Азийн домог Мишель Йо


Бүх цаг үеийн хамгийн шилдэг ази эмэгтэй жүжигчнээр Мишель Йог нэрлэдэг. Бондын бүсгүйгээс эелдэг гэйша, улс төрийн тэмцэгчээс галзуу баян эзэгтэй, сэлэмний мастераас сансрын хөлгийн зоригт ахмад гээд олон төрлийн дүрийг чадварлаг бүтээсэн. 2022 он Мишель Йогийн карьерын алтан үе боллоо. Тэрбээр “Тайм” сэтгүүлийн оны онцлох дүр төрхөөр шалгарч, Оскарт нэр дэвшээд байна. “Тайм” сэтгүүлд өгсөн онцлох ярилцлагадаа “Эвелин бол миний удаан хүлээсэн дүр. Үзэгчдэд чадвараа харуулахыг эртнээс хүссэн. Гэхдээ ази жүжигчинд тийм боломж олддоггүй. Нэгэн үеийн Кейт Бланшетт, Оливиа Колман, Хелен Миррен нарыг хараад атаархдаг байсан. Надад ийм боломж олдвол зүрх сэтгэлээ зориулна гэж боддог байлаа” гэжээ. Хэрвээ Мишель Йо Америкийн кино академийн шүүгчдээс тэргүүн үнэлгээ авбал Оскарын гол дүрийн шагналыг хүртсэн анхны Ази жүжигчин болно. "Бүх газар нэг дор" уран зөгнөлт, инээдмийн драмд амьдралдаа сэтгэл дундуур явдаг угаалгын газрын эзэн Эвелин Вангийн дүрийг бүтээж шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Хойд Америкт нээлтээ хийсэн уг кино бокс оффисоос 90 сая гаруй ам.долларын ашиг олоод байна. Парисын “Couture” долоо хоногийн хүндэт зочин, Америкийн кино академийн хүндэт докторын зэрэг авсан анхны ази уран бүтээлч болжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдэд эергээр нөлөөлсөн хэмээн түүнийг Торонтогийн олон улсын кино наадмаас тусгайлан нэрлэсэн. Уран бүтээлийн тухайд Жеймс Камероны “Аватар-Усны зам”, “Дисней+”-н "Америкаас төрсөн Хятад" кинонд дүрийн санал авчээ. "Аватар-Усны зам" киноны мэдээлэл төрийн нууцаас илүү хаалттай ч Мишель Йо эрдэмтний дүр бүтээж байгаа аж. 

 

Сайхан бүсгүйгээс сэлэмний мастер 

Мишель Йо өнгөрсөн наймдугаар сарын 6-нд 60 нас хүрсэн. Дөчин жилийн гайхалтай карьерынхаа туршид тэрбээр Оскар, “Алтан бөмбөрцөг”,BAFTA наадамд нэр дэвшиж байлаа. Хуульч, улстөрч эцэг нь түүний карьерт сайнаар нөлөөлсөн. Аав Киан Тейк Йо нь хятад гаралтай “Малай-Хятадын ассосиац” улс төрийн хүчнийг үүсгэн байгуулагч. Мишель ээжийнхээ хүсэлтээр 1983 онд Малайзын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцон түрүүлжээ. Тухайн жилдээ Лондон зохион байгуулсан “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон байна. “D&B Films”-ийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Диксон Пүүний захиалгаар Жеки Чантай хамт “Guy Laroche” бугуйн цагны сурталчилгаанд тоглож, Хонконгийн найруулагчдын хараанд өртөж, киноны урилгад “дарагджээ”. Мишель кинонд тоглох бодолгүй, кантон (Өмнөд Хятад аялга) хэлээр тааруу ярьдаг байв. Түүний анхны дэлгэцийн бүтээл гэмт хэрэгтнүүдийн заналхийлэлд өртсөн нийгмийн ажилтны дүр байлаа. 

Дистрибьютерүүдийн зөвлөснөөр Чу Кэнг Йо гэх жинхэнэ нэрээ Мишель Хан болгон өөрчилжээ. Мөн кантоноор аялгатай ярьдаг учир синхрон дуу оруулгатай киногоо цацжээ. Тэрбээр дэлгэцийн хоёр дахь бүтээлдээ мөрдөгчийн дүр бүтээсэн. Хонконгт 1985 онд нээлтээ хийсэн уг кино түүнийг Азийн оддын жагсаалтад бүртгүүлсэн юм. Найруулагч Квентин Тарантино энэхүү киноны хуурцгийг Лос-Анжелес хотын Хятад хорооллын прокатаас авч үзжээ. Тарантино нэгэнтээ “Түүний харц гялалзаж байсан. Би зүгээр л шүтэн бишрэгч нь болсон” гэж Мишель Йог үнэлсэн байдаг. Ингээд 1980-1990-ээд оны Хонконгийн хамгийн үнэтэй жүжигчин Мишель Йо “Хялбар мөнгө”, “Гайхамшигт дайчид” киногоороо олон улсын наадмуудад нэр дэвшжээ. Диксон Пүүн түүний дистрибьютроор олон жил ажилласан. Тэд 1988 онд хуримлаж, Мишель карьераа дуусгаж, гэр бүлдээ анхаарал хандуулахаа мэдэгдсэн. Хонконгийн нийгэм түүнийг “уснаасаа гарсан загас” шиг мэдрэмж төрүүлж, бачууруулж байв. Мишелийг Диксоны ээж дэмжиж Азийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хотод өөрийгөө олоход нь тусалжээ. Хонконгийн элит гэр бүл гэгдэж байсан ч дөрвөн жил хамтран амьдраад 1992 онд эв найртай салжээ. Мишель Йо “Бид хүүхэдтэй болохыг хүссэн ч чадаагүй. Цөхрөнгөө барсан. Хятад гэр бүлийн утга учир хүүхэд байдаг” гэж ярьсан бөгөөд Диксон Пүүгийн охины загалмайлсан ээж юм. Тэд одоо ч найз бөгөөд нэгнийгээ сайхнаар дурсдаг. 

 

Бондын бүсгүй, эелдэг гэйша, улс төрийн тэмцэгч 

Ганц бие жүжигчин бүсгүй "Цагдаагийн түүх 3" кинонд Жеки Чантай хамтран тоглож “тэсрэлт” хийсэн. Тарантино энэ бүтээлээс "Биллийг устга" киноныхоо санааг олжээ. Мишель Азийн шилдэг эрэгтэй жүжигчидтэй хамтран тоглосон байдаг. Тухайлбал, Донни Йентэй хамт 1994 онд "Винг Чун" кинонд эмэгтэй супер баатрын дүрийг бүтээсэн. Тэрбээр "Мотоциклчин бүсгүй" кинонд 1996 онд тоглож байхдаа нурууны бэртэл авч замналаа дуусгах тухай бодсон гэдэг. Хожим нь “Саажилттай болсон гэж сэтгэлээр унасан. Амьсгалахад ч хэцүү байсан. Намайг Квентин Тарантино хурцалсан. Тэр тууштай зантай. Тэр хүсэл тэмүүлэл, хайраар дүүрэн учраас оршин тогтнож чадсан” гэж дурсжээ. Түүнийг гэртээ бүгэж, найруулагчдаас зугтаж явахад "Pulp Fiction" киногоороо карьер ахисан Тарантино Хонконгод ирэв. Америк найруулагчийн болзооноос хэд хэд татгалзсаны дараа Мишель Тарантинод таван минутын уулзалтын цаг гаргажээ. Тарантиногийн магтаал түүнийг зураг авалтын талбайд эргэн ирэх урам зориг өгчээ. 1997 онд нээлтээ хийсэн “Сүн овогтын эгч дүүс” кинонд Хятадын алдартай худалдаачин, банкирын эхнэр Сүн Айлины дүрийг бүтээгээд АНУ-ыг зорьжээ. Холливудад хөл тавьсан жилээ 1997 онд Мишель Йо нэрээр Жеймс Бондын "Маргааш үхэх ёсгүй" кинонд гол дүр авчээ. Бондын ази бүсгүй Холливудад эрч хүчтэй хөл тавьсан нь энэ юм. 007 цувралд гарах Хятадын тагнуулч, хурандаа Вай Лин бол Бондын дурлалт бүсгүй биш. Харин домогт тагнуулчтай эн зэрэгцэх эмэгтэй баатрын дүр байлаа. Амьдралын хатуу бэрхэд тэр ач холбогдол өгдөггүй. Хэрэв тэр балетын бүжигчний замналаа орхиогүй бол кино ертөнцөд орохгүй байсан. Карьераа хоёр ч удаа дуусгаж, эргэж ирээгүй бол дэлхийн хэмжээний жүжигчин болохгүй байв. 

“Бүтэлгүйтэл биднийг хүчирхэгжүүлж, туулах замыг ойлгуулдаг” гэж тэр хэлэх дуртай. Ан Лигийн найруулсан “Гэтэж буй бар, нуугдаж буй луу” кино 2000 онд дэлгэцээр гарсан даруйдаа Мишель Йог алдаршуулав. Жет Литэй хамтран тоглосон уг дүрээрээ Их Британийн кино, телевизийн урлагийн академийн BAFTA шагналд нэр дэвшсэн. Найруулагч Роб Маршаллын 2005 оны шилдэг бүтээл “Гэйшагийн дурсамж” кино түүний дотоод сэтгэлийн гоо сайхныг харуулсан. Тулаанч, хатуу ширүүн төрхөөр үзэгчдэд хүрсэн тэрбээр урсгал ус шиг эелдэг бүсгүйн дүрээр гарч ирсэн. Түүний удаах дебют Люк Бессоны 2011 онд найруулсан “Хатагтай” кино байлаа. Нобелийн энхтайвны шагнал хүртсэн Аун Сан Сун Чийн зорилгын төлөө тэмцэж буйг өөрийнхөөрөө гаргаж, үзэгчдэд хүргэсэн гэж шүүмжлэгчид дүгнэдэг. 

2018 оны “Галзуу баян азиуд” киноны мөсөн хатагтай Элеанора Ян арван минут л дэлгэцээр гардаг ч гол дүрүүдээс илүү үзэгчдэд хүрсэн. Дүрийнхээ тухай тэрбээр “Би маш их баялгийн эзэгтэй байж үзсэн. Гэхдээ энэ кино эд хөрөнгөөс илүү азиудын өв уламжлал, гэр бүл, хайр дурлал, ээж хүү, найз нөхөд, хадам ээж, бэрийн харилцааг харуулдаг. Миний загалмайлсан хүү Элеонорын дүрд тоглож байгааг сонсоод сэтгэл дундуур байсан. Зохиолыг нь хүлээж аваад хоёр хэмжээст дүрийг гаргаж чадах эсэхтээ эргэлзсэн. Элеонора хүүгээ аз жаргалтай, мөрөөдлөө биелүүлээсэй гэж хүсдэг ч гэр бүлийн эзэнт гүрний өв залгамжлагчийн хувьд хариуцлагатай байхыг шаарддаг. Рэйчелийг бие даасан, амбицтай залуу эмэгтэй гэж хардаг ч бэрээ болгоход бэлэн биш. Азиудад ийм явдал сонин биш” гэсэн байдаг. Дестин Даниел Креттоны “Шан Чи” киногоор “Марвел”-ийн ертөнцөд 2021 онд орж ирсэн. Тэрбээр “Формула 1”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагч, Олон улсын автомашины холбооны ерөнхийлөгч, “Феррари”-гийн эзэн Жан Тодтой 2004 оноос хамтран амьдарчээ. Тэд Шанхайд танилцсан бөгөөд 2008 онд сүй тавьжээ. Өдгөө Парис, Женев, Хонконгийг дамнан амьдардаг. 

 

“Бар хамгаалагч”-ийн 10 баримт

-Хүүхэд ахуйгаасаа усанд сэлэлт, регби, балетаар хичээллэсэн. Тэрбээр дөрвөн наснаасаа балетаар хичээллэжээ. Мөрөөдлөө биелүүлэхээр 16 насандаа Лондонд Хатан хааны бүжгийн академид элсэн суралцсан ч нуруугаа гэмтээснээр балетын бүжигчний карьераа дуусгажээ.

Сайхан бүсгүйн тэмцээнүүдэд түрүүлж байжээ. Малайзын 1983 оны гоо бүсгүй. Мөн -Австрали, Номхон далайн орнуудын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.

-Кино урлагт санаандгүй тохиолоор хөл тавьсан. “D&B Films”-ийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Диксон Пүүн Жеки Чантай хамт бугуйн цагны сурталчилгаанд тоглох жүжигчин хайж байв. Тэр жил Малайзын гоо бүсгүйн тэмцээнд түрүүлсэн Мишелийг найзынхаа зөвлөснөөр сонгожээ. Диксон Пун Хонконгийг зорьж сайхан бүсгүй Мишельтэй гэрээ байгуулсан юм. Сурталчилгаа амжилттай болж Мишель Йо найруулагчдын анхааралд өртжээ.

-Тулааны сэдэвт киногоор алдаршсан ч кун фугээр хичээллэж байгаагүй. Төрөлхийн уян хатан учир тулааны хэсгийн зураг авалтыг орлон тоглогчгүй гүйцэтгэдэг. Гэхдээ зураг авалтын үеэр мөрөө мулталж, хавиргаа хугалж байжээ.

-Хонконгийн кино од Холливудын кинонд тоглож дэлхийн хэмжээний жүжигчин болсон. “Марвел”-ийн супер баатар Шан Чи киноны дүрээрээ шуугиан тарьсан. 

-Англи, малай, кантон (Өмнөд Хятад аялга) хэлтэй.

-Буддын чин сүсэгтэн. Итгэл үнэмшил түүний амьдралын салшгүй хэсэг юм. Өглөө бүр бясалгадаг. 

-Тэр адал явдалт дуртай. Зураг авалтгүй үед аялалд гардаг. Мөн хос зүүгээр нэхэх дуртай. 

-Бар хамгаалах олон улсын нийгэмлэгийн элч.

-Берлиний кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд 1999 онд багтсан. Каннын наадмыг 2002 оноос шүүж байна.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №049/24530/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 16 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 17 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө