Ялалтын уухайтай өдрүүд

unen
11 цагийн өмнө


 Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их гай гамшиг авчирсан дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөсний 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдаж,  60 гаруй сая хүн амь үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байсан тухай тоон мэдээлэл бий. Дайн эхэлсэн өдрөөс Монгол Улс ЗХУ-ын холбоотон болохоо зарлаж, Зөвлөлтөд туслах өргөн хөдөлгөөн орон даяар өрнүүлсэн. Энэ хөдөлгөөнд Монголын иргэн бүр идэвхийлэн оролцож тухайн үеийн ДНБ-ийхээ 50 хувийг фронтод илгээж байсан түүхтэй.  Тиймээс ч өнгөрсөн долоо хоног  Ялалтын баярын уур амьсгал дүүрэн өнгөрөв.  Ялалтын баярт зориулсан тоглолт, зургийн үзэсгэлэн, номын нээлт , нөхөрсөг тэмцээн уралдаан хаа сайгүй болов. 

Халхын голын ялалтын 85 жилийн ойгоор Монгол Улсад айлчилсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг урьсан. Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотыг зорьж,  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй албан ёсны уулзалт хийлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, Монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэжээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ удаа ганцаараа Москваг зориогүй. Тэрээр баярын жагсаалд оролцох зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс гадна 100 гаруй настай хоёр эмээтэй хамт явжээ. Т эд бол Эх орны дайны үед Монголын ард түмний өгсөн тусламжийн барааг Зөвлөлтөд хүргэхээр 19 насандаа Свердловскийн фронтод очсон, эдүгээ  102 настай Ахмад дайчин С.Цэгмид,  1939 онд 15 настайдаа Халхын голын байлдаанд сайн дураараа оролцож, чөлөөлөх дайнд цэргийн сувилагчаар ажиллаж байсан өдгөө 101 настай Ахмад дайчин С.Чимэдцэрэн нар юм. Орос Украины мөргөлдөөн хурцдаж, АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн хориг арга хэмжээ дэлхийн олон улс гүрнийг цочролд оруулаад байгаа. Яг энэ цаг дор  Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг хэрхэн тэмдэглэхийг  дэлхий нийт харж буй. Энэ арга хэмжээнд  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадна БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй  29 орны тэргүүн уригдаад байгаа юм байна. 
Өнгөрсөн долоо хоногт  Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг УИХ-д танилцуулсан. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”, “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх ба цахим технологи”, “Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” гэсэн зургаан бүлгийн хүрээнд боловсруулж, УИХ-ын холбогдох тогтоолын төсөлд тусгуулах 44 саналыг тусгасан байна. Энэ үеэр насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийлэл нэмэгдэж байгааг  Хүний эрхийн комисс анхааруулсан. Гэвч хүний эрх ардчилал гэж байнга ярьдаг АН-“ын бүлэг энэ тайланг орж ирж сонссонгүй.  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Хүний эрхийн үндэсний комиссын илтгэл дээр завсарлага авахгүй, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн.  Хүний эрхийн чухал асуудал хэлэлцэж байгаа учраас Ардчилсан намын бүлгийн гишүүдийг орж ирж, чуулганы хуралдаандаа оролц" гэж  шаардсан ч тэд үл тоомсорлож, олон хүнийг бухимдуулаад авлаа.  АН-ын бүлэг “Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйхаас нааш  чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй”  гэж мэдэгдэж  хурлаа таслах болсон. Тиймээс  Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ АН-ын бүлгийг хүлээж авч уулзан, Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйснаар хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа хэвийн горимдоо орлоо. 


Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.  1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон гэж үздэг. Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойг  зүгээр нэг тэмдэглээд өнгөрөхийг Ерөнхий сайд хүссэнгүй. 


Засгийн газар хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хүүх­дийн хөгжил, хамгааллын асуудлаарх цогц бодлогыг тодорхойлох, бүс, орон нут­гийн онцлогт тохирсон дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан барьж, байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, хүүхэд өөрсдөө оролцдог оролцооны байгуул­лагуудын зөв оролцоо, хамтын ажил­лагааны механизмыг зөв тодорхойлж, хамтран ажиллах, Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, танилцуулах зэрэг шийдвэр гаргалаа. Мөн  үүнээс  гадна Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар нийгэм, эдийн засаг, орон нутагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдлын талаар тодорхой мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэх, ураны төслийн үйл ажиллагаанд ил тод, хариуцлагатай байдлыг хангуулах, олон нийтийн хяналтын механизмыг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллага, мэргэжлийн хараат бус судлаач, шинжээчдээс бүрдсэн орон тооны бус Иргэдийн хяналтын зөвлөл байгуулах асуудлыг судалж шийдвэрлэхээр боллоо. Ураныг ашиглахыг эсэргүүцсэн иргэдийн дуу хоолой ямартаа ч Засгийн газарт хүрч, иргэдээ сонсох, тэднийг мэдээллээр хангах хэрэгтэй гэж Ерөнхий сайд үзжээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд  Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ажиллаж байгаа. Монголын толгой баячууд, томоохон банкирууд, эдийн засагчид, компанийн захирлуудаас бүрдсэн энэ баг өнгөрөгч долоо хоногт хуралдаж Худалдан авах ажиллагааны хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулжээ. Тендер зөвхөн томоохон хөрөнгө бэлтэй хүмүүст л боломж олгодог гэсэн гомдол бий. Тиймээс 10 тэрбум төгрөг хүртэлх тендерт баталгаа шаардахгүй байх, бүхий л үйл ажиллагааг AI технологи ашиглаж, цахимаар  зохион байгуулах зэрэг олны анхаарлыг татсан заал­тууд шинэ хуулинд орж байгаа юм байна.
Хүйтний ам цаа­шилж, хөхүүрийн ам наашлан, зуны тэргүүн сар хаяанд ирж байгаа ч өвлийн бэлтгэлээ эртнээс хангахыг Засгийн газрын тэргүүн анхааруулж байна. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Монгол гэр болон байшингийн дулаалга” төслийн ажлын явцтай танилцжээ.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоож, мөрдөх журмыг баталж, гэр хорооллын 170 гаруй мянган өрхийг “Ногоон болон Шар” бүсэд хамруулсан. Ногоон бүсэд 103090 өрх амьдарч буй бөгөөд 51 мянган өрхийг энэ онд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна. Айл өрхөд цахилгаан болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулж, халаалтын улиралд сард 100 мянган төгрөгийн татаас олгохоор шийдвэрлэсэн юм. 


Өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотыг 14 хот болгох гэж байгаа тухай асуудал цахим орчинд багагүй маргаан дэгдээв.  Ихэнх иргэд эсэргүүцэж, элдэв мэдээлэл үүнийг дагаад хөврөв. Уг нь цоо шинэ мэдээлэл биш л дээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард буюу жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж байсан түүхтэй.  Харин иргэд үүнийг мартсан бололтой. Хэдийгээр хууль батлагдсан ч Улаанбаатар хотыг хаагуур яаж 14 хуваах хил заагийг тогтоогоогүй, Засгийн газар төсөл боловсруулж , УИХ-д өргөн барьснаар шийдэгдэх юм байна. 


Монгол Улсын Засгийн  газрын шийдвэрээр жил бүрийн тавдугаар  сарын хоёр дахь долоо хоногийг "Татвар төлөгчдийн өдрүүд" –ийг зохион байгуулж, хамгийн өндөр татвар төлсөн компаниудад хүндэтгэл үзүүлдэг. Өнгөрөгч 2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 3.5 их наяд төгрөгийн татвар төлж Монгол Улсын хамгийн өндөр татвар төлөгчөөр шалгарчээ.  Тус компанийн араас “Оюутолгой” ХХК,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ жагсаж байна. Харин хувийн хэвшлүүдээс хамгийн өнпдөр татвар төлсөн компаниар “Энержиресурс” ХХК шалгарчээ. 

Б.Нүүдэл

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №017/24644/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 10 цагийн өмнө
Ялалтын уухайтай өдрүүд 11 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06