Өсвөр насны бүрэг ичимхий охин гуравхан сарын дотор өөрийгөө шинээр нээх зорилго тавьжээ. Асуудлын учрыг өөр рүүгээ чиглүүлэн, алдаагаа бусдаас хайхгүй гэсэндээ хийсэн түүний алхам ээжийн дэмээр биеллээ олж ирээдүйн нөлөөлөгч, гоо зүй, хувь хүний хөгжлийн мэргэжлийн сургагч багш, Монголын мисс, топ моделийг бүтээх эхлэл болсон байна. Олон улсын томоохон тайзууд, миссийн тэмцээн, “Гоёл” наадмын тайзыг чимж, зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж бүтээж яваа бүсгүй бол Х.Бадамгэрэл. Түүнийг мисс, топ моделиор танимхайрч болох ч мэргэжлийн сургагч багш, боловсрол судлалын докторант, хүүхдийн ээж, гэрийн эзэгтэй, айлын ганц охин гэдэг агуулгаар уулзаж байсангүй. Бидний ярилцлага ийн эхэллээ.
-Хүүхэд насны дурсамж хүний сэтгэл зүрхэнд тод үлддэг. Бас энэ үед хийсэн зарим алхам ирээдүйд тод мөр үлдээснийг хожмоо мэдэрдэг. Тантай өмнө нь уулзахдаа өсвөр насандаа ямар зорилго тавьж, зорилгодоо хүрэхийн төлөө хичээснийг тань сонссон. Тэр үеийн хичээл зүтгэл өнөөдрийн таныг бүтээсэн байх гэж бодож байна?
-Хүмүүс таамаглахгүй байх. Багадаа их бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй, хүний өөдөөс цэх хараад өөрийгөө илэрхийлж нэг үг ч дуугарч чаддаггүй охин байсан. Бусадтай нээлттэй харилцдаггүй, өөрийгөө илэрхийлдэггүй ийм үед хэчнээн том зорилго, мөрөөдөлтэй байсан ч хэн ч намайг сонсохыг хүсдэггүй, ойлгуулж чаддаггүй байж. Өөрийнхөө чадахгүй байгааг хүлээн зөвшөөрөхөд хугацаа нэлээд зарцуулсан. Бага, дунд ангиин эхний үеүд хүртэл үргэлжилсэн итгэлгүй, ойлгомжгүй, сонирхолгүй нэгэн байсныгаа, асуудал өөрт байгааг дунд ангидаа нэгэн тун эвгүй байдалд орсноор ойлгоод өөрийгөө өөрчлөх төлөвлөгөөг ээжтэйгээ хамт гаргасан. Тэр үед өөрийгөө гурван сарын хугацаанд өөрчлөх зорилго тавьсан нь биелж өөрөө өөртөө нээлт болж, олон шинэ өөрчлөлт, боломжийн эхлэлийг тавьсан гэж дүгнэдэг. Үүнээс олж авсан гол агуулга бол хүн өөрийгөө бусдад зөвөөр илэрхийлж, нээлттэй сэтгэж, хэн нэгнээс суралцаж, сонсогч байж, бусад хүн надаас өөр гэдгийг хүлээн зөвшөөрч эергээр хандах нь өөрт тав тухтай, итгэлтэй сэтгэл ханамжийг өгч байгааг ойлгосон.
-Танд өөрчлөгдөх ёстой гэсэн мессежийг өгсөн хүн ээж тань байж. Бас анхнаасаа л таныг чадна гэж бодсон учраас бүх зүйлээ танд зориулжээ?
-Ээж минь ихээхэн дайчин эрэмгий зарчимч хүн. Хүүхдүүдийнхээ төлөө залуу нас, өөрийн хүсэл зорилгыг хоёрдугаарт тавьсан эмэгтэй. Бидний төлөө гаргасан цаг хугацааны золиосыг нь бодохоор ээждээ илүү цаг зориулах ёстойг ойлгодог. Өөрөө ээж болчихоод л эх хүн үр хүүхдүүдийнхээ төлөө ямар их цагаа зориулан, үргэлж сэтгэл нь тэмүүлдгийг бодож, хайрлан шаналан байдгийг илүү ойлгосон. Эмэгтэй хүн ээж болоод ямар их ухаан суудгийг мэдэрсэн. Эргээд бодохоор ээжийнхээ залуу насандаа бидний төлөө зориулсан цаг хугацааг юугаар ч нөхөж чадахгүй ч зөв, сайн явж ээжийгээ хүүхдүүдээрээ бахархан сэтгэл дүүрэн амьдруулахыг зорьсоор байна.
-Тэгвэл ээжээсээ өвлөсөн зан чанар танд их байх нь. Одоогоос хориод жилийн өмнө бол хүссэн болгон нь загвар өмсөгч, мисс болчихдоггүй. Олон шалгуурыг давсны дараа тайзан дээр гарч, хамтран ажиллахыг хүсдэг дизайнерынхаа хараанд өртдөг байсан байх?
-Загварын салбар амаргүй. Бидний үед бүр ч хатуу байсан. Харин энэ цаг үед бүх мэдээлэл их нээлттэй, мэдээллийг олон эх сурвалжаас цаг алдалгүй авах боломжтой болсон байна. Арван жилийн төгсөх ангид байхдаа өөрөө хөдөлмөрлөж байж анхны гар утсаа авч байлаа. Манай ангид ганцхан хүүхэд л гар утастай байсан гээд ярихаар одоо хүүхдүүд гайхна. Гэтэл тухайн үед бид сонин сэтгүүлээс л мэдээлэл авдаг байлаа шүү дээ. Харин одоо бид хүссэн газраасаа орон зай, цаг хугацааг товчлон мэдээллийг маш хурдтайгаар авах боломжтой болжээ. Тэр үед мэдээллийн эх сурвалж хомс байсан болохоор асуудал гарахад шийдэл олоход их цаг зарцуулдаг байж. Мэдэхгүй, чадахгүйн зовлон их гардаг байсан. Би оролцсон тэмцээн бүрдээ шахуу хасагддаг хүүхэд байлаа. Намхан, туранхай, үлээхэд л унахаар, зориггүй гээд л олон шалтгаан байсан. Хэрвээ тэр үед өөрөө өөртөө “Намайг гоё сайхан байхад яагаад тэнцүүлэхгүй байгаа юм бэ” гэж хүлээж аван гомдоллодог байсан бол одоогийн би өөрчлөгдөөгүй л байх байсан. Тиймээс би “Андра” академийнхаа хүүхдүүддээ “Чамайг чадахгүй гэж хэлж байвал чи чаддаг болох өөр өнцгийг хай”, “Тэр хүн чадаагүй гэдэг нь чи чадахгүй гэсэн үг биш. Тиймээс арга эвийг нь олж олон янзаар сэтгээрэй” гэж хэлж болох талаас нь харах өнцгийг нь өөрчилж, тэднийг хувь хүн талаас нь чадавхжуулахыг хичээдэг. Нөгөө талаар би их шазруун хүн шиг байгаа юм. Ээж маань намайг бага байхад “Эмэгтэй хүн сайн эзэгтэй байх тухай биш, зөв, хүчирхэг бие даасан эмэгтэй байх тухай илүү зорьдог байх ёстой” гэж сургадаг байсан. Бас би айлын ууган охин. Гурван эрэгтэй дүүтэй. Том нь учраас бүхий л зүйлийг хийж чаддаг байх ёстой. Дүү нар маань ч сэтгэлтэй, ажилтай, арга ухаантай залуус болж өсөж, хүмүүжсэн. Манай гэрт эмэгтэй хүн гэр цэвэрлэж, хоол хийх гэхээс илүү эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтарвал илүү хурдан илүү чанартай, хүртээмжтэй байдаг гэдгийг ойлгуулдаг орчин байсан. Нэг хүн нь хичээж, хөдөлмөрлөж байвал бусад нь ч гар хумхин суудаггүй бичигдээгүй дэг журам манайд бий. Энэ байдал одоо ч гэсэн манай гэр бүлд хэвээрээ. Ингэж мөрдөж ирсэн дадал болгон миний бяцхан ч гэсэн өөртөө амжилт гаргах суурийг тавьсан гэж боддог юм.
Гоо сайхан бол цаг хугацааны өмч
-Загвар өмсөгчид гадаад үзэмж, гоё сайхан байхад илүү анхаардаг гэсэн бодол олон нийтийн дунд одоо ч хэвээр. Гэхдээ нийгэм өөрчлөгдсөн шүү, хүмүүсийн үнэлэмж өөр болсон шүү гэдгийг гадаад болон дотоодод ажиллаж байгаа манай загвар өмсөгчид харуулж байна. Та ч гэсэн тэдний төлөөлөл болж боловсролдоо багагүй цаг хугацааг зарцуулдаг байх.
-Мэдлэг гэдэг нь харьцангуй ойлголт. Мэдэх, таних хүсэлтэй байх илүү чухал. Миний хувьд хүн байх тухай ойлголтыг ухамсар гэж үздэг. Харин мэдэхгүйгээ мэддэг, түүнийгээ хүлээн зөвшөөрч суралцдаг байх нь боловсролтой гэсэн тодотгол руу ойртох байх. Мэдэхгүйгээ мэддэггүй хүн хамгийн аюултай бас сөрөг хандлагатай байгаад байна уу гэж анзаардаг. Гэхдээ аль болох хүмүүсийг шүүмжлэхээс зайлсхийдэг. Бүх хүн ялгаатай гэдгийг ойлговол бүх хүн мэдэх албагүй бас чадах албагүйг хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ миний л ойлголт юм шүү. Хөөрхөн, сайхан, үзэсгэлэнтэй байх цаг хугацааны өмч. Тиймээс хэчнээн цаг хугацаа өнгөрсөн ч өөрөө хөгжүүлээд байвал элэгддэггүй зүйл бол тархин дахь мэдлэг, түүндээ эзэн болж буй байдал, зүрх сэтгэлийн боловсрол түүнийг бусдад эергээр түгээж бусдыг ч хөгжихөд нь туслахыг боловсролтой бас үзэсгэлэнтэй хүн гэж ойлгодог.
Миний хувьд ШУТИС-д боловсрол судлалаар докторын зэрэг горилоод диссертацын судалгааны ажилдаа орсон. Аль болох тасралтгүй номын дуу сонсож, өөрийгөө сайжруулж, сонсож, суралцахыг хичээсээр байна.
-Хөөрхөн гэдгийг та юу гэж боддог вэ. Бодлоосоо хуваалцаач?
-Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг хүн бүр хөөрхөн. Тийм учраас манай “Андра” академи хүн бүрийг нээлттэй хүлээж авдаг. Ямар ч жинтэй, яаж ч харагдаж болно. Харин бид өөртөө таалагдах хүртэл нь тэднийг бэлтгэх, өөрийгөө бүтээхэд нь туслах зорилготой. Бүх хүнд таалагдах гэж хичээх нь өөрөө тэнэг хүсэл учраас хамгийн гол нь өөрийгөө ялан дийлж чаддаг, өөртөө таалагддаг байх нь нэн тэргүүнд гэдгийг ойлгуулахыг зорьдог.
-Загвар өмсөгч хүүхэд төрүүлэх нь карьераа өндөрлүүлэх эрсдэлтэй гэсэн бодлын эсрэг зогссон хүн нь та. Ээж болсныхоо дараа богино хугацаанд тайзан дээр гарахдаа юуны талаар бодож байсан бол?
-Олон хүчирхэг ээж нарын нүдэнд нь харагдсан нэг жишээ нь л байж магад. Би 2013 оны аравдугаар сард ээж болсон. Тэр жилийн “Гоёл” наадам арванхоёрдугаар сарын эхээр болсон санагдаж байна. Төрөөд сар хагас орчим хугацааны дараа “Гоёл” наадмын тайзан дээр гарч байсан юм. Одоо тэр үед гаргасан зоригоо бодохоор өөрийгөө ялан дийлсэн мөч гэж хэлнэ. Бас өөртэйгөө адилхан бүсгүйчүүдэд урам зориг өгөх боломжийг олж харсан. Мэдээж гэр бүл маань намайг бүхий л чадлаараа дэмжсэн учраас тухайн үед жаргаж алхсан.
-Нялх биетэй хүн тайзан дээр бэлтгэл хийх амаргүй. Хүүхдээ хөхүүлэхээс эхлээд цаг хугацаа орох, бусдад ад үзэгдэх зүйл бишгүй л гарсан байх. Энэ бүхнийг даван туулах хүчийг хэн танд өгсөн бэ?
-Хүүг маань ээж харж үлдээд, би “Гоёл”-д оролцсон. Тэр үед манай гэр бүлийн бүх гишүүд оролцож, намайг дэмжиж дэм болсон доо. “Гоёл”-ын тайзны ард саасан сүүг Бэки ээжид хүргэж өгдөг ажилтай. Дүү нар маань тайзны ард намайг дааруулахгүй гэсэндээ амрах тоолонд дулаан хувцас авчирч өгч, бид хамтдаа миний амьдралын чухал давааг туулж байснаа дурсахад сайхан байна. Би халамж, хайраар дутаагүй. Айлын ганц охины аз жаргалыг бүрэн утгаар нь мэдэрсэн.
-“Андра” загварын агентлагийг үүсгэн байгуулахдаа бие давхар байсан. Ер нь тухайн үед гарсан шуугиан таны итгэлийг эмзэглүүлэхээр байсан шүү дээ?
-Эргээд бодоход эмэгтэй хүн бүрд тохиолддог даваагаа басхүү амжилттай зоригтой давсан гэж дүгнэдэг. Ер нь бол “Гоёл”-ын тайзан дээр гараад хүмүүст багагүй зэмлүүлсэн. Одоо бодоход бусдын үгэнд дэмий эмзэглэж, санаа зовдог байжээ. Харах өнцөг нь аливаа шүүж байгаа хүмүүсийн үгийг эергээр угааж өөр дээрээ зөвөөр тусгаж авч чадвал сэтгэл зүй их хүчтэй болсоор байдаг. Өнөөдрийн Бадамгэрэл аливаа зүйлийг үйлдлээрээ нотлохыг илүү чухал гэж үзнэ.
Өөрийгөө мэддэг хүнийг өөр хэн нэгэн хэмлэж чаддаггүй
-Амьдралын ч бай, ажлын ч бай нервээсээ хэзээ салж сурав?
-2009 онд Монголын мисс болсноос хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Янз бүрийн байдлаар, худлаа үнэн яриа хөвөрч эхэлсэн. Үүнийг би энэ салбарт орсны төлбөр, төлөөс гэж хүлээж авсан. Одоо бол юу ч гэж хэлж байсан тайван байж чаддаг болсон. Загварын салбарт ороод 18 жил болж байна шүү дээ. “Өөрийгөө мэддэг хүнийг өөр хэн нэгэн хэмлэж чаддаггүй” гэдэг. Одоо бол өөрийгөө мэдэж байгаа учраас өөр бусдын худал үгэнд автдаггүй болчихож. Ялангуяа ээж болсноосоо хойш ухаажсан гэж боддог юм. Эмэгтэй хүн ээж болохоор тархи нь тэлж, олон зүйл өөрчлөгддөг юм билээ. Тиймээс хүүдээ маш их баярладаг. Намайг хүмүүжүүлж ухаалаг болгодог хүн бол миний хүү. Мөн миний амжилттай явах, амбицтай амьдрах, эмэгтэй хүн байхын гол үнэ цэнийг жинхэнэ утгаар нь надад ойлгуулж чадсан.
-Арав, хорин жилийн өмнө та тайзнаас эрч хүч авдаг байсан байх. Харин одоо амьдралын сайхныг, утга учрыг юунаас мэдэрч байна вэ?
-Би хүмүүст мотивац өгөхөөрөө “цаддаг”. Энэ нь мэргэжлийн сургагч багшийн ур чадвартай холбоотой ажил л даа. Мэргэжлийн сургагч багшаар олон жил суралцаж, хамгийн сүүлд Дэйл Карнеги Монголын итгэмжлэгдсэн мэргэжлийн сургагч багш буюу дотоод ур чадварын мэргэжлийн багшаар ажиллаад явж байна. Үүнийгээ гоо зүйн агуулгатай нэгтгээд шинэлэг программыг байгууллага, хамт олон, суралцагч нартаа санал болгож байна.
-Топ моделиудын нэг болох топ мэдрэмжийн оргил цэг нь юу байв?
-Топ модель гэдэг бол намайг насан туршид дагалдах нэр хүнд. Мэдээж, би топ модель болно гэж шунаж, өөрийгөө дайчилж байсан. Миний дутагдал нь нэг зүйлийг хийнэ гэж зорихоороо шатчих гээд байдаг талтай. Шатахдаа өөрийнхөө бүх хүч, энерги, цаг хугацааг зориулахад бэлэн байдаг. Үүнийг манай гэрийнхэн мэддэг учраас нөхөр маань одоо надад менторлож, дэмжиж, зөвлөж байгаа. Топ модель болоход юугаар бахархаж байсан бэ гэхээр нөхрөөсөө тайзан дээр бахархлын цэцэг, хайрын үнсэлтийг авч нулимс дуслуулан зорилгодоо хүрээд зогсож байснаа мартдаггүй. Шударгаар, өөрийнхөө хүч хөдөлмөрөөр гэр бүлийн аз жаргалыг олон түмэнд харуулж чадсан тэр мөч миний хувьд хамгийн топ нь.
-Ярилцлагын төгсгөлд хоёр асуулт байна. “Андра” олон улсад гарахаар зорьж байгааг таныг хүлээх хэдэн минутад харлаа. Танай бусдаас ялгарах онцлогийг асууя.
-Монгол арвин баялагтай. Тэдгээрээс экспорт болж болох баялгуудын нэг нь ноолуур. Энэ баялгийг дэлхийн зах зээлд гаргахад ухаалаг менежмент хийх хэрэгтэй. Түүний тулд багаараа ажиллаж байна. Заавал төрийн оролцоогүйгээр хувийн хэвшлүүд өөрсдөө л хийчихэж чадах зүйл учраас хэн нэгнийг хүлээж харахгүйгээр өөрсдөө зүтгэх ажлуудаа эхэлсэн яваа. Ийм амбицаар гэр бүлээрээ хувьцаа эзэмшиж байгаа зөв, сайхан хамтрагчтай “Gold cashmere”-аа олон улсад гаргана. Үүнийг дагаад “Андра” академийн моделиуд олон улсад танигдах болно. Энэ бол бидний ойрын хугацаанд зорьж байгаа томоохон алхмуудын нэг.
Би дэлхийн хүн болохыг зорьж байна
-Хувь хүний карьераа хэрхэн шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна вэ. Тан шиг хөдөлмөрч хүн энэ тал дээр аль хэдийнэ нэг зүйл төлөвлөчихсөн суугаа болов уу?
-Аль хэдийнэ бэлтгээд эхэлчихсэн. Загвар өмсөгчийн мэргэжил цаг хугацаатай. Би боловсрол болон бизнесийн салбарын хүн. Тийм ч мэргэжилтэй. Цаашид олон улсын хэмжээний хөрөнгө оруулагч, бизнес эмэгтэй, дэлхийн хүн болохыг зорьж байна. Загварын салбарын хувьд олон орны тайзан дээр, олон дизайнертай хамтран ажиллалаа. Одоо олон улсын хэмжээний модель болмоор байна. Дэлхийн загварын ертөнцөд бэлтгэсэн шавь нараа сойж байна. Чанартай, өрсөлдөх чадвартай хүнийг бэлтгэхийн тулд надаас илүү хөдөлмөр, алсын хараа, ур чадвар, мэдлэг хэрэгтэй болно. Тэр ч утгаараа боловсролдоо анхаарч, үргэлжлүүлэн суралцаж байна. Би шуналтай. Юунд гэвэл мөнгөнд биш мөрөөдөл, амбицын шуналтай хүн. Амбиц, мөрөөдлөө биелүүлчихвэл мөнгө миний араас “гүйнэ” гэж боддог. Үүнийг биелүүлэхийн тулд хүн тархиа цэнэглэж, зүрхээ дүүргэх ёстой.
-Асуухгүй өнгөрч болохгүй нь. Топ модель Бадамгэрэл, бизнесийн салбарын хүн болж ирэх жилүүдэд гарч ирнэ гэж ойлголоо. Зөв үү?
-Миний карьер загвар өмсөгчөөр хязгаарлагдана гэж хэзээ ч бодож байгаагүй. Багаасаа л хүчтэй эмэгтэй болохыг зорьсон. Бас надаар дамжуулаад олон хүн урам зориг авдаг байгаасай, асуудлыг давах гаргалгаа байдаг гэдэг итгэлийг өгч, тэдэнд дахин давтагдашгүй цор ганц гэдгийг нь ойлгуулан зорилгодоо хүрэхэд нь шат гишгүүр, урдаа барих бамбай, гэрэл нь болж бусдыг сайн сайханд хүрэхэд нь тусалж чаддаг хүн байхын төлөө суралцаж байна.
Б.СЭЛЭНГЭ