Уран зохиолын БАРОН


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, яруу найрагч, сэтгүүлч Жигжидсүрэнгийн Нэргүй гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Цусан хангамжийн дутагдлын улмаас хоёр хөлөө тайруулахад хүрч. Азаар БНСУ-д очвол хөлийг нь тайрахгүйгээр эмчилгээ хийж болно гэсэн аж. Ж.Нэргүй найрагч хэзээний нял шал зангүй гүдэс эр болохоор өвчнөө тоолгүй явсаар үгдрүүлсэн бололтой. Хөлийг нь тайрахаас өөр аргагүй гэхийг сонсоод “Хөлөө тайруулахаас хэлээ тайруулах биш” гээд орчуулгын номоо дуусгахаар нухаж, цахимбарынхаа ардаас босолгүй гүрийсээр байж. Түүнийг гадаадад эмчлүүлэхээр явах нь гэдгийг уран зохиолын хүрээнийхэн, нутаг усныхан нь, гайхамшигтай сайхан орчуулгуудыг нь хүлээн суудаг уншигчид нь мэдсэнээс хойш эмчилгээнд нь дэм хайрлах аяныг өрнүүлж эхлээд байна. Ж.Нэргүй гүүшийн тухай “Хан Хэнтийн салхи” номд ийм нэг бичил хөрөг таталбар тэрлэснээ уншигчидтайгаа хуваалцахын ялдар эрхэм хүмүүний эмчилгээний зардалд сэтгэлийн хандив өргөхийг хичээнгүйлэн хүсмүү. Далайд дусал нэмэр гэдэг билээ. Ж.Нэргүй ах Барон Унгерний тухай ярьж, бичсээр байгаад Барон жанжинтай улам л төстэй болоод байх шиг санагддаг. Ширвээ сахал нь шөрвөлзөөд ирэхээрээ сэтгэл нь ихэд хөдөлсний шинж. Сайхан шүлэг, сайн орчуулга, амттай зохиолын тухай хэдэн цагаар ч ярьсан өөрөө ч уйдахгүй, өрөөлийг ч уйдаахгүй. Уран бүтээлч, хөдөлмөрч занг нь гүйцэх хүн ховор доо. Нэг мэдэхэд л зузаан зузаан ном орчуулчихсан байдаг юм. Мань мэтийн хойрго молхи амьтад бол нэг шинэ номыг нь уншиж амжаагүй байхад л дараа дараагийн номуудаа ширээн дээр өрж орхино. 

Э.Тополийн “Кремлийн эзэгтэй”, “Ор хөнжлийн Орос орон”, М.Веллерийн “Авсанд хэвтээ хүн”, Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”, Г.Плехановын “Улс төрийн гэрээслэл”, М.Сла­­вины “Гильотины илдэн дорхи эберчүүд”, Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь”, “Атлантын нуруу тэнийв”, Саддам Хусейны “Забиба, хаан хоёр”, Владимир Высоцкийн “Бухимдал”, Н.Пржевальскийн “Монгол, тангад нутгаар”, Н.Рерихийн “Азийн зүрх”, С.Есениний “Сонгодог шүлгүүд” гээд л орчуулсан номууд нь тоогоо алдсан.  С.Есениний шүлгийн түүврийг Монголд анх удаа бүрэн эхээр нь орчуулан хэвлүүлсэн хүн бол Ж.Нэргүй ах. Тэрбээр уг түүврийг хэрхэн орчуулсан тухайгаа арав гаруй жил бодож яваад яг бариад авсан чинь арав хоногийн дотор “машиндчихсан” хэмээн өгүүлсэн юм. Ж.Нэргүй ах “Ромео, Жульетта тэргүүтэн тууриуд”-аараа 2010 оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналыг хүртэж байв. Ер нь түүний орчуулгын бүтээлүүд МЗЭ-ийн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын шилдгүүдэд байнга өрсөлддөг. В.Высоцкийн “Бухимдал”, С.Есе­ниний “Сонгодог шүлгүүд” нь “Алтан өд”-ийн сүүлчийн шатанд тунаж үлдэн, шилдгүүдийг айлгаж л байсан даа.

Тэрбээр яах аргагүй өнөө цагийн шилдэг орчуулагчдын нэг гэдгээ үүгээр батлан харуулдаг. Одоо ч гэсэн түүний хаа явсан салдаггүй хар цүнхэнд нь гайхамшигтай орчуулгууд дүүрэн л яваа. “Алтан өд” байтугайг нь авах бядтай, цараатай, чанар чансаатай бү­тээлүүд цүнх, толгой хоёрт нь чихэлдэж байгаа. Зохиолынх нь хэл, найруулга тун тансаг, яруу. Нэгэн зохиолчийн онож хэлсэнчлэн түүний орчуулга, зохиол, бүтээлүүдийг уншихад бүлээн сүү уухтай адил тийм нэг сайхан халуун дотно, өег мэдрэмж төрдөг юм.

Ж.Нэргүй ах хос морьтой уран бүтээлч. Яруу найраг, орчуулгаа эн тэнцүүхэн туурвина. Мөн сэтгүүлчийн хөдөлмөрт багагүй хугацаанд зүтгэсэн. Нийтлэл, хөргүүд нь аргагүй л даацтай. “Хүмүүсийн тухай роман” уран сайхны хөрөг, нийтлэлийн ном, “Ясан хуягт мэлхий их далайг зоримой” хэмээх нэртэй задгай голдуу нийтлэлүүдийн түүвэр нь түүний ямархан сэтгүүлч болохыг хэлээд өгнө.

Барон Унгерн Фон Штерн­бергийн тухай ярихдаа нүд нь сэргээд ирдэг эрхэм ах минь уран зохиолын ертөнцдөө эртний сурвалжит язгууртан, эрэлхэг Барон шиг ихэмсэг орших бөлгөө.

Ачуутын хөвөөнд “Амраг улирал”-аа хөглөхүй

Дамдинсүрэнгийн Баянтунгалаг. Энэ нэр 1980-аад оны эхээр Монголын яруу найрагт Могодын айраг шиг исэж шуугисан шүлгүүдтэй хамт орж ирсэн юм. Яруу найргийн анхны түүвэр “Үгийн эгшиг” нь Монголын зохиолчдын эвлэлээс анх удаа зарласан анхны номын уралдаанд шалгаран хэвлэгдэж, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав өлгийдөн авч, ариутган шүүсэн байдаг. “Амраг улирал”, “Үймээнт салхины хэлбэр”, “Зэлүүд сарны галбир”  “Гүлрансын мөнгөн навч”, “Дотоод сонсголон” гээд түүний номууд нэрнээсээ л эхлээд адармаатай.

Би шүлэг бичье гэж бичихгүй

Бичихгүй гэж адарсан цагтаа л бичнэ хэмээн адардаг энэ найрагчийн дотоод ертөнц бүсгүй хүнийх шиг уян зөөлөн, эмзэг мэдрэмтгий атлаа зөрүүд, танхай, дураар задгай. Үймээнт салхи шиг ийм ертөнцөөс үүссэн хэлбэр, зэлүүд сар шиг ийм араншингаас үүдсэн галбир нь Баянтунгалаг найрагчийн шүлгүүд юм. Дорнодын Эрээнцавын их найрагч Данзангийн Нямсүрэн, Баянхонгорын Баянговийн гайхамшигт шүлэгч Ванхүүгийн Батбаяр, Хөвсгөлийн Түнэлийн задгай авьяастан Гүржавын Нямдорж гээд хөдөө аглагийн найрагчдадаа хайртай, тэднийгээ үргэлж дурсан шүлэглэх. Өдгөө тэрбээр Улаанбаатараас уйдан хулжиж, унаган нутаг Булгандаа утга, уянгын сөн түшиж, урсгал Ачуутынхаа хөвөөнд “Амраг улирал”-аа хөглөн буй. Ингээд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Дамдинсүрэнгийн Баянтунгалагийн шүлгүүдээс дээжлэн толилуулъя.

 

***

Нармай улсын зүүдэнд

Нар хүртэл лаа шиг харагдана

Хэрэвзээ энэ лаанаас тамхи асаавал

Хэдэн зууны үнэр ханхлах бол...

Магад ч үгүй Инжинаш шүлгээ дуудаж

Манан нэвтлэн ирэх ч юм билүү

Нөгөө л нэг сүмэн өвсний үнэр

Нөмгөн сарны хязгаараас

Салхилан салхилан ирж

Сариг цагаан ингэ болох ч юм билүү...

...Сэрэмж холын уулнаа

Бугын сүүдэр үймж

Сэм сэмхэн даяанчлал

Бурхны отогт хүргэнэ

Ай хөөрхий,

Альхан зүгийн сураг вэ?...

 

2015-2016 он

 

Дөрвөн хайрхны зүгээс...

 

Нутгийн анд, академич

Ж.Болдбаатарт

 

Хан Богдын оройгоор цасны

                                        будан манарна

Хаа хол суугаа нутаг минь бодогдоно

Сонгинохайрханы зулайгаар сарны

                                        эрвээхэй ниснэ

Солонгон солонгон зүгээс нутаг

                                                минь ирнэ

Чингэлтэй хайрхны өврөөс салхины

                                       цэцэг ханхална

Чин сүсэгт  нутаг минь намайг сугадна

Баянзүрхийн  дээгүүр нарны униар татна

Баруун зүүдний улирлаас нутаг минь

                                                сэвэлзэнэ

 

2015.12.12

***

Мандалдаа тэнгэр эрээчсэн

                              Өрөмийн цагаан нуур

Магад миний бага насны диваажин

Бурханд зааж өгсөн тэр өдрүүдийн

                                                        өмнө

Буурал болсон хойноо ч өнөө

                                         би мэхийнэм...

...Түлүүгийн даваа, Улаан овоо,

                                       Дондолын булаг

Түүчээ  түүчээ он жилүүдэд

                                       одоо ч хэвээрээ

Морьтой хүн цогиулж яваа юм шиг

Монхор монхор зэрэглээ будардаг нь

                                                  янзаараа

Сүмийн оройн бодь гөрөөс дэгдэх шиг

Сүрэг сүрэг шувууд манарах нь зунаараа

Алтан жамын бүрээн дуу  татах шиг

Алсраад холдох хүмүүний

                                    явдал  намраараа

Уртраг, өргөрөг хэмхэчсэн цагаан

                               баавгайн сураг шиг

Уулс, толгод хучсан сувдан өмсгөл нь

                                             өвлөөрөө...

Энд би их юмаа гээж үлдээсэн байна

Ижийгээс минь бусад нь одоо байна

Хөлөөрөө шүүдэр самран гүйж явсан

Хөөрхий, бага нас минь бишүүрхэж

                                                      байна

Одоо яая гэхэв ээ, яваад л би очлоо

Орчлон миний дэргэд санаа алдлаа

Ийм нэгэн өвгөн ирнэ гэдгийг

                                       хэн ч хэлсэнгүй

Эх орон л надад хөтөлгөө морь зүүдэнд

                                      минь явуулжээ...

 

2015 он

 

***

Лавай цагаан манан

Лааны үзүүрт гэрэлтэнэ

Цаад холхийн уулнаас

Цасны намаржаа үнэртэнэ

Гүнж гүнж бодлууд

Алтан саари нөмөрч

Гүрний босго даван

Тархины сүмд гунхалзана...

...Ингээд л орхичихъё

Эдгэшгүй цагаан зовлон

Лаа мандах тоолонд

Ламын гэгээний үлгэр болно

 

2016 он

 

***

Би шүлэг бичье гэж бичихгүй

Бичихгүй гэж адарсан цагтаа л бичнэ

                        /Өөрийн тэмдэглэлээс/

 

Тэнгэрлэг шүтээн шүлэг минь

Тэвчээрт үнэнч анд минь

Тэнэг яваагүй, ядуу явсан би

Тэгэхэд чи надаас нэг ч өдөр урваагүй

Шалтаг олоод архи уучихсан

                                          согтуу явахад

Сарны мөнгөн мутраар сугадуулж

                                      намайг аваачсан

Эрэг биш эр хүн нурж

Ижий, аавыгаа хөдөөлүүлэхэд чи л

                                           уйлж зогссон

Хар хорын могой зүрх рүү гулсахад

Харагдахгүй далдаас буцааж аварсан

Идэр залуу шүлгүүд минь

Эрхэм журмын нөхөр минь

Чамайг эзгүйд би шанз шиг гуньдаг

Чандаган мөөмний сүү залгилахсан

                                             гэж адгадаг

Лааны гэрэлд нүцгэн галбирыг

                                               чинь үзэж

Лавай  торгон бийрээр үнсэж эрхлэхсэн

                                                гэж хүсдэг

Зүүдний асарт улаан дэнлүү бадамлахад

Зүүн уулын шөнө машид үзэмжийг

                                           дэлгэрүүлдэг

Онгодын сахиус шүлэг минь

Охин тэнгэр Янжинлхам минь

Намайг сүнсний болор довжоогоор

                                                        бууж

Найргийн сүүлчийн аянаа дуусгахад

Зуур замд минь хүлээж байгаарай,

                                          гэрээсээ өгье

Зуун жилийн дараа ч чиний хүү

                                              болно би...!

 

***

Есөн сарын анирт охин цаг...

Ертөнцийн хамгийн хуучин гүүрэн

                                           дээр оршдог...

Салах ёс гүйцэтгэе, чамтай энэ өдөр...

Сарны мөнгөн довжоонд тэр  хөргийг

                                              байрлуулъя

Ганц жүнз дарсанд болор нулимс урлаж

Ганган хээнцэр шүлгийн алчуурыг

                                            үүрд дурсгая

Чимэгт залуу насны алтан вальсыг                                                    

                                   үдэш бүхэн өгье

Чив чимээгүйхэн арван сарын навчсын

                                            дунд шигтгэе

Дорно тэнгэрийн үзэмжит бийрээр

                                              гэгээ  тавья

Дотно хангал хүзүүнд цэцгийн

                                             сондор зүүе

Есөн сарын анирт охин цаг...

Ертөнцийн шинэ гүүрэн дээр

                                          оршиход шүү...

Г.СОНИНБАЯР

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22