В.Зеленскийг оны онцлох хүнээр нэрлэлээ


“Тайм” сэтгүүл 2022 оны онцлох хүнээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг нэрлэжээ. Энэ жил Иранд жагсагчид, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Дээд шүүх, Элон Маск гэсэн дэлхийн анхаарлын төвд байсан үйл явдал, хүмүүс багтжээ. Сэтгүүлийн редактор Эдвард Фелсентал “Эр зориг  айдас шиг халдварладаг гэдгийг нотолж, эрх чөлөөгөө хамгаалахын төлөө тэмцэж, ардчиллын эмзэг байдлыг дэлхий дахинд сануулсны төлөө Владимир Зеленскийг оны хүнээр  нэрлэлээ. Сүүлийн жилүүдэд түүн шиг дэлхийг донсолгосон удирдагч төрөөгүй. Зеленский ард түмэндээ урам зориг өгсөн. Украиныг бөмбөгдөж байхад Зеленский Киевээс зугтаагүй. Засгийн газар, иргэний нийгэм, байр сууриа хадгалсан. Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани, Зеленскийгээс хавьгүй илүү туршлагатай ч “Талибан”-ы хүчин нийслэлд ойртоход дүрвэсэн.  Виктор Янукович жагсагчдаас айж 2014 онд Киевээс зугтсан. Мэдээллийн довтолгоо, геополитикийн уур амьсгалыг сөрж чадсан. Мөн тэрбээр Донбасс, Херсон гээд фронтын шугамд очиж ажилласан. Түрэмгийллийг эсэргүүцсэн эр зоригоороо олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө” гэжээ. ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлээд 289 өдөр өнгөрчээ.  Дайн эхлэхэд АНУ нүүлгэн шилжүүлэх санал тавьсан ч Зеленский өнгөрсөн хоёрдугаар сард Киевийг орхихгүй гэж мэдэгдсэн. Энэ шийдвэр  түүний хэв маягийг тодорхойлсон.  Дайн эхлэхэд барууны гүрнүүд болон цэргийн шинжээчид Оросын арми нийслэл Киев хотыг хурдан эзэлнэ гэж таамаглаж, Украины эрх баригчид Засгийн газраа аюулгүй газарт шилжүүлнэ гэж байв.  Тэр ч байтугай түүний гадаад төрх армийн гутал, хаки өмд, ногоон футболк, сахал  цэргийн дүр төрхийг улам бүр нэмэгдүүлсэн. Лондон хотод Украины ард түмэнд хандив цуглуулах дуудлага худалдаа зохион байгуулахад Зеленскийн ногоон футболк 90 мянган фунт стерлинг буюу 110 мянган ам.долларт хүрчээ. НҮБ-ын мэдээлснээр Украины 14 сая орчим иргэн гэр орноо орхин Европын орнууд руу дүрвээд байна.  Тэдгээр дүрвэгч хөрш зэргэлдээ оршдог Баруун Европын орнуудаас түр оршин суух зөвшөөрөл хүссэнийг хүний эрхийн байгууллагын цуглуулсан тоон мэдээлэл харууллаа. “Украинд мөргөлдөөн хурцдаж байгаагийн улмаас энгийн иргэд амь насаа алдаж, иргэний дэд бүтцийг сүйтгэж байгаа нь украинчуудыг аюулгүй байдал, тусламж эрэлхийлэн дүрвэхэд хүргэж байна” гэж Хүний эрхийн комиссын тайланд тэмдэглэжээ.

Зеленский дайныг зогсоох тодорхой алхам хийхийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалж, зайлшгүй болзлуудыг тоочжээ. Тухайлбал, цацраг, цөмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, бүх хоригдол, албадан гаргасан хүмүүсийг суллах, НҮБ-ын Дүрмийг хэрэгжүүлэх, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дэлхийн дэг журмыг сэргээх, Оросын цэргийг гаргаж, байлдааны ажиллагааг зогсоох, экосистемийг шууд сүйрэлд хүргэх үйл ажиллагаа буюу экоцидтэй тэмцэх, хурцадмал байдал даамжрахаас урьдчилан сэргийлэх, дайны төгсгөлийг засах гэсэн болзлуудыг дурджээ. Түүний хэлснээр, ОХУ Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулж, тус улсын нутаг дэвсгэрээс цэргээ гаргаж, дайны улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой.

Ганди, компьютер, #МеТоо

“Тайм”сэтгүүл оны онцлох хүнээр Америкийн нисгэгч Чарльз Линдбергийг 1927 онд анх удаа нэрлэжээ. Линдберг бол Атлантын далай дээгүүр (Нью-Йорк-Парис чиглэлд) ниссэн анхны нисгэгч. Энэ цолыг эзэмшигчдийн дунд улс төр, нийгмийн 70 гаруй зүтгэлтэн байдаг. Үүнд Энэтхэгийг  тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний удирдагч Махатма Ганди, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль, Их Британийн хатан хаан II Элизабет, Францын эсэргүүцлийн бэлгэ тэмдэг Чарльз де Голль, иргэний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Генри Киссинжер, Германы канцлер Ангела Меркель нар багтдаг. Мөн хэсэг хүмүүс, ямар нэгэн үйл явдал, шинжлэх ухааны нээлтэд олгосон удаа бий.  Жишээлбэл, 1966 онд Их төрөлтийн үеийг онцолсон бол  1982 онд персонал компьютерийг нэрлэж мэдээллийн эрин үе эхэлснийг зарласан.  2017 онд бэлгийн хүчирхийлэл, дарамтыг эсэргүүцсэн #МеТоо хөдөлгөөний төлөөлөгчдийг нэрлэж байлаа.Харин өнгөрсөн жил Америкийн бизнес эрхлэгч, “SpaceX” компанийг үндэслэгч, “Тесла”-гийн гүйцэтгэх захирал Элон Маскийг онцлох хүнээр шалгаруулжээ. АНУ-ын  Ерөнхийлөгч Жо Байден, дэд Ерөнхийлөгч  Камала Харрис нарыг 2020 оны хүнээр тодруулсан.  Ингэхдээ  Камала Харрисыг “Үе үеийн өөрчлөлт, шинэ үзэл бодол, Америкийн олон талт байдлын үлгэр жишээ” гэж тодотгож байлаа.  Тэрбээр тус улсын дэд Ерөнхийлөгчөөр ажилласан анхны Афро Америк эмэгтэй юм. Оны онцлохоор шалгарсан эрхмүүдийн дунд ЗХУ, ОХУ-ын таван удирдагч багтдаг.  Иосиф Сталин 1939, 1942 онд, “Спутник-1”-ийг хөөргөж сансрын өрсөлдөөнд тэргүүлэгч гүрэн болсныхоо төлөө 1957 онд Никита Хрущев, Юрий Андропов 1983 онд АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейганы хамт стратегийн батлан хамгаалах санаачилгыг шүүмжилсний төлөө, Өөрчлөн байгуулалт, улс төрийн шинэчлэлийг удирдсан Михаил Горбачев 1987, 1989 онд, одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 2007 онд “Тайм” сэтгүүлийн онцлох хүнээр шалгарчээ.

 Х.ЭРДЭНЭЗАЯА

Эх сурвалж: Монголын үнэн  сонин №048/24529/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 8 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 8 цагийн өмнө
Тохуурхал 8 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 8 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 8 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 8 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 9 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 9 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 9 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 9 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр