Найруулагч Ж.Жамъянсүрэнтэй ярилцлаа.
-“Хүүхдийн театрт өссөн хүүхдүүд” гэж нэрлээд нэг зургаа нүүр номонд байршуулсан байхыг чинь үзлээ. Хоёулаа тэр үеийн дурсамж, Хүүхэд залуучуудын театрын тухай яриагаар ярилцлагаа эхлэх үү?
-Тэр зурагт надтай хамт байгаа залуу бол Драмын театрын найруулагч “Арслан” гэж бүтээсэн дүрээрээ алдаршсан Г.Доржсамбуу, Хүүхэд залуучуудын театрын жүжигчин, МУСТА Ц.Цолмон хоёрын хүү телевизийн найруулагч Д.Цогт гэдэг хүн. Үеийн хэсэг хүүхдүүд Дашхүү ахын хүү, найруулагч Д.Галбаяр, Цогтоогийн ах Д.Амар, миний дүү найруулагч Ж.Сэнгэдорж бид хэд театрт бужигнаад л өнждөг. Өөр олон хүүхэд байсан л даа. Тухайн үед театрт хүүхдийн жүжиг их тоглогддог байлаа. Тэр үед найруулагч байсан “Гарын таван хуруу”-ны Шагдарт тоглодог Л.Лхасүрэн гуай “Бардам туулай”, “Хулчаахай” гэх мэт хүүхдийн жүжиг их тавина. Бид хүүхдийн жүжигт олны хэсэгт тоглох, тайз засал, гэрэлтүүлэг гэх мэтийн ажил туслалцаад нэг талаасаа дагалдан жүжигчид байсан гэхэд ч болохоор. Наймдугаар анги төгсдөг жил зарим нь өөр амьдралын мөр хөөж одоод, харин би театртаа эргээд туслах жүжигчнээр ажилд орчихлоо. Аав намайг И.Нямгаваа найруулагч, “Итгэлт баян” буюу Ардын жүжигчин А.Очирбат гуай хоёрт хадаг бариад шавь оруулчихлаа. Хичээл эхэлсэн хойно ч дагалдан жүжигчнийхээ ажлыг хийгээд, хичээл тарахаар театртаа гүйгээд л ирнэ. Зарим үед тасалчихна. Хөглөж өгнө шүү дээ.
-17 настай хүүхэд Хөвсгөл аймгийн Галт суманд оччихсон, театрт нь жүжиг найруулаад шуугиулж явсан байх юм. Миний хувьд бол их том зориг санагдаж байгаа юм?
-Түрүүн би И.Нямгаваа найруулагчид шавь орсон гэдгээ хэлсэн дээ. Аравдугаар ангиа төгсчихөөд театртаа ажиллаад л байлаа. Жүжигчдийн дунд “Штамбанд” орох гэж нэг яриа байдаг юм. Нэг үгээр хэлбэл, хэлбэрт баригдаад илүү уран бүтээл гарахаа болиод жүжигчний хувьд мөхнө гэсэн үг л дээ. Нэг удаа би И.Нямгаваа найруулагчаас асуулаа. “Багш аа, энд жүжигчний штамб гээд нэг юм яриад байна” гэтэл найруулагч “Аан тийм үү. Чи тэгээд юу асуух гэсэн юм” л гэж байна. Би үргэлжлүүлээд “Найруулагч хүн штамбанд орно гэж байх уу” гэтэл И.Нямгаваа найруулагч над руу нэг их том харснаа юу ч хэлэлгүй яваад өглөө. Дараа нь нэг тааралдаад би найруулагчид “Би жүжиг найруулж тавимаар байна. Надад энд орон зай олдохгүй юм байна” гээд шууд л бодсоноо хэллээ. И.Нямгаваа гуай над руу харж байснаа “Чи тэр аавынхаа нутагт очиж жүжиг тавихгүй юу” гэж байна. Энэ ярианаас хойш тун удалгүй нэг өглөөний шуурхай дээр найруулагч “За манай Жанчивдоржийн хүү аавынхаа нутагт очиж жүжиг тавина гэж байна. Бид томилолт бичиж өгөх хэрэгтэй” гэж зарлалаа. Тэр томилолт нь гурван жилийн хугацаатай, их л урт санагдаж байлаа.
-За ингээд томилолтоо өвөртөлчихлөө...
-Томилолтоо аваад Хөвсгөл аймгийн захиргаан дээр очоод бүртгүүллээ. Одоо санахад тэр хүмүүсийн хандлага “Энэ нөхрийн жүжиг тавих ч дээ” гэсэн янзтай байсан. Ингээд Галт суманд очоод ёстой бужигнуулж өгсөн. Д.Дожоодорж гуайн 1975 онд бичсэн “Хөршүүд” жүжгийг найруулж тавиад наадмын гурван өдөр пиг үзэгчтэй, бүр билет нь олдохгүй байсан. Үүндээ урамшаад Хөвсгөлийн хэдэн сумаар тойрч тоглууллаа. Хаана ч очсон үзэгчид пиг л яваад байсан. Намар тийшээ аймгийн намын хороон дээр очиж тайлан тавьдаг юм байна. Гэтэл намайг улсад сайн орлого оруулсан гэж 275 төгрөгөөр шагнаад, аймгийн театрт үлдээх болоод аймгийн сэхээтнүүд амьдардаг “Алаг 36” гэдэг байшинд нэг өрөө байр өгнө, чамайг хүсвэл эхнэр авч өгөх ч юм яриад явчихсан. Хот руу утсаар ярьж энэ тухайгаа аавд хэллээ. Гэтэл аав урдаас “Хөөе нөхөөр чи тэгж болохгүй, чамд цаашид сурч, суралцах зүйл их бий, ирж сургуульд сур” гэдэг юм байна.
-Та хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би урлагийн гэр бүлд төрж өссөн, нэг үгээр хэлбэл урлагийн лабораториор өсөж хүмүүжсэн хүн. Гэтэл зүгээр хаа хамаагүй мэргэжлийн айлд төрсөн хүүхэд дөрвөн жил суралцаад найруулагч болох өөр буюу дөрвийг харьцах дөч хоёрын хооронд их том ялгаа бий гэж ярьсан байсан?
-Жанчивдорж гэдэг том жүжигчний гэрт хүн болж мэндэлсэн нь миний их хувь заяа. Манайхаар дүүрэн урлагийнхан орж гарч, урлагийн тухай яриа хүүрнэл өрнүүлнэ гэдэг яах ч аргагүй манайх гэдэг айлыг урлагийн лаборатори болгочихож байгаа юм. Тийм лабораторид өсөж, тийм хөрсөн дээр үндэслэж, театрт ажиллаад, хөгжиж тэлээд, урлаг руу татагдаж урлагийн сургуульд ороод, дөрвөн жил суралцаж төгссөн байлаа гэхэд дахиад урлагийн хүн болох гэж нэлээд зүдэрнэ шүү дээ. Хамаагүй байгалиас төрмөл авьяастан байгаад дөрвөн жил онол номлолоо заалгаад тодроод ирэхийг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ дөрвөн жилийн онол, дөчин жилийн боловсрол, төлөвшлийг харьцуулах аргагүй. Ганцхан онол ном сурч гарч ирчихээд “Одоо би найруулагч болчихлоо, одоо би дэлгэцийг өөрийнхөө дураар эзэмшинэ” гэж бодоод өөрийнхөө үзэл бодлыг тулгавал яах юм. Энэ дээр л би харьцуулж хэлээд байна. Урлаг гэдэг чинь маш хүчтэй зэвсэг. Энэ зэвсгийг дөрвөн жил суралцаж төгсөөд өөрийгөө уран бүтээлч болчихлоо гэж бодож байгаа хүнд атгуулчих юм бол тэд хүний тархи руу юу чихэх вэ. Авьяасаас гадна урлагийн хүн болж, хариуцлага хүлээж төлөвшинө гэдэг маш том боловсрол. Нийгмийн өмнө хүлээсэн энэ том хариуцлагаа ухамсарлаагүй байж хүн огт ойлгохгүй юм хийж тавьчихаад “Та нар намайг ойлгохгүй байх нь хамаагүй, би цаг үеэсээ түрүүлж яваа нь тэр” гэдэг ч юм уу “Би та нарт ойлгогдох албагүй, энэ миний л ертөнц” гэх мэтээр хүнд тулгах гэж оролдох чинь өөрөө агуу ихийн дэмийрлээс өөр юу ч биш. Хүн насан туршдаа суралцаж байдаг. Хэн ч хэнээсээ илүү биш.
-Би нэг ийм тодорхойлолт уншиж байсан л даа. “Урлаг гэдэг бол хэн нэгэн цагаан цаасан дээр цэг хатгасан байлаа гэхэд өөр хэн нэгэн түүнийг урлаг гэж харах юм бол тэр урлаг мөн” гэж. Та урлагийг яаж тодорхойлох юм бэ?
-Урлаг гэдэг минийхээр бол уран бүтээлчийн дотоод сэтгэлийн эмзэглэл гадагшаа асгарч байгаа талбарыг хэлээд байгаа юм болов уу.
-Тэр нь гэгээн байх ёстой юм уу, энэлэн шаналан гээд үзсэн хүнийг сэтгэлийн дарамтад оруулчихаар байх юм уу, ер нь ямар байх юм бэ?
-Мэдээж хүн гэрэл гэгээ рүү л тэмүүлдэг. Урлаг гэдэг чинь уран бүтээлчийн гэгээн шаналангаар дамжуулж хүнд гоо зүй, сайн сайхныг түгээж, удирдан чиглүүлэх үүрэгтэй болохоос биш хүний сэтгэлийг доош нь татаж байх эд биш. Бид оршин байгаагаа амьдрал гэж нэрлэж л байгаа юм бол халуун дулаан, гэрэл гэгээ, сэрэл мэдрэмж рүү тэмүүлж, бие биедээ түүнийгээ түгээж байх ёстой юм болов уу. Яахав хүнд ойлгогдох, ойлгогдохгүй юмс хийчихээд түүнийгээ уран бүтээл гэж нэрлэх нь энэ өрсөлдөөнт гэх юм уу чөлөөт нийгэмд тухайн хүний эрх байж болно. Гэхдээ хэт их хийрхэж, хий хоосон юмаар өөрийгөө дүүргэнэ гэдэг бол төөрөгдөл л гэж би бодож байна. “Ухаан дутсан газар тэнэглэл, гэрэл дутсан газар сүүдэр л байдаг” гэдэг шүү дээ.
-Таны түрүүний ярьсан уран бүтээлч “хүн” болох боловсрол таны шинэ уран бүтээлдээ, сонгон шалгаруулалт хийж авах жүжигчдэдээ тавьдаг шалгуур болдог уу?
-Би туршлага харахаасаа илүү миний дүрд онож байна уу, энэ Бат гэдэг залуу миний уран бүтээлийн Дорж мөн үү гэдэг л чухал болохоос Батын туршлага, жүжигчин байна уу биш байна уу, тэр нэг их сонин биш.
-Тухайн хүнийг та нухаж элдээд Батыг Дорж болгох нь байна. Өөртөө итгэлтэй байна, тийм ээ?
-Нэг талдаа тийм юм даа.
-2020 оны “Улаанбаатар” кино наадмыг нээсэн “Хөхөө” киноны талаар ярихгүй өнгөрч болмооргүй санагдаж байна. Киноныхоо тухай ярихдаа та нүүдэл даахгүй өтгөсөө цагаан хурганы сүүл аманд нь хийж, шаант чөмгөөр гударч бүрэлгэж орхиод цааш явдаг нэг домгийн тухай ярьж байсан.Үүгээр юу хэлэх гэсэн юм бэ?
-Хүн болгон үхлийн өмнө ирнэ.Үхэл ирэхэд яаж даван туулах вэ гэдэг асуудлын тухай өгүүлсэн кино. Үхлийг даваад амьдралд цэг тавиад дуусчихдаг юм биш. Бид үхлийг ямар нэгэн байдлаар даван туулах л ёстой, тэндээ зогсчих юм биш. Хүний сэтгэл үхлээр цэглэгдээд дуусахгүй. Бидний хайр, хүн чанар, оюун ухаан амьдынх нь ч тэр үхсэнийх нь ч тэр үхлийг даваад цаана нь уулзах тухай юм. Хайр,ойлголцол бол бодитоор биш цаад талын цаад талд явагддаг гэдэг тухай л дуугарч байгаа юм.
-Энэ нийгэмд бид хуулиар явах юм уу, хүн чанар, ёс суртахуун, хайраар явах юм уу?
-Амьдралд хууль дутах асуудал зөндөө бий. Яг амьдралын гашуун үнэнтэй нүүр тулаад ирэх цагт хүн харц, дотоод сэтгэл солилцож байгаа энерги бүгдийг шийддэг.Бид яриагаараа харилцааныхаа дөрөв, тавхан хувийг л шийддэг. Бусад харилцааныхаа 95 хувийг бид бие биенийхээ сургийг сонсохдоо л солилцчихсон байдаг. Өөрсдөө ч мэдэхгүй ойлголцчихсон байдаг.
-Японы нийгмийн байгуулалтыг зарим хүн хууль эрх зүйн хувьд төгс гэж үздэг л дээ. Бүх зүйл хуулийн хүрээнд, сэтгэл зүрхгүй роботуудын нийгэм юм шиг тийм нийгэм рүү явбал гунигтай яа?
-Ер нь юм төгсөрнө гэж байхгүй л дээ. Амьдрал байгаагийн учир төгс бишдээ байгаа юм. Төгс биш байгаа нь төгс юм. Төгс биш байгаа болохоор бид амьдрал ярьж байгаа юм. Төгс болчих юм бол амьдрал түүнийг тойрсон асуудлууд ч сонин биш болчихно. Ер нь “Уран бүтээлчдийн үүрэг бол хүний нийгмийн аливаа гажуудлыг засахад байдаг” гэж зохиолч Валентин Распутин нэг ярилцлагадаа хэлсэн байдаг. Гажуудал гэдэг бидний нийтээрээ амьдрахад үүсэж байгаа хүний байгалийн шинж чанар нийтийн амьдралын хууль дүрэм хоёрын зөрчилдөөн юм шиг. Хэт их гажуудал бол хүний ёсонд баймгүй харгис балмад зүйлсийг хэлээд байна уу. Миний хувьд хуулиас илүү жам хүний амьдралд өндөр үүрэгтэй. Эхлэлээ үгүйсгэх буюу өнгөрсөн рүүгээ нулимах явдал сүүлийн үед их гарах болж. Бүх зүйл жамын дагуу голдрилоороо урсах учиртай бас үнэн байх ёстой. Бид Чингис хааны түүхийг мэднэ. 12 настайдаа ахыгаа харваж алчихаад гудиггүй зогсож байдаг. Бид үүнийг Чингис хаан тэнгэрээс заяат учраас тэгж болно, манай “Нууц товчоо” бол агуу юмаа л гээд байдаг. Гэтэл тэр ахыгаа алчихсан хүн өнөөгийн нийгэмд хэн болж харагдах вэ. Асуудал энэ дээр тулаад ирэхээр туйлын үнэн, туйлын худлаа гэж байхгүй болчихож байгаа биз. Өчигдрийн үнэн өнөөдрийн худлаа болж магадгүй. Өнөөдрийн үнэн маргааш худлаа болж магадгүй. Тэгэхээр бид жамд найдахаас өөр аргагүй. Бүх ойлголт гоо сайхнаас авахуулаад бүх зүйл харьцангуй.
-Гоо сайхан мэдээж маш харьцангуй. Танд таалагддаг нүд надад таалагдахгүй байж магадгүй?
-Гоо сайхан заримдаа хийсвэр маягийн ойлголт мэт санагддаг боловч үнэн өөрөө гоо сайхан юм. Гоо зүй, гоо сайхан гэдэг үнэнг маш хүнлэг мөн чанараар харж байгааг хэлнэ. Бас энэ үнэн юмаа гээд хачин юм аваачаад тавьчихаж болохгүй. Гоо сайхан гэдэг гоё харагдсан зүйлийг хэлээд байгаа юм уу гэхээр үгүй. Хүн өөрт байхгүй зүйлээ гоо сайхан гэж харна гэдэг бол төөрөгдөл байхгүй юу.
-Урлагийг үнэн байх ёстой л гээд байна. Г.Аюурзаны “Бөөгийн домог”-оор кино хийнэ гэж байсан?
-Урлаг амьдралаас урган гарсан л байх ёстой. “Бөөгийн домог” бол хайрын түүх. Сүнсний хайрын түүх. Энэ талаас нь үзүүлье гэж бодоод зохиолоо бичиж дуусгаад бэлэн болгочихсон. Санхүүгийн асуудлаас шалтгаалаад зогсчихсон байгаа.
-Амьдрал гэж?
-Амьдралын тухай би өөрийн ойлголтоо түрүүн бараг ярьчихсан байх. Хүн гэдэг байшин сав, унаа тэрэг, утас шөрмөс гэдэг материаллаг зүйлээр өөрийгөө байгалиас таслаад, өөрийн зөн совин, тэсэх чадвар гэх мэт зүйлсээ устгаж хаячихаад, үүнийгээ хөгжил гээд нэрлэчихээд байна. Бид уг нь бурхны маш төгс бүтээл. Хөгжил гэдэг миний бодлоор бол сүнсний үргэлжлэл. Хүний амьдралыг хайрцаглаж байгаа нэг зүйл бол мэдлэг ба туршлага. Би яг өөрийнхөө сүнслэг мөн чанараар яаж юмыг харах вэ. Уран бүтээлч хүний хувьд маш их хичээж байж энэ орон зайг өөртөө гаргаж авахгүй юм бол хүмүүсийн үе дамжин бий болгочихсон хэвшмэл ойлголтод захирагдаж амьдарч байгаа хүүхэлдэй, бусдын надад тулгасан сэтгэлгээний загвар болчихно. Би үүнээс л зугтахыг хичээж явдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Трамп төмрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №049/24530/