том ажлын ард гарах эрч хүчийг манай шавь нар, найз нөхөд өгсөн. Ж.Лхамхүү багш маань “Гол дүрийг туслах дүрүүд тодотгодог” гэдэг. Үүний нэгэн адил “Энэ ажлыг та хийх ёстой” гэж шавь нар маань хэлсэн. Гэхдээ энэ ажлыг хэдхэн хоногийн дотор сэтгэл хөдлөлөөр эхлүүлээгүй. Гурван жилийн өмнөөс төлөвлөсөн ажил хэдхэн хоногийн дараа биеллээ олох гэж байна.
-Тэмцээнийг зорин гаднаас зочин шүүгч болон оролцогчид ирэх үү?
-Хилийн чанадад амьдарч байгаа хүмүүс тэмцээнд ирж оролцох боломжгүй. Тиймээс уран сэтгэмж, бүтээлийн төрөлд өрсөлдөж бүтээлээ бидэн рүү илгээх юм. Орон нутгийн оролцогчид маань ч гэсэн адилхан. Тиймээс энэ удаагийн тэмцээнийг Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн гэж тодотгосон. Шүүгчийн хувьд Хятадаас урлаач манай тэмцээнийг зорин ирнэ. Хамгийн гол нь энэ тэмцээний үеэр сормуус урлаач мэргэжил болсныг бид албан ёсоор зарлана. Мөн тавдугаар сарын 20 миний хувьд өөрөөрөө бахархах өдөр. Тэнгэрийн оронд байгаа аавдаа, дэргэд минь байгаа ээждээ зөв сонголт хийснээ, амжилттай яваагаа харуулах өдөр байх юм.
-Номтой зүйрлэвэл энэ үйл явдлаар нэгдүгээр бүлэг өндөрлөж байна. Хоёрдугаар бүлэгт ямар үйл явдал өрнөх вэ?
-Монголчууд харах өнцгөө өөрчлөх ёстой. Үйлчилгээ үзүүлж байна гээд тэр хүн муу, боловсролгүй гэсэн үг биш. Хүн сайхан хандаж байна гэдэг нь долигнож байгаа хэрэг биш юм. Үүнийг ойлгуулахын тулд би сургалт явуулна. Манайх сормуус урлаач, багш бэлтгэдэг цор ганц академи болж байна. Урт хугацаанд ёс зүй, мөн чанартай бизнес эрхэлмээр байгаа бол хэн байх ёстой вэ гэдгийг сормуус урлаачдад заана. Ингэж би артистаас татвар төлөгч, бизнес эрхлэгчдийг бэлтгэнэ.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонины №017/24644/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна