Эмээр бус, идээ ундаагаар бие махбодоо эрүүлжүүлж, хоргүйжүүлэхийг эрмэлздэг хэрэглэгчид “Увидасу” брэндийн цай, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг сонгодог. Сахар бууруулагч цайнаас эхлэлтэй “Увидасу” брэнд долоон жилийн хугацаанд бүтээгдэхүүний нэр төрлөө чамгүй баяжуулжээ. Тухайлбал, Зөгийн балтай хар сармис, “Увидасу” хар сармис, “Элэгний эмч” цай, “Увидасу” үе мөчний тос, хордлого тайлах цай, эмийн ургамлын ундаа, “Horse power” адууны бэлдмэл зэрэг уламжлал, инновац хосолсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийн давуу тал, брэнд хөгжүүлэлтийн талаар “Санжайн хишиг” компанийн захирал Ш.Хангалтай ярилцлаа.
-Уламжлалт орц найрлагыг баяжуулж, инновац шингээсэн цай үйлдвэрлэх санаа хэзээ төрөв?
-Өндөгний кальци гэх мэт эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Найз нөхдийн харилцаанаас цайны санаа төрсөн. Найз минь чихрийн шижинтэй. Бог малын гүзээ, сархинаг чихрийн шижин өвчтэй хүнд тустай гэж сонсоод 2017 онд цай хийж үзэхээр шийдсэн юм. Сэвсний үнэр амтыг дарахын тулд хүрэн манжин, зөгийн бал, синамон зэрэг байгалийн бүтээгдэхүүн нэмсэн. Сахар нэмдэг ямар нэгэн амт оруулагч холиогүй. Эм судлалын хүрээлэнд туршилтад оруулахад нэг сарын хугацаанд цусан дахь сахарын хэмжээг 54.5 хувиар бууруулсан үр дүн үзүүлсэн.
Үр дүнгээ бататгасны дараа худалдаанд гаргасан юм. Бог малын гүзээ, сархинагаас гаргаж авсан энэхүү сахар бууруулагч бүтээгдэхүүн бол Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байгаагүй шинэ төрлийн цай. Хэрэглэгчид ч ам сайтай байдаг. Хүний биед тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаагаар элэг, бөөр, уушгины цай худалдаанд гаргасан. Цай бүр түүхтэй. Гишүүнэ элэгний B, C вирусийн идэвхжилийг бууруулдаг тухай сонсоод туршиж үзсэн.
Орц найрлагаа баяжуулаад элэгний цайгаа үйлдвэрлэсэн юм. Дорнын уламжлалт анагаах ухааны цай, тангийн хүний биед үзүүлэх сөрөг, эерэг нөлөөг судалсан олон мянган жилийн түүхэн жортой. Жорыг нь хэт өөрчилж болдоггүй. Инновац шингээж, орчин үеийн нөхцөл байдалд оруулахдаа учиртай ханддаг. Европын лабораторийн туршилтаар баталгаажуулж, технологийн аргаар эмийн ургамлаа хатааж, бэлтгэж, савлаж байна. Ургамлын шимийг алдалгүйгээр боловсруулдаг.
-Эмнээс татгалзаж, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр биеэ хоргүйжүүлж, эрүүлжүүлэхийн давуу талаас дурдана уу?
-Эм өвчний шинж чанарыг дардаг ч голомтыг нь эмчилдэггүй. Хүн байгалийн амьтан учир ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг бие махбод шингээдэг. Мэдээж эм шиг түргэн үйлчлэхгүй. Жишээлбэл, элэгний өвчтэй хүний уусан эм шинж тэмдгийг нь л дарна. Гэтэл уламжлалт анагаах ухаанд элэг уушги, зүрхтэй хавсарч өвддөг гэж үзээд давхар эмчилдэг. Олон тан ууж, өвчнийг сууриар нь эдгээдэг. Дорнын анагаах ухаанаар хавдрыг эхэн үед нь эмчилж болдог. Химийн гаралтай бүтээгдэхүүнээс татгалзъя гэж ярьдаг болжээ. Зарим хүн бизнесийн зорилгоор химийн нэгдэл хортой гэсэн ухуулга явуулж байна. Гэвч химийн бодисууд бүгд байгальд байдаг.
Харь гаргаас авчраагүй. Яахав зарим нэг бодисыг туршиж байгаа учир хүний биед сөргөөр нөлөөлдөг байж болох. Нөгөөтэйгүүр ам яриагаар эмийн ургамлыг дур зоргоороо хэрэглэж болохгүй. Замбараагүй хэрэглээ өөрт болон байгальд сөрөг нөлөөтэй.
-Сахаргүй ундаа үйлдвэрлэдэг юм байна. Эмийн ургамлын ундааныхаа талаар манай уншигчдад товч танилцуулна уу?
-Хандалдаг цайг гэртээ тухтай байхдаа уухад зохимжтой. Тиймээс бид аяллаар явахдаа, шууд хэрэглэхэд тохиромжтой гурван төрлийн ундаа үйлдвэрлэж байна. Эмийн ургамлын, сахаргүй ундаа гэхээр Монголд шинэлэг хүнс. Жимсээр бус эмийн ургамлаар ундаа үйлдвэрлэж болдог. Нарсны боргоцойн ундаагаа зөгийн бал, бурмаар амт оруулсан. Сахаргүй учир хүүхдэд тохиромжтой. Ер нь хотынхон ундаа их уудаг. Худалдаанд байгаа ундаануудын сахарын агууламж өндөр. Чихрийн шижин гэдэг чимээгүй тахал дэлхийг нөмөрч буй энэ үед сахарын агууламжтай хүнснээс татгалзах хэрэгтэй. 2030 он гэхэд есөн хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй болно гэсэн судалгаа байдаг. Боргоцойноос гадна хар сармис, артишокийг сүүт азарганаар баяжуулсан ундаа үйлдвэрлэж байна. Эмийн ургамлаар үйлдвэрлэдэг учраас олноор, урт хугацаагаар худалдаанд гаргадаггүй. Захиалгаар үйлдвэрлэж байна.
-Хятад, Японд эмийн ургамлын судар хүртэл байдаг. Монголд тийм үе дамжсан судар ном олон байдаг уу?
-Монголчуудын цайны соёл Хятад, Японоос арай ондоо. Эмийн ургамлыг өдөр тутмын цайндаа хэрэглэхээс илүү эрүүл мэндийн зорилгоор ашигладаг. Монгол эмийн ургамлын жорын судрууд түүхэн шалтаг, шалтгаанаар устаж үрэгдсэн. Албан бус мэдээгээр БНХАУ-ын архивт монгол эмийн судар байдаг гэж ярьдаг. Хятадад цай, идээ ундааны бичиг соёлын дурсгал арвин бий. Гадаадын кофе, дүрдэг цайг олон төрлөөр худалдаалдаг. Хувь хүний сонголт, бизнес ч гэлээ чанаргүй кофе, цай эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Хүн хэрэглээгээ зохицуулж, хүнснээсээ хор биш байгалийн шим тэжээл авдаг зөв дадлыг хэвшүүлбэл эрүүл амьдрах боломжтой. Бид уламжлалаа сэргээхийг хичээж, байгалийн шимт жорыг өгч буйгаараа бахархдаг.
-Монголд ургадаггүй эмийн ургамлыг нутагшуулсан гэж сонссон. Одоогоор хэчнээн төрөл зүйлийн ургамал амжилттай нутагшуулаад байна вэ?
-Өргөн хэрэглэдэг эмийн ихэнх ургамал Монголд байдаг. Манайд ургадаггүй түгээмэл хэрэглэдэг зарим нэр төрлийн ургамлыг нутагшуулсан. Тухайлбал, сүүт азарганыг тариалж байна. Манайх хар сармисны бэлдмэлээ Япон, БНСУ-ын технологиор үйлдвэрлэдэг. Хар сармис энгийн сармиснаас 30 дахин илүү ач тустай ч халуун ааг, хурц үнэргүй. Хар сармис тамир тэнхээ нэмж, ядаргаа тайлах, хавдраас сэргийлэх, цус шингэлэх, дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй. Энэ төрлийн бэлдмэл хийдэг солонгос хар сармисыг нутагшуулахаар зорьж байна.
Ургамал нь Экваторын бүс гэх зэргээр цаг агаарын бүслүүрээр ургадаг. Монголын говьд, зэрлэгээрээ ургадаг чихэр өвс шимт чанараараа хамгийн сайнд тооцогддог. Хур тунадас бага ордог учир шим тэжээлээ хадгалсан байдаг. Тиймээс монгол чихэр өвсийг гадныхан авах сонирхолтой байдаг.
-Дэлхий нийтээрээ дорнын анагаах ухааныг сонирхох болсон цагт эмчилгээний цайнуудаа олон улсын зах зээлд гаргах бодол бий юү?
-Байлгүй яах вэ. Сахар бууруулагч цайны дээжээ Хятад, Япон руу туршилтад илгээсэн. Японы зах зээлд гарахын тулд маш нарийн шалгуураар ордог. Бид ХААН банктай хамтран ажилладаг бөгөөд манай бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлж байна. Өнөөдөр маргааш биш гэхэд нэг, хоёр жилийн дараа бүтээгдэхүүнээ гадагшаа экспортолно.
Монгол Улс гадаадын орнуудаас бараа бүтээгдэхүүн татаж, валютын нөөцөө гадагшаа урсгадаг. Энэ хэрээр төгрөгийн ханш суларч байна. Тиймээс бид импорлох бус экспортолдог улс болбол дотооддоо валют хуримтлуулна. Дорнын анагаах ухааныг Европын ахмадууд сонирхдог байсан бол одоо насны хувьд залуужсан. Хаана тариалсан, хэрхэн түүсэн, бэлтгэсэн гээд эмийн ургамлын стандарт өндөр. Төрийн бодлого, хил гааль, улс хоорондын хорио цээрийн дэглэм, гарал үүслийн баталгаа гээд олон шаардлага хангасан байх ёстой.
Эмийн ургамлыг тарималжуулбал олон улсын стандартыг хангаж болох юм. Ер нь эмийн ургамал орсон бүтээгдэхүүний талаар улс орнууд тусгайлан бодлого баримталдаг. Цагаан даль гэж стресс тайлах, тайвшруулах үйлчилгээтэй ургамал бөгөөд Улаан-Үдэд энэ ургамлаар цай үйлдвэрлэдэг. Гэтэл Оросоос энэхүү ховор ургамлыг экспортлохыг хориглосон учир эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр гаргаж байна.
-Ургамал нь байгаа ч жорыг нь тааруулаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологич манайд олон байдаг уу?
-Технологич ховор. Гэхдээ “Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг шиг эмийн ургамлын мэдлэгтэй хүмүүс орон нутагт байдаг. Тэднээс туслалцаа авдаг. Мэргэжлийн сургууль төгссөнөөр онолын мэдлэг эзэмшдэг.
Харин хувь хүний хүсэл, тэмүүллээс бүтээгдэхүүн хөгждөг. Ер нь эм тангийн орц найрлагын 80, 90 хувийг Хятадаас авдаг. Уламжлалт эмнэлэг хөгжсөн Өмнөд Солонгост ч ялгаагүй хятад жор ашигладаг. Гэхдээ зарим талаар бодлогоор дэмжээд, уламжлалт анагаах ухааны сургуулиуд жор баригч бэлтгэхдээ ирээдүйг харж, инновацтай хослуулаасай. Тэгж чадвал бид гадаадын зах зээлд гарахад дөхөм болно. Цай тан биш учраас тааламжтай үнэр, амттай байх ёстой.
Х.ЗАЯА