АНУ-ын Миссури мужийн "Circus Harmony" сургуульд зөвлөх багшаар ажиллаж буй Монгол Улсын Гавьяат жүжигчин Дашдэндэвийн Ягаанцэцэгтэй ярилцлаа. Түүний хань Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал юм. Хүү Х.Булган нь “Харанга” хамтлагт хөгжмийн зохиолч байв. Тэрбээр эцэг, эхийнхээ урлагийн замналыг үргэлжлүүлсэн уран бүтээлч байсан юм.
-Циркийн урлагтай хувь заяагаа холбосон түүхээс тань ярилцлагаа эхлүүлье. Анхны хичээлээс эхлээд мэргэжлийн жүжигчин болсон урт замнал, дурсамжаасаа хуваалцана уу?
-Пионерийн ордны циркийн дугуйланд найман наснаасаа хичээллэсэн. Улсын циркэд 1958 онд дагалдан жүжигчнээр ажиллаж мэргэжлийн гараагаа эхлүүлээд 64 дэх намартайгаа золгож байна. Нэрт алиалагч Цээеэ буюу Д.Цэдэнбал, Б.Норовсамбуу, Цэцгээ бид циркийн босгыг хамтдаа давсан, нэгэн үеийнхэн. Алтан үеийн багш нараасаа суралцаж, үлгэр дуурайл авч, мэргэжлийн уран бүтээлч болон бэлтгэгдсэн. Илбэчний туслахаас уран нугаралт, сул шатан дээрх тэнцвэр, агаарын трапец, акробат, элсэн дээрх гимнастик гээд шинэ содон үзүүлбэр бэлтгэдэг байжээ. Чанга утсан дээрх анхны тэнцвэрийн номерыг үзүүлсэн. 1972 оноос “Үүрийн цолмон” агаарын нисэлтийн номерт оролцож, 13 метрийн өндөр тавцангаас үсрэн хоёр эргэж нөгөө талын лавиторт хүрдэг байсан. Эргээд бодоход зоригтой байжээ.
-Таныг агаарын үзүүлбэр үзүүлдэг нисэгч байсан тухай би хувьдаа мэдээгүй. Тагтаатай номерыг тань үзэж байлаа.
-Агаарын полёт эрсдэлтэй. Румынчуудын 1970 онд барьж өгсөн Улсын циркийн анхны агаарын нисэгч байлаа. Бид шинэ циркээ хүлээж авахаас өмнө манежиндаа дасах бэлтгэлийг Румынд хийсэн. Монголын циркчдийн мандан бадарч явсан түүх тэр хөх асартай салшгүй холбоотой. Одоо тарж бутарсан циркээ хараад зүрх шимширдэг. Ганцхан Монголд ч биш дэлхий даяар урлагт доторгүй ханддаг нийгэм ирж. Циркийн барилгын дотоод хэсгийг нураасан ч манежийг засаж болдог. Улсын цирк минь эргээд сэргэнэ, үзэгчдийн алга ташилт дахин нижигнэнэ гэж уран бүтээлчийн хувьд найдаж, хүлээж суудаг. Агаарын номерын үеэр хүнд бэртэл авч аарцаг салж, зургаан сар хэвтэрт байсан. Хүний асаргаанд орсон тэр өдрүүдийг ханийнхаа дэмээр туулсан. Хангал минь намайг дэмжиж, дахин манежнаа гарах сэтгэлийн тэнхээ өгсөн юм. Тэр үед Москвагийн цирк манайд тоглолтоор ирж таарлаа. ЗХУ-ын Ардын жүжигчин, алиалагч Олег Поповын тагтаа үзүүлбэрийг харсан хань минь “Чамд яг тохирно. Монголын циркт ч шинэ номер болно” гэж санал болголоо. Мэргэжлийн хүнд трюк хийх боломжгүй надад тагтааны үзүүлбэр сонирхолтой санагдаад болдоггүй. Олег Поповтой уулзаад учир байдлаа хэлтэл шууд зөвшөөрөв. Тэгээд 20 тагтаагаа надад даатгаж орхиод буцсан. Тагтаатай харьцаж үзээгүй бид сургах гэж хөгөө чирсэн. Сургагчид маань том амьтан шигээ ташуурдахаар нисээд алга болно. Арай гэж өөртөө дасгаж, аясыг нь олоод “Эх үрсийн Энхтайван” үзүүлбэрээ 1984 онд тавьсан. Энэ номероороо Пхеньяны “Хаврын баяр” наадмын гранпри шагналыг хүртэж байлаа. Сонирхуулахад, Америкийн циркт ажилд ороод удаагүй байхдаа “Эх үрсийн Энхтайван” үзүүлбэрийнхээ тухай захиралдаа ярилаа. Захирал ч “Шинэ номерын санаа” гээд олон тагтаа аваад ирэв. Гэтэл америк тагтаанууд бүдүүн, сурахдаа удаан юм билээ. Шинэ номер гаргасан ч Монголын циркт үзүүлж байсан “Эх үрсийн Энхтайван”-даа хүрээгүй.
-АНУ-ын циркт ажиллаад 20 гаруй жил болжээ. Анх очиход танихгүй мэдэхгүй орчин угтаж байв уу?
-Гурван хос нугаралттай АНУ-д ирсэн. Циркчид бид явуулын амьдралд дассан, дээр нь нүүдэлчин монгол сэтгэхүйтэй учир аль ч улсад очсон амархан зохицдог. Ер нь би ядарна гэж мэддэггүй. Монголчууд америкчуудыг бодоход тэвчээртэй, даван туулах чадвартай үндэстэн. Сент Луисийн циркийг хөл дээр нь босгосноо бардам хэлнэ. Сүүлийн 15 жилийг багшилж өнгөрүүллээ. Энэ хугацаанд 6000 гаруй хүүхдэд хичээл заажээ. Ууган шавь нар минь зэрэгцээд багшилж байна. Америк хүүхдүүд тэвчээргүй. Хичээл эхлээд удаагүй байхад л “Ядраад байна” гээд суучихдаг. Бэлтгэлийн үеэр эцэг, эх нь хамт ирдэг. Жаахан шахахаар эцэг, эх нь “Юу болсон бэ” гээд сүржигнэнэ. Тэгэхэд Монголын циркийн сургуулийн сурагчид ямар хүнд бэлтгэл хийж мэргэжлийн жүжигчин болдог билээ. Сент Луис, Чикагод амьдардаг монголчууд маань хүүхдүүдээ шавь оруулъя л гэдэг. Даанч манай циркийн сургууль хол учраас монголчууд хүүхдүүдээ зөөх боломжгүй байдаг. Цагаан сар, баяраар уулзахаараа хэдэн монгол хүүхдүүдийнхээ сунгалт, уян хатныг шалгаж жаахан тонгочуулдаг юм.
-Таны хань монголчуудын сэтгэлд хоногшсон аялгуунуудыг бичсэн суут уран бүтээлч. Урлагаар хөглөгдсөн гэр бүлийн гишүүд бие биедээ уран бүтээлийн зөвлөгөөг харамгүй өгдөг байв уу?
-Ханьтайгаа циркт танилцсан. Анх би Хангалыг хараад зугтчихдаг байв. Намайг ажлаасаа тарахыг хүлээгээд зогсож байдагсан. Тийн хөөцөлдөж зугтсаар 18 насандаа үерхэж, дараа жил нь нэг гэрт орсон. 20 настайдаа хүүгээ төрүүлж байлаа. Их л хурдан өрнөсөн. Манайх анх Төв шуудангийн замын урд яамны гурван давхар байранд амьдардаг байв. Тэр байшинд сайхан хүмүүс амьдарч байсан, сайхан түүх юм. Харамсалтай нь саяхан нураачих шиг болсон. Аав минь Дотоод яамны гуравдугаар хэлтэс буюу Ю.Цэдэнбал даргын хамгаалалтын албыг хариуцдаг байсан. Удалгүй Соёлын яамнаас бид хоёрт циркийн хажуугийн таван давхар, саарал байшинд байр өгсөн. Сүүлд 13 дугаар хорооллын гурван өндөр рүү нүүсэн. Гучин жил хамт амьдрахдаа ханьдаа бүхнээ зориулсан. Олон сайхан хөгжмийнх нь анхны сонсогч, шүүмжлэгч байлаа. Ихэвчлэн шөнийн цагаар хөгжмөө бичнэ. Хажууд нь сууж хань болно. Ноотны цаасыг нь шугамдаж өгдөг ажилтай. Хааяа нойр хүрээд зүүрмэглэхээрээ нөхөртөө мэдэгдэхгүй гээд нүүрэн дээрээ сонин тавиад суудаг байлаа. Манай гэр бүл гэж урлагаар амьсгалсан айл байсан. Өөр сэдэв мэдэхгүй. Урлаг, уран сайхнаа л ярина.Миний хань их эртэч хүн байлаа. Өглөө дөрөв, таван цаг гэхэд сэрчихсэн, гудамжаар алхана. Тэгэхдээ сүүний саваа бариад гарна. Бие нь муу байхад миний хань томоохон бүтээлүүдээ дуусгаад л сэхээнд орно. Эмнэлэгт хэвтэх дургүй. Гуйж байж хэдэн өдөр эмчилгээ хийлгүүлдэг байсан. Хөгжмөөр хөглөгддөг, урлагийн төлөө л гэсэн хүн байв. Яагаад ч юм нэг удаа “Одоо дууны хөгжим хийхээ боль оо” гэснээс хойш дууны ая бичээгүй.
-Гадаад, дотоодын аялан тоглолт гээд хамтдаа байх боломж бололцоо бага байсан уу?
-Би аялан тоглолт гээд гэртээ байхгүй нь их. Чехэд тоглолтоор явж ирэхдээ “Хангалд хань болог” гэж бодоод пудель нохой авчирч бэлэглэсэн. Тэр хоёр эзэн нохой гэхээсээ найз нөхөр шиг байв. Циркийн нохойноос дутахгүй сургуулилалттай хөөрхөн амьтан байсан. Хангалыг минь бурхан болсон жил гэнэт л алга болчихсон. Бид хайгаад олоогүй. Сонин юм шүү. Ханийгаа бурхан болоход Москвад урилгаар тоглолттой байж таарсан. Ажлаа орхиод л Монголд ирсэн. Хэрвээ амьд сэрүүн байсан бол ирэх жил 75 нас хүрэх байлаа. Бие нь үгүй ч бүтээлээрээ бидний дунд оршиж байна. 75 насны төрсөн өдрийг нь угтаад дууны номыг нь шинээр эмхэтгэн хэвлүүлэх санаатай. Бас Чикаго, Сан-Францискод тоглолт хийнэ. Америкт амьдардаг уран бүтээлчидтэйгээ хамтран 70 насны ойн тоглолтыг нь хийсэн. АНУ-д ажиллаж, амьдардаг уран бүтээлчид “Хангал гуайнхаа тоглолтыг сайхан хийнэ” гэж сэтгэлээрээ ханддаг. Хүү минь амьд байхдаа аавынхаа 60 насны ойд зориулсан тоглолтыг зохион байгуулсан. Миний хань бүх төрлөөр хөгжим бичсэн. Монголын циркийн хөгжилд Хангалын гүйцэтгэсэн үүрэг их юм шүү. Циркийн номеруудад зориулж гайхалтай хөгжмүүд бичсэн. Би одоо ч эндхийн циркт тавьсан номеруудаа ханийнхаа хөгжмийн аянд тааруулж дэглэдэг. Хань минь ер нь АНУ-д амьдрах санаатай байсан шүү.
-Тэгэхээр та ханийнхаа хүсэлтээр АНУ-ыг зорьжээ?
-Манай уран бүтээлчдийг Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад аялан тоглолттой явахад Монголд ардчилсан хөдөлгөөн ялж, төр эргэчихсэн. Бид Африкийн дараа Европын аялан тоглолтууд, Францын наадам, циркийн олимп гэгддэг Монте-Карлогийн тэмцээнд оролцох урт хугацааны хуваарьтай байлаа. 1994 оны Монте Карлогийн тэмцээнд манайхан амжилттай оролцож, “Могойн чуулган” гуравласан нугаралтын үзүүлбэрээр хоёрдугаар байрын шагнал хүртсэн.
Тухайн үеийн Улсын циркийн уран бүтээлчид намайг даргаа болгохоор ярилцаж байсан юм билээ. Гэтэл нийгэм өөрчлөгдөөд, нөгөө болоод байсан зүйлс нэг л өдөр болохоо больчихов оо. Урлагийн байгууллагууд тарж, сайхан уран бүтээлчид гадагшаа гарч эхэлсэн. Австри, АНУ-аас хамтран ажиллах гэрээний санал ирсэн. АНУ-ыг хань, хүүгийнхээ хүслээр сонгосон юм. Эхлээд өөрөө очоод дараа нь гэр бүлээ авах төлөвлөгөөтэй байв. Харамсалтай нь, Хангал минь АНУ-д очиж чадаагүй. Ер нь бол бичсэн хөгжмүүд нь Монголд бүрэн эхээрээ тоглогдож чаддаггүй, бухимдалттай үе байсан. Миний хань 49, хүү минь 37-ныхоо жил дээр бурхан болсон. Тийм нэг хачирхалтай давхцал бий. Ханийнхаа дараа АНУ-ыг зорьсон.
-Хүү тань аавынхаа үргэлжлэл болсон хөгжмийн зохиолч байв. Ер нь З.Хангал хэмээх их зохиолч хүүгийнхээ жинхэнэ идеал нь байсан байх даа?
-Захиргаадалтын үед биднээс шинэ бүтээл шаарддаг, хүүхэд төрүүлэхийг зөвшөөрдөггүй, тогтмол эмчийн үзлэгт хамруулна. Би чинь циркийн багш, удирдлагуудаасаа нууж, эмчтэйгээ хуйвалдаж байж хүүгээ төрүүлсэн. Төрөх дөхөөд удирдлагадаа хэлэхэд уурлах аядсанаа өрөвдсөн үү “Сахилгагүй гэдэг нь, одоо тэгээд хүүхдээ төрүүл дээ” гэж билээ. Миний хүү аавтайгаа адилхан амьдрал туулна гэж хөгжмийн боловсрол эзэмшиж, циркчин бүсгүйтэй ханилсан. Бэр Д.Оюунчулуун минь циркийн жүжигчин. Хөөрхий минь Япон улсад тоглолттой байхад нь Булган минь өнгөрсөн. Би тэр үед АНУ-д байсан. Хүүгээ тийм айхавтар хүнд өвдсөн гэж тухайн үед бодоогүй. Утсаар ярихад “Ээж ээ, би дажгүй. Та ирээд хэрэггүй” гээд уран бүтээлийн санаа оноогоо хуваалцсан юм. Хүүгээ өвчтэй байхад дэргэд нь байж чадаагүйдээ л харамсдаг. Тэр л надад хамгийн хүнд туссан. Ганцаараа их ч уйлсан даа. Миний ач охин Булганы Сарнайцэцэг Герман улсад амьдардаг. Булган минь охиноо Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангид хөтөлж оруулсан. Төгөлдөр хуурыг өөрөө заана гэж бодож байсан биз ээ. Хүүгээ нас барсны дараа ач охиноо үндсэн ангиас нь гадна төгөлдөр хуурын чиглэлээр шахаж төгсгөсөн. Аавынхаа бас өвөөгийнхөө хөгжмийг эгшиглүүлж яваасай гэж бодсон юм. Одоо ач охин минь гэр бүлтэй болоод сайхан амьдарч байна. Хүүхдүүдэд хөгжмийн хичээл заадаг.
-Хүүтэйгээ уулзсан сүүлчийн уулзалтаа эргээд дурсахад гэгээн гуниг төрдөг үү?
-Булган минь 2000 онд гэр бүлээрээ АНУ-д амьдарсан. Эхнэр, охиноо надтай үлдээгээд буцах санаатайгаа хэлэхэд “Эр хүн ганцаараа амьдрах шиг хэцүү зүйл үгүй. Гэр бүлтэйгээ амьдар” гэж хэлээд хамтад нь буцаасан. АНУ-ын нисэх буудалд хүүтэйгээ сүүлчийн удаа уулзсан минь тэр. Би хүүдээ гээд хэдэн доллар цуглуулснаа өгөхөө мартчихсанаа гэнэт санав. Хүү минь онгоцонд орохын өмнө санасан гэсэн. Тэгээд л нисэх буудлын хоёр захаас гүйж уулзсан даа. Бас сүүлчийн тэврэлт байжээ. Тэр зураг одоо надад бий. Бас хүүтэйгээ Германы хил дээр тохиолдлоор уулзсан ховорхон хэрнээ гоё зураг бий. Гэрэл зураг дурсамж өгүүлэх нь сайхан. Одоо хайртай хань, хүүгийнхээ зургийг тойруулж тавиад л суудаг. Тэд минь миний бахархал. Амьдрал баялаг. Жаргахдаа жаргаж, зовлонгоо даваад урагшаа хараад тэмүүлж явна даа.
-Ярилцсанд баярлалаа.
Х.ЗАЯА