Хөөрхөн хүүхнүүдийг “төрүүлсэн” Гэрри Маршалл


Нью-Йоркийн уугуул тэрбээр АНУ-ын кино, телевизийн соёлын нэг хэсэг байсан. Гэрри Маршалл сэтгүүлч, зохиолч, комедиан, продюсер, жүжигчин, найруулагч гээд баялаг карьертай. “Аз жаргалтай өдрүүд”, “Морк ба Минди” телевизийн шоуны продюсер, “Наран шарлагын газар”, “Хөөрхөн хүүхэн”, “Гүнжийн өдрийн тэмдэглэл” зэрэг хит болсон 18 киноны найруулагч. Түүнийг дэлхийн кино урлагийн түүхэн дэх хамгийн сонгодог, дэндүү романтик, жинхэнэ гал халуун, бас хэт дэврүүн хайрын түүхийг дэлгэцэнд мөнхөлсөн гэж үнэлдэг. Гэрри Маршалл авьяастныг олж, шинэ од төрүүлэхдээ гойд мэдрэмжтэй. “Морк Минди хоёр” киногоороо Робин Уильямсыг алдаршуулж, “Хөөрхөн хүүхэн” киноны Жулиа Робертс од, “Гүнжийн өдрийн тэмдэглэл”-ээр Энн Хэтэуэйг өсвөр насныхны шүтээн болсон. “Жоржиагийн дүрэм” киногоороо өсвөр насны Линдсей Лоханыг таниулсан бол 15 настай Роб Лоу, Мэнди Мур, Эштон Катчер, Жессика Альба, Кейт Хадсон нарыг нээсэн юм.

 

“Хүн бүр Гэррид хайртай”

 Гэрри Кент Маршалл найруулагч Энтони Уоллес Маршалл, бүжгийн багш Маржори Айрен нарын гэр бүлд 1934 оны арваннэгдүгээр сарын 13-нд мэндэлжээ. Эцэг нь Италийн Сан Мартиногоос ирсэн бол ээж нь англи, шотланд гаралтай байлаа. Түүний бага нас Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт өнгөрчээ. “Бронксын сэтгэл гутрал”-ын эрин буюу буюу их хямралын үед өссөн Гэрри 103 зүйлээс харшилтай өвчин ороосон хүүхэд байв. Америкийн телевизийн архивт бичсэн нам­тартаа “Хоол ундгүй өлссөн үед онигоо ярьж өл дардаг байсан” гэжээ. Түүний эцэг эх бүтээлч хүмүүс байсан нь хүүхдүүддээ эерэгээр нөлөөлжээ. Де Витт Клинтоны ахлах сургууль болон Баруун хойдын их сургуулийг сэтгүүл зүйгээр төгссөн байна. Гэрри сэтгүүлчээр суралцаж байхдаа шөнийн клубт комедиан байлаа. Мөн бичсэн шог зохиолоо инээдмийн жүжигчид, комеди шоуны продюсеруудад худалддаг байв. Тэрбээр “The Daily Northwestern” сэтгүүлд спортын сэтгүүлчээр ажиллаж байв. Гэрри Маршалл 1956 оноос АНУ-ын армид алба хааж, Солонгосын дайнд оролцож явжээ. Маршалл урлагийн карьераа шог зохиол, шоу нэвтрүүлгээр эхлүүлсэн. 

Жои Бишоп, Фил Фостер нарын хошин шогийн жүжигчдэд зохиолоо худалдаж, Жек Паартай хамт "Өнөө орой" шоуг санаачилжээ. 1961 онд Холливудыг зорьж жүжигчин Фред Фримантай хамт “The Joey Bishop Show”-гаа бичив. Маршалл удалгүй Дик Ван Дайкийн шоу, Жои Бишопын шоу, Дэнни Томасын шоу, Люсигийн шоуг хариуцан ажиллажээ. Бүтээлч продюсерын хувиар 1970-аад онд бие даан найруулсан “Аз жаргалтай өдрүүд” шоу нь Гэрри Маршаллыг дэлгэцийн урлагт нээсэн юм. Маршалл 1963 онд Барбара Сью Уэллстэй гэрлэсэн. Маршалл 2011 онд хорт хавдартай нь оношлогджээ. Маршалл “Холливудад өнгөрүүлсэн аз жаргалтай өдрүүд” номоо 2012 онд хэвлүүлжээ. Тэрбээр 2016 оны долдугаар сарын 19-нд 81 насандаа Калифорни мужийн Бурбанк хотын эмнэлэгт нас баржээ. 

Гэрри Маршалттай салах ёс хийх ёслолд Холливудын одод цугласан байлаа. Ричард Гир “Гэрри миний уулзсан ерөөлтэй хүмүүсийн нэг. “Хөөрхөн хүүхэн”-ий судасны цохилт, амьдралын хүч байсан. Тэр жинхэнэ баяр баясгалан, хайр, сайхан сэтгэлийг авчирдаг эелдэг хүн. Хүн бүр Гэррид хайртай” гэжээ. Пэрис Барклай "Гэрри Маршалл Холливудад инээд хөөр, аз жаргалтай цохилох зүрхийг авчирсан. Тэр ур чадвараа манай шинэ үеийн найруулагч нарт харамгүй заасан. Түүнтэй ажиллах бидний хувьд энэ нь нэр төрийн хэрэг бөгөөд баяр баясгалан байлаа” гэжээ. Гектор Элизондо найзынхаа тухай “Тэр сайхан сэтгэлтэй, дэгжин, үнэнч хүн байсан. Тэр маш олон хүнд зөвлөсөн” гэж дурссан байдаг. Маршалл гол дүрээ хайж буй залуу найруулагчдад оновчтой зөвлөгөө өгдгөөрөө алдартай. Түүнийг “Холливудын үзмэрч” ч гэж нэрлэдэг байв. Маршалл “Бүрэнхий” киноныхоо хүн чоно Жейкобын дүрийг хайж байсан найруулагч Кэтрин Хардвикт Тэйлор Лотнерыг зөвлөжээ.

 

Оддын эцэг

 Гэрри Маршаллыг кино урлагт хөтөлсөн хүн бол жүжигчин Гектор Элизондо. Тэрбээр Гэрри Маршаллын бүх кинонд дүр бүтээсэн байдаг. Маршалл “Холливудын бэлгэ тэмдгийг солино” гэсэн том зорилготой кино ертөнцөд хөл тавьжээ. Түүний дэлгэцийн хитүүдийн амжилт 1984 онд "Фламинго жаал" киногоор эхэлсэн. Түүний буухиа "Наран шарлагын газар", "Хөөрхөн хүүхэн", "Гүнжийн өдрийн тэмдэглэл", "Гэгээн Валентины өдөр", "Шинэ жилийн үдэш" зэрэг уянгын киногоор үргэлжилнэ. Түүний кинонууд Холливудад 1950-аад онд хит болсон гэгээн хайрын түүхүүдийг сэргээсэн юм. Алтан үе рүү буцсан тоглолтууд залуу жүжигчдийн карьерыг өсгөхөд дэм болсон. Нэрийн хуудас болсон “Хөөрхөн хүүхэн” киногоо Ж.Ф.Лотоны Лос-Анжелес хотын бохир бизнес, хар тамхичдын амьдралыг харуулсан “3000” зохиолоос сэдэвлэсэн байна. 

Үзэгчдийн сэтгэл зүй, цаг үеэ мэдэрч чаддаг Гэрри Маршалл уг зохиол дотроос биеэ үнэлэгчийн дүрийг олж хараад уг бүсгүйг баян бизнесмэн эртэй хайр сэтгэлийн холбоотой болгон романтик түүх зохиожээ. Хэрэв Лотоны бичсэнээр их хотын хар тамхичид, биеэ үнэлэгчдийн тухай байдаг л нэг кино дэлгэцэнд гарсан бол Жулиа Робертс хэмээх энэ үзэсгэлэнтэй бүсгүйг дэлхийн кино урлагт хэзээ ч харахгүй байсан биз ээ. Ричард Гир буюу дурлалт залуу хайртай бүсгүй дээрээ цагаан лимүзинээр хүрч ирээд тагт руу авирч гаран улаан сарнайгаа бэлэглэж уулздаг тэр л хэсэг хэдэн сая үзэгчийн хайрыг татсан гайхалтай төгсгөлийг ч Гэрри Маршалл бодож олжээ. 

Энэ кадрыг дэлхийн кино урлагийн алтан агшин гэж үнэлдэг. Киноны төгсгөлд "Аз жаргалтай хүн" гэгддэг дүр (Абдул Салам Раззак бүтээсэн) баяр хөөртэйгөөр “Холливудад тавтай морил! Танд мөрөөдөл бий юү. Энэ бол Холливуд, мөрөөдлийн орон. Зарим мөрөөдөл биелдэг, зарим нь биелдэггүй, гэхдээ үргэлж мөрөөдөж байгаарай” гэж хашгирдаг. Энэ хэсэг “3000” зохиолд гардаггүй бөгөөд Гэрри Маршаллын санаа байсан юм. Холливудынханд ганцхан мөрөөдөл бий. Хүмүүсийн дуртай кино хийж, мөнгө олох. Гэрри Маршаллын тэрхүү мөрөөдлийг биелүүлэгч нь “Хөөрхөн хүүхэн” байсан. Бүх цаг үеийн хамгийн шилдэг романтик энэ киног “Үнсгэлжин”-гийн насанд хүрэгчдэд зориулсан хувилбар хэмээн өхөөрдөн нэрлэх нь ч бий. Кино судлаач нар Холливудын бүх цаг үеийн мөрөөдлийг энэ кино биелүүлж чадсан гэлцдэг. 

Продюсерүүд хөөрхөн хүүхний дүрд тухайн цаг үедээ Холливудыг байлдан дагуулж байсан халуухан жүжигчин Деми Мурыг тоглуулахаар шийдчихсэн байлаа. Гэвч найруулагч Гэрри Маршалл “Деми Мур хөөрхөн. Гэхдээ бидний хөөрхөн хүүхэн нууцлаг шигээ олны танил болоогүй байх ёстой” гэж зөрүүдэлж, хорин настай туслах жүжигчин Жулиа Робертсыг сонгожээ. “Хөөрхөн хүүхэн” киног санхүүжүүлсэн “Дисней”-н удирдлагууд Гектор Элизондог “Беверли Вилшир” зочид буудлын топ менежерийн дүрд тоглох санааг эсэргүүцсэн гэдэг. Гэхдээ Элизондо энэ дүрээрээ “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшиж Маршаллын сонголт мэргэн байсныг баталсан. “Хөөрхөн хүүхэн” кино нээлтээ хийсэн даруйдаа 463 сая ам.долларын орлого олжээ. Хэний ч танихгүй байсан Жулиа Робертс Оскарын шилдэг эмэгтэй дүрийн төрөлд, кино нь “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшсэн бол Гэрри Маршалл Францын “Сезар”-т өрсөлдсөн юм. 

“Хөөрхөн хүүхэн” киногоо Бродвэйн театрт мюзикл хэлбэрээр найруулсан нь Америкийн тайзны урлагт шинэ үзэгдэл болсон. Тайз, дууны найруулга нь үзэгчдийн хүлээлтээс давжээ. Маршалл эмэгтэй жүжигчдээс гадна зохиолч, найруулагчдыг дэмждэг Холливудын цор ганц эр байв. Гэхдээ феминист баатар болохыг эрмэлзээгүй, тэр зүгээр л дүлий ертөнцөд ухаалаг сонголт хийсэн. Түүний сүүлийн гурван бүтээл "Гэгээн Валентины өдөр", "Шинэ жилийн үдэш", "Ээжүүдийн баяр" кинондоо эмэгтэйчүүдийн дүр төрхийг “оддын чуулган”-аар харуулжээ. Энэхүү гурамсан бүтээлд Женнифер Энистон, Кейт Хадсон, Жулиа Робертс, Холли Берри, Жессика Бил, Кэтрин Хайгл, Абигаил Бреслин, Бритт Робертсон, Тейлор Свифт, Сара Жессика Паркер, Мишель Пфайфер, Хилари Сванк, Леа Мишель, Эмма Верка Робертс, Софра Альба, Кэти Бейтс, Женнифер Гарнер, Энн Хэтэуэй, Кьюн Латифа, Ширли МакЛейн нар дүр бүтээсэн. Холливудын бүх оддыг гуравхан кинонд багтаасан найруулагч өөр үгүй. Учир нь эдгээр алдартай бүсгүйчүүд Гэрри Маршаллд татгалзах эрхгүй. Тэднийг алдрын замд хөтөлсөн ачтан нь шүү дээ. 

Эмэгтэй уран бүтээлчдийн үнэлэмжийг дээшлүүлж, Холливудад эргэлт хийсэн хэмээн Гэрри Маршаллыг 1997 онд Алдрын танхимд мөнхөлжээ. 1990 онд радиогийн туслах найруулагч Эллен Шварцыг анзаарч ээлжит бүтээлдээ урьжээ. Гэрри Маршаллын дагалдан найруулагчаар ажилласан нь түүнд мэргэжлийн карьераа өсгөх том алхам болсон юм. Шүүмжлэгчид Гэрри Маршаллыг “Артхаусын мэдрэмжгүй” гэж шүүмжилдэг. Тэрбээр 1995 онд Лос-Анжелесын Алдрын гудамжинд одтой болсон. Гэрри Маршалл дэлгэцийн урлагаас гадна тайзны бүтээлийн шаггүй найруулагч байв. Бродвейн “Грэйз” мюзикл, Жорж Лукасын “Америкийн граффити” жүжгийг найруулжээ. Түүний бүтээлүүд үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулдаг нууц нь романтик, аз жаргалтай, бас альтернатив гэж хэлж болохоор төгсгөлтэй. Тэрбээр дурсамж номдоо “Би бол Гамлет. Үйл явдлыг харах дуртай. Ингэж л би урагшилдаг” гэсэн байдаг.

Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24529/


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 7 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 7 цагийн өмнө
Тохуурхал 7 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 7 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 7 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 7 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 7 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 7 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 7 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 7 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 8 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 10 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр