Барагшуны стандартыг дэлхийд тогтооно


Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр

Миний багад эмээгийн бор авдарт сонирхолтой зүйлс олон байлаа. Гоёоны үндэс, хүн орхоодой, улаан давс, хар бэх гээд л. Түүний дунд барагшуны баас гээд нэг юм байх. Харахад нээрээ л нэг амьтны баас овоороод хатчихсан юм шиг хэлбэртэй. Барагшун гэж нэг хөөрхөн хадны хулгана байдаг юм гэнэ лээ, түүний баас нь эмчилгээний гайхалтай шинж чанартай эд дээ гэж эмээ маань хуучилдаг сан. Хүүхэд байсан болохоор тэр гайхамшигтай ид шидийг нь үзээгүй. Өвөөгийн гэдэс ходоод нь эвгүйдэхээр ч юм уу, ядарлаа гэж үглэх бүрд л барагшуны баас уучих гэж байгаа сонсогддог болохоор хүүхдүүд бид ч амсаж үзэхийг хүснэ. Гэхдээ л хулганын баас гээд сонсчихсон болохоор тэгтлээ шамдаагүй санагдана. Нэг удаа өвөөд чанаж өгчихөөд ширээн дээр мартсан байсныг нь долоож орхиод тэгтлээ хүсээд байх чихэр шиг эд бишийг  мэдэж билээ. Ямартай ч эмээ, өвөө, эмээгийн найз хөгшчүүд тэр хулганын баасыг гайхамшигтай анагаах чадалтай гэдэгт 100 хувь итгэлтэй л байсан юм даг.

 

Мэргэжлээс нь урвуулсан эмээгийн зөвлөгөө

 -Жаргалсайханы Мягмардорж ОХУ-ын Самара хотод барилгын инженер болохоор 2007 онд хүлгийн жолоо сунгаж, хүний нутгийн дээс алхав. Эрдэм номд шамдаж явсаар эрүүл мэндээ мартсан уу,  нуруу нь өвддөг болов. Энэ тухайгаа эмээдээ хэлтэл түүнд барагшун санал болгосон гэдэг. Мань эр ууж үзжээ. Гашуун амттай учир болив. Ажиглатал  түүний амьдарч, суралцаж байсан ОХУ-ын Самара хотод  барагшуны хэрэглээ их байна гэнэ. Ингээд үргэлжлүүлэн барагшунаа уугаад анагаах шидийг нь биеэрээ мэдэрчээ. Эндээс түүнд сэдэл төрж эхэлсэн гэнэ. Эмээгийн зөвлөгөө суралцаж төгссөн мэргэжлээс нь урвуулчихна гэж хэн санах вэ дээ. “Стандарт Барагшун” компанийн үүсгэн байгуулагчийн  бизнесийн санааг эмээ нь өгчээ.Сэдэл төрчихсөн байгаагаа өөрөө ч анзааралгүй эх орондоо ирээд 2014 оноос хойш битүүхэндээ барагшунаа судлаад л явж. Түүнээс барагшуны талаар овоохон мэдээлэл сонсоод ингэж дүгнэсэн юм. Суралцсан мэргэжлээрээ ажиллаж байгаад 2019 онд зориг гарган хувийн бизнесийг эхлүүлэв. Бизнесээ эхлүүлж байсан үеэ Ж.Мягмардорж “Залуу хүнд хурааж хуримтлуулсан хөрөнгө гэж юу байх вэ. Өөрт байсан хашаа байшингаа сарын дөрвөн хувь, жилийн 48 хувийн хүүтэй барьцаанд тавьж, найз нөхдөөсөө тусламж гуйн нэмэрлэж хандивласаар 2019 онд бэлтгэлээ базааж үйлдвэрээ босгосон. Ингээд 2020 онд бизнесээ дөнгөж эхлүүлтэл цар тахал гарч дотоодын бизнесүүдэд хүнд цохилт болсон. Тухайн үед зах ажиллаад байгаа хэр нь үзэсгэлэн худалдаануудыг хориглочихсон. Дөнгөж эхэлж байгаа гарааны бизнес байсныг хэлэх үү, үзэсгэлэн худалдаагаар бүтээгдэхүүнээ зарлаж,танилцуулж худалдаална гэсэн горьдлого талаар болж билээ. Зээлтэй, сав баглаа боодлоо захиалгаар авчихсан байдаг. Тухайн үед Засгийн газар үнэхээр оновчгүй шийдвэр гаргасан” гэв. Хэдий хорио цээрийн дэглэмд бизнес нь хүнд байдалд орсон ч хоёр жилийн хугацаанд өндөр хүүтэй зээлээ эргэн төлж, хөл дээрээ бат зогссон нь гайхмаар амжилт шүү.

Өндөр хүүтэй зээлээ төлж дуусгаад 2021 онд “Рио Тинто”-гоос “Инвест Кор ББСБ” ХК-аар дамжуулан гаргасан жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих жилийн 4.8 хувийн хүүтэй буюу анхны зээлээс даруй 10 дахин бага хүүтэй зээл авч, үйлдвэрлэлд хэрэглэх зорилгоор цэвэр усны тоног төхөөрөмж худалдаж авчээ. “Хувийн сектор зээл гаргаж байгаа тохиолдолд маш шуурхай, зохион байгуулалттай, хурдтай байдаг. Судалгаа хоёр долоо хоног болоод шаардлага хангасан тохиолдолд зээлээ гаргана. Зээл өгчихөөд л хаячихдаггүй. Зээлдэгчдээ компанийн засаглал, дижитал маркетинг гэх мэт сургалтад хамруулж байна. Авсан зээлээрээ ямар тоног төхөөрөмж авав гэж байнга эргэж тойрч, маш сайн хяналттай байгаа нь таалагдсан. Яг л бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээ онож хөрөнгө оруулна” гэж ярив. “Стандарт барагшун” компанийн үйлдвэрийн байрыг үзэж сонирхохоор “Алтай” хотхоныг зорилоо. Говь-Алтай аймгийн Халиун сумын хүү “Алтай” хотхонд суурьшжээ. Шинэ тулгар үйлдвэр болохоор одоохондоо түрээсийн байранд үйлдвэрлэлээ явуулдаг. Үйлдвэрт дөрвөн хүн ажилладаг. Хүнсний үйлдвэрүүдийн адил шаардлага хангасан цэвэр тохилог орчинд тоног төхөөрөмжүүдээ байрлуулж, стандарт хангасан барагшун бэлдмэлийг үйлдвэрлэдэг. Үйлд­вэрийг сонирхож явахдаа хэсэгхэн зуур ярилцаж гол түүхий эдийнх нь  талаар мэдээлэл авч амжив. Учир нь тэр товлосон бизнес уулзалтдаа яараад байлаа.

 

Өндөр уулсын “хадан хайлмал”

-Үйлдвэрийн гол түүхий эд болдог барагшуны талаар мэдээ­лэл өгөөч?

-Барагшуныг өвөг дээдэс маань хэдэн зуу магадгүй хэдэн мянган жил амьдрал ахуйдаа хэрэглээд өвчин эмгэг анагаахад тустай шинж чанарыг нь мэдсэн байх. Барагшуныг орчин үеийн шинжлэх ухаан судлаад, шинж чанарыг нь тодорхойлсон.

Барагшун гэдэг бол Төвөд гаралтай хадны шингэн гэсэн утгатай үг. Хадны халалт хөрөлтөөс өөрөөр хэлбэл тэлэх агших хөдөлгөөнөөс гарсан эрдсийн нийлэмж бөгөөд хүн төрөлхтний хувьд 3000 жилийн турш хэрэглэж ирсэн түүхтэй юм байна. Далайн түвшнээс дээш 2000-4000 метрийн өндөрт эгц хаданд хайлмагтан давирхайлаг болж хувирсан хар хүрэн өнгөтэй, тослог өвөрмөц үнэртэй. Өндөрт хүйтэн нөхцөлд амьдардаг, жижиг биетэй маш ховор төрлийн “Сэрэг тээх” хулгана үүгээр хооллодог. Дэлхий дээр Төвөдийн өндөрлөг уулс, Монгол болон ОХУ дахь Алтайн нуруу, Дундад Ази, Памирын уулын бүсийн зарим хэсэгт байдаг нэн ховор, эмчилгээний чанартай байгалийн баялагт тооцогддог. Монгол Улс Азийн эх газрын барагшун тархалтын төв муж. Газар зүй, цаг уур, геологийн тогтцынхоо хувьд Монголд дээд зэргийн цэвэр барагшун үүсэж бий болсон. Барагшуныг 3000 жилийн өмнөөс анагаах ухаанд хэрэглэж ирсэн бөгөөд 400 гаруй өвчин эмгэгийг анагаах, урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэдэг. Барагшуны шинж чанар хар, хар хүрэн өнгөтэй, усанд уусамхай,  өвөрмөц хурц үнэр амттай, мал, амьтан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон эм тариатай харшлахгүй, шүлтлэг, сэрүүн чанартай. Уламжлалт анагаах ухаанд хүний биеийн хий, бадгана чанарт харьцангуй ялгаатай хэрэглэдэг ба хавар, намрын цагт хэрэглэх нь  хүнд тохиромжтой. Бусад улиралд тодорхой зөвлөмжийн дагуу төрөл бүрийн өвчнийг анагаахад хэрэглэдэг.

Барагшуны эмчилгээний давуу тал цэвэр байгалийн түүхий эдээс гаргаж авдагт оршино. “Стандарт барагшун” компани уламжлалт аргаар боловсруулдаг учир бүтэц, агууламж, чанарын өөрчлөлтгүй. Бие махбодийн бүхий үйл ажиллагаа, эрхтэн системийн хямралыг үндсээр нь засаж, нөхөн сэргээдэг. Бие организмд үзүүлэх үйлчилгээ нь удаан хугацаагаар хадгалагддаг буюу эсийн түвшинд биеийг цэвэрлэж эрүүлжүүлдэг. Барагшун нь өвчнийг уг, үндсээр нь эмчлэх чадвартай төдийгүй бусад эрхтэнд давхар сайн нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоосон. Хүний биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй. Сүүлийн жилүүдэд барагшуныг нүдний хараа, сонсгол, хорт хавдар, цусны болон туяаны өвчнийг анагаахад амжилттай туршиж баталгаажуулж байгаа гэх мэтчилэн барагшуны эмчилгээний увдис эцэс төгсгөлгүй.

 -Барагшун хэрхэн үйлчилдэг вэ?

 -Хүн эрүүл байхын тулд эд эс нөхөн төлжиж, дархлаа сайтай, эрүүл чийрэг, үргэлж залуу мэт биологийн үйл явц тасалдалгүй сайн явагдахын тулд өдөр тутам хоол хүнсээрээ 60 орчим эрдэс бодис авч байх шаардлагатай. Эдгээрээс 40 гаруй макро, микро эрдэс бодис, олон төрлийн амин дэм, амин хүчлүүд, фермент болон органик нэгдлүүдийг барагшун агуулж байдаг тул биеийн бодисын солилцоог зохицуулах, эд эсийн нөхөн сэргэлт ба төлжилтийг нэмэгдүүлж, дархлааг сайжруулах, залуужуулах, төрөл бүрийн үрэвсэлт өвчнийг үүсгэгч бичил биетнийг давамгайлах бактерийн эсрэг үйлчилгээтэй. Барагшун тогтмол хэрэглэснээр яс, үе мөчний бэртэл, хугарал, үрэвсэлд онцгой сайн. Элэг, цөс, зүрх судас, бөөрний эмгэг хоол боловсруулах системийн үйл ажиллагаа доголдох, амьсгалын замын үрэвсэл, өвчлөл, уушиг цэвэрлэх даралт тогтворжуулах толгой өвдөх, мэдрэлийн саажилт, чихрийн шижин, төрөл бүрийн харшил, арьсны эмгэг, яр шарх, бүх төрлийн үрэвсэл, химийн эм тариа, архины хордлого тайлах, өтгөн хаталт, шамбарам, нойргүйдэх, ядаргаа ихэдсэн үе, бэлгийн сулрал, арьс, үсний нөхөн төлжих, үрчлээний эсрэг дархлаа дэмжих, сайжруулах зэрэгт хэрэглэнэ.

 

Төгсгөлийн оронд “Ирээдүй”

Ж.Мягмардорж захирал ком­панийн засаглал, санхүүгийн сахилга батыг сайжруулахын тулд Б. Бүзмаа захиралтай санхүүгийн зөвлөх үйлчилгээний компанитай хамтарч ажилладаг. Их л алсын хараа гаргаж яваа залуу юм. Компанийн ирээдүй, бизнесийн зорилго чиглэл гадаад экспортыг онилсон байна гэхээр арга ч үгүй юм. “Монголчууд барагшуныг маш бага үнээр хэрэглэдэг. Цэвэршүүлсэн барагшун Европод 10 грамм нь 30-40 ам.долларын үнэтэй байдаг. Тэгэхээр ирээдүйд олох ашиг орлогоо харчихсан, бүтээгдэхүүнийхээ чанарт итгэлтэй байна” гэв. Монголчууд сүлжээний эрүүл мэндийн бүтээгдэхүүнд жилд 140 орчим тэрбум төгрөг зарцуулдгийг олж мэдээд Ж.Мягмардорж сэтгэлээр унасан гэдэг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, барагшуны стандартыг тогтоох, гадагш урсах мөнгөний багахан ч болов хэсгийг эх орондоо үлдээх юмсан, бүр цаашлаад гадаадаас доллар оруулж ирэхсэн гэдэг том амбиц түүнийх. Уламжлалт анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийг дэмжих, анагаах бэлдмэлүүд үйлдвэр­лэх түүний ажил судалгааны шатанд байна.

Хүний биед ашигтай 40 орчим эрдэс бодис, фермент, амин хүчил зэрэг байдаг нь олон төрлийн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон барагшун (Төвөд: Brag Zhun) нь наранд халсан хаднаас давирхай адил шүүрэн гардаг. Таван янз байдаг. Цэвэршүүлсэн нь өвөрмөц үнэртэй, усанд амархан уусдаг, хар өнгөтэй өтгөн хайлмаг. Ямартай ч багадаа сонссон шиг ямар нэгэн хөөрхөн хулганы баас биш болж таарлаа. Хуучин цагт Оросууд хэдэн зуун тонноор гаргадаг байсан энэ бүтээгдэхүүнийг “БОАЖЯ хилээр гаргахыг хориглосон ч нууцаар хил давуулсаар л байгаа тухай жиг жуг яриа байдаг” гэж Ж.Мягмардорж ярилаа.

Сонирхуулахад, барагшуныг оросууд “Мумиё”, киргизүүд “Ахар-Таш”, Энэтхэг, Хятад болон европчууд “Шилажит”, Төвөдөд “Уулын бал”, “Хадны нулимс” монголчууд “Хадан хайлмал”, “Барагшун” гэх мэт олон янзаар нэрлэдэг.

Мартсанаас “Стандарт  барагшун” компани шинэ жилийн урамшуулал зарлаж, бүтээгдэхүүнээ бэлэглэж болохуйц багцаар худалдаанд гаргажээ.

БАГЦ-д Зөгийн балтай шингэн барагшун /хайрцагтаа таван ширхэг/

“АВШИГ” ваннын дүрлэг /хайрцагтаа 16 ширхэг/

“Анарваань” дархлаа дэмжих, сахар бууруулах цай /хайрцагтаа 30 ширхэг/ -ээр тус тус савлагдсан

Хайртай дотнын хүмүүстээ, ажлын хамт олондоо барагшунтай эрүүл мэндийн багц бүтээгдэхүүнээс сонгож болох нь байна.

Үнэ ердөө 29900 төгрөг

Захиалгын утас: 8894 7711, 8812 5575

  ТРАМП ТӨМӨРӨӨ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24529/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22