2022 он дэлхийн хэмжээнд инфляц, эрчим хүчний хямралтай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстолд орсон жил байлаа. ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлж, дефолт зарласан Шри Ланкийн ард түмний тэмцэл цөхрөлд хүрсэн бол хижабын хуулийг эсэргүүцсэн иранчуудын жагсаал үргэлжилж байна.
Улс төр, нийгмийн зүтгэлтнүүдэд хатуухан жил болсон. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан анхны эмэгтэй Мадлен Олбрайт, ЗХУ-ын сүүлчийн удирдагч Михаил Горбачев, Японы Ерөнхий сайдын албыг хамгийн олон жил хашсан Шинзо Абэ, Их Британийн хатан хаан II Элизабета, БНХАУ-ын дарга Зян Земин нар таалал төгсчээ. Их Британийн хаан ширээнд хамгийн олон жил заларсан хатан хаан II Элизабета өнгөрсөн есдүгээр сарын 8-нд Балморал шилтгээнд 96 насандаа таалал төгсөхөд Англи төдийгүй дэлхий даяар олон сая хүн гашуудсан. Тэрбээр 1952 оноос хойш 70 жил хаан ширээнд суусан юм.
Элон Маск “Твиттер”-ийг худалдан авч технологи, бизнесийн салбарт эргэлт хийсэн юм. Мөн тэрбээр дэлхийн хамгийн баян хүний өргөмжлөлөө тансаг зэрэглэлийн брэндүүдийг нэгтгэсэн LVMH компанийн эзэн Бернард Арнод шилжүүлжээ. Энэ жил дэлхийг донсолгосон үйл явдлуудаас тоймлолоо.
Зүүнтнүүдийн эргэн ирэлт
Баруун чиг баримжаатай байсан дэлхийн улс төр дахин зүүн тийш хазайж эхэллээ. Энэ оныг улс төрийн ажиглагчид “Сонгуулийн жил” гэж тодотгосон. Өмнөд Солонгос, Туркменистан, Филиппин, Казахстан, Бразил, Колумб, Словени, Австри улс төрийн тэргүүнээ сонгосон. Дэлхийн хамгийн олон хүн санал өгдөг Энэтхэгийн сонгууль нүсэр болжээ. Португал, Унгар, Итали, Латвийн парламентын сонгууль болсон. Түүнчлэн АНУ-д завсрын, Африк тивийн 10 улсад парламентын төлөөллөө сонгожээ. Латин Америкийн болон Европын улс орнуудад зүүнтнүүд ялалт байгуулж эхэлсэн. Зүүний хүчнүүдийн хамгийн том ялалт бол Бразилийн Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Лула да Силва хэт барууны удирдагч Жаир Болсонарог ялжээ. Тэрбээр 2023 оны нэгдүгээр сарын 1-нд албан ёсоор тангараг өргөнө. Их Британи улс ганцхан сарын хугацаанд гурван Засгийн газрын нүүр үзсэн. Тус улсыг анх удаа энэтхэг гаралтай Ерөнхий сайд удирдаж байна. Риши Сунак 42 насандаа Засгийн газар тэргүүлсэн улсынхаа хамгийн залуу Ерөнхий сайд юм.
Найман тэрбум хүн, Нөхөн олговрын сан
Өнгөрсөн сарын 15-нд хүн төрөлхтөн найман тэрбумд хүрсэн. Манилад мэндэлсэн Винис Мабансаг дэлхийн найм дахь тэрбум хүнээр тодруулжээ. Дэлхийн хүн ам өсөхөд Энэтхэг чухал хувь нэмэр оруулсныг НҮБ онцоллоо. Тус улсын хүн ам жилд 177 саяар бүл нэмж байна. 2050 он гэхэд дэлхийн хүн амын талаас илүү хувь нь Энэтхэг, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Египет, Этиоп, Нигери, Пакистан, Филиппин, Танзани гэсэн найман улсад төвлөрнө. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний 70 орчим хувь нь бага орлоготой, буурай орнуудад амьдрах аж. Манай гаргийн оршин суугчид нэмэгдэхийн хэрээр хүнс хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлт гэсэн эмзэг сэдвийг хөндөж байна. Буурай орнууд уур амьсгалын өөрчлөлтөд төдийлөн оролцоогүй ч цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй аймшигт үер, ган, халууны давлагаа, өлсгөлөн, хар салхины золиос болдог. НҮБ-ын COP27 чуулганаар чинээлэг орнуудын санхүүжилттэй Нөхөн олговрын сан байгуулахаар тохиролцсон. Ерөнхий зөвлөмжийг ирэх онд COP28 чуулганаар батлах юм.
Ши Жиньпиний эрх мэдэл ба хөл хорио
БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдож, түүхэн дэх байр сууриа бататгалаа. Түүнийг "Тэг ковид" бодлогоо ойрын хугацаанд зогсоохгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Бээжингийн Төв Засгийн газрын бодлого Хятадын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн хурдыг сааруулсан. Ши Жиньпиний хязгааргүй эрх мэдлийг "Тэг ковид" бодлогын үр дүн гэж үздэг. Тиймээс цар тахлын халдварыг хязгаарлах бодлогын ач холбогдол нь эдийн засгийн хохирлоос давсныг эрх баригчид онцолдог. Ковидыг тэглэх бодлогын үргэлжлэх хугацаа тодорхойгүй. "Блүүмберг"-ийн шинжээчдийн үзэж буйгаар Хятадын томоохон хотуудад хөл хорио тогтоосон ч ирэх онд тус улсын эдийн засгийн өсөлт 3.5 хувьтай байна. Харин цар тахлын эсрэг дэглэмээ цуцалбал 2023 онд Хятадын эдийн засаг 5.7 хувьд хүрч өсөх юм.
Цэргийн тусгай ажиллагаа, хомстол, инфляц, хямрал
Дэлхий даяар үүссэн инфляцын өсөлт, эрчим хүчний хямрал, хүнсний сүлжээ доголдсон шалтгааныг ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбон тайлбарладаг. Украин НАТО-гийн гишүүн орнуудтай хэлхээ холбоогоо зузаатгасан гэх шалтгаанаар ОХУ өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд “Украины цэрэгжилт, зэвсгийг устгах” зорилгоор цэргийн тусгай ажиллагаагаа эхлүүлсэн. Украин Оросын довтолгоог он дамнан тэсвэрлэнэ гэж хэн ч тааварлаагүй. Ерөнхийлөгч Владимир Зеленский жүжигчнээс дайны баатар, “Тайм” сэтгүүлийн оны онцлох хүнээр тодорсон.
Инфляц дэлхий дахины сорилт боллоо. Төсөөлөл нь оны эхнээс хойш нэмэгдэж, сүүлийн хэдэн 10 жилд байгаагүй дээд утгад хүрчээ. Дэлхийн банкны мэдээлснээр, хөгжсөн орнуудын 100 хувь, хөгжиж буй орнуудын 90 хувь нь Төв банкны зорилтоосоо давсан өндөр инфляцтай байна. Эрчим хүний хямралаас болж Европын удирдагчид санал зөрөлдсөн.
Европын холбооны гишүүн орнууд энэ өвлийг эрчим хүчний хямралтай угтсан. Байгалийн хийн үнийн өсөлтийг хязгаарлах, нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангах, эрэлтийг сааруулах талаар нэгдсэн шийдэлд хүрсэнгүй. Европын холбооны орнууд 2023 онд байгалийн хийн эрэлтээ 15, цахилгааны эрэлтийг таван хувиар танахаар тохиролцжээ.
Ираны бослого, ард түмнүүдийн жагсаал
2022 онд дэлхийн хэмжээнд эсэргүүцлийн жагсаал өрнөлөө. Казахстаны иргэд шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцэн энэ оныг үймээн самуунтай эхлүүлсэн. Дампуурлаа зарласан Шри Ланкийн бухимдсан ард түмэн хоол хүнс, шатахуун түлш, эрчим хүчний хомстлыг эсэргүүцэж эмх замбараагүй байдал үүсгэсэн. АНУ-ын Дээд шүүхээс сүүлийн 50 жилийн турш хүчин төгөлдөр байсан үр хөндүүлэх эрхийг цуцалснаар муж, хотуудыг дамнасан жагсаал хөдөлгөөн болж, олны танил алдартнууд ч нэгдсэн юм. Исламын Бүгд Найрамдах Иран улсын удирдагчид 1979 онд засгийн эрхэнд гарснаас хойш хамгийн их шуугиан дэгдээсэн сорилттой тулгарлаа. Өнгөрсөн есдүгээр сарын 16-нд ёс суртахууны цагдаа нар 22 настай курд эмэгтэй Махса Аминиг хиджабаа зохих ёсоор өмсөөгүй гэж баривчилжээ. Бүсгүй золгүй тохиолоор нас барж, иранчууд "Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө" гэсэн уриан дор нэгдсэн. Эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг "үймээн самуун" гэж үзээд хүчээр тарааж байна. Осло хотод төвтэй Ираны хүний эрхийн байгууллагын мэдээлснээр, Зэвсэгт хүчнийхэн 448 хүний аминд хүрчээ.
Эдийн засгийн хүндрэл үргэлжилнэ
Их Британийн “Экономист” сэтгүүл ирэх оны "The World Ahead 2023" товхимлоо хэвлүүлжээ. АНУ-ын улс төрийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхээс эхлээд дэлхийн чиг хандлагыг тодорхойлсон аналитик нийтлэлүүдийг эмхэтгэсэн байна. 2023 онд Украины дайн хэрхэн өрнөхөөс эрчим хүчний үнэ, инфляц, зээлийн хүү, хүнсний хомстол үүсэх эсэх шалтгаална. Цэргийн шинжээчид ОХУ-ын тусгай ажиллагаа мухардалд хүрнэ гэж таамаглажээ. Европын эрчим хүчний хямрал даамжирч, АНУ-д Бүгд найрамдахчууд дахин засгийн эрхэнд гарсан нь барууныхны Украинд үзүүлэх дэмжлэгийг сулруулна. Түүнчлэн бусад улс орнуудад ч мөргөлдөөн гарах магадлал өндөр байна. “The World Ahead 2023” сэтгүүлийн редактор Том Стандаж “ОХУ анхаарал сарниулж байх зуур Энэтхэг, БНХАУ-ын хурцадмал байдал Гималайн нуруунд даамжирч, Турк Эгийн тэнгис дэх Грекийн арлыг эзэлж магадгүй. Мөргөлдөөний улмаас газрын тос, байгалийн хийн худалдаа эрсдэлд орсон. Сайнаар яривал салхи, нар, цөмийн эрчим хүчний хөрөнгө оруулалт нэмэгдсэн” гэжээ. Дэлхийн эдийн засгийн уналт 2023 онд үргэлжилнэ. Төв банкууд цар тахал болон эрчим хүчний үнийн өсөлтөөс улбаатай инфляцаа дарахын тулд бодлогын хүүгээ өсгөнө.
Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хохирсон ядуу буурай орнуудад ам.долларын ханш өсөх төлөвтэй байна. АНУ-ыг хуваасан завсрын сонгуулийн үр дүнд үр хөндөлт, галт зэвсэг эзэмшихтэй холбоотой сэдвүүдийг дахин хөндсөн. Дональд Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласнаар гал дээр тос нэмлээ. Хятадын хүн ам ирэх дөрөвдүгээр сард 1.43 тэрбумд хүрч Энэтхэгийг гүйцэх юм. Геополитик, эдийн засгийн тогтвортой байдал түүхэнд үлджээ. Өнөөгийн дэлхийн улс төр, зах зээл тогтворгүй, урьдчилан таамаглах боломжгүй байдалд хүрсэн. Цаашид эмх замраагүйдэл хэвийн үзэгдэл болохыг Том Стандаж онцолжээ. Геополитикийн өөрчлөлтүүдийн дунд холбоотнууд хариу үйлдэл үзүүлж байна. Украины дайнаар сэргэсэн НАТО хоёр шинэ гишүүнээр бүл нэмнэ. Саудын Араб шинэ блок болох Абрахамын хэлэлцээрт нэгдэх үү, өсөн нэмэгдэж буй Quad болон AUKUS бүлэгт Энэтхэг, Израиль, Арабын Нэгдсэн Эмират орох эсэхийг 2023 онд шийднэ. Олон улсын аялал жуулчлалын бодит тоо цар тахлын өмнөх үеэс буурсан. Технологийн магнат “Фэйсбүүк” компанийн хувьцааны үнэ унасан тул стратегиа өөрчлөх эсэхээ шийдэх юм.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Эх сурвалж: Монголын үнэн сонин №050/24531/