Х.Алтангэрэл: Улсын сан дахь хөгжмийн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд хүргэмээр байна


Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээл болон дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд жил бүр худалдаж авдаг билээ. “Алтан намар” хөгжмийн наадам болон мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглогдсон хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг мэргэжлийн хөгжим судлаачдын гаргасан санал мөн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн улсын санд худалдан авах журмын дагуу шалгаруулалтаар Соёлын яам, Соёл урлагийн газраас энэ жил хоёр бүтээлийг тодруулжээ. Хоёр бүтээлийн нэг нь хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Ганц цагаан шувуу” моно дуурь юм. Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үйл ажиллагаа “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд болж байгаагаараа онцлогтой. Улсын урын санд нийт 11 бүтээл нь шалгарсан Монгол Улсын консерваторын Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн захирал, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлтэй ярилцлаа.

 -Сайхан намаржиж байна уу. Арваннэгдүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон зарласан болоод ч тэр үү, орон даяар урлаг, уран сайхнаар амьсгалж байна. Иргэд урлагаар соён гэгээрсэн намрын адаг сар болж өнгөрөх нь ээ?

-Жил бүрийн есдүгээр сараас мэргэжлийн урлагийн байгууллагууд шинэ улирлын нээлтдээ эрчимтэй бэлддэг. Ингээд аравдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд нээлтээ хийдэг уламжлал тогтсон. Мөн өнгөрсөн сард “Алтан намар” наадам боллоо. Тэгвэл арваннэгдүгээр сар бол энд, тэнд олон гоё тоглолт зохион байгуулсан урлагийн оргил сар болж байна. Соёлын яамнаас “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд өдөр алгасахгүй арга хэмжээтэй байх жишээтэй. Монгол Улсын консерваторын хувьд л гэхэд 85 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд таван том цуврал тоглолт хийж байна.

Хэдхэн хоногийн өмнө Улсын филармонийн 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт боллоо. Удахгүй Үндэсний урлагийн их театрын 60, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны 65, Морин хуурын чуулгын 30 жилийн ой тохиож байна. Мөн Хөдөлмөрийн баатар Б.Шарав багшийн мэндэлсний 70 жилийн ойн цуврал арга хэмжээ өчигдөр хүндэтгэлийн тоглолтоор эхэллээ. Жишээ дурдахад л ийм байна шүү дээ. Энэ сар тэр чигтээ урлаг, уран сайхнаар амьсгалах нь ээ.

-“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд улсын урын санд энэ удаа хоёр хөгжмийн бүтээл худалдан авчээ. Нэг нь таных юм байна. Ямар бүтээлийг тань улс авсан бэ?

-“Ганц цагаан шувуу” сюрреалист моно дуурь шалгарсанд их баяртай байна. 2007 оноос миний бүтээлүүд шалгарч, улсын урын санд орсон байдаг. Одоогоор 11 бүтээл өгчээ. Шилдгийг шалгаруулахдаа тухайн онд бичсэн том бүтээлүүдийг “Алтан намар”-т тоглуулна. Нөгөөтэйгүүр мэргэжлийн урлагийн байгууллагын тайзан дээр тоглосон байх ёстой. Нэг ёсондоо ард түмэнд хүргэсэн байна. Тухайн бүтээлээр мэргэжилтнүүд, хөгжмийн судлаачид шүүмж бичсэн байдаг. Ингээд Соёлын яам, Соёл урлагийн газраас хөгжим судлаачид, хөгжмийн удирдаач, хөгжмийн зохиолчдоос бүрдсэн зөвлөл байгуулж, ирсэн бүтээлүүдийн нот, партитур, бичлэгтэй танилцаж шилдэг бүтээлийг шалгаруулдаг. Анх Монголын хөгжмийн зохиолчдын холбоо зохион байгуулдаг байсан. Одоо яамтайгаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газартай хамтарч хийж байна. “Ганц цагаан шувуу” дуурь маань өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд ДБЭТ-т нээлтээ хийсэн. Баритон хоолойд зориулсан ганц хүний дуурийн цомнолыг М.Энхболд бичиж, Б.Мэндбаяр найруулсан юм. Харин зураачаар Х.Ууганбаяр, тайзны зураачаар С.Ариунболд, концертмейстерээр Ц.Уртнасан, удирдаачаар Б.Лхагвасүрэн ажиллаж, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат дуулсан юм. 

-Дуурь бүтсэн түүхээс товчхон сонирхуулж болох уу?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган агсан, Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс нартай холбоотой. Ц.Түвшинтөгс ах 2014 онд надтай уулзаж санал тавьсан юм. Өөрөө баритон хоолойтой учраас дуулна гэсэн. Ер нь баритон хоолойны моно дуурь хэрэгтэй байна гэж хэлсэн юм. Ингээд эхлүүлсэн ч хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан зогссон. Л.Эрдэнэбулган гуай ч тэнгэрт дэвшлээ. Гэвч уран бүтээлийн баг маань Л.Эрдэнэбулган агсны дурсгалд зориулж дууриа гүйцээх санал дээр нэгдээд 2021 оноос эрчимжиж, 2022 оны дөрөвдүгээр сарын 12-нд ДБЭТ-ын тайзнаа тоглосон нь тэр. Тухайн өдөр нь хүн төрөлхтөн анх сансарт ниссэн түүхэн өдөр юмсан. Энэ бол маш бэлгэшээлтэй өдөр юм. Моно дуурь бичих санаа 2012 онд гарч, би хөгжим дээрээ 2014 оноос эхлэн сууж байгаад завсарласан. Ингээд 2021 оноос үргэлжлүүллээ. Үндсэндээ бол хагас жилийн хугацаанд бүтсэн дуурь юм даа.

-Ер нь хэдэн оноос улсын санд шилдэг бүтээлүүдийг авдаг болсон юм бэ?

-Улсын санд шилдэг бүтээл худалдан авах үйл ажиллагаа 1990-ээд оны дундаас эхлэлтэй. Монголчууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээл рүү шилжсэн үе. Үүнтэй холбоотойгоор хүмүүсийн аж амьдрал өөрчлөгдсөн. Социализмын үед хөгжмийн томоохон бүтээлүүдийг төрийн бодлогоор хийдэг байлаа. Харин 1990 он гарснаар чөлөөт зах зээлд шилжсэнээр хөгжмийн томоохон бүтээлүүд орхигдож эхэлсэн. Улс орны хөрөнгө, санхүү хэцүү байсан учраас хаягдах талруу хандсан байгаа юм. Нэг ёсондоо мэргэжлийн урлаг уналтад орсон цаг үе юм даа. Яг ийм мөчид Хөдөлмөрийн баатар Б.Шарав багш, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуай тэргүүтэй хөгжмийн зохиолчид маань төр засгийнхантай уулзаж, санал бодлоо хуваалцсан байдаг. Улсын санхүү хэцүүдсэн ч оюуны том бүтээлүүдээ орхиж болохгүй. Улсын санг шилдэг бүтээлээр байнга баяжуулах ёстой гэсэн санаа хэлсэн юм билээ. Тухайн үеийн Ерөнхий сайдаар П.Жасрай гуай ажиллаж байсан байдаг. Ингээд нэртэй хөгжмийн зохиолчдын саналыг П.Жасрай гуай дэмжсэнээр Засгийн газрын тогтоол гаргаж, улсын урын санд том хэлбэрийн хөгжмийн бүтээлийг худалдаж авдаг болсон түүхтэй. Улмаар 2006 онд Засгийн газрын тогтоолыг шинэчилсэн. Одоо ч дараагийн шинэчлэлийг хийх гэж байна. Товчхон түүх дурдвал ийм юм.

-Улсын санд оруулсан бүтээлүүдийг хав дардаг, хадгалдаг боллоо гэсэн мэргэжлийн уран бүтээлчдийн шүүмжлэл сүүлийн үед гарч байна. Та олон бүтээлээ өгсөн уран бүтээлчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Би ч санал нэг байна. Улсын санд худалдаж авсан хэрнээ хадгалаад баймааргүй юм. арваад жил ярилаа шүү дээ. Авчихаад сейфэнд хийгээд түгжвэл тэр бүтээлийг худалдаж авах хэрэггүй. Нэгэнт тодорхой хөрөнгө мөнгө төсөвлөөд авсан бол тэр бүтээл эргэлтэд орж байх ёстой. Зөвхөн тайзан дээр тоглохоос гадна сургалтад ч ашигламаар байна. Ингэж байж тухайн бүтээлийг хамгаална. Түүнээс биш нэг сейфэнд хийгээд цоожилбол тэр нь хамгаалагдах бус мартагдах шат руу орно. Нэгэнт улсын санд бүтээл авч байгаа бол мартаж болохгүй. Байнга урын санг шинэчилж, авсан бүтээлээ тоглуулж, сануулж баймаар байгаа юм. Бид бие даасан Соёлын яамтай болсон учраас энэ чиглэл дээр анхаарч ажиллах байх гэж уран бүтээлчид харж байна, итгэж, найдаж байна. Ер нь улсын санд бүтээл худалдаж авдаг үнэлэмжээ ч сайжруулах шаардлагатай. Өдөр ирэх тусам бараа таваарын үнэ өсөж, инфляц явагдаж байхад уран бүтээл худалдаж авдаг үнэ ханш нэг хэвийн байж болохгүй. Яг өнөөдөр бол жилд 50 сая төгрөгөөр шилдэг бүтээлүүдийг худалдан авч байна. Улсын санд авсан бүтээлээ эхлээд дотооддоо сурталчлах хэрэгтэй. Дараа нь яагаад олон улсад сурталчилж болохгүй гэж. Улсын хөгжил харагдана шүү дээ. Жил бүр гадаадад “Монголын соёлын өдрүүд”-ийн арга хэмжээ болдог. Тэр өдрүүдийн хүрээнд дэлхийн баритон дуучид болох Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, Ч.Бадрал тэргүүтэй шилдгүүдээр “Ганц цагаан шувуу”-г дуулуулж яагаад болохгүй гэж. Иймэрхүү байдлаар улсын санд орсон бүтээлийг сурталчлах, түүгээр дамжуулан эх орноо дэлхийд сурталчлах боломж их бий. Ер нь Монголыг олон улсад сурталчилдаг хүмүүс чинь урлаг, спортынхон шүү дээ.

-Та бол үеийнхнээсээ хамгийн олон удаа улсын санд бүтээлээ өгсөн уран бүтээлч. Тэгвэл таны болон доод үеийнхэн тань шалгаруулалтад хэр идэвхтэй оролцдог юм бол?

-Бүгд л оролцоно. Маш их идэвхтэй оролцдог. Зарим жилд 20 орчим бүтээл орж ирдэг. Тэднээс тав, зургааг нь шалгаруулж авах жишээний.

-Улсын санд багтсан 11 бүтээлээс тань хамгийн их хугацаа зарцуулсан нь ямар нэртэй хөгжим байна вэ?

-Ер нь хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүд цаг хугацаа их шаардана. “Ганц цагаан шувуу”-н дээр хагас жил ажилласан байдаг. Ер нь хамгийн багадаа гурван сар суудаг.

-“Цастны мэргэд” бүтээл тань Финландын олон улсын наадамд түрүүлсний дараа улсын сан хөмрөгт орсон хэрэг үү?

-Өмнө байлгүй яах вэ. 2008 онд шилдэг бүтээлээр шалгарч, улсын санд багтсан байсан. Дараа нь Ян Сибелиусийн нэрэмжит олон улсын хөгжмийн зохиолчдын VIII уралдаанд гоцлол бүтээлийн номинацид түрүүлсэн.

-Та яг хэдэн оноос хөгжмийн бүтээл бичиж эхэлсэн хүн билээ?

-1996 оноос дан хөгжмийн бүтээлүүд бичиж эхэлсэн. Үүнээс хойш 26 жил өнгөрчээ. Тухайн үед Хөгжим бүжгийн коллежийн дөрөвдүгээр курст сурдаг байлаа, 19, 20 настай л байсан үе. Би морин хуурч, хөгжмийн онолч гэх давхар мэргэжлээр төгссөн юм. Нэг талаасаа миний үндсэн мэргэжил морин хуурч учраас зохиол бүтээлүүдийг маань ардын чиглэл уруу татсан, нөгөө талаасаа хөгжмийн онолыг судалсан нь Европын тогтсон хөгжмийн онол, гармони миний сонирхлыг татсан.

Миний бүтээлүүдэд нэг талаасаа ардын хөгжим, язгуур урлаг, нөгөө талаасаа өрнө дахины Европын хөгжмийн онол суурь болж өгсөн гэж ойлгож болно. Анхны бүтээлүүдийн нэг бол “Аргамаг хүлгийн хурдаар” хэмээх морин хуур, ятга хөгжимд зориулсан хоршил байдаг. Бас морин хуурын концерт энэ үед бичсэн. 1998 онд Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав багшийн гэрт нь очиж монгол ёсоор хадаг, сүү барьж гарын шавь нь болж байлаа. 20 гаруй жил багшаасаа сурч, заавар зөвлөгөө авч, багштайгаа ойр дотно явсан байдаг. Багшийнхаа удирдлага дор 1998 онд “Морин хуурын дөрвөл”, “Төгөлдөр хуурын уран сэтгэмж”, 1999 онд “Цастны мэргэд” морин хуурын концерт зэрэг хэд хэдэн бүтээл хийсэн дээ.

-Ойрд ямар уран бүтээл олны хүртээл болгохоор ажиллаж байна вэ?

-Чингис хааны сэдвээр “Их хаан” дуурь бичсэн. Хоёр жилийн хугацаанд бичиж дуусгалаа. Энэ дуурь маань олон улсад нээлтээ хийх учиртай. Нээлтээ хүлээгээд сууж байна. Мөн гурав дахь дууриа бичээд явж байгаа.

-Соёлын салбар хоёр, гурван яамны халаасанд хэсэг явж байгаад тусдаа гарлаа. Мэргэжлийн уран бүтээлч хүний хувьд Соёлын яамнаас юу хүлээж байна вэ. Хоёр жилийн хугацаанд сайн, муу янз бүрээр л хэлүүлж, бичүүлж байна. Та саналаа хэлж болох уу?

-Шүүмжлэлээс айх хэрэггүй. Шүүмжилснээс болж хийж буй ажлаа хаяж болохгүй. Шүүмжлэлийг сайн талаас нь харвал олон санаа, мессеж өгдөг. Тиймээс үүнд эерэг хандах ёстой юм. Шүүмжлэл дотор авах зүйл их байна. Соёл руугаа, тэр дундаа шоу, энтертайнмент урлаг руу илүү анхаарал хандуулаад байх шиг санагдсан. Ер нь мөнгө олж болох салбараа эхэлж татаад, түүгээрээ ашиг олох гэсэн хандлага харагдаад байгаа юм. Ингэж явбал буруу. Мэдээж хөгжүүлэх ёстой. Гэхдээ хөгжмийн урлагийг эн тэнцүү харж явах шаардлагатай. Соёл гэхээр зөвхөн хөгжим гэж ярьж болохгүй ч мэргэжлийн салбартаа илүү анхаарвал зохилтой. Тухайн орны оюуны түвшинг олон улсад тодорхойлдог салбартаа анхаармаар байна. Шоу энтертайнмент урлагаар оюуны түвшинг тодорхойлохгүй л дээ. Дуурь, балет, мэргэжлийн урлагтаа анхаарч, цөөхөн хэдэн хөгжмийн зохиолчоо төр засгаас харж үздэг байгаасай. Төр засгаас мэргэжлийн урлагаа бодлогоор дэмжмээр байна. Дүүрэг бүрд хуучнаар Хөгжим, бүжгийн дунд сургууль шиг хөгжмийн сургалттай мэргэжлийн сургууль барьж байгуулаад өгөхөд л боловсон хүчний асуудлыг шийдэж болно. Улсын хэмжээнд шаталсан сургалттай ганцхан хөгжмийн сургууль байж болохгүй л байхгүй юу. Энэ мэтчилэн яривал их зүйл байна даа.

Б.МӨНХЗУЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22