Манай дэлхийн хуурай газар төрөл бүрийн ургамлаар бүрхмэл байдаг. Тэгэхдээ байгаль, цаг уурын нөхцлөөсөө хамааран нарийн зүй тогтлын дагуу тодорхой бүлэг бүлгээрээ ургадаг. Энэ зүй тогтлыг геоботаникийн шинжлэх ухаан судалдаг. Ургамлууд нь химийн аргаар харилцан үйлчилж байдаг. Түүнийг аллелопати гэж нэрлэдэг. Энэ нь грекийн аллелон буюу харилцах, пато буюу нөлөөлөх гэсэн үгсээс үүссэн ургамлуудын харилцан нөлөөлөх үйлчилгээг илэрхийлдэг. Бие махбодын бодисын солилцоог өөрчилдөг органик бодисыг биологийн идэвхт бодис гэдэг. Биологийн идэвхт бодист фермент, витамин, алкалоид, гормон, феромон, пестицид, биогений стимулятор, фитонцид зэрэг олон төрлийн бодис хамрагддаг. Ургамалд төрөл бүрийн биологийн идэвхт бодис үүсэж ялгардаг. Эдгээрийн зарим нь бусад зарим ургамалд гербицидийн адил үйлчилж ургацыг нь саатуулж устгах нөлөөтэй бол зарим нь бас зарим ургамлын ургацыг дэмжих нөлөө үзүүлдэг. Бас элдэв бичил биетээс болон амьтдаас өөрийгөө хамгаалах химийн хамгаалалтын бичил орчныг бүрдүүлдэг. Биологийн идэвхт бодисын нэг чухал төрөл нь фитонцид юм. Фитонцид нь грекийн phyton буюу ургамал, латины caedo буюу хөнөөх гэсэн үгсээс гаралтай, ургамлаас ялгардаг, бичил биетнийг хөнөөгч гэсэн утгатай үг юм. Тэгэхдээ ургамал бүрээс ялгардаг фитонцид нь найрлага ба хэмжээгээрээ харилцан адилгүй байдаг төдийгүй нэг ургамлын эрхтнүүдэд байдаг фитонцид нь ч ялгаатай байдаг. Жишээ нь фитонцид нь сармис сонгинын булцуунд их байхад гичийн бол үр, навчинд нь их байдаг. Ихэнх фитонцид нь ургамлаас хийн байдлаар ялгарч агаарыг ариутгах үйлчилгээтэй байдаг. Модлог ургамлаас хамгийн их фитонцид ялгаруулдаг нь арц, даль, нарс, гацуур, хус, улиангар, монос, тэс, голт бор, жодоо, хуш, шинэс, долоогоно зэрэг юм. Иймээс хот суурин газарт эдгээр модлог ургамлуудыг голдуу тарьдаг.
Цэцэрлэгт хүрээлэнгийн агаарт гудамж талбайнхаас хэдэн зуу дахин бага бактер, вирус байдаг. Харин хүнсний ногооноос сармис, сонгино, тунхуу зэрэг нь фитонцид ихтэй байдаг. Иймээс эдгээр ногоог өвчин үүсгэгч бичил биетэн ихтэй халуун оронд ихээр хэрэглэдэг. Гэрийн цэцэгсээс сонгинолог цэцэг, ногоодой, өл өвс, гажнай, хэрээн нүд, хайтан, зузаахай, мөнхрөө, зууннаст, кактус зэрэг нь хамгийн их фитонцид ялгаруулдаг. Фитонцидын найрлагад гексенал, хлоргений хүчил, бензоксазолин болон төрөл бүрийн эфирийн тос, органик хүчил, алкалоид, антибиотик, гликозид, терпеноид зэрэг бодис агуулагддаг. Иймээс эдгээр ургамлыг эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, сургууль зэрэг хүмүүс их цуглардаг, удаан байрладаг газруудад тариалдаг.
Фитонцид нь агаарт байдаг бактер, вирус зэрэг бичил биетүүдийг хөнөөж устгадаг учир эмчилгээний зорилгоор ашигладаг. Ханиад, сүрьеэ зэрэг амьсгалын замын өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд эдгээр ургамлуудыг эртээс өргөнөөр хэрэглэсээр иржээ. Харамсалтай нь сүүлийн хоёр жилд сургуулиуд хичээллээгүйгээс анги, танхимын цэцэг, ногоон ургамлуудын арчилгаа доголдож ихээр хорогджээ. Тэрчлэн сургуулиудын байр, танхимыг коронавирусийн оношилгоо, вакцинжуулалтын байр болгон ашигласнаас нэлээд бохирдсон бололтой. Цэвэрлэгээ, ариутгал хийж байгаа боловч бүрэн ариутгасан гэж итгэхэд бэрх. Сургууль, цэцэрлэгийн хичээл сургалт эхлэхэд байр танхимаасаа халдвар авах эрсдэл ч байж болзошгүй. Ялангуяа үдийн цай, үдийн хоолны төсөл хэрэгжүүлж байгаа сургуулийн анги танхимын агаарын бохирдол эрс нэмэгдэж болно. Энэ нь элдэв халдварт өвчин тархах нөхцөлийг ихэсгэнэ. Сүүлийн үед шинэ короновирусээс урьдчилан сэргийлж, эмчлэхэд фитонцид ялгаруулдаг ургамлуудыг ашиглах талаар судалгаа, туршилт эрчимтэй явагдаж эерэг үр дүн гарсаар байна.
Тиймээс хүүхдийн цэцэрлэг, сургуулийг өнгө өнгийн гоё цэцэгтэй ургамал тарьж нүд баясгахын зэрэгцээгээр фитонцид ялгаруулж агаарыг байнга ариутгаж байдаг “царай муутай” навчлаг цэцэгсийг тарьж амьсгалын замаар халдварладаг элдэв өвчнөөс хүүхэд багачуудаа сэргийлж байхыг уриалж байна. Ийм цэцэгс нь өдөр төдийгүй шөнө ч фитонцид ялгаруулж байдаг учир өглөө хичээл сургалт эхлэхэд анги танхимыг ариутган хүүхдээ угтаж байх болно. Тэрчлэн сургууль, хүүхдийн цэцэрлэг зэрэг хүүхэд олноороо цуглардаг тасалгаанд тэдний амьсгалд зарцуулагдсан хүчилтөрөгчийн агаарт эзлэх хувь багасаж, амьсгалаас ялгарсан нүүрсхүчлийн хийн агаарт эзлэх хувь нэмэгдэж хүүхдийг нозооруулж нойрыг нь хүргэдгийн зэрэгцээгээр элдэв бактер вирус ихэссэн халдварт өвчин тархах нөхцөлийг нэмэгдүүлдэг. Харин тасалгааны ногоон ургамал нь үүний эсрэгээр хүчилтөрөгч ялгаруулан агаарыг түүгээр баяжуулж нүүрсхүчлийн хийг нь шингээж бактер вирусийг нь устган агаарыг түүнээс цэвэрлэж байдаг. Иймээс анги танхимаа аль болох ихээр тасалгааны цэцгээр баяжуулах хэрэгтэй. Ер нь сургууль, хүүхдийн цэцэрлэгийн байр танхимын стандартад өрөө тасалгаанд байвал зохих цэцэгсийн нэр төрөл, тоо хэмжээг ч зааж өгөхөд илүүдэхгүй буй за. Энэ хичээлийн жилд хүүхдийн цэцэрлэг, сургууль бүр хүүхдүүдээ ийм цэцэгсээр дүүрэн угтаж байхын тулд цэцэгсээ үрслүүлж үржүүлж байх болтугай. Манай ард түмэн эрт дээр үеэс арц уугиулж орон байр орчин тойрноо ариутгасаар ирсэн билээ. Арц шатахын өмнө халж фитонцидыг ихээр ууршуулан ялгаруулдаг учир түүний утааны хамт орчинд тархаж ариутгадаг ажээ. Тэрчлэн фитонцид агуулдаг хээрийн зэрлэг ургамлаар хооллодог адуу нь гүзээгүй учир түүнийг хагас боловсруулдаг бөгөөд хомоолд фитонцид нэлээд хэмжээгээр үлдэж агуулагддаг учир түүнийг уугиулж аажим шатаахад бас фитонцид ялгарч ариутгадаг болохыг манай ард түмэн ажиглан мэдэж ашигласаар иржээ. Бас үхрийн аргалд ч бас бага ч гэсэн фитонцид агуулагддаг болохыг мэдэж ашигласаар иржээ. Ялангуяа өндөр уулсын фитонцид ихтэй ургамлаар голлон хооллодог сарлагийн аргал нь голын захын болон нам дор газрын фитонцид багатай өлөн, зүлэг зэрэг ургамлаар голчлон хооллодог монгол үхрийн аргалаас илүү ариутгах шинжтэй болохыг танин мэдэж илүү ихээр ашигласаар иржээ.
Д.Мижиддорж
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24529/